Хятадын улс төрийн нэрт зүтгэлтэн Сун Ятсен-ий хөрөгтөй монгол маркийг 1993 онд Тайванд болсон TAIPEX"93 Олон улсын маркийн үзэсгэлэнд зориулан гаргажээ. 2 дурсгалын хуудас марк хэвлэгдсний нэгэн дээр нь Сун Ятсен-ий, нөгөө дээр Эзэн Чингэс Хааны хөргийг тус тус зурсан байна. Энэ нь тодорхой хүрээнд, тухайлбал марк цуглуулагчид, улс төр сонирхогчид, үндэсний үзэлтнүүдийн дунд шүүмжлэл дэгдээсэн билээ.
Сун Ятсен манай Эзэн Чингэс Хаантай эн тэнцүү юу? Энэ марк тэгж “хэлж” байна. Магадгүй, тэд тэгж бодож болох юм. Харин бид тэгж өөрсдийгөө доош нь хийж болохгүй! Маркийн нэг гол үүрэг бол улс төр шүү! Дэлхийн аль ч орны марк “улс төржсөн” байдаг юм.
Үүнийг бататгах мэт тухайн үеийн Тайваны олон нийт манай тухай юу гэж бодож байсныг Монгол-Тайваны харилцааны талаар мэрэгшсэн, геополитик судлаач, УИХ-ын гишүүн агсан Мигэддоржийн Батчимэг бээр “Шатрын өрөг дэх Монгол” (Олон улсын улс төр). Улаанбаатар. 2015) номын 121-р хуудсанд “Тайваниуд Монголын тухай юу боддог вэ?” гэдэг бөлөгт ингэж бичиж байсан байх юм.
…2 ...”Гадаад Монголыг” “Дундат Иргэн Улсын салшгүй хэсэг” хэмээн үзсэн хэвээр байх;
…3. Монголын түүх, соёлыг өөрийн байр сууринаас судлах, сурталчлах ажлыг өрнүүлэн нэгдмэл хятад үндэстний түүх, соёлын салшгүй хэсэг мөн болохыг ард түмэн залуу үедээ ягштал ойлгуулах;
…Монгол Төвдийн Хорооноос зохион байгуулж тэмдэглэдэг “Чингэсийн тахилгын ёслол”...нээлтэд Тайваны Засгийн газрын Ерөнхий сайд...дарга нар бүгд оролцож“Хятад үндэстний их баатар Чингэс хаанаа санан дурсаж”, хятад-монгол үндэстнүүд салж хагацашгүй цусан холбоотойг сануулдаг…”баярт оролцсоны” хөлсөнд ахиухан хэдэн доллар өгдөгөөс... манай … урлаг спортын алдартнууд...Тайбэйд очиж арга хэмжээнд оролцдог…
…Соёлын салбарт: Монгол Төвдийн асуудлаар...шаардагдах хөрөнгөөр ивээн тэтгэх, ...Ер нь Тайваниуд дээд, доод аль ч төвшиндөө монголын талаар дулимаг ойлголттой… (122-р хуудас) гэх зэргээр бичсан байна. Ийм л байж!
Тайлбар: Одоо Тайван (Тайпэй) гэдэг энэ улс манай Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэдэг энэ бодлогоосоо татгалзан “Монгол-Төвдийн Хороо”-гоо 2017.09.15-нд татан буулгасан байна.
Сун Ятсин гэж хэн бэ? Энэ хүн бол Их Хятадын үндэсний үзэлтэн, бидний Монголыг хятадын нэг л хэсэг гэж үздэг улс төрч байсан. Манж гүрэн нуран унахад түүний буурин дээр 1912 онд Дундат Иргэн Улс нэртэй шинэ Хятад улс бий болж Сүн Ятсен анхных нь ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Улсын далбаа нь Бүгд Найрамдах засаглалыг бэлэгдсэн таван өнгөтөй. Энэ таван өнгө нь шинэ хятад гүрний албат ардууд болох хятад, монгол, манж, төвөд, уйгур үндэстнүүд бүгд найрамдалтайгаар нэгдэн нэгэн их гэр бүлд амьдрах ёстой гэсэн үзлийг бэлэгдсэн юм байна.
Сун Ятсин бээр, 1636 онд Манж Гүрнээс Монголыг удирдах зорилгоор байгуулсан “Монгол Журган” хэмээх яамны эрхтэй байгууллагыг 1912 онд “Монгол-Төвдийн Хэрэг эрхлэх Хороо” гэж нэрийг өөрчлөөд статус, функцийг хэвээр нь үлдээв. Энэ шинэ улсын удирдагчид Манжийн бодлогыг үргэлжлүүлэхийг хүсэж түүнийгээ хэрэгжүүлэхээр тусгаар тогтнолоо дөнгөж зарлан тунхаглаж Богд Хаант Монгол Улсаа байгуулаад байсан монголчуудыг айлган сүрдүүлэх замаар буцааж өөртөө нэгтгэх оролдлогыг түүний залгамжлагч генерал Юань Шикай хийж Их Хүрээ рүү цэрэг илгээхээр заналхийлж байжээ. Үүний оюун санааны эцэг нь Сун Ятсин юм. Гэтэл Монгол улс энэ хүнд зориулаад марк гаргаж байдаг! Дэлхий юу гэж ойлгох юм бол? Юутай харамсалтай! Марк бол “улс төр хийдэг” гэдгийг давтан хэлье!
Нэг талд ийм бусармаг явдал болж байхад нөгөө талд ийм эерэг сайхан явдал болж байж! 1990-ээд оны эхээр тусгаар тогтносон, бүрэн эрхэт Монгол Улсын нутаг дэвсгэрийг БНХАУ-ын нутагт нэгтгэн дүрслэсэн глобус гадаадын зарим орны дэлгүүрүүдэд зарагдаж байсантай эх оронч үзэлтэй монголчууд таарч улмаар хэл ам гаргажээ. Тэр глобусыг Тайванд үйлдвэрлэсэн байна. Нөгөө гайхал Сун Ятсиний хорт үзэл санаа глобус болоод “амилчихсан” дэлхийн өөр өнцөг буланд явж байгаа нь энэ!
Манайхан үүнд эгдүүцэн зэвүүцэж тухайн орнуудад суух Монголын ЭСЯ-аар дамжуулан хөөцөлдсөөр тэр глобусыг худалдаанаас татуулж дөнгөжээ. Энэ тухай Баабар “Нүүдэл, суудал” номондоо бичсэн байдаг. Глобусыг эргүүлэн татуулахад М.Батчимэг агсан их үүрэг гүйцэтгэсэн байх аа. Тэр маш даруухан бүсгүй байсан болохоор дуугараагүй л болов уу.
Монголын төр засаг, тухайлбал Гадаад Харилцааны яам, нэг талдаа улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан ийм үйл ажиллагаа явуулж байхад нөгөө талд нь Дэд бүтцийн яамны “Монгол Марк” Компани дур зоргоороо авирлаж улс орны тусгаар тогтнолд сөрөг үр дагавартай марк гаргаад сууж байдаг!
Мөнгө л олж байвал болох нь тэр, Тэр муу хумсын чинээ, томроод л алгын чинээ эрээн цаасан дээр юу ч байсан яадаг юм гэдэг бүдүүлэг ойлголт тэр үед газар авч бүр тэрийгээ сонин хэвлэлээр ил тод хэлж байлаа... Глобус бол нэг хэрэг. Марктай харьцуулшгүй овортой, тоо толгой цөөхөн. эд, Түүнийг хөөцөлдүүлээд хураалгаж болдог юм байж. Харин хорвоо дэлхийгээр нэг тарчихсан маркийг тэгж хурааж авах ямар ч боломж байхгүй! Одоо ч 30 мянган ширхэг хэвлэгдсэн тэр маркууд “Монгол бол Хятадын нэг хэсэг” гэсэн утга санааг тээн хаа нэг газар “хорт утаа” суунагнуулан явж л байгаа. Марк бол хэмжээгээр өчүүхэн жижиг ч улс эх орныхоо нэрийг тээж явдаг, түүгээр нь тэр улс орны тухай зөв буруу ойлголт төрүүлж байдагт л хамаг учир оршино! Марк бол улс төр. Тухайн орныхоо түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэсэн гадаадын улс төрийн зүтгэлтнүүдийн дурсгалд зориулж марк гаргаж элэгсэг дотно хандаж байгаагаа харуулдаг тийм дипломат ёс байдаг. Харин эсрэг хандаж байсан улс төрчид зориулж марк гаргана гэдэг арай дэндсэн мунхаг явдал билээ. 1997 онд “Монгол Шуудан” компаниас миний хүсэлт, шууд оролцоотойгоор (албан бичгийн эхийг би боловсруулсан) энэ асуудлыг Гадаад Харилцаан Яаманд хандан албан ёсоор тавьсан юм. Гадаад бодлого төлөвлөлтийн Газрын дэд дарга Дашдоржийн Баярхүүгийн боловсруулж, Газрын дарга Н.Туяа гарын үсгээ мутарлан ирүүлсэн албан тоот бичиг нь, гадаад орны улс төрийн зүтгэлтнүүдийн хөргийг монгол марканд тусгайлан оруулах нь зохимжгүй гэсэн утгатай байсан нь миний байр суурь зөвийг нотолсон билээ.
Төр засаг байх ёстой газраа байх л ёстой шүү! Нео-либерал үзэл санааг дэлгэрүүлэгчид “төр, засгийн зохицуулалт” бараг хэрэггүй бүгдийг “Үл үзэгдэх гар” зохицуулж байх тухай Адам Смитийн онолыг ярьцгааж байдаг. Байх газраа энэ онол зөв л байх. Харин марк дээр бол өөр өө! Хамгийн либерал орон гэгддэг Америк ч шуудангийн маркаа төрийн тов тодорхой бодлогоор зохицуулж хянаж байдаг юм.
Ийм байх ёстой л доо. Өмнөх нийгэмийн үед манай улс маркийн талаар тухайн цагтаа тохирсон тодорхой бодлоготой байсан. Харин 1990 оноос хойш “Мөнгө,мөнгө бас дахин мөнгө! гэдэг бодлого явчихсан. “Энэ маркаар 30 орчим мянган долларын ашиг олсон гэж “Монгол марк” компанийн захирал Г.Раднаабазар шулуухан өгүүлсэн юм” гэж А.Баасандорж “Ардын Эрх” сонины 1995 оны нэгэн дугаарт бичсэн байна. Маркаар мөнгө олж болноо, тэгэх ч ёстой! Гэхдээ энэ дэлхийн ямар ч орон эх орныхоо түүх соёлыг өргөсөн, сайн талаас нь сурталчилсан марк гаргадаг юм шүү дээ. “Эх орны нэрийн хуудас” гэж өргөмжилдөг марк ийм байж болохгүй л дээ! Тэр нь одоо асуудалтай болжээ гэсэн дохиог энэ “ Сун Ятсин” марк чанга “дуу”-гаар хэллээ! Монгол маркийг монгол хүн байна гэж зүйрлэж бодвол монгол дээлэн дээр пиджак хөдөрч тэргүүндээ ковбой малгай духдуулж, жинсэн өмд углаж, нэг хөлөндөө монгол гутал нөгөө хөлөндөө ботинк жийсэн тийм хачин эрээвэр хураавар гаж хувцасласан үндэснийхээ хэв шинжийг алдсан гаж нэгэн “харагдаж” байлаа, надад. Зүй нь үндэснийхээ хувцсыг өв тэгш зохимжтой сайхнаар хувцасласан монгол хүн “байх” ёстойсон.
Тайлбар: Ийм дүр миний сэтгэлд бараг 30-40жил явж ирсэн. Өнөөдөр л бодит зураг болох учиртай байж. “Хиймэл оюун ухаан”-ыг зөв ашиглавал тун хэрэгтэй эд юм байна. Миний хүсэлтээр, дээрхи текстийг ашиглан ийм хүчтэй дүр бүтээж өгч байна.
Нэг үгээр, монгол маркийн сэдэв агуулга дийлэнхдээ монгол байх ёстой гэсэн үг. Шинэ цаг үед шинэ бодлого хэрэгтэй! Монгол маркаа “Монголжуулах” томоохон өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол болохоо байжээ. Марк бол улс төрийн нэг том “тоглогч” гээд миний үглээд байдгийн учир энэ.
Одоо тэгэхээр шүүмжлээд суух биш асуудлыг босгож ирэх, түүнийгээ тодорхой бодлогын баримт бичиг болгох хэрэгтэй ! Үүний тулд улс орнуудын маркийн бодлого, үйл ажиллагааг шинжиж түүн дээрээ үндэслэн “Монгол маркийн бодлогыг өөрчлөн шинэчлэх төсөл” бичих хэрэгтэй юм байна гэж бодох болов.
Өчнөөн жил марк гэж явлаа гэх мөртөө өдий хүртэл энэ талаар мэдэхгүй явсан юм уу гэж хэн нэгэн асууж магадгүй л юм. Би тиймээ гэж хариулна. Ганц би ч биш маркийн эргэн тойронд эргэлдэгчид салангид судалгаа хийцгээдэг боловч яг цогцолбороор нь судалгаа хийсэн хүн харамсалтай нь өдий хүртэл байхгүй болохоор зориглоод хиймээр санагдлаа. Би бээр марк хавийнхныг мэднэ л дээ. Бодоод, бодоод өөр надаас өөр хийчихмээр хүн алга.
Монгол марканд хамгийн удаан, тасралтгүй 20 гаруй жил ажилласан Раднаабазарыг энэ судалгааг хийх байх гээд хараад байсан байж магадгүй. Гэхдээ би бээр түүний бичгийн соёлын түвшинг мэддэг тул дэмий юманд найдаж байснаа нилээн оройтож мэдсэн хэрэг.
Эцсийн эцэст тэр хүнийг горьдолтгүй юм байна гээд олон ч жил бодож, их ч халгадаг байсан энэ сэдвээ 1996 оны намар л барьж авах учиртай байж. Бодлого өөрчлөнө гэж цээжний бангаар ярих, түүнийгээ тодорхой судлаж мэдээд ярих хоёрын хооронд алд дэлэм зай бий. Юуны өмнө “Марк гэж юу вэ?” гэдэг оновчтой тодорхойлолт гаргах ёстой юм байна. Энэ хүртэл монгол хэлээр гарсан тодорхойлолт нь тун “тодорхойгүй” явж ирсэн гэхээр сонин байгаа биз? Ингээд судалгааны ажлаа эхэллээ дээ.
Т.Отгонбаяр “Монгол маркийн далд түүхээс. 1924-2024“ номын хэсгээс
Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.10.18
Даваа - 10 сарын 19,
2026
Сэтгэгдэл0