sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж буй нь олон улсын анхаарлын төвд байна. Энэхүү айлчлал нь Орос, Хятадын стратегийн түншлэлийн 25 жилийн ойтой давхцаж буйгаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийсэн айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог болж буй. Иймээс ажиглагчид энэ уулзалтыг зөвхөн хоёр улсын харилцааны хүрээнд бус, дэлхийн хүчний шинэ тэнцвэрийн хүрээнд харж байгаа юм.


Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ үргэлжилж буй энэ үед Оросын хувьд Хятад улс хамгийн чухал эдийн засгийн түнш хэвээр байна. Москва эрчим хүчний экспорт, худалдааны шинэ гарц, санхүүгийн хамтын ажиллагаагаа хадгалах шаардлагатай болсон бол Бээжин хямд эрчим хүч, бүс нутгийн тогтвортой байдлыг сонирхож байгаа.


Тиймээс Путины айлчлалын үеэр байгалийн хий, газрын тосны нийлүүлэлт, тус тусын үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх худалдааг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон ложистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал голчлон яригдах гэж буй талаар хоёр талын эх сурвалжууд мэдээлжээ. Үүний зэрэгцээ айлчлалын улс төрийн агуулга илүү анхаарал татаж байна. Дональд Трампын Бээжинд хийсэн уулзалтын дараахан Путин Хятадад айлчилж буй нь санамсаргүй давхцал биш гэж шинжээчид үзэж байгаа юм.


Ши Жиньпин ийнхүү дэлхийн хамгийн нөлөө бүхий хоёр гүрний удирдагчийг богино хугацаанд дараалан хүлээн авч байгаа нь Бээжин дэлхийн дипломат бодлогын төв тоглогч болж буйгаа харуулах оролдлого гэж тайлбарлагдаж байна.


Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаар худалдааны маргаан, Тайванийн асуудал, технологийн өрсөлдөөн зэрэг олон асуудал яригдсан ч тодорхой ахиц бага байсан талаар барууны хэвлэлүүд онцолсон. Харин үүний дараа Путин Бээжинд очиж буй нь Хятад улс АНУ-тай харилцаагаа хадгалахыг хүсэж байгаа ч Оростой стратегийн түншлэлээ сулруулахгүй гэсэн дохио болж байна. Украины дайн эхэлснээс хойш Орос улс баруунаас улам бүр тусгаарлагдах болсон бол Хятад улс Москвагийн хамгийн том эдийн засгийн түшиг болж хувирсан. Гэвч энэ харилцаанд тодорхой тэнцвэргүй байдал үүсэж эхэлсэн гэж судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл, Оросын Хятадаас хамаарах хамаарал өмнөхөөсөө илүү нэмэгдэж байгаа юм. Ийм нөхцөлд Путины энэ удаагийн айлчлал нь зөвхөн найрсаг уулзалт биш, харин Бээжингийн дэмжлэгийг урт хугацаанд хадгалах стратегийн ач холбогдолтой алхам гэж ажиглагчид дүгнэж байна.


Мөн айлчлалын хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж байгаа нь хоёр улс урт хугацааны нөлөөллөө зөвхөн эдийн засаг, улс төрөөр бус, зөөлөн хүчний бодлогоор дамжуулан бэхжүүлэхийг зорьж буйн илрэл гэж үзэж болно.


Ийнхүү Путины БНХАУ-д хийж буй айлчлал нь хоёр улсын харилцаа улам ойртож байгааг дахин харуулж байна.Гэхдээ үүний цаана зөвхөн худалдаа, эрчим хүчний асуудал бус, АНУ, Орос, Хятадын хоорондын геополитикийн өрсөлдөөн, дэлхийн шинэ хүчний тэнцвэрийн асуудал давхар өрнөж буй юм.


С.Сарнай