sonin.mn
БЭЭЖИН. /Еcns.cn/. Дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 3-нд зохион байгуулах БНХАУ-ын цэргийн парадад оролцох гадаадын цэргүүд Бээжин хотод цуглан бэлтгэл хийж эхэллээ. Казахстаны 100 гаруй цэрэг улсынхаа нийслэл Астана хотод бэлтгэлээ хангаад даваа гарагт Бээжинг зорьжээ.
 
Оросын 85 цэрэг мягмар гарагийн өглөө буюу өнөө өглөө Бээжинд очсон байна. Тэд Бээжингийн Чанпин дүүргийн цэргийн районд байрлаж, удахгүй парадын бэлтгэлд оролцох аж. Тажикистан болон Киргизстаны цэргүүд өнгөрсөн ням гарагийн орой Бээжинд очжээ.
 
10 дугаар сарын 1-нд болдог Үндэсний өдрөө тохиолдуулан 10 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг цэргийн параддаа БНХАУ гадаадын цэргүүдийг оролцохыг анх удаа урьсан нь энэ юм. Японы эзлэн түрэмгийлэгчидтэй хийсэн дайнд ялсны 70 жилийн ойд мөн энэ оны парадыг зориулж байгаагаараа онцлогтой.
 
Монгол Улс парадад оролцуулахаар 75 цэргээ илгээнэ гэж Монголоос БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар зургадугаар сард мэдэгдээд, “Парадад оролцох урилга явуулсан нь Хятад улс дайнд ялахад Монгол Улс хувь нэмэр оруулсныг хүлээн зөвшөөрч буйн илрэл” гэж байсан юм.
 
Дайны төгсгөлд Жанчхүү болон Бээжингийн ойролцоох Чэндэд Японы эзлэн түрэмгийлэгч цэргүүдтэй Зөвлөлтийн болон Монголын цэргүүд тулалдсан билээ.
 
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бусад бүх гишүүн улс, тодруулбал Казахстан, Киргизстан, Орос, Тажикистан болон Узбекистаны удирдагчид Бээжингийн парадад оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг