“Идэр жинчин”, “Төгөлдөр зургаан МАА” цомгоо гаргаж бие даасан, хүндэтгэлийн хоёр ч тоглолтоо хийчихсэн, донжийг нь тааруулан байж тун ч эвлэгхэн дуулдаг уртын дуучин Б.Алтанжаргалтай ярилцлаа. Тэрээр бусад уран бүтээлчтэй хамтран орчин үеийн хөгжмийн урсгалыг ардын урлагтай хослуулсан “LEGEND” нэртэй томоохон шоу тоглолтыг хийх гэж байна. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
 
-Яагаад ардын дуу дуулах болсон тухайгаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
 
-Манай эмэг эх их сайхан дуулдаг хүн байсан. Анх дуулж сурахдаа л уртын дуу дуулж эхэлсэн юм. Уртын дуунд өөрийн эрхгүй татагдаад л орчихсон. Би эхээс зургуулаа, айлын гурав дахь хүүхэд. Зуны амралтаараа хөдөө мал дээр гарч, эрэмгий салхинд энгэр цээжээ алгадуулаад, хоолойныхоо чинээгээр гийнгоо хадааж  өслөө. Хүүхэд байхаасаа уртын дуунд дуртай болсон нь миний эмээ Д.Танданжалба гэж 84 настай буурайтай холбоотой. Эмээгийн маань ээж Ж.Дэжид хөгшин найр наадам эхлүүлж, хөгжөөдөг  нутаг орондоо хүндтэй, их сайхан дуулдаг хүн байсан гэдэг. Би 2001 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачийн ангид элсэн, Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэрт шавь орсноор уртын дуучин мэргэжил эзэмшсэн.
 
-Уртын дуун дээрээ гардаг шиг эр хүн байхсан гэж та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Тэгэхээр ардын дуунд яг ямар эр хүн дүрслэгддэг юм бэ?
 
-Жинхэнэ эр хүн гэж хэнийг хэлдэг вэ. Намба төрх, эр хүний ноён нуруу гэж юу байдаг. Мөн эцэг хүн ямар байх ёстой талаар миний дуулдаг төдийгүй бусад ардын дуун дээр ч сургамжилсан байдаг. Тэгээд л уртын дуун дээрээ гардаг шиг эр хүн байхсан гэж дандаа бодож, хичээдэг. Уртын дуу дуулахад хүний бие дотоод сэтгэл ариусч их сайхан болдог.
 
Дуугаарааа өөрийгөө аравнайлаад, дуугаа дуулахад хийморь сэргээд сайхан болчихдог.
 
-Та их олон ажил хийдэг юм байна. Циркийн тайзны морин дэл дээр үсрэхээс эхлээд урлагийн хүн цаашлаад уурхайд эксковаторын жолооч хүртэл хийдэг байх нь?
 
-Би 2009 оноос хойш одоог хүртэл “Багануур” компанид ажиллаж байна. Уул уурхайн хүнд машин механизм барьдаг. Хоёр өдөр ажиллаж, хоёр өдөр амардаг. Сургуулиа төгссөний дараа Тайваньд морин циркийн жүжигчин хийж байлаа. Тухайн үед  Монголд байгаа ээжийн минь бие хүндээр өвдсөн тул би энэ ажлаа  орхиж 2008 онд ээжийгээ асрахаар ирсэн. Ээж минь 2006 онд Бээжин хотод бөөрний хагалгаанд орсон тул хажууд нь заавал нэг хүн асрах хэрэгтэй болсон.  Тэгээд л циркээ орхисон. Ингээд жил орчим урлаг, циркээ орхиод Багануурт амьдарсан. Тэгж яваад Багануурын уурхайд ажилд орсон юм. Ажлаа харуулаас эхэлсэн. Дараа нь жолоочоор одоог хүртэл ажиллаж, дуугаа дуулсаар явж байна даа.
 
-Урлагийн хүний ар талд эхнэр хүн амьдралыг зохицуулж, цогцлоож байдаг.  Гэргийнхээ талаар яриач?
 
-Ардын урлагийг сонсдог хүн их цөөхөн шүү дээ. Ер нь нийт хүн амын 40 хувь л сонсдог байх. Огт сонсдоггүй 60 хувьд нь манай эхнэр байсан. 2011 онд анх Багануур дүүргийн наадам дээр танилцсан. Морины хөлс ханхалж, айраг сэнхийж, гийнгооч хүүхдүүд давхилдсан буйд газрын сайхан наадам болж байсан.  Наадам дээр хэд хэд таараад, танилцах завшаан олдсон. Анх болзож байх үедээ машиндаа дуу сонсоно, албаар солгой дуулна. Дуучин гэдгээ нууж байхгүй юу. Би өөрийгөө дуулдаг гэж огт хэлээгүй юм. Болзож байхдаа урлагт хайртай мөртлөө дуулж чаддаггүй хүн шиг л  яваад байсан. Нэг өдөр манай хүн намайг чи дуунд яагаад ийм дуртай юм бэ. Гэхдээ чи дуулаад дэмий байхаа гэж хэлж байсан юм./инээв/ Тэгсэн нэг өдөр найз нь манай эхнэрт миний дууг сонсгоод клипийг нь үзүүлээд танай найз залуу чинь ийм дуу дуулдаг юм байна шүү дээ гэж л мэдсэн. Түүнээс хойш ардын урлагт дуртай болсон доо.
 
 
– “LEGEND” хэмээх домгийн есөн дуучны тоглолт удахгүй болох гэж байгаа юм байна. Тоглолтынхоо талаар ярихгүй юу?
 
– Долдугаар сарын 7-12-ны хооронд Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Морин хуурын чуулга, LEGEND нэртэй домгийн есөн дуучны тоглолтыг хийх гэж байгаа. Ардын урлагийн мюзикл төсөл юм. Гэхдээ орчин үеийн хөгжмийн урсгалтай, модерн бүжигтэй, мөн дуучид нь өөрсдөө дүрд хувирч жүжиглэнэ. Энэ их томоохон цар хүрээ бүхий тоглолт болно. Энэ жилийн миний хамгийн том ажил энэ байх. Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Х.Эрдэнэцэцэг, Б.Мөнхбаатар, О.Анхчимэг, Т.Баянжаргал, Т.Баатархүү нартай хамтран эртний домог, язгуур урлаг, шинэ найруулга бүхий энтертайнмэнт тоглолт юм.
 
-Таны хамгийн анхны уран бүтээл гэж хэлж болохоор “Дүүриймаа” хэмээх хөнгөхөн гунигтай дууг дуулсан. Гэсэн атлаа долоон жилийн хугацаанд тайзан дээр тоотой хэдхэн л дуулсан байх юм?
 
– Саяхан Багануур дүүрэгт  хийсэн тоглолт дээрээ долоон жилийн дараа дуулсан. “Дүүриймаа”-г дуулахаар ер бусын гуниг харуусалд умбачихдаг.
 
Цагийн цагт үг нь хувьсаж өөрчлөгдсөөр өдгөө бидэнд өвлөгдөн ирсэн тарнийн шидтэй энэ дууг хамаагүй дуулж болохгүй гээд би дуулахаас айдаг. Үг гэдэг тийм шидтэй. Сэтгэл гэгэлзээд, хоолой салгалаад, сонин болчихдог.
 
Ардын дууг та төгс  амилуул, чадахгүй бол харгис шалгуур, хатуу шийтгэлтэй гэж хүмүүс ам дамжин хэлэлцдэг нь оргүй зүйл биш. Жишээ нь “Гоолингоо” байна.  Ард түмэн дуулахаас цэрвэдэг, найр хурим дээр дуулдаггүйн учир нь домог түүхтэйгээ холбоотой байх.
 
-Хүн бүрт сэтгэлд нь тээглэдэг зүйл бий. Чухамхүү таны хувьд тэгж бодохын төдийд л сэтгэл хөндүүрлэдэг зүйл бий юу?
 
-Аав ээжийнхээ гэгээн дурсгалд зориулаад “Төгөлдөр зургаан МАА” гэдэг цомгоо гаргасан. Хандармаа, Сүнжидмаа, Алигэрмаа, Хоожиймаа, Дүүриймаа, Гавалмаа гээд зуун дамжиж магтан дуулагдсан зургаан “МАА”-тай бүсгүйчүүдийн дууг онцолж дуулж, цомог гаргасан.  Аав ээж хоёрыгоо 2007, 2008 онд дараалан алдсан. Анхны бие даасан тоглолт дээрээ ээж минь хамт байсан бол гэж их харууссан. Урлагийн замнал руу хөтөлсөн хүн бол манай ээж. Намайг хойрго алхам хийхэд минь зоригжуулж, хурцалдаг байсан. Хүн  чинь өөрийнхөө амьдралд хийж байгаа хамгийн том үйл явдал, баяртай гунигтай мөчүүдэд хайртай хүнээ л хамт байгаасай гэж боддог юм билээ. Анхны бие даасан тоглолтоо хийхдээ мянган хүн алга ташихаас илүүтэйгээр зөвхөн миний ээж л алга ташсан бол надад дээдийн жаргал байх байлаа. Үүн дээр л их харуусаж явдаг юм.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин