sonin.mn

Төгсгөл. Түрүүч нь №021 дүгээрт

1943 оны тавдугаар сарын 20-нд Намын Төв Хорооны Тэргүүлэгчид, СнЗ-ийн хамтарсан хурлаас "МУИС-ийн хичээлийн төв байр барьж яаралтай дуусгах тухай" тогтоол гаргасанд НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал эхлэн, Ерөнхий сайд Х.Чойбалсан удаалан гарын үсэг зуржээ. 1944 оны нэгдүгээр сарын 4 -ний 12 цагт МУИС-ийн хичээлийн байрны суурь тавих ёслол болж Ерөнхий сайд Х.Чойбапсан, намын дарга Ю.Цадэнбап, Ардын гэгээрлийн яамны сайд Т.Машлай нарын удирдах хүмүүс оролцон, эдүгээгийн төв байрны баруун хойд өнцгийн суурин доор монгол заншлаар цай, хадаг, дурсгалын бичиг байрлуулж, барилгын суурийн анхны чулууг тавих ёслол үйлджээ. Барилгын ажлыг түргэтгэх холбогдох заалтуудыг тэд өгч, ажлын явцтай танилцаж байлаа. Барилгын ажил хугацаандаа дуусч ашиглалтад орсон юм. МУИС-ийн хөгжлийн томоохон шат болсон хичээлийн төв байрыг барих шийдвэр гаргасан, шавыг тавьсан гол хүний нэг нь Ю.Цэдэнбал мөн байв.

МУИС-ийн барилгыг хүлээн авах Улсын комиссын актанд Ю.Цэдэнбал гарын үсэг зурлаа. Шинэ захирал Б.Ширэндэв төр, засагтаа баярласнаа илэрхийлж үг хэлэв. 1944 оны аравдугаар сарын 3-нд Их сургууль шинэ байрандаа нүүж ороод хичээллэж эхэлжээ. МУИС-ийн байр суурь, биеэ даасан байдал, нэр төрийг өндөржүүлэх нь сургалт, хүмүүжлийн цаашдын ажилд сайнаар нөлөөлнө гэж Монголын удирдагчид үзэж байв. Энэ зорилгоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын шийдвэрээр 1944 оны есдүгээр сарын 1-нээс Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Ширэндэвийг УИС-ийн ректороор хавсруулан ажиллуулах болсон юм. МУИС-ийн анхны ректор Б.Ширэндэв Ю.Цэдэнбал нарын харилцаа ойр дотно байжээ.

Б.Ширэндэв дурсахдаа: "Цэдэнбал 1938 онд, би 1941 онд дээд сургуулиа төгссөн юм. Цэдэнбал төгсөж ирээд дээгүүр албан тушаалд орчихсон байлаа. Би төгсөж ирээд Багшийн сургуульд багшилж байтал Цэдэнбап намайг татаж Засгийн газрын референтээр ажилд томиллоо. Мөн тэндээс НТХ-д шилжин ажиллаж байлаа" гэжээ. Ю.Цэдэнбал тун удалгүй Ширэндэвийг НТХ-ны нарийн бичгийн даргаар дэвшүүлээд, Зөвлөлтийн элчин, НТХ-ны орос зөвлөхтэй хэл амаа олоогүйн улмаас чөлөөлж, Гэгээрлийн сайдаар ажиллуулаад, 1944 онд дахин НТХ-ны нарийн бичгийн даргаар дэвшүүлээд, УТТ-ны орлогч гишүүн болгожээ. Ю.Цэдэнбал 1952 онд Ерөнхий сайд болмогц, Б.Ширэндэвийг Ерөнхий сайдын I орлогч, 1954 онд УТТ-ны жинхэнэ гишүүн болгожээ.

Доктор хамгаалаад ирсний дараа Ширэндэв гуайн дурссанаар: "Цэдэнбал намайг удирдах ажилд томилно гэсэн, би түүнээс татгалзан, эрдэм шинжилгээний ажил хийе гэж хүссэн. Тэр ёсоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, МУИС-ийн ректороор томилсон. 1961 онд ШУА байгуулагдахад Ерөнхийлөгчөөр сонгогдож, МУИС-ийн ректороос чөлөөлөгдсөн" гэжээ. Ю.Цэдэнбал нэрт эрдэмтэн Ширэндэвийг өндөр үнэлж, ямагт дэмжиж, МУИС-ийн ректороор ажиллуулах шийдвэр хоёр удаа гаргасан юм. Зарим хүн үзэхдээ Т.Машлай бол Гэгээрлийн сайдын хувьд МУИС байгуулах бэлтгэл ажил гүйцэтгэсэн албан тушаалтан бөгөөд МУИС-ийн захирлаар томилогдоогүй гэж үздэг. Б.Ширэндэв мөн л НТХ-ны нарийн бичгийн даргыг хавсран ажиллаж байсан ч МУИС гэдэг их айлын анхны өрхийн тэргүүн-захирлаар томилогдсоноороо онцлог юм.

1946 оны МУИС-ийн анхны төгсөлтийн улсын шалгалтын комисст Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Т.Машлай нар ажиллаж, шалгалт авч байлаа. Мөн оны зургадугаар сард анхны төгсөлтийн ёслолын хурал болж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар оролцон баяр хүргэж, төгсөгчдөд зөвлөлгөө сургамж өгчээ.
 Ю.Цэдэнбалын удирддаг МАХН-ын ТХ-ны УТТ 1947 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 5-р хурлаар "УИС-ын хичээл сурлагын явцыг шалгасан дүнгийн тухай" асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан байна. УИС-ийн үйл ажилпагаанд олон талтай дүн шинжилгээ хийж, цаашдын зорилтыг нарийн тодорхойлсон байна. МУИС-ийн эхний жилүүдийн ажлыг дүгнэсэн энэ тогтоол "дэндүү" ажил хэргийн шинжтэй байжээ. Сургууль, факультет, тэнхмийг удирдаж байсан Зөвлөлтийн олон мэргэжилтнүүдийг нэр зааж ажлыг нь хатуухан шүүмжилсэн нь олны анхаарап татаж байв. Энэ нь Ю.Цэдэнбалын хувьд рисктэй алхам байсан нь мэдээж. Зөвлөлтийн эсрэг үзэлтэй тогтоол гаргалаа гэх хүн ч байсан аж.

Дайны хүнд үед бүхий л тапаар Зөвлөлтийн ард түмэнд туслах бодлогыг Монголын удирдагчид тууштай хэрэгжүүлж байсан болохоор Ю.Цэдэнбалын хурц шүүмжлэлд Зөвлөлтийнхөн эмзэглээгүй, Их сургуулийн ажилд нь чин сэтгэлээсээ туслах бодлогыг л Зөвлөлтийнхөн баримталсан юм. Тогтоол МУИС-ийн хөгжилд шинэ үе шатыг авчирлаа. Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй энэ тогтоолоор УИС-ийг Сайд нарын Зөвлөлийн шууд мэдэлд шилжүүлж, ректорыг яамны сайдын, проректорыг орлогч сайдын адил эрхтэй болгосон нь УИС-ийн цаашдын бэхжилтэд нэн чухал ач тустай болжээ. Энэ үед Ю.Цэдэнбал Засгийн газрын Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан болохоор МУИС-ийн нийт ажил түүнд шууд хамаатай байлаа. БНМАУ-ын Ерөнхий сайдын 1946 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 16 тоот тушаалаар Ерөнхий сайдын орлогч Ю.Цэдэнбалд шинжлэх ухаан, соёл, урлагийн хэргийг тус тус хариуцуулах болсон тул (ҮТА.1-4-3,т.32) МУИС-ийг шууд төр, засгийн ивээлд авах ажлыг тэрээр зохион байгуулсан байна.

УИС-тай холбогдсон ямар ч асуудал хурдан түргэн шийдвэрлэгдэх болов. Энэ тогтоолоор УИС-д марксизм-ленинизмийн ба философийн, улс төрийн эдийн засгийн ухааны, түүхийн тэнхимтэйгээр Нийгмийн ухааны факультет байгуулагдсан юм. Ийнхүү НУФ байгуулах шийдвэр нь Ю.Цэдэнбалын нэр, бодлоготой бас холбоотой байв. Энэ үед УТТ-ны тогтоолоор УИС-ийн дэргэдэх намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх заалт өгч, НТХ-ны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр УИС-д намын зохион байгуулагчийн орон тоог буй болгожээ. Түүний үүрэг нь УИС-ийг хөгжүүлэхэд намын дэмжлэг туслалцааг зохион байгуулах, оюутныг соёлтой, эх оронч, иргэний үзэл хүмүүжилтэй болгоход тус дэм үзүүлэх явдал байв. Энэ тогтоол УИС-ын хөгжилд дорвитой нөлөө үзүүлсэн бөгөөд дээд боловсролыг хөгжүүлэх Ю.Цэдэнбалын бодлого энэ тогтоолд тодорхой тусгагдсан юм.

Анхны жилүүдийн туршлага дээр тулгуурлаж 1947 ондоо багтаж эдийн засагчийн мэргэжлээр элсэлт авчээ. Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан М.Пэлжээ гуай дурссанаар: "Хүн, мап эмнэлэг, багшийн бэлтгэл ангийн оюутнуудаас шилжүүлэн эдийн засгийн ангийг нээхэд нь би анх элсэн орсон юм. Шинэ анга сапбар болохоор нам, засгаас ч их анхаарал тавьж байлаа. 1-р дамжааны эхний улирлын шалгалтаар Ю.Цэдэнбап манай сургууль дээр биечлэн ажилласан юм. Орос зөвлөхөө дагуулж ирсэн санагдана. Улс төрийн эдийн засгийн ухааны шалгалтыг бидний 11 оюутнаас авлаа. Эдийн засгийн анхны, тэгээд ч хүнд шалгалт учраас бидэнд тун хэцүү байсан. Цэдэнбал багш уурлаж зэмлэсэн ч үгүй гурван оюутанд дунд дүн тавиад бусдыг дахин сайн уншиж ирээрэй гээд явсан. Бал дарга боловсролд маш их анхаарап тавьдаг хүн байсан юм. Хожим намайг яаманд ажиллаж байхад аль нэгэн сургуульд хүн явуулж сургах саналыг л юуны өмнө дэмждэг байсан"(ЗХА) гэжээ.

1947 оны XII сард хуралдсан МАХН-ын XI их хурал УИС байгуулагдсаныг манай орны соёлын том ололт гэж дүгнэв. Их хурал дээр Ю.Цэдэнбал тавьсан илтгэлдээ УИС-ийн хөгжлийн асуудлыг тусгайлан анхаарч "Таван жилд Их сургуульд суралцагчдын тоог 2,2 дахин нэмэгдүүлэх, төгсөгчдөөсөө аспирантурт үлдээн суралцуулж үндэсний багш, шинжлэх ухааны ажилтан бэлтгэх" зорилтыг дэвшүүлжээ.

Ю.Цэдэнбал Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын шийдвэр гаргаж УИС-д Эдийн засгийн факультет нээв. 1959 оны намраас ЭЗФ нь Эдийн засгийн дээд сургууль болон өргөжсөн юм. Эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны үүсэл нь Ю. Цэдэнбалын нэртэй холбоотой байв.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1957 оны наймдугаар сарын 10-ны 347 дугаар тогтоолоор "УИС-ийн зарим факультет, салбарууд, суралцах хугацаа, багш нарын хичээл заах цагийн хэмжээг өөрчпөх тухай" шийдвэр гаргаж, 1960 оны наймдугаар сард СнЗ-ийн 319/229 тоот тогтоолоор барилга инженерийн салбарыг өргөтгөж, Инженерийн факультет болгожээ. МАХН-ын ТХ, СнЗ 1962 оны тавдугаар сарын 19-нд "УИС-ийн ажлыг сайжруулах арга хэмжээний тухай" 196/266 тоот тусгай тогтоол гаргаж "одоо үед улс ардын аж ахуй, соёлын салбарт ажиллах онолын зохих бэлтгэлтэй, социалист байгуулалтын практиктай танил мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах эрхэм үүрэг их сургуулийн өмнө тавигдаж байна" гэж УИС-ийн шинэ зорилтыг тодорхойлжээ.

УИС-ийн бүтэц, зохион байгуулаптыг боловсронгуй болгож УИС-д ФМФ, ПТФ, БУФ, НУФ, ХБФ ба утга зохиолын оройн дээд сургууль, барилга инженерийн оройн салбар ажиллах болов. Их сургуулийн амьдралыг шинэ шатанд гаргасан эдгээр тогтоолд намын удирдагч, засгийн тэргүүний хувьд Ю.Цэдэнбал гарын үсэг зурж, биелэлтийг нь зохион байгуулжээ. 1962 онд СнЗ-ийн шийдвэрээр Дээд, тусгай дунд боловсролын хороо байгуулагдах хүртэлх үед МУИС-ийн амьдралтай холбогдсон бүх асуудапд нам, засгийн удирдагч Ю.Цэдэнбал биечлэн оролцож, УИС-ийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байжээ.

1972 оны аравдугаар сард МУИС-ийн 30 жилийн ойн хуралд Ю.Цэдэнбал оролцож баяр хүргэж үг хэллээ. 1982 оны аравдугаар сарын 5-нд Ю.Цэдэнбалаас МУИС-ийн багш, бүх ажилтан, оюутан нарт ирүүлсэн баярын бичигт: "Манай орны дээд боловсролын ууган уурхай “МУИС”-ийг үндэслэн байгуулсан нь БНМАУ-ын соёлын амьдралд гарамгай үйл явдап болсон билээ. МУИС-ийг байгуулж, дараа нь факультетуудын бааз дээр салбарын хэд хэдэн дээд сургуулийг байгуулсан нь манай орны эдийн засаг, соёлын янз бүрийн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд асар их ач холбогдолтой болсон юм. Өнгөрсөн хугацаанд МУИС үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх томоохон уурхай, олон түмэнд эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч, эрдэм шинжилгээний нэг төв боллоо" гэж Их сургуулийн гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлсэн байна.

МУИС-ийн Хүндэт профессор, Гавъяат хуульч, доктор С.Жалан-Аажав: "1941 онд Ю.Цэдэнбал их сургууль байгуулах асуудлыг УТТ-ны хурал дээр сануулж хэлж байсан". "Аугаа их мэдлэгтэй түүнтэй ажиллахад их сайхан байсан. Одоо бидэнд хууль тогтоомжийг боловсронгуй бопгох, хууль ёсыг чандлан хэрэгжүүлэх ажил ус агаар мэт чухал байна. Чиний мэргэжлийн наймхан хүнтэй. Тэгэхээр бид энэ ажилд хүч тавих ёстой гэж нэг өдөр надад хэлэв. Тэгэхээр нь би "Тэгвэл МУИС-д хуулийн анги нээе" гэдэг санал гаргаж, Цэдэнбал уг ажлыг надад даалгаж, мэргэжлийн хуульч эх орондоо бэлтгэж эхлээд 40 жилийг ардаа хийжээ. Ю.Цэдэнбал ингэж хууль, эрх зүйн шинэчлэлийг тэртээ жилүүдэд хийлгэж байлаа" гэжээ.

1979 онд Ю.Цэдэнбалын 37 дугаар албан даалгавраар МУИС-ийн бүрэлдүүнд Орос хэлний дээд сургууль байгуулсан нь гадаад олон хэлний боловсролыг хөгжүүлэх сайн суурь болж өгсөн юм. Орос хэл сурах нь дэлхийн соёл шинжлэх ухааны ололтыг хүртэх оньсон түлхүүр, бусад хэл сурах үндэс болно гэж тэрээр үздэг байлаа. МУИС-ийг багшлах боловсон хүчин, удирдлагаар хангахад Ю.Цэдэнбал онцгой анхаарч МУИС-ийн ректороор дэлхийд алдартай шилдэг эрдэмтэд: томоохон түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн Б.Ширэндэв, нэрт биологич эрдэмтэн, зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмид, олон улсад алдартай физикч эрдэмтэн, академич, профессор Н.Содном, нэрт эдийн засагч, лрофессор, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх, авьяаслаг биологич эрдэмтэн, академич О.Шагдарсүрэн нарыг биечлэн томилж ажиллуулж байсан нь МУИС-ийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ.

Ю.Цэдэнбал МУИС-ийг бэхжүүлэхэд цаг ямагт анхаарал тавьж, Монголын эрдэм мэдлэгийн гол уурхай болсон энэ сургуульд тун элэгсгээр хандаж өөрөөс шалтгаалах бүхнээр тусалж байжээ. МУИС-ийн ректороор 17 жил ажилласан, академич Н.Содном "Монгол Улсын Университет" номынхоо "Буянтай учрап" бүлэгт Ю.Цэдэнбалтай уулзаж саналаа хэлсний ачаар "Улсын 60 жилийн ойгоор урьд үзэгдээгүй олон багш нар төр, засгийн шагнал авч, дараа нь түүхэнд үзэгдээгүй олон орон сууцыг МУИС-д бэлэглэсэн юмаа. МУИС-д тус бүр 300 хүн суух оюутны байр гурав, багш нарын 48 айлын орон сууц хоёрыг улсаас бариулж өглөө. Цэдэнбап дарга их сургуулиа мартсангүй" гэж тэмдэглэн бичжээ. Нэрт эрдэмтнийг Ю.Цэдэнбал Дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролын улсын хорооны даргаар томилж байсан бөгөөд хожим нь Н.Содном ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажилласан билээ.

Нэрт биологч эрдэмтэн, авьяаслаг сурган хүмүүжүүлэгч, зохиолч Д.Цэвэгмид нь Ю.Цэдэнбалын бүрэн хүндэтгэл хүлээсэн хүн байсан бөгөөд МУИС-ийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. НҮБ-д Монгол Улсаа элсүүлэх үйлсийг 1946 онд Ю.Цэдэнбал эхэлж, Д.Цэвэгмид нь 1961 онд Монголын далбааг НҮБ-д мандуулж байсан сонин хувь тавилантай хүмүүс байв. МУИС-аас төрөн гарсан сурган хүмүүжүүлэх их туршлагатай, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт өндөр нэр хүндтэй энэ хүнийг Ю.Цэдэнбал Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар дэвшүүлэн ажиллуулж байлаа.

Баялаг туршлага, их мэдлэг, хүнлэг ёсны чанарыг нь дээдлэн хүндэтгэдэг проф. Д.Цэвэгмидийн санал, бараг л "тулгалтаар" Ю.Цэдэнбал нэрт эдийн засагч, профессор Ж.Батмөнхийг МУИС-ийн ректороор томилсон бөгөөд Их сургуулийг удирдаж байсныг харгалзан, түүний эдийн засгийн онол, шинжлэх ухааны мэдлэг чадварыг үнэлж, Сайд нарын Зөвлөлийн даргын өндөр сэнтийд гаргасан билээ. Хожим Ж.Батмөнх: Ю.Цэдэнбап мэдлэг боловсролын суурь сайтай, их хөдөлмөрч, маш тэвчээртэй, зан харилцааны хувьд эелдэг, хүнийг өөртөө татах увдистай.өөрийн гэсэн маш хатуу дэг журамтай нэгэн байсан гэж боддог. Тэр их уншдаг. Тиймээс түүнд чөлөөтэй цаг гэж тун бага байсан.... Хэвлэлийг байнга уншдаг, бас тийнхүү уншиж байхыг бусдаас шаарддаг байсан.Орос хэлийг гарамгай эзэмшсэн" гэж дурсан бичжээ.

1982 онд ректор Н.Содном МУИС-ийн анхдагчдыг урин уулзаж "Намын X их хурлаас дээд сургууль байгуулах шийдвэр гаргасан. Энэ талаар гол санаачилсан хүн хэн байсныг та мэдэх үү? гэж 1942 онд АБЯ-ны сайд байсан Т.Машлай гуайгаас асуухад Т.Машлай: "Ер нь их сургууль байгуулах ажлыг Цэдэнбап дарга их дэмжсэн хүн шүү. МАХН-ын X их хурлаар Төв Хорооны удирдлагад Бал дарга орсон, МУИС байгуулах тухай ажил өрнөсөн хоёр яг таардаг юм. Бал даргын гарын үсэгтэй хэд хэдэн тогтоол энэ үеэр гарсан байдаг юм" гэж хэлжээ. /ЮЦА-ийн архив. ф. 1, хн. 13, т. 473/

МУИС-ийн түүхэнд нэрээ үлдээсэн томоохон зохион байгуулагч, эрдэмтэн, Гавъяат багш О.Шагдарсүрэн дурсахдаа: "Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлагч, зохион байгуулагчийн нэг, их сургуулийн нээлтийн хурал дээр их сургуулийн зорилгыг тодорхойлсон гол илтгэлийг тавьж байсан хүний хувьд их сургуулиараа бахархаж, цаг ямагт санаа тавьж, тулгарсан асуудлыг шууд шийдэж өгдөг хүн байж билээ. XX зууны сэргэн мандлын 44 жил энэ хүнтэй холбоотой байсан. Угсаа залгаагүй болохоос улс төр, ард түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн ард түмний хаан байв" гэжээ.

МУИС-ийн ректор байсан, Гавъяат багш Д.Дорж их сургуулийн амьдралд Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүргийг тодорхойлж: "Энэ хүн МУИС-ийг санаачлан байгуулагчийн нэг, олон жил их сургуулийн амьдралыг удирдаж, хамгийн шилдэг боловсон хүчнээ их сургуульд томилж, их сургуулийн материаллаг базыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохын хувьд МУИС-ийн түүхийн алтан хуудсыг бичилцсэн хүн гэж зүй ёсоор тооцогдох ёстой. Энэ тухай МУИС-ийн хамт олон, оюутан залуус, төгсөгчид гүн хүндэтгэлтэйгээр санаж дурсах нь их сургуулийнхаа түүхийн өмнө бидний хүлээх ариун үүрэг мөн" гэжээ.

МУИС-ийн ректор байсан, Монголын дээд боловсролын том зохион байгуулагчдын нэг, доктор, профессор С.Даваа: "Их сургууль байгуулах шийдвэр гаргаж, зохих бэлтгэлийг хангах, нэгэнт байгуулсан сургуулийг цаашид хөгжүүлэх талаар Ю.Цэдэнбалын толгойлж байсан НТХ, СнЗ удаа дараа халэлцэн тогтоол шийдвэр гаргаж, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлсэн нь архивын баримтаас харагдаж байна. Түүгээр ч барахгүй их сургуулийн барилгын шав тавих, нээлт болон анхны төгсөлтийн ажиллагаанд оролцож үг хэлж байснаас үзэхэд энэ түүхэн зүтгэлтэн хэр их ач холбогдол өгч байсан нь харагдаж байна" гэсэн юм.

МУИС-ийн ректор байсан, нэрт физикч эрдэмтэн, профессор Ц.Ганцог хэлэхдээ: "Манай улсад орчин цагийн дээд боловсролын ууган байгууллага болох Улсын университет байгуулах түүхэн шийдвэр гаргах, үүсгэн байгуулах, улмаар түүний материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр ханган бэхжүүлэх үйлсэд Ю.Цэдэнбал томоохон үүрэг гүйцэтгэсэн" гэжээ.

Монгол Улсын Гавьяат багш, АБЯ-ны сайд, УИХ-ын дарга, МУИС-ийн ректор байсан, нэрт математикч, философич, проф. С.Төмөр-Очир МУИС-ийн 70 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж, энэ хүрээнд хэвлэгдсэн олон тооны судалгааны судалгааны бүтээлүүдийг үндэслэн дүгнэхдээ: "Олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд МУИС-ийг Ю.Цэдэнбап байгуулсан болох нь тогтоогдож байна" гэжээ.\Fасеbоок,Ю.Цэдэнбал.2013.09.13\

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат багш, МУИС-ийн проректор, Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны орлогч дарга байсан, МУИС-ийн Хүндэт профессор, доктор Т.Дашцэдэн хэлэхдээ: "Ю.Цэдэнбал бол Монголын. боловсрол, соёл, гэгээрэл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд мэдээжийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн хүн. Монголыг орчин цагийн улс болоход Ю.Цэдэнбалын эрдэм мэдлэг, санаачлага их үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй. МУИС байгуулахад Ю.Цэдэнбал ажил хэргийн талаас голлож оролцсон" гэжээ.

Монгол Улсын ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн тэргүүлэх профессор Т.Дорж: МУИС-ийг үүсгэн байгуулж, хөл дээр нь зогсоох, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, ялангуяа эдийн засгийн салбар байгуулсан, ЭЗФ, улмаар ЭЗДС байгуулсан гол автор нь Ю.Цэдэнбал байв. МУИС-ийн эцэг болсон хүний хувьд нь манай хамт олон, оюутан, төгсөгчид онцгой анхаарч тахиж явах ёстой гол хүн гэдгийг хэлэхийг хүсч байна" гэжээ.

Монгол Улсын Ардын багш, МУИС-ийн проректор, ПДС-ийн захирал байсан Ч.Авдай хэлэхдээ: "Ю.Цэдэнбал боловсрол, соёл, шинжлэх ухааны уурхай болсон Монгол Улсын Их Сургууль байгуулах, дээд боловсролын системийг бий болгох ажлыг санаачлан, зохион байгуулагчийн нэг байв" гэжээ.

Монгол Улсын Ардын багш, МУИС-д проректор, ОБДС-д ректор, Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны даргаар ажиллаж байсан, А.С.Пушкины нэрэмжит олон улсын шагналт, Монголын шинжлэх ухааны нэгдсэн академийн ерөнхийлөгч С.Галсан дурсахдаа: "МУИС-ийг чухамдаа энэ хүн л санаачилж, байгуулсныг түүхийн баримтууд гэрчилдэг", "Ю.Цэдэнбап Монголын ард түмний түүхэнд их гавьяатай хүн. Тэр гавьяа нь мөнхрөх учиртай. Монголын сүүлчийн үе залгамжлаагүй жинхэнэ Хаан Цэдэнбал гэдэг их хүний итгэлийг хүлээж, түүний мэлмийд бүлээн зөөлөн харагдаж явсныгаа ямагт сайн сайхнаар санаж явдаг" гэжээ.

Монгол Улсын Гавьяат багш, МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ардын Боловсролын яамны сайд байсан Р.Санжаасүрэн хэлэхдээ "Үндэсний дээд мэргэжилтэн бэлтгэх асуудал хурцаар тавигдаж байсныг анхлан сайн мэдэрч байсан хүн бол Ю.Цэдэнбал гуай байв. Энэ сургуулийг жинхэнэ университет болгоход онцгой анхаарч байсан хүн гэдгийг хэлэхийг би үүргээ гэж бодож явдаг юм. МУИС-ийн түүхийг судалж байсан хүний хувьд хэлэхэд Цэдэнбал дарга бол ер нь Их сургуулийг үндэслэн байгуулах ажлыг биечлэн удирдсан хүн юм" гэж дурсан бичжээ.

Монгол Улсын Ардын багш, академич, МУИС-ийн проректор байсан, профессор А.Мекей: "МУИС-ийн бараг бүх л ой тэмдэглэх комисст миний бие орж ажиллах хувьтай байв. Сургуулийн архивт олон хоногоор сууж тун сайн баримт материалтай танилцсан. Энэ бүгдийг уншиж судалж байхад МУИС-ийг гол санаачлагч, санаа тавьж байсан хүн нь Ю.Цэдэнбал гэж би үзсэн. Монгол Улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан МУИС-ийг арван жилийн боловсрол ч олигтой хөгжөөгүй, бичиг үсгээ мэддэг хүн ч ховор байсан, дайны хүнд үед ихээхэн сэтгэл, хүчин чармайлт гарган байгуулсан нь үнэхээр холын хараатай, зоригтой, зөв шийдвэр, алхам мөн байв" гэжээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч МУИС-ийн профессор О.Төмөртогоо хэлэхдээ: "Ю.Цэдэнбалын боловсролын бодлогын гол төвд МУИС байсан. МУИС байгуулах, дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхийн ач тусыг ойлгож, анхны санаа санаачлага гаргасан хүн нь удирдлагын хүрээн дэх дээд боловсролтой ганц хүн болох Ю.Цэдэнбал гэдэг нь ойлгомжтой" гэж дүгнэжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавъяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв гуай МУИС-ийг байгуулахад Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүргийг тодорхойлж: "Москвагийн их сургуулийг орос хөвгүүн Михаил Ломоносов үүсгэн байгуулсан нь зөвхөн Орос орноор хязгаарлагдахгүй дэлхийн хэмжээний эрдэм оюуны голомт болтлоо хөгжин дэвжсэнтэй харьцуулахуйц чухал ач холбогдолтой санаачлагыг малчны хөвгүүн Цэдэнбал дэвшүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх учир холбогдолтойн хувьд шинэ Монголын түүхнээ ч, Ази тивийн улс орнуудын соёл иргэншлийн шинэхэн үеийн дэвшил хөгжилд ч тэмдэглэлтэй үйл явдал мөн болой.

Урган гарах онд ойтойгоо золгохоор зэхэж буй МУИС үүсгэн байгуулагчийнхаа гавьяа зүтгэлийг төдий л санахгүй мэт явж ирсэн он жилүүдийнхээ хүлээснээс салж, түүний бодит гавьяаны тухайд түүхэн үнэнээс цэрвэхгүй хэлдэг, ярьдаг байхаар эрийн цээнд нэгэнт хүрчээ. Ахмад үеийнхнийхээ уламжлалыг МУИС мартахааргүй цэлмэг ой дуртгалтай гэдэгт итгэж байна" гэж бичсэн нь амьдрал, түүхийн үнэн үг гэлтэй. Ийнхүү МУИС нам, төр, засгийн байнгын анхаарап халамжид ямагт байж, эх орон, ард түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлж, Монголын соёл, шинжлэх ухаан, боловсролын нэгэн томоохон оргил болж чадсан билээ. Энэ үйлсэд Ю.Цэдэнбал хэнтэй ч зүйрлэшгүй томоохон хувь нэмэр оруулжээ.

Цеэн-Норовын ЖАМБАЛСҮРЭН
МУИС-ийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.Sc)