sonin.mn

9-р сарын 2-ны үдээс хойш орон нутгийн цагаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний эхнэр Пэн Лиюань нар Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси болон түүний гэргий Энтиссар Амер нарын хамт Египетийн Үндэсний Музейд зочиллоо.


Ши Жиньпин, Пэн Лиюань нарыг музейд хүрэлцэн ирэхэд Абдель Фаттах Ас-Сиси болон түүний гэргий халуун дотноор угтан авав. Хоёр улсын төрийн тэргүүн болон гэргий нар үзэсгэлэнгийн танхимд хамтдаа орж, Рамзес II-ын хөшөөний өмнө зураг авахуулан, музей болон эртний Египетийн түүхийн талаар танилцуулга сонслоо. Тэд урсдаг шатаар өгсөж, сүрлэг сайхан чулуун сийлбэр, хөшөө дурсгал, бичээстэй чулуун багана, сүмийн оройн хэсгүүдийг сонирхон үзэж, ажиглалтын тавцангаас пирамидын цогцолборыг алсаас тольдон харлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн Тутанхамоны үзэсгэлэнгийн танхимд орж, фараоны сэнтий, алтан баг, хааны тэрэг зэрэг музейн үнэт үзмэрүүдийг үзэв.


Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Египет хоёр эртний соёл иргэншилтэй, дэлхийн өвөөр баялаг орнууд болно. Хоёр улсын эртний соёл иргэншил цаг хугацаа, орон зайг туулан харилцан тэмүүлж, бие биеэ баяжуулан, хоёр орны ард түмний үе үеийн найрамдлын шинэ хуудсыг тасралтгүй бичиж ирсэн юм. Хоёр тал эрх тэгш байдал, харилцан суралцах, яриа хэлэлцээ, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсэн соёл иргэншлийн үзлийг түгээн дэлгэрүүлж, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэн, өөр өөр соёл иргэншил хүртээмжтэйгээр зэрэгцэн оршиж, харилцан солилцож, суралцахыг хамтдаа дэмжих хэрэгтэй. Ингэснээр хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад соёл иргэншлийн хүчийг нэгтгэх юм гэв.


Ши Жиньпин өнгөрсөн жил Египетийн Үндэсний Музейг нээх үеэр баяр хүргэн захидал илгээсэнд Абдель Фаттах Ас-Сиси Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Тэрээр эртний Египетийн соёл иргэншил болон Хятадын соёл иргэншилд нийтлэг байдаг “олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, багтаамжтай нээлттэй байх, олон талт байдлаар зэрэгцэн орших” онцлог нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Дэлхийн соёл иргэншлийн санаачилгын үзэл баримтлалтай өндөр түвшинд нийцэж байгааг онцоллоо. Египетийн тал Хятадын талтай хүмүүнлэгийн харилцаа, солилцоог нягт хөгжүүлж, соёл иргэншлүүдийн харилцан суралцахыг дэмжин, дэлхий ертөнцийг илүү эв найрамдалтай, хүртээмжтэй болгоход хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.