sonin.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрээр энэ үеэрээ: "Х.Нямбаатарын тухайд гэвэл түүнд алдаа, оноо бий. Гэхдээ тэр хүн ТҮЦ-үүдийг цэгцэлж, өөртөө маш их дайсан хураасан. Х.Нямбаатарыг огцруулсан нь Монгол Ардын Нам доторх дээрэнгүй үзлийн илрэл. Дарангуйллын хар хөшиг татагдаж, дээрээс дарамталж, атамануудынхаа өмнө бүгд бөхийж байгаа дүр зураг Монголын улс төрд улам бүр газар авч байна. Энэ тэнэглэлээ зогсоогооч гэж л хэлмээр байна.


Би хэнээс ч айхгүй. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийг ч шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Монголын ард түмэн намайг хүчтэй дэмжиж байна.


УИХ-ын 126 гишүүний дотор байгаа залуу гишүүд ямар арчаагүй юм бэ? Бүгдээрээ эрх мэдэлтнүүдийн өвөрт орчихсон юм шиг. Тэдэнд үзэл бодлоо илэрхийлэх боломж өгье гэхээр аймхай, хулчгар байдал гаргаж байна. Нам дамжсан ашиг сонирхолд үйлчилж, бусдын дохио зангаагаар хөдөлдөг ийм арчаагүй байдал харамсалтай.

Би залуу гишүүдэд боломж олгож байна. Надад нуух гэмт хэрэг байхгүй. Харин тэдэнд АТГ-аас айх зүйл байгаа байх.


Өнөөдрийн АТГ улс төрийн аллагын хэрэгсэл болсон мэт харагдаж байна.


Үүнийг дахин дахин яриад байвал улиг болох байх.

Монголд хөлсний сэтгүүл зүй газар авсан. Гэхдээ үнэнийг хэлж, залуу гишүүдийн урам зоригийг бадраах ёстой гэж би боддог. Харин тэд эсрэгээрээ эрх мэдлийн өмнө бөхийж, ашиг сонирхолд үйлчилж байвал бид гутарахгүй гээд яах вэ?

Би залуучуудад боломж олгож байна. МҮЭХ-ыг удирдаж байхдаа 186 айлыг орон сууцтай болгож байсан. Эргээд бодоход 19 жилийн өмнө ч би авлига авах хэмжээний эрх мэдэлтэй ажил хийж байгаагүй. Би талбай дээр өлсгөлөн зарлаж, олон удаа тэмцэж явсан хүн. Харин сайд, төрийн өмчит компанийн дарга шиг төсөв мөнгөн дээр гарын үсэг зурдаг хүмүүс авлигын эрсдэлд ордог. Би бол төрийн бус байгууллага удирдаж байсан хүн.

Манай сонгуульд Ардчилсан намын шат шатны байгууллагууд намайг дэмжиж ирсэн.


Над шиг хүн 20 жилийн өмнө ч, 10 жилийн өмнө ч, 5 жилийн өмнө ч Монгол Улсыг хөгжүүлж, Монгол хүмүүсийг илүү сайхан амьдруулахын төлөө ажиллахад үргэлж бэлэн байсан.


Надад зөвхөн ард түмний дэмжлэг хэрэгтэй. Намайг ойлгох хэрэгтэй.

Харин залуучууд нь өөрсдөө үзэл бодлоосоо урваж, ашиг сонирхолд үйлчилж байгаа нь үнэхээр гутамшиг юм." гэв.


Б.Төгсбаясгалан