sonin.mn
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт “Электрон жаал” нэрээр олонд танигдсан, Боловсрол судлалын доктор Э.Энхпүрэвийг  зочноор урьж, Монголын боловсролын салбарын тогтолцоо, хөгжлийн гарц сэдвээр ярилцлаа.
 
Сургууль олон байхаас илүү мэдлэгтэй хүн олон байх хэрэгтэй
 
-Дэлхийн боловсролын систем хурдацтай хөгжиж байна. Харин бид хаахна явна вэ. Шинэ үеийн боловсон хүчин, шинэ үеийн хүүхдүүдийг бэлтгэх сургалтын хөтөлбөр,  сургах арга, сургалт явуулах хэлбэр арай өөр байна. Харин Монголд ямар байна вэ. Мэдээж, энэ сэдэв өргөн хүрээг хамарна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлнө.
Тухайлбал, сурах орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр стандарт, багшийн чанар, заах ур чадвар, эцэг эхчүүдийн оролцоо, тухайн хүүхдийн өөрийнх нь сурлагын түвшин нөлөөлнө. Мөн нэг багшид ногдох хүүхдийн тоо, багшийн ажлын ачаалал, нийгмийн хангамж, цалин хөлс гээд олон зүйлийг дурьдах хэрэгтэй болно. Гэхдээ бидэнд бахархах зүйл олон бий. Жишээ нь, манай улс НҮБ, ЮНЕСКО-гийн бүх нийтийн бичиг үсгийн боловсролын түвшингээр дээгүүрт ордог. Бичиг үсгийн боловсрол, сургуульд хамрагдалтын үзүүлэлт өндөр.  Энэ мэдээж сайн үзүүлэлт. Гэхдээ сургуульд хамрагдалт өндөр үзүүлэлттэй гарч байгаа ч, сурлагын түвшин тийм сайн биш байна.
Олон улсын бага дунд боловсролын сургалтын хөтөлбөр, агуулга, сурагчдын үнэлгээний хөтөлбөрт судалгаа хийж, үнэлэлт өгдөг ПИСА (PISA) зэрэг олон улсын байгууллага байдаг. Энэ байгууллага гол төлөв математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдээр тухайн улсын ерөнхий боловсролын систем, хүүхдүүдийн унших, бичих, тооцоолон бодох чадвар зэргээр бага, дунд ангийн хүүхдүүдийн мэдлэгийг олон улсын хэмжээнд ямар түвшинд байгааг дүгнэдэг. Энэ үзүүлэлтээр Сингапур, Тайвань, Япон, Хятад зэрэг Азийн улс орнууд тэргүүлж байдаг. Гурван жилд нэг удаа болдог энэ тестэд манай улс  2020 оноос эхлэн хамрагдах хүсэлтээ өгсөн гэж сонссон. Энэ хөтөлбөрт дэлхийн олон улс орны 15 настнууд хамрагддаг. Энэ үнэлгээгээр манай сурагчдын мэдлэгийн цар хүрээ ямар гарч ирэх нь олон хүнд хүлээлт үүсгэж байгаа байх.
 
Ер нь бол Монголын боловсролын тогтолцоо, бага, дунд, их, дээд сургууль гээд шат, шатандаа ямар байгааг бид мэднэ. Боловсролын зарим үзүүлэлт нь орчин цагийн нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу, хэрэгцээ шаардлагыг нь хангаж байна уу гэвэл үгүй. Тэр битгий хэл, мэдлэгийн түвшин нь  тухайн хичээл дээр авсан сурлагын дүнтэй уялдахгүй байгааг мэднэ.
 
Социализмын үеийн боловсролын систем ямар байсныг тодорхой хэлж мэдэхгүй ч, тааруухан сурдаг, байсан хүүхэд нь анги дэвшиж чаддаггүй улирдаг байсан. Энэ нь тухайн хүүхдийн хичээлдээ шамдах нэг үзүүлэлт болдог байсан гэж ярьдаг. Гэхдээ орчин үеийн боловсролын тогтолцоо бол өөр. Дэлхийд өрсөлдөх чадвараар дээгүүрт үнэлэгдэж буй улс орнуудын боловсролын тогтолцоог харахад, нэг багшид ногдох хүүхдийн тоо, ажлын ачаалал харьцангуй бага, багшийн цалин, нийгмийн хангамж  зэрэг нь манай улстай харьцуулшгүй тоон үзүүлэлт гарч ирдэг. Энэ нь багшийн ажлын үнэлэмж, хичээл зүтгэл, ажилдаа хандах хандлага, боловсролын тогтолцоондоо эерэгээр нөлөөлсөн байдаг. Гэтэл манай улсад нэг багшид 30-аас дээш хүүхэд ногддог. Монголын багш нарын ажиллах орчин нөхцөлийг харьцуулаад үзэхэд тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Тиймээс нийгмийн амьдрал, энэ бүх хүчин зүйлээс шалтгаалаад боловсролын салбарт асуудал үүсч байна. Энэ нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Хоёрдугаарт, Монголд сайн багш бэлтгэгдэхгүй байна. Сурлага сайтай, мэдлэг боловсролтой хүүхдүүд багшийн мэргэжил сонгохгүй байна. Ихэнх нь эдийн засаг, бизнесийн салбарт ажиллах сонирхолтой байна. Энэ мэт зүйлээс шалтгаалаад боловсролын чанар сайжрахгүй байна гэж хэлж бас болно. Боловсролын салбарт олон жил ажилласан, туршлагатай сайн багш нар гавьяаныхаа амралтанд эхэлчихсэн. Сайн багшийн залгамж холбоо алдагдаж байна. Мэдээж, багш болох гээд хичээж байгаа, сурлага сайтай оюутан олон бий. Гэхдээ дийлэнх нь тийм биш байна. Энэ бас л анхаарах асуудлын нэг юм.
 
Манай сургалтын хөтөлбөр хаана ч гологдохгүй. Харин…
 
Блиц:
 
Боловсрол:
•2002-2005 онд ШУТИС-ийн программ хангамжийн анги
 
•2014 онд МУБИС-д “Ерөнхий боловсролын эрчимжүүлсэн сургалтын технологийн шинэчилсэн хувилбар” сэдвээр докторын зэрэг хамгаалсан
 
Мэргэжил:
•Багш, боловсрол судлаач, программист.
•Одоо “Ес Эрдэм” дунд сургуулийн захирлаар ажиллаж байна.
 
-Монгол Улсын боловсролын тогтолцоо өнөөдөр шүүмжлэлд өртсөн хэвээрээ байна. Мөн зарим сургуульд олон улсын сургалтын хөтөлбөрийг туршиж байна гэж буруутгадаг. Угтаа бол энэ бүхнийг буруутгах нь тийм ч ач холбогдолтой зүйл биш юм.
Дэлхийн олон орон 12 жилийн сургалттай Кембриджийн стандарттай. Мөн л цэцэрлэгийн өмнөх боловсрол нь хоёр настайгаас эхэлдэг. Энэ бол дэлхийн жишиг зүйл. Бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгохдоо тусгай сургалтын хөтөлбөр, стандартын дагуу тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон арга техник, заах ур чадвараар олгодог. Боловсролын үнэлгээ нь хүртэл өөр гээд сургалтын иж бүрэн системийг боловсруулсан байдаг. Монголд ч гэсэн энэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулаад хэрэгжүүлж буй. Манай улсын хувьд, зургаан настнуудад олгож буй боловсрол академик талруугаа, бусад оронтой харьцуулахад нэлээд өндөрт тооцогддог. Гэхдээ үүнийг зөв, буруу гэж дүгнэмээргүй байна. Үүний хүчинд бид бүх нийтээрээ бичиг үсгийн тайлагдалт, нийгмийн боловсрол дээгүүр явдаг гэж боддог.
 
Манайд бага боловсролын чанар сайн. Хэдийгээр нэг багшид 30-40 хүүхэд ногддог, ажлын ачаалал их ч гэсэн бүх хүүхэд уншиж бичээд, нэмж хасаад сурчихдаг. Би бага ангийн багш нараар үнэхээр их бахархдаг. Анги дүүрэн шуугилдсан 40 хүүхдэд, дөчхөн минутад багтаагаад нэг хичээлийг жигд ойлгуулаад явна гэдэг бол гайхамшигтай зүйл юм. Амаргүй ажил шүү дээ.
 
Харин анги ахих тусам тухайн хүүхдийн сурлагын үзүүлэлт мууддаг нь хүүхдийн сэтгэхүйн онцлог, нэг хичээлийг ойлгож хүлээж авах чадвар, сургалтын хөтөлбөрийн агуулга хүндрэх, нэг багшид ногдох хүүхдийн тоо их байгаа зэргээс шалтгаалдаг.  Яагаад гэвэл, ойлгоогүй хичээлээ багшаас асуугаад, дахиад заалгаж, зөвлөгөө авах цаг байдаггүй. Үүнээс үүдэн нэг ангид сурлагын ялгаатай байдал ажиглагдаж эхэлдэг. Цөөнх нь сайн сурдаг, олонх нь жигд, үлдсэн нь тааруухан сурлагатай гэх мэт.  Үүнээс болоод тухайн сургалтын хөтөлбөр, сургалтын агуулга, стандартын үр дүн гардаггүй.
“Кембриджийн хөтөлбөр”, “Цөм” хөтөлбөр гээд шүүмжлээд байдаг. Ер нь бол ямар ч сургалтын хөтөлбөрийн хувьд, байгалийн шинжлэх ухааны хичээлүүд, математик, физикийн хичээлүүд, англи хэл зэрэг нь агуулгын хувьд өөрчлөгдөөд байдаггүй. Олон улсын сургалтын хөтөлбөртэй харьцуулаад үзэхэд манай хөтөлбөр айхтар зөрөөд байдаггүй, агуулгын хувьд засч сайжруулаад явж байгаа зүйл олон. Ялангуяа, сүүлийн жилүүдэд агуулга стандартаа бид маш сайн боловсруулсан. Боловсролын салбарт авах зүйл олон бий гэж боддог. Тиймээс Кембриджийн хөтөлбөр, “Цөм” хөтөлбөр гээд зааглаад, шүүмжлээд байх хэрэггүй юм. Харин гадны хөтөлбөр монгол хүүхдүүдэд хэр тохирох вэ гэж ярьж байгаа нь зөв. Ярих ёстой асуудал. Боловсролын хүрээлэнгээс монгол хүүхдийн суурь судалгааг хийгээд эхэлсэн. Боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч 2014 оноос өмнө ийм судалгаа манайд байгаагүй. Энэ судалгаагаар монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, биемахбод, танин мэдэхүйн онцлог хот, хөдөөд ямар байна вэ гээд тодорхой судалгаануудыг хийсэн байдаг. Тиймээс боловсролын салбарт хэрэгжиж буй сүүлийн үеийн сургалтын хөтөлбөрүүд энэ судалгаан дээр үндэслээд хийгдсэн болов уу гэж бодож байна.
 
Монголд хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр, стандарт боловсруулалтын хувьд бол сайн, хаана ч гологдохгүй. Харин түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх үйл явц л тааруухан байна. Монгол хүүхдүүдийн сургалтын чанар сул байгаа нь үүнээс их шалтгаалж байна. Бусад орны хувьд, хэрэгжилтэн дээрээ маш сайн анхаардаг. Хэрэгжилт гэдэг нь багш, сурагч хоёрын хоорондох сургалтын үйл явц юм. Өөрөөр хэлбэл, багш сурагчтайгаа тулж ажиллах цаг, хичээл ойлгуулах, нөхөн заах, дадлага давтлага өгөх гэх мэт сургалтын үйл ажиллагааг маш сайн хангаж байж л сургалтын үр дүн сайжирна.
 
Нэг ч хүүхдийг орхигдуулахгүй л сургах хэрэгтэй
 
-Олон улсын томоохон тэмцээн уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцоод ирж байна. Тамирчдаар бол бид тэднийг оюуны спортод сайн бэлтгэж чадаж байна. Үүнээс харахад бидний заах арга зүй сайн байна. Гэхдээ нөгөө талд нийт хүүхдүүдийн сурлагын түвшин тааруухан байгаа нь сэтгэл зовоож байдаг. Хэрэв бид хэрэгжилтэн дээрээ илүү анхаараад, нийт хүүхдүүдийнхээ сурлагын түвшинг энэ арга хэлбэрээр нийтэд нь  ахиулж чадвал, бид үүнээс ч илүү амжилт гаргах боломжтой.  Тиймээс хүүхдүүдийг нийтэд нь анхаарах хэрэгтэй. Нэг ч хүүхдийг орхигдуулж болохгүй.
 
Улс орны хөгжилд боловсрол мэдээж чухал. Гэхдээ массын боловсрол буюу бүх нийтийн боловсрол илүү чухал юм. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар илүү их нөлөөлнө. Тийм болохоор нэг ангийн сурлага сайтай таван хүүхдэд биш, 30-40 хүүхдэд бүгдэд нь анхаарч чадвал бүх нийтийн боловсролын түвшин жигд дээшлээд явна. Тэгэхээр үр дүнтэй суралцах ёстой юм. 
 
Манайд академик боловсрол их, агуулгын хувьд хүнд, гэрийн даалгавар их өгдөг гэж шүүмжилдэг. Агуулгын хувьд хөнгөлөөд, үзэх хичээлээ багасгаад явбал сурлагын түвшин ахих биш буурах ч магадлалтай. Тиймээс аав ээж, ах дүү нь хамт заагаад, ангийн багштай нь хамт хүүхдийнхээ боловсролд анхаараад, хүүхдээ жигд хөгжүүлээд яваасай гэж боддог. Нөгөөтэйгүүр, ЕБС-д нэг хүүхэд 12 жил суралцаж төгснө. Жилд 10-16 хичээл үзнэ, багш тэр хүнд цаг зав гаргаад, эцэг эхчүүд нь татвараа төлөөд, сурах орчин нөхцлийг нь бүрдүүлээд, улс эх орноос сургууль, цэцэрлэг бүрт хувьсах зардлыг нь өгөөд явж байна гэдэг бол боловсролд бид маш их хөрөнгө мөнгө, асар их цаг хугацаа зарцуулж буй юм. Гэтэл энэ их цаг хугацаанд ингэж боловсруулсан  бүтээгдэхүүн нь чанар муутай болохгүй.
Боловсролын салбарыг шүүмжлээд байгаа шалтгаан нь манай өнөөгийн хүүхдүүдийн сурлагын түвшин, үзүүлэлт энэ их зардал хөрөнгөтэй, зарцуулсан цаг хугацааны үнэлэмжтэй харьцуулахад үнэхээр хангалтгүй сул төгсөж байна. Өнөөдөр хүүхдүүд нэг хичээлийнхээ утга агуулгыг бүрэн гүйцэд мэдэхгүй, багшийн тавьсан дүн, сурлагынхаа үнэлгээнд хүрэхгүй байна. Тиймээс нэгэнт л бид цаг зав, хөрөнгө хүч зарж байгаа бол үүнд анхаарал хандуулах ёстой. Бид сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Хэдийгээр байшин барилга нэмж бариад, сургууль цэцэрлэгийнхээ тоог нэмэгдүүлж байгаа нь сайн талтай ч багшийн ур чадвар, заах арга зүй, технологи зэргээ жигд хөгжүүлээд, багшийнхаа ажлын ачааллыг тэнцүүлээд явах ёстой юм. Харин ямар арга замаар, яаж анхаарал хандуулах вэ гэдэг нь нохау буюу технологи болчихоод байна.
2004 онд ЕБС-ийн стандарт  батлагдсан байдаг. Стандарт гэдэг нь тухайн бүтээгдэхүүнд тавих минимум хэм хэмжээ юм. Энэ үзүүлэлт, чанарын шаардлагыг давж байж л тухайн бүтээгдэхүүн чанартай, сайн гарч ирнэ.  Тиймээс энэ стандартаас урган гарч ирсэн сургалтын хөтөлбөрүүд, бидний яриад байдаг “Кембриджийн хөтөлбөр”, сургалтын “Цөм” хөтөлбөрийн хүрээнд судлах 17-18 хичээл, зайлшгүй эзэмших ёстой чадваруудыг тухайн хүүхэд эзэмшсэн л байх ёстой. Энэ шаардлагыг бид хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас их, дээд сургууль төгссөн ч гэсэн бичиг үсгийн боловсрол муутай, мэдлэг сул, орчин цагийнхаа нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. Энэ нь нэг талаараа суурь нь муу бэлтгэгдэж байгаатай холбоотой.
 
Боловсрол, мэдлэгтэй  хүнд хүмүүжил, төлөвшил өөрөө сууна
 
 
-Боловсролын салбарт шүүмжлэл дагуулж явдаг бас нэг зүйл нь хүүхдийн хүмүүжил орхигдоод байна гэдэг. Боловсрол мэдлэг, хүмүүжил төлөвшил гэдэг зүйл саланги тусдаа зүйл бол огт биш юм. “Эрдэмтэй хүн даруу”  гэдэг шиг хүн их зүйл сурч, уншиж судалж, боловсорсныхоо хэрээр мэдлэгийн хүрээ нь тэлж, хүмүүжил төлөвшил сууж байдаг. Тархи нь хоосон, сурлага нь тааруухан, мэдлэг нь нимгэн учраас л хүмүүжил төлөвшил орхигдоод байгаа хэрэг.
Сайн боловсрол дотор хувь хүний хөгжил, бие даах чадвар, хүний үг сонсох, сууж сурах  бүх чадварууд шингэчихсэн байдаг. Сургууль бол хоёрдогч гэр гэдэг шиг мэдээж, энэ бүх чадварыг сургуулиар, боловсролын байгууллагаар дамжуулж олж авна. Тухайн хүүхэд багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлнэ, найз нөхдөдөө тусална, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, цаг барьж сурна гэдэг чинь хүмүүжлийн нэг хэлбэр.  Хоёрдугаарт, гэр бүлийн орчин үүнд их нөлөөлнө. Тиймээс хүүхдийн хүмүүжил төлөвшилд гэр бүл, сургуулийн орчин нөлөөлөхөөс гадна сайн боловсрол чухал нөлөөтэй.
Оюуны чадамжийн хувьд, монгол хүүхдүүд сэргэлэн. Асуудлыг шийдвэрлэх гэх мэт зүйлд гүйлгээ ухаан сайтай, хөрвөх чадвартай. Тиймээс монгол хүүхдүүд Ази, Африк, Хятад, Япон, Солонгос гэлтгүй бусад орны хүүхдүүдээс дутаад байх зүйлгүй, оюуны потенциал сайтай. Харин монгол хүүхдүүдийн IQ-гийн түвшин тийм, ийм гэж худлаа тодорхойлолт хэлж чадахгүй. Оюуны чадамж бол хүүхэд болгонд тогтсон нэг л үзүүлэлт. Харин тухайн төрж өссөн, нутаг усны онцлог, байгаль цаг уурын нөхцөл байдал, орчин ахуй, амьдрах хэв маяг зэргээс шалтгаалаад харилцан адилгүй байж болно. Ернь бол монгол хүүхдүүд сэтгэхүйн хурд сайтай. Юмыг богино хугацаанд шийдвэрлэх зэрэгтээ сайн боловч гүйцэтгэл талдаа тааруухан санагддаг. Тиймээс хот, хөдөөдөө хүүхдүүдээ жигд хөгжүүлээд явбал монгол хүүхдүүдэд давуу тал олон бий.
 
Өнөөдөр нэг багш нэг ангийн 40 хүүхдийн онцлогт тохируулаад хичээлээ зааж чадахгүй байна. Тиймээс бид хүүхдүүдийг багаас нь бие даан суралцах чадварт сургах хэрэгтэй юм. Зарим хувийн сургуулийн хүүхдүүд яагаад сурлага сайтай, сургалт сайтай яваад байна вэ гэхээр нэг багшид ногдох хүүхдийн тоо цөөн учраас сургалт үр дүнтэй явагдаж буй юм. Харин төрийн өмчийн сургуульд ийм боломж хомс учраас хүүхдүүдийг бие даан суралцах аргад суралцуулахаас өөр арга байхгүй. Хэдийгээр нэг ангид үе тэнгийн 40 хүүхэд суралцаж байгаа ч хүүхэд болгоны мэдлэгийн түвшин, хичээлийг ойлгож үлээж авах чадвар өөр байдаг. Багшийн зааж байгаа арга технологийг ойлгосон, тодорхой тооны хүүхдүүд л тэр хичээлийг ойлгож хүлээж авдаг, бусад нь орхигдоод байдаг. Тэгэхээр нэг багшид ногдох хүүхдийн тоог ойрын үед бид цөөлж чадахгүй учраас хүүхэд болгоныг бие дааж сургах арга барилд суралцуулах нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж юм. Хүүхэд бүр өөрт тохирсон арга технолиогиороо хэрэгтэй мэдээллээ эрж хайж, судлаад олж мэддэг. Тэр хэрээр өөрийгөө хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээ нь тэлдэг. Харин багш бүх хүүхдийг дасгал даалгавраа хэрхэн яаж хийхэд нь чиглүүлээд, утга учрыг нь тайлбарлаад, тухайн хүүхдийг бие даан суралцах аргазүйд суралцуулна. Эргээд багш тэр хүүхдүүдийнхээ олсон мэдлэг мэдээллээр дата бааз үүсгээд, хэн хэрхэн хөгжиж байгаад анализ хийгээд явах юм. Ингэж чадвал бид нэг ангид байгаа 4-5 хүүхэд биш, нийт 40 хүүхдийнхээ сургалтын чанарыг сайжруулах бас нэг гарц гэж харж байдаг. Тэгэхээр агшийн заах арга зүй бас өөрлөгдөнө гэсэн үг.
Олон улсын түвшинд үүнийг хувь хүний онцлогт тохирсон сургалтын арга хэлбэр гэж тодорхойлж,  сургалтын бодлоготойгоо уялдуулаад хөгжүүлээд явдаг. Энэ сургалтын явцад хүүхэд нэг бүрийг оношлоод хүүхэд бүрийн чадварт тохирсон даалгаврын санг боловсруулах, дата бааз үүсгэх, эргээд тэр мэдээллээр нь дамжуулан хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх боломжтой юм.
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин