Нэгэн үе Оросын хамгийн либерал өнгө аястай улстөрчдийн нэг гэж нэрлэгдэж байсан Дмитрий Медведев өнөөдөр Барууны орнуудыг хамгийн хатуу үгээр дайрдаг Кремлийн төлөөлөгчдийн нэг болоод байна. Ерөнхийлөгч байхдаа АНУ, Европтой хамтын ажиллагааг чухалчилж, шинэчлэл ярьж байсан тэр хүн яагаад гэнэт ийм эрс өөрчлөгдөв гэдэг асуулт олон улсын улс төр судлаачдын анхаарлыг татах болов. 2008 онд Ерөнхийлөгчийн албан тушаалд очих үед Медведевийг Оросын шинэ үеийн, прагматик улстөрч хэмээн тодорхойлж байлаа.
Тэрээр эдийн засгийг илүү орчин үеийн болгох, технологийн салбарыг хөгжүүлэх, барууны хөрөнгө оруулалт татах талаар тогтмол ярьдаг байсан. Түүний үед Москва, Вашингтоны хооронд “reset” буюу харилцааг дахин эхлүүлэх бодлого хэрэгжиж, Орос улс Европтой илүү нээлттэй хамтрах сонирхолтой байгаагаа харуулж байв.
Гэвч энэ уур амьсгал удаан үргэлжилсэнгүй. 2011–2012 онд Орост болсон эсэргүүцлийн жагсаалууд Кремлийн байр суурийг эрс хатууруулсан юм. Оросын эрх баригчид уг хөдөлгөөнүүдийг дотоодын шалтгаанаас гадна Барууны нөлөөтэй гэж үзэж эхэлсэн бөгөөд үүнээс хойш улс төрийн хэллэгт “гадаадын оролцоо”, “үндэсний аюулгүй байдал” гэсэн ойлголт давамгайлах болов. Улмаар Владимир Путин дахин Ерөнхийлөгч болсны дараа Медведевийн улс төрийн өнгө аяс ч өөрчлөгдөж эхэлжээ. Тэрээр Ерөнхий сайд болж, өмнөх шигээ шинэчлэгч дүрээс илүү Кремлийн үндсэн бодлогыг хамгаалагч байр суурь илэрхийлэх болсон байна.
Оросын улс төрийн тогтолцоо өндөр хэмжээнд төвлөрсөн учир эрх баригчдын олон нийтэд хандсан мэдэгдэл Кремлийн ерөнхий чиг шугамаас ангид байдаггүй гэж шинжээчид тайлбарладаг.
Медведевийн байр суурийн өөрчлөлт 2022 онд эхэлсэн Оросын Украйн руу хийсэн довтолгооны дараа илт анзаарагдам болсон. Дайны улмаас АНУ болон Европын холбоо ОХУ-ын эсрэг өргөн хэмжээний хориг арга хэмжээ авч, хоёр талын харилцаа Хүйтэн дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Энэ үеэс Медведевийн мэдэгдлүүд илүү түрэмгий, заримдаа цөмийн сүрдүүлэг агуулсан шинжтэй болж эхэлсэн. Тэрээр Telegram дахь нийтлэлүүддээ Барууны удирдагчдыг шууд шүүмжилж, НАТО-г Оросын аюулгүй байдалд заналхийлж байна гэж буруутгах болсон юм. Олон улсын хэвлэлүүд түүний мэдэгдлийг Кремлийн “хатуу мессеж”-ийн нэг хэсэг гэж үздэг. Зарим ажиглагчийн үзэж буйгаар Медведев дотоодын улс төрийн орчинд өөрийн байр сууриа хадгалахын тулд илүү үндсэрхэг, дайчин дүр бүтээх шаардлагатай болсон байж болох юм.
Гэсэн ч түүнийг Барууны соёл, ард түмнийг бүхэлд нь үзэн яддаг гэж ойлгох нь өрөөсгөл байж мэднэ. Харин Кремлийн өнөөгийн үзэл баримтлалын хүрээнд АНУ, НАТО болон Европын геополитикийн бодлогыг Оросын эсрэг чиглэсэн гэж үздэг байр сууриа л хамгийн хурц хэлбэрээр илэрхийлж байгаа хэрэг гэж судлаачид тайлбарладаг.
Медведевийн хувьсал нь нэг улстөрчийн зан төлөвийн өөрчлөлтөөс илүүтэй Орос-Барууны харилцаа сүүлийн арван жилд хэрхэн эрс хурцадсаны тусгал болсон гэж хэлж болно. Нэгэн цагт хамтын ажиллагааны тухай ярьж байсан улстөрч өнөөдөр геополитикийн сөргөлдөөний хамгийн чанга дуу хоолойн нэг болж хувирсан нь үүний тод жишээ юм.
Б.Азжаргал
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл5
Genet uhaan suugaad
Америк Барууныхан Оросын эргэн тойрны улсуудад баахан өнгөт хувьсгал гаргаад сүүлдээ бүүр 2014 онд Украйн улсыг эзлээд авчихаар хэн дуртай байдаг юм? Оросууд Канад Мексикт өнгөт хувьсгал гаргаад Мексикийг бүүр эзлээд авчихвал Америк дуртай байх уу?
Архи л биз
Путлерт жийгдэнгүүт тодрох өөр арга олсонгүй
Тэгэх л ёстой . Болдог юм болдгоороо л болж байгаа хэрэг ...