sonin.mn

АН-ын дарга Лу.Гантөмөр АН-аас гарч, нам байгуулсан, АН-ын гишүүнчлэлээс хасагдсан буюу хөөгдсөн болон ер нь ардчилсан үзэл баримтлалтай лидерүүдийг нэг цул болон нягтарч, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохыг уриалж, үүнийгээ ч ажил хэрэг болгохоор ажиллаж буй билээ. Энэ хүрээнд Д.Амартүвшин нарын байгуулсан ч Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж чадаагүй Либертарии Нам АН-д дагаар орсон бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн асан Д.Энхбат мөн тус намд элсэж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх хэлэлцээ амжилттай болжээ.


Тэгвэл мөн л УИХ-ын 2020 оны сонгуульд ШИНЭ нам, ШИНЭ эвслийг байгуулан оролцож байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан АН-даа буцаж элсэх хувилбар яригдаж эхэлсэн байна.


Уг ШИНЭ намынхныг АН-д элсэж, жагсаалтын эхний 15-аас гурван квот авахыг санал болгосон ч тус намын удирдах зөвлөл хүлээн зөвшөөрөөгүй аж. Харин ардчилсан хүчнүүд нэгдэж байж л УИХ-ын сонгуульд амжилт үзүүлнэ гэх хатуу үзэл бодолтой Ж.Батзандан АН, ШИНЭ намыг нийлүүлж, нэгтгэхийн төлөө бүх хүчээ дайчилсан ч намынхныгаа дийлээгүй гэнэ.

Иймээс Ж.Батзанданд өөрөө л АН-ын гишүүнээр элсэж, яриад буй нэгдэл нягтралаа бодит ажил хэрэг болгох гарц үлдэж буй бололтой.


Э.Мягмар