sonin.mn
Ардчилсан намын Эргэлтийн сонгууль (ротаци)-д нэр дэвшигчдийг танилцуулах, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах арга хэмжээ өнөөдөр / 2019.03.07/ боллоо. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын их хурал хуралдаж, Үндсэн дүрмийнхээ хуучин заалтыг сэргээснээр ротацийн сонгууль гурав дахь жилдээ явагдаж байгаа нь энэ юм. Энэ жилийн хувьд ҮБХ-ны 410 гишүүнээс 112 нь эргэлтийн сонгуульд оролцож байгаа бөгөөд Хэнтий аймгаас бусад 73 тойрогт ротаци явагдаж байна. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд болон залуусын суудалд эргэлтийн сонгууль явагдаж байна. 
 
Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу ҮБХ-ны гишүүдийн гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Ротацийн сонгууль бол Ардчилсан нам ажлаа дүгнэж байгаа хэлбэр. Сонгуульт гишүүд намынхаа үйл ажиллагаанд тухайн жилд хэрхэн оролцсоноос хамаарч дөрвөн шатны байгууллагаас үнэлгээ өгч, дунд шат, тухайн харъяалагдаж буй Бодлогын зөвлөл, төв нам, залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллагаас үнэлгээ өгч, хамгийн бага үнэлгээ авсан хүнд дахин сонгогдох боломж олгож байгаа юм.