- орчуулга
Зохиогч: Сет Ж.Франтцман
Эх сурвалж: “Jerusalem Post” сонин
Олон фронтын дайнд Израилийн агаарын цэргийн нисэх хүчин эрчимтэй өргөжин тэлж, хүч чадал нь нэмэгдэж, нэг үгээр тус улсыг цэргийн томхон гүрэн болгоход нисэх хүчин нь нэрийн хуудас болж байна. Израильд нисэх онгоц тээгч байхгүй, дэлхий даяар агаарын дайн хийгээд байх боломжгүй ч “F-35” онгоц нэмэлтээр худалдан авч байлдаанд хэрэглэснээрээ Израиль нь сөнөөгч 5-р үеийн онгоцны дэлхийд хошуулагч лидер болж шат ахилаа. Хэрэв F-35 эзэмшиж байгаагаа хүн ам тутамдаа хувааж үзвэл тоо хэмжээгээрээ дэлхийд абсолют лидер нь болчихсон байна.
Америкийн “Lockheed Martin” төвийн мэдээгээр 2026 оны нэгдүгээр сарын сүүлчийн үзүүлэлтээр дэлхийн 20 улс F-35-ыг авч ашиглаж байна. АНУ мэдээж хамгийн том эзэмшигч нь, 2000 орчим ийм онгоцтой.
Их Британи 138 онгоцтой, Австрали 100-г авч байна, Канад 88, Итали 115 гэхчлэн. Азид Япон 142 онгоц худалдан авч байна, араас нь Өмнөд Солонгос 60-ыг. Израиль ийм сөнөөгч онгоцны паркаа 100 онгоцоор дүүргэнэ, тэр нь нэгдсэн 4 эскадриль болно.
Батлан хамгаалах чармайлтад нисэх хүчний манлайлал
2023.10.07-нд ХАМАС тус улс руу халдан түрэмгийлснээр эхэлсэн олон фронтын дайн 939 өдөр хоногийг үджээ. Бүс нутгийн масштаб дээр Израиль нь аливаа аюулын эсрэг нисэх хүчнээ ашиглахад бэлэн байгаагаа энэ хугацаанд илтгэн харууллаа. Израильд бодит аюул учруулах дайсан нь ХАМАС, Хезболла, хуситууд, Иран бөгөөд тэдэнд бид агаарын цохилт өгсөөр байна. Ерөөсөө ийм нөхцөлд агаарын цэргийн хүчин л цохилтын гол хүч болж байна. Энэ бол Израилийн “урт гар” юм. Учир нь бүс нутгийн янз бүрийн цэгүүдэд байлдааны ажиллагаа явуулах боломж манай нисэх хүчин олгож байна. Мэдээж хуурай замын цэрэг, флотын “Саар-6” байлдааны хөлөг, шинэхэн шумбагч хөлөг оролцож байгаа ч алсын зайд нисэх хүчний цард хүрэхгүй.
Израилийн цэргийн потенциал өсөн нэмэгдэж байгаа нь анхаарлын гадна үлдэхгүй. Бидэнд байгаа мэдээгээр, бүс нутгийн нөлөө бүхий тоглогчид энэ бүхэнд болгоомжлонгуй хандаж байгаа ба Израиль бүс нутагтаа давамгайлах чиг шугам сонгосныг тэд тэмдэглэж байна. Юуны өмнө Анкара тэгж анхаарууллаа. Цаашдаа Эр-Риядаас Каир хүртэл бүгд тэгж үзэж магадгүй. Түүхэн үүднээсээ бол Египет, Турк, бусад хэд хэдэн улс бүс нутагтаа томд тооцогдох армитай байж ирсэн, одоо ч тийм байгаа.
Сирид Асадын дэглэм хуучин зөвлөлтийн, дараа нь оросын дэмжлэг дээр тогтож байсан, гэхдээ тийм том армитай байгаагүй, байсан арми нь сирийн иргэний дайнд суларсан, өнөөгийн Сирийн Засгийн газар хүчирхэг зэвсэгт хүчингүй байна. Тэгвэл Египет мөн л Зөвлөлтийн дэмжлэгт түшиглэн дахин зэвсэглэсэн, тэгснээ Израильтай энх тайвны гэрээ байгуулсныхаа дараа америкийн хангалт руу шилжсэн. Саяхан Египетийн цэрэг Синайн хойгт цэргийн хээрийн сургууль хийснээрээ бол өсөн нэмэгдэж бэхжиж буй израилийн армийн хүч чадлаас цэрвэж байгаа нь илт байна. Саудын Араб гэж батлан хамгаалах салбартаа томхон хөрөнгө хийдэг бас нэг том айл байна. Бүр 1980-аад оноос Израиль нь Саудын Арабт эмзэглэх болсон. Учир нь америкийн систем олныг худалдан авч армиа зэвсэглэсэн учраас.
Тэгэхдээ тэгтлээ айхгүй байх давуу зүйл байна. Тэр нь америкийн дэмжлэгийн үндсэн гол элемент болох Израилийг цэрэг-зэвсгийн талаар илт давуу байлгах концепц (Qualitative Military Edge буюу товчилбол QME) юм. Аливаа дайсныхаа эсрэг бүс нутагтаа Израиль сөрөн зогсох чадвартай байх ёстой гэсэн цэргийн номлол шүү дээ.
Төлөвшсөн, мэргэжлийн, уламжлалт армитай байдаг ийм эрин үед ийм концепц амин чухал ач холбогдолтой. Өнөөдөр ийм уламжлалт армитай бүс нутгийн ихэнхи улс гүрэн сулхандуу байна. Тухайлбал зөвлөлтийн загварын маш хүчирхэг армитай байсан Саддамын дэглэм 1991 оны дайнд бут цохиулсан, Ираны агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем, ерөөсөө зэвсэгт хүчин нь израиль-америкийн хоёр удаагийн угсраа цохилтоор бүхэлдээ суларсан.
Саяхныг хүртэл Турк нь Израилийг аюул занал гэж үздэггүй байлаа. НАТО-гийн гишүүн Турк нь Өрнөдийн холбоотны тогтолцоонд багтдаг, F-35 хөтөлбөрт оролцдог, бас оросын зенитийн С-400 комплекстой болоод авсан. Тэгэхдээ Анкара нь АНУ, НАТО, Европын ойрын түнш статусаа хадгалсаар байна. Израильтай дүйцэхүйцээр үндэсний батлан хамгаах хөгжингүй аж үйлдвэртэй бүс нутгийн цөөхөн улсын нэг нь Турк бөгөөд батлан хамгаалах зардлаа нэмсээр байна.
10 дугаар сарын 7-ны сургамж
Израилийн агаарын цэргийн хүчнийг ийнхүү бэхжүүлж, зэвсэгт хүчнээ эрчтэйгээр өргөжүүлж байгаа нь бүхэлдээ 10 дугаар сарын 7-ны тэр хядлагын шууд үр дагавар юм. Энэ өдрийг хүртэл Израилийн цэргийн номлол нь харьцангуй нягтрашсан явган цэрэгтээ өндөр технологи, хиймэл оюуны хөрөнгө оруулалт хийх рүү чиглэгдэж байсан. Террорист бүлгүүдтэй орон нутгийн жижиг мөргөлдөөн хийх тооцоон дээр тусгай операц явуулах хүчнээ шуурхай ажиллуулахад голлож байв. Гэтэл 10 дугаар сарын 7-ны халдлага энэ номлолыг өөрчлүүлэв. Олон фронтод сунжирсан дайн явуулахтай Израиль нүүр тулав. Дор хаяж 5 дивиз, нисэх хүчний бүрэн ажиллагаа нэгэн зэрэг шаардагдав. Өмнө нь Израильд цохилтын Apache нисдэг тэрэг олноороо ашиглагдаж байсан бол одоо нэмэлт зэвсэглэл хэрэгтэй болж байна.
2005-2025 онд Израиль нь тээврийн хүнд нисдэг тэрэг худалдан авахыг зайлшгүй гэж үзэж байсан бол одоо армиа дахин зэвсэглэх хүрээнд шинэ CH-53K буюу агаарт цэнэглэгч нисэх онгоц авах контрактаа байгууллаа. Энэ 20 жилд израилийн арми нэг байрандаа эргэлдээд байсан юм биш. Танкаа орчин үеийн болгосон, агаарын довтолгооноос хамгаалах шинэ шинэ зэвсэг авсан, байлдааны шинэ хөлөг онгоц, орчин үеийн их бууны систем авсан. Бүхэлдээ арми нягтарших төгөлдөржих рүүгээ явсан боловч байлданы хүч чадлаа улам бэхжүүлэх тал дээр дутуудуулсан.
Ингээд 2016 онд эхний F-35 Израилийн зэвсэглэлд орж ирснээр 2018 онд анх удаа байлдаанд оролцуулсн. Эхэндээ ийм 50 онгоцтой болчих мэт төсөөлж байтал төлөвлөгөө нь гурван эскадриль–нийт 75 онгоц болж өргөжсөн. Одоо ийм онгоцны паркаа 100 нэгжид хүргэж байна. Израилийн БХЯ-ны Сайдын хороо (Сайдын зөвлөл) шинэ төлөвлөгөө гаргалаа. Дахин сөнөөгч онгоцны хоёр эскадриль нэмж буй болгоно. Тэр нь Lockheed Martin компаниас F-35 нэмж авах 4-р эскадриль, бас Boeing-оос F-15IA авч бүрдүүлэх 2-р эскадриль байх болно. Худалдаа хэдэн арван тэрбум шекелиэр яригдана, тэгснээрээ Израилийн агаарын цэргийн хүчин бүрэн интеграцчиглагдна, техникийн цогц хангалт хийгдэнэ, запас эд анги, ложистикийн дэмжлэг гэхчлэн–Израилийн БХЯ, 2026.05.03.
Хүч чадал ба түүний хязгаар
Хезболла, Иран, хуситуудад алсын зайн цохилт өгөхөд Израиль нь нисэх хүчнээ сүүлийн жилүүдэд эрчимтэй ашиглаж байна. Тэдний эсрэг операц явуулах гол зэвсэг нь нисэх хүчин. Америкийн Төв команлалтай харилцан ажилласнаар бүс нутагтаа шинэ түвшинд хүрлээ. Ийм хамтын ажиллагааны фундамент нь бүр 1960-аад онд Израиль агаарт давамгайлах суурийг тавьсан агаарын цэргийн хамтарсан дадлага сургуулиуд юм. Сирид Иран бэхжиж амжихаас өмнө түүнээс сэргийлэхийн тулд “Дайн хоорондын дайн”-ы кампанийн үед Израиль ийм тактик хэрэглэсэн. Гэхдээ өндөр цэцтэй зэвсэгт бас цаад хязгаар гэж бий. Олон фронтын дайн ч үүнийг нотлож байна. Нисэх хүчин гэдэг бол дайсныг мэдэгдэм сулруурна, харин дуустал нь бут цохиж чадахгүй. Тийм учраас Израиль цаашдаа ямар шинэ чиг шугам баримтлах вэ гэвэл бүс нутагтаа юуны өмнө, цаашлаад глобал цар дээр агаарт ноёлох хэрэгтэй, мэдээж цэргийн хүч чадал бас хязгаартай гэжээ.
Орчуулсан Д.Баярхүү
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл0