sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. П.Чайковскийнн нэрэмжит дуурийн дуучид, хөгжимчдийн Олон улсын 16 дугаар уралдааны эцсийн шалгаруулалтад МУСТА Э.Анхбаяр тунаж үлдээд байна. Тус уралдааны шилдэг 20-д Монголоос хоёр дуучин, нэг хөгжимчин багтаад байсан юм.  
Дуучин Э.Анхбаярын дуулах эрдмийн багш нь Монгол Улсын ардын жүжигчин Б.Жавзандулам юм. Э.Анхбаяр ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын уралдаанд хоёрдугаар байр, Улаан-Үд хотноо зохиогдсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны "Лучший голос" уралдааны тэргүүн дээд /Гран при/ шагналыг хүртэж байв. Мөн ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Казахстаны алдарт дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит уралдаан, Унгарын алдарт дуучин Эва Мартоны нэрэмжит уралдаануудад тус тус тэргүүн шагналыг хүртсэн. Э.Анхбаяр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгийн дүрээрээ дэд байрын шагнал гардаж байв. 
П.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны шилдэг 20-д Э.Анхбаяраас гадна, дуучин Б.Жавхлантөгс, концертмейстерээр төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нар багтсан байсан ч, Б.Жавхлантөгс тэргүүн байрын эгнээнд үлдэж чадсангүй. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг