sonin.mn

"Босоо Хөх Монгол" хөдөлгөөний удирдлагууд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тус хөдөлгөөний тэргүүн Г.Ганхуяг: "Монгол Улсын нийт аав нарын нэрийн өмнөөс, Монголчуудынхаа нэрийн өмнөөс, тэр тусмаа насанд хүрээгүй бага насны охин хүүхдүүдтэй аав ээж нарын нэрийн өмнөөс ҮАБЗ-д шаардлага хүргүүлж байна. Бага насны охидыг хулгайлах, хүчиндэх, алах гэмт хэрэг хэрээс хэтэрлээ.

Сүүлийн нэг жилийн дотор гэхэд л маш олон ийм төрлийн гэмт хэрэг гарлаа. 8 настай охиныг хүчиндээд, жорлонд хаясан байна. 12 настай охиныг хулгайлж авч яваад, хүчиндээд булаад хаясан байна. 5 жилийн өмнө Хөвсгөл аймагт 8 настай охиныг хулгайлаад, хүчиндээд, алаад, мөч мөчөөр нь салгаж цүнхлээд хог дээр хаяж байсан гэмт хэрэгтэн энэ жил шоронгоос суллагдах гээд байж байна. Энэ бол хүн биш, араатан.


Ийм хүмүүсийг Монголын ард түмэн жигшин зэвүүцэж байна. Үүний талаар дуу хоолойгоо хүргэх байгууллага алга. Монгол Улс бол цаазаар авах ялыг халсан улс мөн гээд зарлачихсан. Ингэж зарласнаараа бидний мэдэхгүй олон зээл, тусламж авчихсан байдаг юм байна. Гэхдээ Монгол Улсын хуулинд цаазын ялыг сэргээх боломж байгаа юм байна.



Тийм учраас Монгол Улсын ҮАБЗ-д цаазын ялыг сэргээж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна.



Хэрэв цаазаар авах ялыг сэргээхгүй юм бол онц аюултай гэмт хэрэг хийсэн хүмүүсийг магадлангаар сулладаг, Ерөнхийлөгчийн өршөөлөөр ялын хугацааг нь багасгадаг, ажлын хоног авдаг гэх мэт хөнгөлөлтүүдийг үзүүлэхгүйгээр, авсан ялыг нь бүтэн эдлүүлдэг болгоосой гэж "Босоо Хөх Монгол" бүлгэм шаардлага хүргүүлж байгаа юм." гэв.



М.Чой