sonin.mn

МОНЦАМЭ агентлагийн дарга Н.Содонтогосын өргөдлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Танаа


Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах учир нь



 Миний бие Эрдэнэцогтын Содонтогос, Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр томилогдсон билээ. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд байгууллагынхаа үйл ажиллагааг бодитой сайжруулах, нэн ялангуяа нийтлэлийн бодлого, агуулга хүрээ, чанар, мөн гадаад харилцаа хамтын ажиллагаа, маркетинг борлуулалт, санхүү, хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлуудад онцгой анхаарч ажиллан мэдрэгдэхүйц үр дүнд хүрлээ.


Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс МОНЦАМЭ агентлагийн таван хэл, зургаан бичгээр нийтэлдэг мэдээллийг уншиж, бидний улсын тухай дэлхий нийтэд толилуулах цогц мэдээллийн талбар болон хөгжлөө.


2024 онд л гэхэд дотоодын 27 байгууллага, гадаадын зургаан агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, байгууллагынхаа 32 ажилтныг гадаад улс орнуудад зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд явууллаа. Хоёр ажилтнаа Турк улсад Сэтгүүл зүйн магистрын зэрэг горилох сургуульд явууллаа. Байгууллагын санхүүгийн нөөц боломж ч арвижин өссөн билээ. Манай агентлагт ажиллаж их зүйл сурах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж, англи хэлний редакцад дадлага хийсэн Канадын Калгари хотод сурч байсан төгсөх курсийн оюутан хүртэл мэргэжлээ "Олон улсын сэтгүүл зүй" болгон өөрчилж, их хүсэл тэмүүлэл өвөртлөн манай агентлагт орчуулагчаар ажилд орсон юм. Энэ шинэчлэл дэвшлийг би баг хамт олонтойгоо хамтран хийснээрээ бахархаж байна. Гэвч өнөө цагийн нийгмийн сөрөг өнгө аяс ч манай хамт олны дунд илрэх болсон. Ажлын байран дээр архи уухыг хатуу хориглож, ажилдаа хариуцлагатай хандах, мэргэжлийн ур чадвараа байнга ахиулах, үг үсэг, найруулга, утга санааны алдаа гаргахгүй ажиллахыг тогтмол анхааруулж, мэргэжил болон ёс зүйн өндөр шаардлага тавьж ажилласан нь агентлагийн зарим албан тушаалтан, ажилтнуудад таалагдаагүй тул удаа дараа "дотоод ардчилал байхгүй болсон" нэрийдлээр гомдол матаас бичиж ЕТГ-т хүргүүлж байсныг сүүлийн хэдэн өдөрт мэдлээ. Ажлын байран дээр архидан согтуурах, хов жив ярьж, бусдыг доромжлон дээрэлхэхийг "ардчилал" гэхгүй.


Ёс зүйн болон мэргэжлийн шаардлага тавихыг "дарангуйлал" гэдэггүй. Хамт олныхоо хийсэн сэтгүүлийг унших нь битгий хэл нээж ч үздэггүй, мэдлэг боловсролын наад захын шаардлага хангаагүй, "The New York Times" гэж юу гэж байгаа юм, яаж орчуулах вэ, энэ хэсгийг манай хэд орчуулалгүй орхичихож гэж өөрийн эрдмийн ажлаа бусдаар хийлгэсэн хэсгийнхээ тухай асуудаг дэд даргатай ажиллах нь надад гунигтай, мэдээллийн агентлагийн хувьд бол дэндүү гутамшигтай зүйл.


Байгууллагын дэд дарга МАН-ын өндөр албан тушаалтны нэрийг барьж, ойр дотно байдгаа байнга сануулдаг нь ажил хийхэд нэн дарамттай байж ирсэн. Ажилтнуудаар өөрийн эрдмийн ажлаасаа ажлын болон ажлын бус цагaap хийлгэх, танил хүмүүсийнхээ хүсэлтээр мэдээ мэдээлэл нь тавиулах, захиргааны албаны ажилтнуудтай өөрийн зарц мэт авирлаж дээрэлхэж байхыг олон удаа харж, эдгээр үйлдлээ зогсоохыг нэг бус удаа сануулж байсан. Эдүгээ ажилтнуудыг миний эсрэг турхирах, хагаралдуулан бутаргах ажлыг зарим албадын дарга нараар гүйцэтгүүлж, нийгмийн сүлжээнд зохион байгуулалттай гүтгэн доромжилж нэр төрд маань халдаж байна. Ажилтнуудын гарын үсгийг цуглуулахдаа амралтын өдөр ажлаас гадуур уулзаж заримд нь архи уухыг санал болгон, заримд нь албан тушаал зэргийг амласан гэж мэдэж байгаа боловч байгууллагын нэр хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн надад үзүүлсэн итгэл, өөрийн эцэг эхээс өвлүүлсэн хүмүүжил, ёс суртахуунаа бодон өөрийгөө өмгөөлсөн байр сууриа илэрхийлэхээс түдгэлзэж байгаа билээ. Яаж 4 доромжлуулж гүтгүүлж байсан, эвдэж болохгүй итгэл, хөндөж болохгүй үнэт зүйл, ухарч болохгүй зарчим гэж бий.

 

Өөрийн бүхий л мэдлэг чадвар, туршлага, зүрх сэтгэлээ энэ байгууллагадаа зориулж ажилласан боловч дэд дарга, дотоод мэдээний албаны дарга нарын ёс зүйн доройтол, гүтгэлэг доромжлолд аргагүй өвдөг сөхөрлөө.


Хоёрхон долоо хоногийн өмнө хайр хүндлэлээ илэрхийлж, "Та манай байгууллагад эрт ирэх байсан юм" гэж тэвэрч байсан хамт олон маань өнөөдөр нүд рүү эгц харж чадахгүй, дуу нь гарахгүй өрөөндөө бүгэцгээж дэд дарга тэргүүтэй хэдэн ахлах албан тушаалтнуудын эрхэнд зовж байгааг хараад өр өвдөж байна. Нийгмийн сүлжээгээр тарж буй зохион байгуулалттай гүтгэлэг байгууллагын тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах ёсгүйг энэ бүх ёс бус ажиллагааг удирдаж буй Агентлагийн дэд даргад анхааруулсан болно. Иймд, үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан, Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаас өөр аргагүй байдалд хүрлээ, хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Хүсэлт гаргасан, Эрдэнэцогтын Содонтогос 2025 оны зургадугаар сарын 16-ны өдөр