Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) нэгдсэн хуралдаан аравдугаар сарын 19-нд Арменийн нийслэл Ереван хотноо боллоо.
“Байгаль дэлхийн төлөө үйл ажиллагаа явуулъя” уриан дор зохион байгуулагдаж буй тус бага хурал аравдугаар сарын 19-30-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Энэ удаагийн бага хурлын гол зорилго нь “Күньмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын хүрээ” баримт бичгийн хэрэгжилтэд олон улсын түвшинд анх удаа хамтарсан үнэлгээ хийж, 2030 он хүртэл дэвшүүлсэн зорилтуудын биелэлтийг эрчимжүүлэхэд оршиж байна.
Бага хурлын даргын үүргийг албан ёсоор хүлээн авсан Арменийн Байгаль орчны сайд Хамбарцум Матевосян улс орнууд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүлээсэн амлалтаа бодит ажил хэрэг болгох шаардлагатайг онцолжээ.
Тэрбээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, талуудын санал зөрөлдөөнийг арилган, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодит үр дүнд хүрэх нь энэ удаагийн хурлын тэргүүлэх зорилт болохыг тэмдэглэсэн байна.
Хамбарцум Матевосян “Ирэх хоёр долоо хоногийн хугацаанд бидний гол зорилт бол санал зөрөлдөөнийг арилгаж, харилцан ойлголцол, зөвшилцлийг бэхжүүлэх явдал юм. Бид бүх талын хүлээн зөвшөөрөхүйц, бодит үр дүнд хүрэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана” хэмээн мэдэгджээ.
COP17 бага хурлаар биологийн олон янз байдлын доройтлыг зогсоох, экосистемийг сэргээх, байгаль хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Г.Бямба
Лхагва - 10 сарын 21,
2026
Сэтгэгдэл0