sonin.mn

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулсан шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?



Х.Нямбаатар нийслэлийн иргэдээс ялалтын мандат авчихсан хүн. Түүнийг Хотын даргаар ажиллуулах гэж, дэвшүүлсэн төслийг нь явуулах гэж НИТХ-ын 45 суудлаас 40-ийг нь өгсөн. Үүнийг нэгдүгээрт бодож үзэх асуудал байсан болов уу гэж бодож байна. Ер нь ард түмэн саналаа өгчихдөг, тэгээд дундуур нь засч өөрчилдөг ийм байдал хэвшчихвэл нутгийн өөрөө удирдах байгууллага төдийгүй ардчилсан сонгуулийн тогтолцоонд ч цаашдаа сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй.


Хоёрдугаарт, улс төрийн талаас нь бодоход 2027 оны том сонгууль болох гэж байна. Нийт иргэдийн бараг 50 хувь нь амьдардаг нийслэлийн иргэд ингэж бухимдаж, бужигнах нь хэр зохистой вэ гэдэг асуудал бий. Энэ шийдвэрийн үр нөлөө дараа дараагийн сонгуулиудаар харагдах байх гэж бодож байна.


Улс төрийн хувьд нэлээд эрсдэлтэй шийдвэр гэж харж байгаа. Мэдээж Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд гаргаж байгаа шийдвэрийг миний зүгээс хүндэтгэж байна. Цаашид томилогдох хотын дарга сайн ажиллахын төлөө бид бүгд дэмжих ёстой. Ер нь хотын ажил гэдэг маш төвөгтэй, амаргүй ажил шүү дээ.


–Таныг хууль, шүүхийн байгууллагаас шалгаж байгаа юу?


Шалгагдаж байгаа. Бүх тайлбар мэдээллээ өгсөн. Харин шалгалтын ажиллагаа хурдан дуусч, хариу шийдвэр нь нэг талдаа гарч, олон нийтэд зарлагдаасай гэж хүсэж байна.


Б.Баясгалан