sonin.mn

Их Британийн улс төрийн тавцанд дахин нэгэн шинэ өөрчлөлт өрнөх төлөвтэй байна. Хөдөлмөрийн намын дотоодод дараагийн удирдагчийн тухай яриа эрчимжиж, Манчестер хотын дарга Энди Бурнхэмийг Ерөнхий сайдын албыг хүлээн авах хамгийн хүчтэй нэр дэвшигчдийн нэгээр нэрлэх болсон. Олон жилийн турш парламент, Засгийн газар, орон нутгийн удирдлагад ажилласан туршлага нь түүнийг намынхаа төдийгүй Их Британийн улс төрийн хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг болгожээ. 1970 онд Английн Ливерпүүл хотын ойролцоох Айнтри тосгонд төрсөн Энди Бурнхэм Манчестерийн их сургуульд Англи хэлний мэргэжлээр суралцаж төгссөн. Улс төрийн замналаа Хөдөлмөрийн намаас эхлүүлсэн тэрээр 2001 онд Лей тойргоос парламентын гишүүнээр сонгогдож, түүнээс хойш намынхаа гол лидерүүдийн нэг болсон юм.


Парламент дахь карьераа ахиулахын зэрэгцээ тэрээр Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд, дараа нь Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байв. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээ (NHS)-г хамгаалах байр сууриа тууштай илэрхийлдэг байсан нь түүнийг Хөдөлмөрийн намын нийгмийн хамгааллыг дэмждэг жигүүрийн төлөөлөл хэмээн үнэлэгдэхэд хүргэсэн.


2017 онд Энди Бурнхэм Манчестерийн хотын даргаар сонгогдсоноор улс төрийн карьер нь шинэ шатанд гарсан. Тэрээр зөвхөн хотын даргын үүрэг гүйцэтгээд зогсохгүй бүс нутгийн эрх ашгийг үндэсний бодлогын төвд авчрахыг эрмэлзсэн удирдагч гэдгээрээ танигдсан. Түүний санаачилгаар автобусны үйлчилгээг төрийн зохицуулалтад эргэн оруулж, нийтийн тээврийн тогтолцоог шинэчилсэн нь Английн бусад хотуудад ч жишиг болохуйц бодлого болсон юм. Мөн орон гэргүйдлийг бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, орон нутгийн эдийн засгийг сэргээх асуудлыг тэргүүлэх зорилтынхоо нэг болгож ажилласан нь олон нийтийн талархлыг хүлээжээ. Үүний үр дүнд Бурнхэмийг “Лондонгоос гаднах Английн хамгийн хүчтэй улс төрч" гэж тодорхойлох нь элбэг болсон. Түүний нэр улс даяар илүү хүчтэй танигдсан үе нь коронавирусийн цар тахлын жилүүд байлаа. 2020 онд Засгийн газраас Английн хойд бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргах үед Бурнхэм тухайн бүс нутгийн иргэд, бизнес эрхлэгчдэд хангалттай санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаардан төв Засгийн газартай ил тод зөрчилдөж байв.


Энэ байр суурь нь түүний орон нутгийн эрх ашгийг хамгаалдаг, төвлөрсөн бодлогын эсрэг зоригтой дуугардаг улстөрч гэсэн имижийг улам бататгасан юм.


Энди Бурнхэм өмнө нь Хөдөлмөрийн намын удирдагч болохын төлөө хэд хэдэн удаа өрсөлдөж байсан ч амжилтад хүрээгүй. Харин энэ хугацаанд тэрээр орон нутгийн удирдлагад бодит үр дүн гаргаж, нэр хүндээ улам өсгөж чадсан нь өнөөдөр түүнийг Ерөнхий сайд болох хамгийн бодит боломжтой улстөрчдийн нэг болгож байна.


Түүний улс төрийн үзэл баримтлал нь төв-зүүний чиглэлд хамаардаг.


Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээг бэхжүүлэх, бүс нутгуудын хөгжлийн ялгааг багасгах, орон нутгийн засаг захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, ажилчин болон дундаж давхаргын амьжиргааг дэмжих нь түүний гол бодлогын чиглэлүүд юм. Өнөөдөр Энди Бурнхэмийг зөвхөн туршлагатай парламентч биш, бодлогоо бодитоор хэрэгжүүлж чаддаг удирдагч гэж үнэлэх хүн олон. Хэрэв тэр Хөдөлмөрийн намын удирдлагыг албан ёсоор гартаа авч чадвал Их Британийн дараагийн Ерөнхий сайд болох боломжтой. Гэхдээ энэ нь намын дотоод сонгуулийн үр дүн болон цаашдын улс төрийн үйл явцаас эцэслэн шалтгаалах юм.




Х.Цэцэнноров