УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгалангийн шударга зан, мэдлэг чадвар, харилцааны соёл, Монголоо гэсэн халуун сэтгэлийг нь дэндүү сайн мэддэг, үзэл бодол, итгэл үнэмшил, амьдралд баримтлах зарчим ойролцоо учраас олон жилийн өмнөөс хүндэлж, итгэж, найзалж нөхөрлөж ирсэн нэгэн билээ, би. Өнөөдөр найз минь монгол төрд үнэнчээр зүтгэснийхээ төлөө буруутан болчихоод байна.
Цээж дэлдэн хийрхдэггүй, хэлэх үгээ хэлэх ёстой газар, цагт нь цэгцтэй хэлчихдэг, хийх ёстой үүрэгт ажлаа жин тан гүйцэтгэдэг, “Төрийн алтан сан хөмрөг рүү шуналын нүд унагаж хулгайн гар сунгаж болохгүй”, “Авилга бол хулгай юм” гэж үргэлж хэлж сануулдаг зарчимч шударга хүн яагаад буруутан болов?
Монголын хууль шүүх ийм илэрхий асуудал дээр шударга байх нь мэдээж, хөндлөнгөөс илүү хошуулбал шүүхийн шийдвэрт нөлөөлж мэднэ гэсэндээ би андынхаа тухай ганц үг ганхийлгүй удаан тэвчсэн, итгэж хүлээсэн. Харамсалтай нь энэ итгэл талаар болж Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс түүнд “Нүүрсний” гэх хэргээр 2 жилийн хорих ял оноов. Учир мэдэхгүй зарим нь “соотон халтар чимээнээр” гэгчээр түүнийг сошиал орчинд харааж зүхэж, троллын арми хүч нэмсэн л харагдах юм. Учир мэдэх хүмүүс тэдний дайралтаас эмээн ихэнх нь амаа жимийж байна.
Олон ч хүн тараа таниулж нуруугаа харуулсан байх. Эхлээд сошиал орчинд харлуулан гүтгэж олон нийтэд “эсрэг дүрийн баатар” болгон харагдуулж хоногшуулаад дараа нь яаж ийгээд ял сонсгон наанадаж тойргийн гадна орхиж, цаанадаж торны цаана суулгадаг улс төрийн захиалга түүн дээр хэрэгжсэнийг би сайн мэднэ.
Энэ захиалгын зарим эзнийг мэднэ, заримыг таамаглана. Тэр бүрийг өгүүлнэ гэвэл Говь-Алтайн улс төрөөс эхлэлтэй урт түүх учраас дараа тодруулан бичихээр түр орхиё. “Ямар ч тохиолдолд үндэсний эрх ашиг намын болон бүлэглэлийн эрх ашгаас дээгүүрт тавигдах ёстой” (Олон ярилцлагадаа үүнийг дурдсан байдаг) гэсэн зарчмыг хэлбэрэлтгүй барьж, хуулийн болоод хулгайн аргаар эх орноо худалдах гэсэн оролдлого бүртэй тэмцэж байсан нь Б.Энх-Амгаланг улстөрөөс ямар ч аргаар хамаагүй холдуулах бас нэг том шалтгаан болсон гэж би хувьдаа таамагладаг. Ямартаа л 2024 онд news.mn сайт “Асуудал бүрийг үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарладаг” хэмээн түүний тухай “гайхашран” шүүмжилж байхав дээ. Тагнуулын байгууллагын тухай хууль дахь урхагтай зүйл заалтыг залруулахад; мөн Нарансэвстэй зэрэг боомтыг нээх тухай асуудлыг ковидын үед нэр бүхий этгээдүүд УИХ-д хулгайгаар оруулж ирснийг таслан зогсооход тэрбээр гол үүрэг гүйцэтгэсэн.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Боловсролын ерөнхий хуулийн төслүүд хэлэлцэх үеэр ирээдүйд учирч болзошгүй эрсдлүүдийн талаар түүний сануулан хэлж байсан үг одоо яг л хэлснээр нь болж байна.
Хариуцлагатай, бодлого төлөвлөлттэй, алсын хараа хараатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө, газар усаа ямар ч хяналтгүй уралдаж ухахын эсрэг олон удаа үгээ хэлсэн. Түүнийг улстөрөөс арчих оролдлого ил далд оролдлого үндсэндээ УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө эхэлж, олон ч “хэрэг” наах гэж үзсэн. Шударга, зарчимч хүнээс шалтаг олох амаргүй болохоор тухай бүрт мухардаж, өөр ямар нэгэн шалтгааны эрэлд гарсаар эцэст нь “Нүүрсний хэрэг”-т хутгалдсан гэм буруутан хэмээн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр дуулиантай зарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаатан садаг нь ажилладаг “Страто” ХХК-д албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэж үзэн 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хасах шийдвэр анхан шатны шүүхээс 2024 онд гаргасан байдаг. Энэ “хэрэг”-ийг анхан шатны 4, давж заалдах шатны 2 удаагийн шүүх хурлаар хэлэлцсэний эцэст 2026.04.17-нд авлига, албан тушаалын хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил хорих ял оногдуулсан. Таван өдөр үргэлжилсэн энэ шүүх хурлын онлайн дамжуулалтыг үзсэн хүмүүс бол уур амьсгалыг сайн ойлгосон, харин үзээгүй хүмүүс харилцан адилгүй ойлголт, төсөөлөлтэй байгаа нь мэдээж.
Энэхүү шүүх хурал дээр Б.Энх-Амгалан:
“Миний гэм буруугүйг тогтоосон хангалттай үндэслэл, нотлох баримтууд шүүх хуралдааны явцад тодорхой болсон тул энэ талаар би олон зүйл хэлэхгүй. Гэхдээ бас хэлэх ёстой зүйл байна... Автозамын ангиллыг шилжүүлсэн шийдвэр маань зөв байсан, энэ шийдвэрийн ач холбогдол одоо ч үнэ цэнээ алдаагүй, цаашид ч алдахгүй. Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй тустай алхам байсан гэдгийг төр (шүүх), ард түмнээрээ шүүлгэлээ...
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хилийн бүх боомтууд хаагдсан үед Монгол Улс экспортоор мөнгө олох ганц урсгал энэ замаар л дамжсан. Улс орон тэр хүнд үед валютын нөөцөө шавхчихгүй тэсч үлдсэн нь энэ замын ач байж дээ гэж бодогдлоо. Энэ бол хүн болгоны мэдэх, хаана ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй баримт юм.
Энэ замаар одоо ч тээвэр хийж байна, цаашдаа ч хийгдэх болно. Өөрөөр хэлбэл энэ зам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц стратегийн чухал ач холбогдолтой зам гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Ийм л чухал, улс эх оронд минь хэрэгтэй шийдвэрийг бид тухайн үедээ гаргаж байжээ гэж бахархаж байна. Одоо ч энэ тушаал хүчинтэй бөгөөд сайд Б.Дэлгэрсайхан энэ замыг 4 эгнээ даацын зам болгох төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна. Оройтсон ч гэсэн эхэлж байгаа нь яамай даа” гэж хэлсэн байдаг.
Тэрбээр эцсийн үгэндээ:
“Замын ангилал өөрчилсөн асуудлыг”...”Страто” компанийн нүүрс тээвэрлэх эрх ашгийн төлөө, энэ компанид давуу байдал олгох зорилгоор” шийдсэн гэж муйхарлан буруутгаад байгаад харамсаж байна. Тухайн үед энэ хэрэг эрүүгийн хэрэг биш, нэг компанид давуу байдал олгох зорилгоор гаргасан тушаал биш, энэ тушаалаар тээвэр хийх тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгоогүй гэдгээ хэлж байсан. Түүнчлэн манай өмгөөлөгч болон миний бие мөрдөгч байгууллагаас болон прокуророос эдгээр замын хөдөлгөөний эрчмийн мэдээг аваач, Эрдэнэс таван толгой компаниас нүүрс ачилтын мэдээг аваач, ГЕГ-ын хилээр гарсан нүүрсний экспортын мэдээг аваач, Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам, Гашуун сухайт төмөр зам, Таван толгой төмөр зам, Монголын төмөр зам, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг газруудаас лавлагаа гаргаж аваач гэж хүссэн боловч, зөвхөн Страто, Их Дэлгэмэл Ингүүмэл ХХК-ийн мэдээллийг л түүж авсан байгаа нь зөвхөн яллах байр сууринаас хандаж, цагаатгах талын баримтыг цуглуулахаас зориуд зайлсхийсэн нь ойлгомжтой байна” хэмээн харамслаа илэрхийлсэн байдаг. Б.Энх-Амгалан Зам тээврийн сайд байхдаа өөрийн эрх, үүргийн хүрээнд холбогдох бүх хууль дүрмийн дагуу орон нутгийн автозамыг улсын чанартай автозамын ангилалд шилжүүлсэн нь олон баримтаар нотлогдож байгааг мөрдөгч прокурор хэрэгссэнгүй. Бүх хилийн боомт хаагдаж, авто тээвэрлэлт зогссон цар тахлын хүнд үед ганцхан энэ замаар Монголын хүнд даацын тээвэрлэлтүүд хийгдэж, улс орны эдийн засгийг тэтгэх судас болж байсан атал ганцхан компанид тээвэр хийх давуу эрх олгосон хууль бус үйлдэл хэмээн мушгисаар ял оноосон нь дэндүү шударга бус үйлдэл болох нь хэнд ч тодорхой.
Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх:
“Яллаж байгаа хүнээ гэм буруутай гэдгийг мөрдөх байгууллага болон прокурор ямар ч эргэлзээгүйгээр нотолж тогтооосон байх шаардлагатай. Ингэхдээ яллах болон цагаатгах талын баримтыг адил тэнцүү хэмжээгээр цуглуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүрэг ажиллагаа огт хийгдээгүй. Асар олон зүйл дээр илт нэг талыг барьсан ажиллагаанууд явагдсан. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн зүгээс арга буюу өөрийн гэм буруугүй гэдгийг нотлох маш олон баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж гаргаж өгсөн” гэдгийг “Өдрийн сонин”(2026.05.13. №89)-д өгсөн ярилцлагадаа дурдаад хэргийг илт хууль зөрчсөн, хууль бус байдлаар шийдээд байгаа нь ямар нэг улстөрийн захиалга, хөндлөнгийн нөлөөлөлтэй гэх хардлага эргэлзээ төрүүлж байгааг хэлсэн байна билээ.
Тэгвэл манай сайн хуульчдын нэг Г.Эрдэнэбат ярилцлагадаа:
“З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэрэг нь Монголын эрүүгийн эрх зүйд “гэмт хэргийн хатгагч”-ийн ойлголтыг хэрхэн тайлбарлаж, ямар хүрээнд нотлох ёстой вэ гэдэг асуудлыг дахин хурцаар тавьж байна. Шүүхээс дараалал болон таамаглалын шинжтэй дүгнэлтээр тайлбарласан байна.
Хатгалтын хувьд тухайн этгээд гэмт хэрэг үйлдэхийг зориуд хүссэн, эсвэл түүнийг зайлшгүй бий болно гэдгийг ухамсарласан байх ёстой. Гэвч энэ кейст ийм санаатай байдлыг шууд нотлох бус, харин улс төрийн байр суурь, хамаарал бүхий этгээдүүдийн холбоо болон гуравдагч этгээдийн ойлголт дээр үндэслэн дүгнэлт хийсэн шинж ажиглагдаж байна” (ӨС. 2026.05.16. №92) гэж онолын шинжтэй тайлбар хийсэн байна. Гэрчийн мэдүүлэг дангаараа яллах баримт болдоггүй атал хэргийг бүрэн гүйцэт нотлох үүрэгтэй мөрдөгч, прокурор нар Батболд, Бадарч, Доржханд гэдэг 3 хүний уг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж буй, зөрүүтэй, эх сурвалж тодорхойгүй мэдүүлэгт тулгуурлан дүгнэлт шийдвэр гаргаж байгаа нь буруу гэдгийг туршлагатай хуульчдын дээрх үг, байр суурь харуулж байгаа юм. Мэргэжлийн нэр хүнд, ёс зүйгээ эрхэмлэдэг ямар ч хуульч хүн ийм шийдвэр гаргахгүй, гагцхүү улстөрийн нөлөө, дарамтан дор л аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж, хожим нь хууль буруу хэрэглэсэн, алдаатай шийдвэр гаргасны жишээ болон нэр нь “мөнхрөх” нигууртай нь хуулийн мэдлэг маруухан хүнд ч ойлгомжтой буй за.
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөн буруугүй буруутан болж, нэр төр, алдар хүнд, бие сэтгэлээрээ хохирч, өмнө нь нэг удаа анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээснээс болж 3 сар гаруй хугацаанд шалтгаангүйгээр хоригдож, одоо дахиад илт өрөөсгөл шийдвэрийн улмаас 2 жилийн ял авчихаад байгаа шударга бус явдалд харамссандаа, мөн салбар салбарын эх оронч хүмүүсийг онилж намнах урт гарын далд ажиллагаа явагдаад байна уу даа гэж хардан харамсах сэтгэлээр санаа бодлоо илэрхийлэхэд ийм байна. Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх “Монгол Улсын шүүх аль нэг цэг дээрээ очоод энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийднэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн өөрийн байр сууриа хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн. Бид ч бас тэгж итгэж найдаж хүлээе. Гэхдээ дуугүй байж ханалаа, олон түмэнд хандан хэлэх үгээ бол урьдынх шигээ хазаарлах бодол өчүүхэн ч алга. Яагаад гэвэл Б.Энх-Амгалан шиг ясны эх оронч хүмүүс дэндүү цөөхөн байдгийг мэдэх болохоор өмгөөлж өмөлзөх нь анд нөхрийн хувьд ч, иргэний хувьд ч олдой надад оноогдсон ёс суртахууны үүрэг гэж үзэж байна.
Урианхан Б.ГАЛААРИД
2026.05.29.
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл5
ГАЛААРИД МИНЬ БАГА СОЛИОРЧ ТОМ ХАДУУР...ТА НАРЫН УУЖ ИДЭЖ ХУВААЖ ЦОХИЖ БАЙСАН ЧИНЬ ТЭНДЭЭ Л БАЙДГИЙМ БАЙГАА ИЗ? МИШЭЭЛ ТАВИЛГЫН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ЭНХ-АМГАЛАНГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ОВЖИН ЗАЛЬ МЭХТЭЙ ЖИЖИГ ГАРЫН ЛУЙВАРЧИН. ЖИЖИГ ГЭСНИЙ УЧИР НҮҮРСНИЙ ЗАМЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГДӨГ БАС ӨВӨРХАНГАЙ ГОВЬ АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ МАКС ГАНБААТАРТАЙГАА НИЙЛЖ ЦОХИСОН ИЙМ Л НЭГЭН ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ДАА. З.ЭНХБОЛДЫН ХУВИЙН НҮҮРСНИЙ ЗАМЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЗАМ БОЛГООД УЛСАД АВАХДАА НӨГӨӨ АВЦАА ӨГЦӨӨГИЙ НЬ СЭМХЭН ХИЙЧИХСЭН БАЙСАН НЬ ДААН Ч ХҮРЭЛСҮХ АХ НЬ МЭДЧИХСЭН ИНГЭЭ Л ШОРОНДОО ЯВСИЙМ ДАА КҮҮХЭЭ? АСУУХ ЮМ БАЙГАА БОЛ ХАРИУЛЬЯ
Зика вирус энэ хоёрыг зэрэгцүүлж зогсоож байгаад буудах кэрэгтэй !!!!
ГАЛААРИД МИНЬ БАГА СОЛИОРЧ ТОМ ХАДУУР...ТА НАРЫН УУЖ ИДЭЖ ХУВААЖ ЦОХИЖ БАЙСАН ЧИНЬ ТЭНДЭЭ Л БАЙДГИЙМ БАЙГАА ИЗ? МИШЭЭЛ ТАВИЛГЫН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ЭНХ-АМГАЛАНГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ОВЖИН ЗАЛЬ МЭХТЭЙ ЖИЖИГ ГАРЫН ЛУЙВАРЧИН. ЖИЖИГ ГЭСНИЙ УЧИР НҮҮРСНИЙ ЗАМЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГДӨГ БАС ӨВӨРХАНГАЙ ГОВЬ АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ МАКС ГАНБААТАРТАЙГАА НИЙЛЖ ЦОХИСОН ИЙМ Л НЭГЭН ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ДАА. З.ЭНХБОЛДЫН ХУВИЙН НҮҮРСНИЙ ЗАМЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЗАМ БОЛГООД УЛСАД АВАХДАА НӨГӨӨ АВЦАА ӨГЦӨӨГИЙ НЬ СЭМХЭН ХИЙЧИХСЭН БАЙСАН НЬ ДААН Ч ХҮРЭЛСҮХ АХ НЬ МЭДЧИХСЭН ИНГЭЭ Л ШОРОНДОО ЯВСИЙМ ДАА КҮҮХЭЭ? АСУУХ ЮМ БАЙГАА БОЛ ХАРИУЛЬЯ
ГАЛААРИД МИНЬ БАГА СОЛИОРЧ ТОМ ХАДУУР...ТА НАРЫН УУЖ ИДЭЖ ХУВААЖ ЦОХИЖ БАЙСАН ЧИНЬ ТЭНДЭЭ Л БАЙДГИЙМ БАЙГАА ИЗ? МИШЭЭЛ ТАВИЛГЫН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ЭНХ-АМГАЛАНГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ОВЖИН ЗАЛЬ МЭХТЭЙ ЖИЖИГ ГАРЫН ЛУЙВАРЧИН. ЖИЖИГ ГЭСНИЙ УЧИР НҮҮРСНИЙ ЗАМЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГДӨГ БАС ӨВӨРХАНГАЙ ГОВЬ АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ МАКС ГАНБААТАРТАЙГАА НИЙЛЖ ЦОХИСОН ИЙМ Л НЭГЭН ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ДАА. З.ЭНХБОЛДЫН ХУВИЙН НҮҮРСНИЙ ЗАМЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЗАМ БОЛГООД УЛСАД АВАХДАА НӨГӨӨ АВЦАА ӨГЦӨӨГИЙ НЬ СЭМХЭН ХИЙЧИХСЭН БАЙСАН НЬ ДААН Ч ХҮРЭЛСҮХ АХ НЬ МЭДЧИХСЭН ИНГЭЭ Л ШОРОНДОО ЯВСИЙМ ДАА КҮҮХЭЭ? АСУУХ ЮМ БАЙГАА БОЛ ХАРИУЛЬЯ
Bugs doloooogch sdaaa shuuuu