Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордыг Монгол Улсын стратегийн ордод оруулах Ажлын хэсгийг Уул уурхайн яаманд өнгөрсөн намар байгуулсан.
Ард түмэнд хүлээлт бий болгосон энэ асуудлаар Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга, Хөшөөтийг стратегийн ордод оруулах Ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүйтэй ярилцлаа.
-Хөшөөтийг стратегийн ордод хамааруулах, эсэх тухай асуудал хоёр Засгийн газар дамнан яригдсаар олон нийтэд хүлээлт бий болгосон. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш зургаан сар өнгөрлөө. Ажлын явц ямар шатандаа байна вэ?
-УИХ-аас 2007 онд стратегийн ач хол богдол бүхий ордын жагсаалтыг хавсралтаар баталсан. Энэ жагсаалтад зарим ордыг нэмж хамааруулах, эсэх талаар Уул уурхайн яам судалгаа хийж байна.
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах эсэх талаар судалж, танилцуулах шийдвэр Засгийн газраас гарсан. Энэ дагуу Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Хөшөөтийг нэлээд сайн судлаад стратегийн ордод хамааруулах боломжтой гэдэг дүгнэлтийг Ажлын хэсэг гаргаж байгаа. Ер нь стратегийн ордын жагсаалтад хамааруулах нийт 30-аад орд бий.
Тиймээс Хөшөөтийг үүнтэй хамтруулан Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барих эсэх талаар шийдвэр гаргана.
-Ямар шалгуур үзүүлэлтээр Хөшөөтийг стратегийн ордод оруулж байна вэ. Ашигт малтмалын хуулийн 4.1.11-ээр үү, эсвэл яам өөр шалгуур үзүүлэлт гаргав уу?
-Стратегийн ордын 2007 оны шалгуур үзүүлэлт болон өөрийн тань хэлсэн хуулийн заалтыг шалгуур болгосон. Үүнээс хамгийн чухал нь бүс орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр өө Стратегийн ордын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа.
-Хөшөөтийн нүүрсний ордын нөөцийг олон янзаар тайлбарладаг. 87,5 сая, 200-360 сая, 2,4 тэрбум тоннын нөөцтэй гэх зэргээр өөр өөр мэдээлэл гардаг. Нөөцийн талаарх энэ янз бүрийн мэдээллийг ажлын хэсэг нарийвчлан шалгав уу. Аль нөөцөөр нь авч үзэж байгаа вэ?
-Стратегийн ордын жагсаалтад хамааруулахад үндсэн найман шалгуур үзүүлэлтийг баримталсан. Ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээ, үнэлгээний түвшин, нүүрсний чанарын үзүүлэлт, уул техникийн нөхцөл, бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, жилийн борлуулалт, орон нутгийн төсөвт үзүүлэх нөлөө, хүн малын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг найман шалгуураар шалгасан.
Нөөцийн хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2008 онд Хөшөөтийн бодитой нөөцийг 85,7 сая тонн, боломжтой нөөцийг 1,8 сая тонн буюу нийт нөөцийг 87,5 сая тонноор үнэлсэн. Баялгийн хувьд 270,2 сая тонноор бүртгэсэн. Үүнийг мөн олон улсын JORC стандартаар давхар тооцоход 88 сая тонн гэж гарсан.
-Хөшөөтийг 2,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн “Мо Эн Ко” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр мэдээлдэг. Энэ ямар учиртай юм бэ. Нөөцөө олон улсад худал мэдээлэх нь хууль бус гэж ойлгож байна.
-Хөшөөтийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Мо Эн Ко” компани олон улсын зах зээл дээр хөрөнгө босгохдоо нөөцөө 2,4 тэрбум тонноор зарласан гэж ойлгож байгаа.
Энэ нь нэг талаасаа тухайн компанийн өөрсдийнх нь асуудал. Нөгөө талаасаа компанийн ил тод байдал, хариуцлагын асуудал. Монгол Улс бол нөөцийг нь ингэж л бүртгэсэн.
-Таны хэлсэн дээрх 87,5 сая тоннын нөөцийг одоогоос таван жилийн өмнө буюу 2008 онд бүртгэсэн. Үүнээс хойш хайгуулын тайлангаар нөөц нь нэмж бүртгэгдсэн үү? “Мо Эн Ко” компанийг нөөцөө нуун дарагдуулсан гэсэн хардлага бас бий. Үүн дээр Ажлын хэсэг анхаарал хандуулсан уу?
-Олборлолт хийж байгаа уурхай нь нөөцийн тооцоог тухайн жилийн эцэст хийж, нөөцийн хасалт хийлгэх ёстой. Мөн нөөц өсгөх хайгуулын судалгааг хийж нөөцийн өөрчлөлтийг ашигт малтмалын санд бүртгүүлдэг.
Нөөц өсгөх хайгуулын судалгааг “Мо Эн Ко” компани хийж байгаа гэдгээ АМГ-т мэдэгдсэн гэсэн боловч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өнөөдрийн байдлаар нөөцийн тоо хэмжээг ирүүлээгүй байгаа.
-2008 оноос хойш ирүүлээгүй гэсэн үг үү. Жил бүр ирүүлэх ёстой биз дээ.
-Ер нь уурхайд ашигласан нөөц өө хасуулаад, хайгуулаар нэмсэн нөөцөө тайлагнаж, нөөцийн хөдөлгөөнийг хийлгэж байх ёстой. Ажлын хэсэг нөөцийг олон улсад зарласан хэмжээгээр нь, бас өнөөдөр өгсөн байгаа нөөцөөр нь тус тусад нь тооцож үзсэн. Түүнээс биш бид өөрсдөө очиж, нөөцийг нь тогтоох боломжгүй.
Хайгуулын тайлангаа бичиж байгаа гэж АМГ-аас бидэнд мэдээлсэн. Ер нь бол 2011 онд 300 мянган тонн, 2012 онд 700 мянган тонн нүүрс олборлож, нийтдээ 60 мянган тонн нүүрс экспортолсон гэж Уулын ажлын тайландаа тусгаж АМГ-т ирүүлсэн байгаа “Мо Эн Ко” хүлээн зөвшөөрсөн.
-Ажлын хэсгийнхэн “Мо Эн Ко” компанийнхантай уулзаж байр суурь, санаа бодлыг нь сонсов уу? Ямар байр суурьтай байна.
-Ажлын хэсэг үндсэн нэг зүйл дээр “Мо Эн Ко” компанитай тохиролцоонд хүрсэн. Стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулахыг “Мо Эн Ко” хүлээн зөвш өөрч байгаа. Стратегийн ордод хамааруулах гол шалгуур болох бүсийн эдийн засагт чухал нөлөөтэй байх үзүүлэлтийг Хөшөөтийн орд хангасан гэж хоёр тал үзсэн.
-Үүнийгээ тодруулж болох уу?
-“Мо Эн Ко”-гийн тооцоогоор 12 жилийн хугацаанд 708 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Үүнээс сум орон нутгийн төсөвт 45,2 тэрбум, Ховд аймгийн төсөвт 90,5 тэрбум, улсын төсөвт 316 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тус компани төлөвлөсөн.
Эдгээр нь дээрх шалгуурыг хангаж байгаа юм. Хөшөөтийн ТЭЗҮ-ийг шинэчлэн хэлэлцэнэ. Үүний дараа эдгээр тоон үзүүлэлт болон нөөц эцсийн байдлаар тодорхой болно.
-“Мо Эн Ко” компани өмнөх ТЭЗҮ-дээ цахилгаан станц, нисэх буудал барина гэх зэрэг олон том ажлыг төлөвлөсөн байсан. Харамсалтай нь үүнээс автозам барьснаас бусад нь биелээгүй, эхлээ ч үгүй.
-Шинэ ТЭЗҮ нь одоогоор ирээгүй. Ирсэн үед нь энэ бүгдийг дахин ярина. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээ хэлцлийн дагуу ярина.
-Хөшөөт стратегийн орд мөн гэдгийг Ажлын хэсэг болон тус компанийнхан өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэгэхээр төрийн эзэмших хувь эзэмшлийн асуудал яригдаж эхэлнэ. Энэ тал дээр яам ямар байр суурьтай байгаа вэ? “Мо Эн Ко” бас ямар саналтай байна. Энэ талаар яригдаж эхэлсэн уу?
-Стратегийн ордод хамааруулах, хамрагдсан ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох Ажлын хэсэг тусдаа ажиллаж байгаа. Манайх бол зөвхөн Хөшөөтийг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах эсэх талаар судлах, санал боловсруулах ажлын хэсэг. Тийм болохоор төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусад нь гэрээ хэлцлийн дагуу ярина.
-Хөшөөтийг Стратегийн ордод оруулах Ажлын хэсэг саналаа Засгийн газарт хэзээ оруулах вэ. Яг багцаа хугацаа сонсмоор байна. Өмнөх Засгийн газрын үед судалж байна, оруулна гэсээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан шүү дээ.
-Хөшөөтөөс гадна стратегийн ордод хамааруулах эсэх талаар санал боловсруулж байгаа 30-аад орд бий гэж дээр хэлсэн. Хамтад нь Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх тул тэднийг хүлээж байна.
-Энэ хаврын чуулганаар оруулж амжих уу?
-Оруулна гэсэн төлөвлөгөөтэй л ажиллаж байна.
-За баярлалаа. Амжилт хүсье.
Д.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж:

Сэтгэгдэл0