Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хүндэт дипломат Дагвын Цахилгаан 2026 оны 10 дугаар сарын 16-нд таалал төгссөнд Гадаад харилцааны яамны удирдлага, хамт олон, ахмад дипломатууд гүнээ эмгэнэж байна.
Д.Цахилгаан 1941 оны 10 дугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Банзай хэмээх газар мэндэлсэн. Улмаар 1949-1959 онд Завхан, Говь-Алтай аймгийн бага, дунд сургуулийг бүрэн дунд боловсрол, 1959-1963 онд Монгол Улсын Их Сургуулийг Орос хэлсний багш мэргэжлээр, 1973-1975 онд Москвагийн Намын дээд сургуулийг улс төрийн дээд боловсролоор, 1979-1982 онд Москвагийн Нийгмийн ухааны академийг Түүхийн ухааны дэд докторын зэрэгтэйгээр тус тус төгссөн.
Д.Цахилгаан 1963-1968 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургуульд Орос хэлний багшаар ажлын гараагаа эхлэн 1968-1973 онд Говь-Алтай аймгийн Энх тайван, найрамдлын товчоо, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, 1975-1979 онд Монголын Энх тайван, найрамдлын холбооны Гүйцэтгэх хорооны зааварлагч, орлогч дарга, 1982-1986 онд МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч, 1986-1989 онд Монголын Энх тайван, найрамдлын холбооны Гүйцэтгэх хорооны дарга, 1986-1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутат, 1989-1990 онд Төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, 1990-1992 онд ГЯЯ-ны Соёлын хэлтсийн дарга, 1992-1994 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1994-2001 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2002-2004 онд Гадаад харилцааны сайдын зөвлөхөөр тус тус ажиллан Монгол Улсын дипломат албыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Д.Цахилгаан Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх, тэр дундаа Энх тайван, найрамдлын холбооны үйл ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд мэдлэг, туршлага, сэтгэлээ зориулан ажиллаж байсан ахмад дипломат байлаа.
Д.Цахилгааны хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Төрийн соёрхол хүртээж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цол, Монгол Улсын Хүндэт дипломат хэргэм хүртээн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнаж байв.
Талийгаачийн гэгээн дүр, чин шударга, зарчимч, эгэл даруу зан чанар нь тус яамны хамт олон, ахмадуудын сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО
Бямба - 10 сарын 17,
2026
Сэтгэгдэл0