sonin.mn

 Буриадын нэг салаа барга нар анх хятад сурвалжид “баегу”, “баяригу” (Bayegu, Bayirqu, хятадаар 拔也古 , орхон түрэг руин бичгээр bajarqu) нэрээр VI зуунд тэмдэглэгджээ. Тэд тэр үед Байгал нуур орчимд амьдарч байсан. Хори буриадууд буриад ястны дотор томоохон байр суурь эзэлдэг бүлэг бөгөөд түмэдүүд мөн хори түмэд нэрээр Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн байдаг учир түмэд, буриадыг гарал нэгтэй байж магадгүй гэж үздэг. Даян хаан Ойрдыг цохисны дараа үр ач нар нь зургаан түмэн Монголыг захирах болов. Баруун гурван түмэн нь Ордос, Түмэд, Юншөөбү, Зүүн гурван түмэн нь Цахар, Халх, Урианхай болой. Баруун гурван түмэний нэг болох Юншөөбү түмэн тэр үед Даян хааны хүү Барсболдын захиргаанд байжээ. Хожим нь Түмэдийн Алтан хан нийт баруун түмнийг ганцаар захирах үед Еншөөбу нар арагш нүүн Хангайн нуруунд нутаглав. Тэдний зарим нь улам хойшилсоор өнөөгийн Байгал нуурын зүүн талаар нутагласан нь Хори түмэн гэгддэг. Юншээбү түмэн нь Юань улсын үед үүссэн овог бөгөөд Батмөнх Даян хааны үеийн зургаан түмний нэг нь юм. Юншээбү түмэн нь Харчин, Асуд, Юншээбү гэсэн гурван аймгаас бүрдэж байв. Юншээбү нарын удам өнөө үед Өвөр Монгол болон Монгол улс, ОХУ-ын Буриад нарын дотор өргөн тархсан


Баргужин Төхөм нутагт баргут, хори омгийнхон тэдэнтэй ойролцоо түмэт, булгачид, хэрэмчин, ойн урианхай амьдардаг гэж Рашид ад-Дин тэмдэглэжээ. Тэрбээр энэ омгийн хүмүүс “монголчуудтай адилхан”, ойн иргэд гээд “монголчуудын дунд ийм нэртэй омог отог олон” гэж тодорхойлжээ. XII-XIII зууны Баргужин Төхөмийн ойн иргэдийн зарим омог отгийн нэр нь XVII болон түүнээс хойш мэдэгдэж буй буриад овог отгийн нэртэй ижил байна. Рашид ад-Дин болон Монголын нууц товчоо-д баргут, хори буюу хори-түмэд, эхирис, булгачид гэх овог отгийн тухай дурджээ.


XVII зуунд Байгал нуурын орчимд ирж нутагшсан орос хүмүүс уг газрыг “Земля братов” гэж нэрлэн эхирит, булгад, хори овгийнхныг ялгаж нэрлэдэг байж. Оросын козакуудын бичсэнээр Байгалын чанад, Сэлэнгэ, Онон, Ингод, Хилка, Шилка голын хөндийд олон буриад хүн “мунгал хүмүүстэй хамт” амьдардаг байжээ. Энэ нь нэг талаасаа Байгал нуурын баруун биеэс гаралтай, Сэлэнгэ мөрний эх, Кударины талаар нутагладаг, буриадууд, нөгөө талаасаа хори, зарим монгол омгуудыг хэлжээ. Буриад нь дотроо сонгоол, ага, хори аялгатан гэж хуваагдана. Шинэхээн буриад нь хори буриадаас гаралтай бөгөөд Өвөрмонголын Хөлөнбуйрт Оросын хавчлагаас зайлсхийхийн тулд ХХ зууны эхээр нүүн очжээ.


Буриад гэдэг ойлголт нь цэвэр нэг үндэстэн ястан гэхээсээ илүүтэй улс төр-газарзүйн, геополитикийн бүтээгдэхүүн юм. Хаант Оросын зүүн зүгт хийсэн түрэмгийллийн явцад Байгал нуур орчмын хори, түмэд, барга, тавнан, сонгоол, булгад зэрэг монгол отог аймгуудыг нэгтгэн захирч, өөрсдөд нь дагаар орсон монголчуудыг орос хэлний "брат" гэх үгээр дуудах бөгөөд үүнийг уугуул иргэд зөөлрүүлэн дуудсанаар аяндаа "буриад", “бурятия” хэмээх нэршил үүссэн гэх.


Оросын хаант улсын түрэмгийлэгчид XVII зууны эхээр Байгал нуур орчимд ирэхдээ нутгийн нүүдэлчдийг "братские люди" гэж нэрлэж байсан нь үнэн. Оросуудтай анх тулсан монгол отог овгийн бүртгэл дотор буриад гэсэн нэр нэг ч байгаагүй, хамгийн дөхүү гэж хэлж болох нь булгад (булга гэдгийн олон тоо) байлаа. 1609 онд Томскийн острогийн захиргаанд тэдний урьд нь дуулж байгаагүй “брат” гэх газар нутгийн тухай мэдээ иржээ. Тэд тэр үед Байгал нуурын тухай огт сонсоо ч үгүй, ер мэддэггүй байсан. Тэндээс “Братская земля” гэсэн нэршил бий болсон. Үүнтэй төстэйгээр жишээ нь Петр Бекетов 1632 онд Якутскийн острог барихаас хамаагүй өмнө тухайн бүс нутгийг ерөнхий утгаар нь сургаар болон захын мэдээллээр "Якутская земля" гэж нэрлэдэг байв. Эвенк, тунгусуудыг "Тунгусская земля" (Тунгус газар), чукотчуудыг "Чукотская земля" гэх мэт. Энэ нь орос хэлний брат буюу “ах дүү” гэсэн үгтэй дуудлага төстэй байсан тул Оросын Эзэн хааныг зөвшөөрч дагаар орсныг нь “брат” буюу “буриад”, ороогүйг нь “мугал” гэж нэрлэн урагш шахан хөөж явсныгаа тэд тэмдэглэн үлдээсэн байдаг. Байгал орчим дахь өнөөгийн Братск хотын нэр ч угтаа “буриад”, “брат” хоёрын хольц. Үүнээс хойш Оросын мэдэлд орсон монголчуудын олон отог овгийнхон биендээ улам илүү дөт болон нягтарсаар хэдэн зууныг дамжин аяндаа буриад гэсэн нийтлэг ойлголт, угсаатны ижилсэл үүсчээ.


Үгийн гарал үүслийн талаар эрдэмтэд голчлон түрэг гаралтай нэршил гэсэн маш үндэслэлтэй таамаг дэвшүүлдэг. Тухайн үед Байгал орчимд түрэг язгуурын хэлтэй хакас, алтай, саян, якут аймгууд нөлөөтэй байсан. Тэд нутгийн буриад аймгуудыг "пурат", "пырат" гэх мэтээр нэрлэдэг байсан нь түрэг хэлний “бури” буюу чоно гэсэн үгнээс гаралтай аж. Харин орос хэлтнүүд үүнийг өөрсдийн хэлний "брат" (ах дүү) хэмээх үгтэй дуудлага нь ойролцоо тул "брат-ские" гэж буулгасан байх өндөр магадлалтай. Хэл зүйн хувиралын хувьд оросууд "пурат" гэдэг нэрийг сонсохдоо өөрсдийн хэлний язгуураар "брат" гэж ойлгох нь сэтгэл зүйн хувьд хялбар байсан. Тиймээс "брат" гэсэн нэршил нь “ах дүүс” гэсэн дотночилсон утга биш, нэршлийг өөрийн хэлэнд хөрвүүлэн засах (folk etymology) гэсэн түгээмэл үзэгдэл юм.


Оросууд Сибирьт нэвтрэхдээ нутгийн ард түмнийг нэрлэхдээ ихэвчлэн ерөнхий нэр томьёо ашигладаг байв. Инородцы: Энэ бол Оросын хаант улсын үед Сибирийн бүх уугуул иргэд болон умард туйлынхныг (якут, тунгус, буриад, татар, самоедец, нэнэц, чукот гэх мэт) нийтэд нь нэрлэдэг албан ёсны, гэхдээ доромжлолын өнгө аястай нэршил. Шууд утгаараа "өөр угсаатан", "харийнхан" гэсэн утгатай. Оросууд эвэнкийг анх "тунгус" гэж нэрлэсэн бөгөөд энэ нь тэдний өөрсдийнх нь нэр бус, харин якутуудын тэднийг нэрлэдэг байсан "тонгус" (түрэгээр "гахай") гэсэн нэрийг оросууд шууд авч хэрэглэсэн түүхтэй. Якутуудыг оросууд "якут" гэж нэрлэсэн нь эвэнкүүдийн тэднийг дууддаг "ёко" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Якутууд өөрсдийгөө "саха" гэж нэрлэдэг ч оросууд эвэнкүүдээс сонссон нэрээр нь л "якут" хэмээн түүхэнд бичиж үлдээжээ. "Самоед" (Samoyed) гэдэг нэршил нь уугуул иргэдийн өөрсдийнх нь нэр биш, харин оросуудын тэдэнд өгсөн нэр юм. Орос хэлэнд "самоед" гэдэг үг нь "само" (өөрөө) + "ед" (идэх) буюу "өөрийгөө идэгч" (cannibal) гэсэн утгатай мэт сонсогддог тул хүмүүс ихэвчлэн тэднийг "хүний мах иддэг байсан учраас ийн нэрлэсэн" гэж андуурдаг. Энэ бол маш том ташаа ойлголт юм. Эрдэмтэдийн судалгаагаар энэ нь нэнец (nenets) болон бусад урал хэлтний "саам" эсвэл "сома" гэсэн, тухайн бүс нутагт амьдардаг язгуур аймгийн нэртэй холбоотой гэж үздэг. Оросууд энэ нэрийг сонсоод өөрсдийн хэлний "самоед" гэдэг үгтэй авиа зүйн хувьд төстэй байсан тул ийнхүү хэвшүүлжээ. Тухайн ард түмэн өөрсдийгөө "самоед" гэж хэзээ ч нэрлэдэггүй. Тэд өөрсдийгөө "ненец" (хүн), "энэц" эсвэл "нганасан" гэх мэт өөрсдийнхөө хэлний онцлогт тохирсон нэрээр дууддаг. Энэхүү түүхэн баримт нь тухайн үеийн Оросын эзэнт гүрний колоничлолын нүдээр нутгийн иргэдийг хэрхэн харж, нэрлэж байсныг маш тод харуулдаг юм.


Хожмоо 1689 оны Нэрчүүгийн гэрээ, 1727 оны Буурын (Хиагтын) гэрээгээр Хаант Орос болон Манж Чин улс Бээжинд Монголын газар нутгийг дур мэдэн хувааж хил тогтоосноор энэхүү газарзүйн тусгаарлалт нь хэдэн зууныг дамжин "Буриад" гэсэн угсаатны шинэ ижилсэл, нийтлэг ойлголтыг бий болгожээ. Хаант Оросын козак цэргүүд Сибирийн гүн рүү цөмрөн орохдоо уугуул иргэдийг хүчирхийлэн, хүчээр ясак (ангийн үслэг арьсны татвар) хураах, татвар өгөхөөс татгалзвал алж талах, эхнэр хүүхдийг нь олзлон боол болгож худалдах зэрэг харгислал явуулж байв. Анх ирсэн, нүүрэндээ үстэй, ногоон нүдтэй козакуудын гадаад төрх болон тэдний үзүүлж буй дээрэм тонуул, аллага нь буриадуудын ухамсарт үлгэр туульст гардаг аймшигт амьтан буюу "мангас" мэт буужээ. Мангас гэсэн үгийн олон тоо болох “мангад” гэсэн нэршлийг одоо ч буриадууд хэрэглэдэг. Анх Байгал орчимд ирсэн дээрэмчин орос козакууд монгол гэж огт мэдэхгүй учир мөн л сонсголоороо дөхүүлэн “мугал” гэж нэрлэх болсон байна. Монголчуудын захиргаанд бараг дөрвөн зуун жил болсон түүхтэй орос хүмүүс гэхэд бичиг үсэг түүх соёлоо ч гадарладаггүй дээрэмчин мангад нар болохоор бас аргаггүй юм. Тэд галт зэвсэгтэй ирсэн учир илүү давамгайлж байсан.


Буриад нарын түүх, гарваль үүсэл, хэл зүй, угсаатан судлалыг оросууд эзэлснээсээ бүр хойно XVIII зууны дундаас сонирхох болжээ. Тэдэн дунд эрдэмтэд ч байсан, сонирхогчид ч байсан, худалчууд ч байсан. Нутгийн хүмүүсээс овог удмыг нь асууж бүртгэж байсан нэлээд баримт хадгалагдсан. Аль эртнээс Байгал орчимд нутаглаж байсан булгад, эхирид, хори овгийнхноос гадна сартуул, табангууд, шарадай, сонгоол, урианхай, бодонгууд гэх мэт монголчуудын дунд элбэг байсан овгийн нэрс, цаашилбал өөрснөө зохиосон боловуу гэх икинад, галзууд, обогон, хадалай шошлоок, ашбагад, шуртос, хурамшаа, хөбдүүд гэх мэт овгууд “олджээ”. Ямар нэг “овог” гэх нэр зохиож хэлэхгүй бол “мугал” гэгдэн төрж өссөн нутгаасаа хөөгдөх аюултай байж.


Оросын дарлал дээрэм тэсэхийн аргагүй болсон тул зуун жилийн турш маш олон буриад, эвэнк нар Монгол, Хятад руу дүрэвсэн юм. Өнөөдөр Манжуурт нутаглаж буй эвэнк, барга, буриад нарын ихэнх нь олон жилийн өмнө Зүүн Сибириэс дүрвэж ирсэн угсаатнууд. Элдэв хавчлага, хардлага, гадуурхалаас болж Сибирийн угсаатнууд өөрийн жинхэнэ овог, гарвалыг худал мэдүүлсэн явдал тун элбэг. Сүүлдээ үүнийг өөрснөө ч сонирхохоо больсон.


Эвэнкийг буриад нар “хамниган” гэж нэрлэнэ. 25 мянган эвэнкүүдийн олонх нь буриадуудад ууссан. 1897 оны тооллогоор бараг таван мянган эвэнк нар буриадаар эх хэл шигээ ярьдаг ба өөр ямар ч хэл мэдэхгүй аж. Гэвч маш бүдүүлэг, нийгэм эдийн засгийн ямар ч зохион байгуулалтгүйгээрээ буриад нараас эрс ялгарч байв. Ан хийх, загас барих, зарим нь цаа буга маллах нь тэдний амьжиргааны гол эх үүсвэр. Тэд бараг бүгдээрээ бөө мөргөлтэй (шаман гэдэг нь эвэнк үг), цөөн зарим нь буддын шашинтай болсон байдаг. Ангар мөрөн, Байгал нуур орчмын эвэнкүүд тэнд оросын козакууд ирэхээс өмнө буриад нарт татвар төлдөг байжээ. Профессор Поппе тэмдэглэхдээ:


Буриад, эвэнк нар хоорондоо маш их дайсагналцах юм. Энэ нь ч бас аргаггүй, учир нь оросуудыг анх энд ирэхэд нь эвэнкүүд тэдэнд зүтгэж, газарчин нь болж, буриадуудтай тэмцэхэд нь тэдний хамгийн итгэлт холбоотон болж байсан аж. Монголтой хиллэдэг Сэлэнгэ хавьд нутагласан эвэнк нар бараг тэр чигээрээ козак болсон.


 XIX зууны дунд үе гэхэд нэг талаас “буриад” гэх угсаатан тогтворжин бүрэлдэж, энэ нэр ч хуучны хори-түмэд, эхрит, булгад нарын дундын нийтлэг нэршил хаяг болсон, нөгөө талаар Байгал нуурын зүүгээр үе дамжин нутаглаж байсан барга нар Оросын хавчлагаас зугтан дүрвэж Манжуурын Хөлөн Буйрын бэлчирт өөрийн гэх хаяг нэртэй тусдаа “үндэстэн” болжээ. Буриад нэрээ хадгалсан Манжуур дахь дүрвэгсэд ч Хятадын 53 үндэстний нэгд тусдаа бие даан бүртгэгдсэн байдаг.


Орос улсын дотор байгаа буриад нар ч хоорондоо холбоо муутай хэд хэдэн “буриадууд” болон салбарлаж байна. Эрхүүгийн буриадын “оросжуу” ба Зайбайкалийн буриадын “монголжуу” байдал улам бүр ондоошсоор. Эрхүүгийн буриадуудын нийтлэг соёл нь модон гэр, орос маягийн байшинтай, сэлгэх нутаг нь хязгаартай тул ойр зуурхан нүүдэг. Таван хошуу мал дотроос тэмээ байхгүй, ер нь газар тариалан зонхилон эрхэлдэг. Ихэнх нь Үнэн алдартны шашинтай, гол төлөв оросоор ярьдаг. Монгол улстай буюу халхуудтай харилцаа багатай.


Тэгвэл Забайкалийн буриадууд эсгий гэртэй, сэлгэх нутаг арвинтай, нэлээд холхон билчээр хөөн олон нүүдэг. Таван хошуу малтай, тэр дундаа эдэлгээний тэмээтэй, тариалан эрхэлдэггүй. Төвдийн буддын шарын шашинтай, буриад хэлээрээ ярьдаг, ихэнхдээ төвдийн анхдагч соёл боловсрол, мэдэгдэхүүнтэй. Хөрш халхуудтай дотно харилцаатай. Буддистууд давамгайлсан Ага Буриадад 1908 онд хийсэн судалгаагаар 38 мянга 784 шарын шашинтан, 296 Үнэн алдартан, 25 бумбын шашинтай, 3 лал, 6 иудай. Буддын сүм хийдүүдэд нь нэг мянга 400 лам шавилан суудаг аж.


Буриад козакууд эднээс тусдаа тусгай нэг бүлэг болжээ. 1897 оны тооллогоор Забайкаль орчимд нийт буриадуудын 15 орчим хувь нь козак цэрэг болчихсон байж. Тэд Орос -Монголын хилийг манаж, ноогдол арчилж амьдрана. Хэдийнээ 26 мянга 728 гэж тоологдсон тэдний ихэнх нь хилийн торгон цэг болох Сэленгиск, Троицкосавск хотуудад бөөгнөрчээ. 1727 онд хил тогтооход буриадууд ийм маягийн албыг анх хааж эхэлсэн. 1760 буриад харуулууд хороо болон өргөжиж, тэргүүн атаманаа сонгодог болов. Козакууд тусгай үүрэг гүйцэтгэж, ихэнхдээ нэгдмэл маягаар аж төрж байсан учир аяндаа үндэсний чанараа гээж, бусад буриадуудаас хөндийрсөн. Олонх нь Үнэн алдарт шашинтай болсон. Боловсрол, хэл, сонирхлын хувьд оросуудтай ойр холбоотой. Буриадын хамгийн алдартай козак атаман Григорий Семёнов Нармай Монголын хөдөлгөөн үүсгэн санаачилсэн боловч тэргүүлэх сэхээтнүүдийн дэмжлэг аваагүй. Иргэний дайны үед тэд Забайкалийн Козак нам байгуулан хэд хэдэн сонгуульд тусдаа орсон байдаг.


 Баабар