sonin.mn

Би Лондонд олон жил аж төрж, уран бүтээлээ туурвиж суудаг зураач хүн. Польшид зураачийн мэргэжил эзэмшсэн. Их Британи бол яалт ч үгүй ардчилсан улс. Ардчиллынх нь үр шимийг амсаад бид гэр бүлээрээ энд аж төрж болоод байна, хууль дүрмийг нь сахиад болж л байна. Намайг элдвээр харааж зүхэж харлуулсан ч би үзэл бодлоо илэрхийлж хэвлэн нийтлэх эрхтэй. Хүлээн авах эсэх нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга. Үндсэн сэдвээ үргэлжлүүлье.

 

“Паутина-1“-ийн цуурай замхарч амжаагүй байтал араас нь “Паутина-2” ажиллагаа амжилттай явагдсан тухай мэдээлэл хорвоогоор нэг цацагдлаа. Донецк, Запорож чиглэлд танк, хуягт 100 гаруйг ачиж явсан галт тэрэгний цуваагаа Путин ниргүүлжээ.


Цувааны мэдээллийг оросууд өөрсдөө дотроосоо өгснөөс 13 танк, 7 их буу, 103 хуягт, 10 цистерн устгасан ба тусдаа 3 ширхэг Искандер харвагчийг устгажээ. Сүүлийн үед оросууд дотроосоо мэдээлэл өгдөг болсон гэдэг нь цаашдаа ч олон нотлогдох шинжтэй. Яагаад ингээд эхлэв? Хурдан энэ түрэмгийн дайныг дуусгаж Орос Эх орноо сүйрлээс аврахын тулд бус уу? Ингэж мэдээлээд байх аваас Путины зуны давшилт бүтэлгүйтэх магадлал өндөр юм. Бас нэг сонин. Анх удаа F16 оросын Су-35-тай тулж байлдав. Нидерландаас ирсэн 60 жилийн настай хуучин F-16 оросын хамгийн орчин үеийн сөнөөгч Су-35-ыг устгасан гэхлээр гайхалтай. Гэхдээ аргагүй юм. F16 нь 400 км холоос байгаа олж хардаг бол Су-35 нь 50-90 км зайнаас байгаа хардаг. Зэвсэглэлээр яаж ч мэрийгээд, яаж ч магтаж сурталчлаад Орос Барууныг гүйцэх хөг нь өнгөрсөн бололтой.

 

Украины тагнуулын албаны мэдээг английн ТВ-ээр ярьж байгаа сувгийг сонсоод би бүр гайхаж дууссан. Юу гэнэ вэ? “Орост уртаашаа гуравхан ширхэг “Орешник” пуужин байсны нэгийг нь өвөл Киев рүү харвасан, хоёр дахийг нь саяхан харвасан чинь тэнэж төөрөөд Казахстаны агаар мандалд шатчихсан.


Одоо үлдсэн ганцыг нь Путин хав даруулаад нуугаад хэр барагтай хэрэглэхгүй нандигнаж байна” гэв. Би бодохдоо, хэдэн мянгаар тоологддог цөмийн зэвсэгтэй улсын арай доогуур ангилалын энэ пуужин бас л мянгаар тоологдох байх даа гэж. Би барууны хэвлэл мэдээлэлд итгэдэг. Учир нь энэ мэдээллийн систем бүхэлдээ бизнес байдаг юм. Зүйрлэвэл хулхи бараа зараад байвал худалдан авагчдаа алдана биз дээ, яваан даа. Түүнтэй л агаар нэг. Хуурамч мэдээлэл цацаад байвал тэр бизнес нь шатахаас гадна хуурамч мэдээлэл тараасан гээд шүүх цагдаа руу ч явж мэднэ. Торгуулах бол энүүхэнд. Ийм энгийн тайлбартай. Тийм болохоор би итгэдэг. “Орешник”-ийн түүх ердөө энэ юм биш үү? Гэтэл Стамбулд Оросын төлөөлөгчдийг ахалсан Мединский гэдэг хүн “Манай ард түмэн, манай иргэд улам илүү хатуу арга хэмжээ авахыг биднээс шаардаж байна. Бидэнд Киев, Львовыг харвах Орешник хэрэгтэй байна, хэлэлцээ хийж ханалаа” гэж уйлан донгодов.


Английн ТВ, сайт, хэвлэлд ихэд онцолж байгаа Унгарын Ерөнхий сайд Орбаны ярилцлага сенсаац дэгдээгээд байна. Тэр нөхөр удтал Оросын талд зогсож, хир халдаахгүй байснаа юу болов гэмээр “Европт томхон хэмжээний дайн дэгдэх эрсдэл байхгүй, яагаад гэвэл Кремль хэтэрхий сул дорой байна, ядаж Украинаа ялчихаж чадахгүй байна.


Тэгэхлээр НАТО руу атаклана гэж бүр ч байхгүй. Путин зөвхөн хүчээр л ярьдаг, хүчээр хариулдаг тул Европ хүч чадлаа бэхжүүлэх хэрэгтэй. Украин нь өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй, өөрийгөө баатарлагаар хамгаалж байна!”. Энэ яриаг сонссон Путины зүрх хаагдах байхдаа гэж англи хөтлөгч нэмж хэлж байх юм. Өөр нэг өнцөг байна. Өнцөг биш зовинол юм даа. Путин ба Кремлийн эрх баригчид Европыг, тэр дундаа Украиныг тэр чигт нь харлуулахын дон шүглэж бүгдэд нь ФАШИСТ, НАЦИСТ гэсэн хаяг зүүлээ. Миний аж төрдөг Лондонд, Британид ганц ч фашистыг би олж харсангүй. Европоо больё гэхэд яахлаараа Украин нь ард түмнээрээ фашист болчихдог билээ. Хариулт ойлгомжтой. СССР тарж бутарсанд гомдсон Путины гомдол явж явж ийм олон фашистыг хиймлээр төрүүлээд байна. Путины дэглэмийн дор хонь шиг дарлуулан суухыг хүсээгүй л бол түүний хувьд хэн ч байсан фашист, нацист юм билээ. Бодууштай!


Өнөөдрийн нийтлэлийн тайлал гэе дээ. Би зураач хүн болохоор энэ зурагт хуудсыг хараад өнгөрсөн үеийн СССР-ийн үеийн зурагт хуудаснууд санаанд орлоо. Тийм манераар “Путин ба улаан туг, танк” гэсэн хүсэлт өгөөд оруулахад хиймэл оюун (Artificial Intelligence) ингэж зураад гаргаж ирсэн нь сайтуудаар нэг явж байна. Өнөөгийн Орос орны байж байгаа царай нь энэ гэдэг нь ойлгомжтой. Улаан туг ярайлгаж танк жагсаасан Путиыг францын философич Бернар-Анри Леви юу гэж тодорхойлсныг сонирхуулъя. “Хэрэв АНУ цэргийн тусламжаа зогсоовол энэ нь дайныг сунжруулна. Гэхдээ эцсийн үр дүнг өөрчлөхгүй. Украин энэ дайнд ялдагаараа ялна. Фашизмын шинэ хэлбэр Европын хувьд аюултай. Путин бол улс төрийн гангстер шүү дээ” гэжээ. Төгсгөлд нь оросуудын ярьж байгаа нэг хэлц үгийг орчуулъя. “Кутузов Москваг шатаасан, харин Путин бүх Оросоо шатааж байна” гэж оросууд бараг онигоо болгож ярьж байна шүү, цаана чинь!



Тодын Отгонбаяр (Лондон зураач)