сонин mn
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын 28 иргэнд хориг арга хэмжээ авч, холбогдох мэдэгдлийг лхагва гарагт цахим хуудастаа нийтэлсэн байна.
“БНХАУ -ын тусгаар тогтнолыг алдагдуулж, БНХАУ-тай холбоотой асуудлаарх АНУ-ын ийм алхамыг голчлон хариуцдаг 28 хүнд хориг арга хэмжээ авахаар шийдлээ” гэж мэдэгдэлд дурджээ.
Жагсаалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Цагаан ордны дэргэдэх Үндэсний худалдааны зөвлөлийн тэргүүн Питер Наварро, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайен, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт, АНУ-ын Эрүүл мэндийн сайд асан Алекс Азар, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх асан Жон Болтон нарыг оруулсан байна.
Эдгээр хүмүүст, тэдний гэр бүлийн гишүүдэд, мөн холбогдох компани, байгууллагуудад эх газрын Хятад болон Хонконг, Макаод нэвтрэхийг, мөн Хятадад бизнес эрхлэхийг хориглосон болохыг мэдэгдэлд тэмдэглэжээ.
Мягмар гарагт Майк Помпео Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронд (ШУӨЗО) уйгуруудын эсрэг явуулж буй Хятадын үйл ажиллагааг "геноцид", "хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг" гэж тодорхойлсон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшээд байгаа Энтони Блинкен энэ дүгнэлттэй санал нийлж байгаагаа мэдэгдсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг