“Багахангай марафон-2023” улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 30-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулагдаж, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид амжилт дүүрэн оролцов.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос зохион байгуулсан улсын аваргын насанд хүрэгчдийн 10 км зайд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн артиллерийн дивизионы Хангалт үйлчилгээний салааны нярав, Олон улсын хэмжээний мастер, ахлагч Б.Мөнхзаяа алтан медаль, 50 км зайд тус ангийн мотобуудлагын батальоны хангалт үйлчилгээний салааны нярав, Олон улсын хэмжээний мастер, дэд ахлагч Б.Сарангуа мөнгөн медаль тус тус хүртсэн бахдам амжилт үзүүлэв. Ахлагч Б.Мөнхзаяа 5, 10, 21, 42 км зайд улсынхаа дээд амжилтын эзэн бол дэд ахлагч Б.Сарангуа эх орныхоо 12 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч бөгөөд 2018 оны улсын аваргын хүрэл, 2019 оны мөнгөн медальт тамирчин юм.

Мөн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн холбооны албаны залгагч, Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын 24 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч Г.Уугантуяа тус тэмцээний буухиа төрөлд Хилийн цэргийн 0132 дугаар ангийн тамирчидтай хамтран оролцож, тусгай байрт шалгарсан байна. Г.Уугантуяа нь 2018 онд Тайваньд зохион байгуулагдсан 24 цагийн марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож чадсан Зэвсэгт хүчний ажилтан албан хаагч юм.
Сэтгэгдэл0
Монгол хүүхнүүд эрчүүдээсээ илүү сүрхий болчихсон байгаа нь 100 жилийн өмнө ҮНДСЭН ХУУЛИАРАА эрчүүдтэйгээ тэгш эрх тэй болсоны үр дагавар мөн биз !