sonin.mn
Энэ удаагийн “Амьдралын тойрог булангийнхаа зочноор ардын язгуур урлагийг дэлхийд таниулж яваа ардын хөгжимчин өвлөн уламжлагч, Соёл тэргүүний ажилтан,“Язгуур аялгуу” хамтлагийн гишүүн П.Болормааг урьсан юм.
 
 
Баруун хязгаараас алсыг зорьсон охин
 
Урлаг тэр тусмаа ардын язгуур урлагийн нэн ховор хөгжмийн зэмсгийг тоглодог энэ эмэгтэй  1970 онд Монгол Улсын баруун хязгаар, Ховдын цэнхэр нутагт төржээ. Түүний аав Тамбовт цэргийн даргын сургууль төгссөн, Ховд аймгийн төвийн цэргийн ангийн дарга Пүрэвжав, ээж нь аймгийн ойн аж ахуйн ангийн техникч А.Лхамсүрэн хэмээн ажил үйлсээрээ олны дунд хүндлэгдсэн хүмүүс байжээ.
Ардын урлагаар овоглосон  П.Болормаа охин 1978 онд аймгийн төвийнхөө нэгдүгээр арван жилийн сургуульд оржээ.  Тэрээр долоон хүүхэдтэй айлын дундах охин. Хүүхэд байхдаа тэр хэл уран зохиол, орос хэлний хичээлдээ дуртай байж. Учир нь тухайн үед Монголд ирдэг байсан орос мэргэжилтнүүд сургуульд нь орос хэлний хичээл заадаг байснаас үүдэлтэй аж. Орос хэлийг сонирхон судалдаг байсан түүнд сургуулиа төгсөөд, ОХУ-д очиж суралцах хүсэл мөрөөдлийг суулгасан гэдэг. Энэ хүсэл нь ч түүнийг хуучнаар ЗХУ-ын Фрунзе хотод хувцас дизайнерын мэргэжлээр суралцах шалгалтыг амжилттай өгснөөр биелжээ.
 
Улсынхаа нийслэлд ч хөл тавьж үзээгүй баруун хязгаар нутгийн охин үеийн хүүхдүүдийн хамт ЗХУ-ыг зорьжээ. Улаанбаатар, Улаан-Үд, Новосибирскээр дамжин суралцах сургуульдаа галт тэргээр тав хоног явж хүрдэг байсан хэмээн оюутан ахуй цагийн дурсамжийн салхи сэвэлзүүлэв.
 
Ийнхүү хол зам туулан сургуульдаа очсон охины тэнд үзэж харсан бүх зүйл нь гайхшралыг нь төрүүлсэн хэмээн сонирхолтой дурсамж хуваалцсан юм.
Хөдөөгийн охинд, урсдаг шат, лифт, нүхэн гарц, хүмүүсийнх нь өмссөн хувцас, жимс жимсгэнэ, казах гэртэй төстэй шовгор оройтой киргиз гэр хүртэл сонин санагдаж байсан гэв. Мөн тэрээр нутгаа санахдаа энэ гэрт зардаг айрагнаас авч уудаг байжээ. Гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүдэд одоогийнх шиг утсаар ярих боломж байхгүй байсан учраас шуудангаар захиа илгээж, гэрийнхэнтэйгээ харилцдаг байв.  Хоёр долоо хоноод гэрээс нь  захиа ирэхэд ихэд  баярлаж уншдаг байв. Харин түүний хувьд оюутан ахуй цагийн хамгийн дурсамжтай үе нь тухайн үед оюутнууд жил бүр намрын ургац хураалтаар усан үзэм,шийгуа, сонгино хураалцаж, ундаа, шампанскны үйлдвэрт ажиллаж байсан үе байсан хэмээн дурсав. Тэр үеийн оюутнууд ажиллахын хажуугаар хураасан шийгуа, усан үзэмнээсээ иддэг байж. Ийнхүү халуун дулаан уур амьсгалтай, жимс жимсгэнэ ихтэй, өндөр уулстай оронд сурсан он жилүүдийг ардаа орхин хүссэн мэргэжлээ эзэмшиж, хээрийн шувуу  нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөртөлнө гэдэг шиг  1993 онд эх орондоо иржээ. Гэвч түүнийг Монголд ирэхэд, нийгэм солигдож, ардчиллын салхи сэвэлзэж байв. Энэ үед эзэмшсэн мэргэжлээрээ төрсөн аймагтаа хувцас захиалга, ахуй үйлчилгээний газарт жил гаруй ажилласан ч тэр газар нь хувьчлагджээ.
 
Гэхдээ тэр ороо бусгаа он жилүүдэд гараа хумхиад суусангүй. Бусдын адил наймаанд хүртэл явж үзжээ. Харин төгссөнөөсөө хойш 15 жилийн дараа буюу 2004 онд төрсөн аймагтаа байхдаа БНХАУ-ын Шинжаанаар дамжиж оюутан цагаас ижил дасал болсон хотдоо очиж долоо хоножээ. Гэвч сурч байсан үеэс нь хойш  мөн л сурсан дассан хотынх нь өнгө төрх нэлээд өөрчлөгджээ. Киргизстанд олон хөшөө дурсгал, хувийн их, дээд сургуультай болсноос гадна өмнө нь амьдардаг байсан орос, узбекүүдийн оронд гадаадын иргэд их амьдардаг болжээ. Түүнээс гадна хэл ёс заншил, царай, бие гээд бүх зүйлээрээ төстэй киргизүүд оросоор ярихад нь киргизээр ярьсангүй гэж дургүйцэж үндсэрхэг үзэл газар авсан болох нь мэдрэгджээ.
 
Ардын урлагт хөтөлсөн анхны багш
 
 
“Африкийн баяраар”- Хөөрхөн хүүхдүүдийн хамт
 
Орос, Монгол гэлтгүй цаг үе өөрчлөгдөж, ороо бусгаа нийгэм солигдсоны улмаас бүсгүй зун болгон гэрт нь ирж амардаг байсан аавынх нь хамаатан Ховдын Дуут сумын  харьяат н. Бямбажав ахындаа очжээ. Тэр үед гэр бүлийнхээ хүнтэй анх танилцаж байжээ. Яриа хөөрөөтэй, хөгжилтэй, өндөр нуруутай залуу мотоцикль нь эвдэрсэн гээд авга ахынд нь ирсэн нь тэднийг хожим тоонот гэрт толгой холбож, хувь заяагаа холбохын эхлэл болно гэж тухайн үедээ санаагүй явсан биз. Залуус танилцаж, уулздаг болсоор аймгийн төвөөс ахындаа амрахаар ирсэн бүсгүйг гэртээ буцахад Э.Баатар гэрийнх нь хаягийг заалгаж аваад үлдсэн байна. Тэд хоёр жил гаруй уулзаж, болзсоор 1997 онд хуримаа хийн гал голомтоо бадраасан аж. Залуу хосууд жилийн дараа анхныхаа хүүхдийн зулайг үнэрлэж,  төрж өссөн нутгаа орхиж хот бараадахаар Улаанбаатар руу нүүжээ. Харин хотод ирээд Налайхад “Арваншар” гэдэг  нэртэй газар хоёр жил амьдарсны дараа хотын төв рүү нүүж иржээ. Харин ардын язгуур урлагийн нэн ховор хөгжмийн зэмсгээр тоглож сурах саналыг нөхөр анх санал болгожээ. Хэдийгээр тухайн үед энэ олон янзын хөгжмөөр тоглож сурч чадах эсэхдээ эргэлзэж байсан ч нэн ховор хөгжмийн зэмсгээр тоглодог байсан ааваасаа сурч мэдсэнээ нөхөр нь зааж эхэлсэн байна. Ийнхүү нөхрийн хамт хөгжмөөр хичээллэсээр хэсэг хугацааг үджээ. Нөхөр нь “Миний заасан хөгжмүүдийг чи овоо тоглож сурлаа. Гэхдээ болоогүй байна. Надад шалгуулж шалгалтдаа тэнцлээ. Харин одоо нийслэлд болдог уралдаан тэмцээнд орох хэрэгтэй” гэж зөвлөсөн байна. Тэгээд тэрээр БНХАУ-ын Шинжаан Уйгарын нийслэлд болсон урлаг, соёлын арга хэмжээнд анх удаа тогложээ. Тоглолтыг нь хүмүүс сайхан хүлээж авснаар Шинжаан Уйгарын хажууд байдаг Ханас хэмээх БНХАУ-ын том жуулчны баазад сар ажилласан байна. Тэнд ажиллах хугацаандаа жуулчдад тоглолтоо сонирхуулдаг байж. Харин тэндээс буцаж ирсний дараа 2009 онд анх удаа урлагийн авьяастай хүмүүсийн авьяасыг нээн илрүүлдэг Монголын ардын урлагийн наадмын бүх шатанд тэнцэж. Тухайн үедээ заасан хөгжмийг нь тоглоод сурчихлаа. Ингээд болоо юм биш үү гэж бодож байсан бүсгүй үзүүлсэн амжилтдаа итгэж чадахгүй байсан гэдэг.  Харин тэнцэнэ гэдэгтээ өөртөө итгэл муутай очсон тэрээр ардын урлагийн наадамд нэн ховордсон хөгжмийн зэмсэг хулсан, төмөр, нуман хуураар тоглож урлагийн үзүүлбэр үзүүлж оролцоод эхний шатанд тэнцсэн нь  их урам зоригийг өгчээ. Харин хөгжмийн зэмсгээр тоглоод сурчихаар өөрөө уяраад энэ гайхамшигт хөгжмүүдийг заавал хүнээр заалгаж сурах шаардлагагүй бие даан сурах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрснөөр хөгжмөө тууштай оролдож сайн тоглож сурчээ. Мөн өөрийгөө цаашид хөгжүүлж казах үндэсний домбор хөгжим, шувууны жиргээг гаргадаг гэсэн хэд хэдэн аман хөгжмийг нэмж тоглож сураад дотоодын болон олон улсын тэмцээнд оролцож эхэлжээ. Түүний нөхөр Э.Баатар мөн л ардын урлагийн авьяастан бөгөөд энэ эрдмийг туульч, хуурч, хөөмийч ааваасаа сурч өвлөн авсан байна. Тэрээр долоон хүүхэдтэй  айлын том хүүхэд аж. Аавыгаа дагаж ан гөрөөнд явахдаа хөгжмөө авч явдаг, аавынхаа хээр хөдөө заасныг нь эхнэртээ зааж өгдөг байв. Харин малын эмч мэргэжил эзэмшиж мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилласан нөхөр нь  язгуур урлагт зүтгэхээр шийдсэнээс хойш  одоог хүртэл ардын урлагт үнэнчээр зүтгэж яваа аж. Эднийх Солонго, Сэлэнгэ хэмээх хоёр охинтой.
 
 
 
2019 оны 7.26-08.04 ХБНГУ-д болсон Европын Ардын урлагийн ХХХ их наадам
 
Том охин Сэлэнгэ нь аав ээжийнхээ төрсөн нутаг Ховд аймагт багшаар ажиллаж, амьдардаг аж. Охин Солонго нь хуулийн байгууллагад ажилладаг ажээ. Ардын урлагийг өвлөн уламжлагч П.Болормаа Үрэмч хотод анх удаа тоглосноос хойш Гадаад харилцааны яамны шугамаар 2012 оны долдугаар сарын 19-22-нд  Польш улсад болсон “Өрнөдийн пикник, фолк, блюз, каунтри энд блюграсс” наадамд оролцож тэргүүн байрын шагналыг авсан байна. Мөн 2017 оны зургадугаар сард дэлхийг тойрох Монголын өв соёл нэртэй соёлын арга хэмжээнд нөхөр болон Оросын театрын  уран бүтээлчидтэй автобусаар аялж, Европын орнуудаар олон улсын хөгжмийн наадамд оролцжээ. Тэндээсээ АНУ-ын Юта, Калифорни, Айдахо мужид болсон “Дэлхийн ардын урлагийн ХХХ их наадам”-д амжилттай оролцоод эх орондоо ирсэн байна. Ардын язгуур урлагийг сурталчилж олон орноор явахад ялангуяа, халуун уур амьсгалтай АНУ-ын Айдахо мужид 50 хэм хүртэл халахад Монголынхоо сэвэлзүүр салхийг  их санаж үгүйлжээ. Тэрээр манай орны сэвэлзүүр салхи чинь эм эмчилгээ юм байна гэдгийг тэнд очоод мэдсэн гэх. Зарим газарт нь очихоор манайхтай адилхан цаг агаартай. Ер нь Европын орны цаг агаар манай монголчуудад их тохиромжтой юм шиг санагддаг. Харин АНУ-д цаг агаар нь мужаасаа хамаарч өөр өөр юм билээ хэмээв.
 
Ховор хөгжмийн зэмсэг цуглуулах нь түүний хобби
 
Гадаадын аль ч улс орны тайзан дээр Монгол хэмээн зарлахад ихэд омогшдог хэмээн ярих энэ эмэгтэй өөрийнхөө тоглодог хөгжмийн зэмсгүүд, домборын цуглуулгатай аж. Аялан тоглолтоор очсон газарт нь таалагдсан хөгжмийн зэмсэг нь байвал авчихдаг эсвэл очсон газрынх нь арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүс үндэсний хөгжмийн зэмсгийг тоглон сурталчилж байхыг хүсч бэлэглэх ч удаа байсан гэв. Тэрээр ардын болон өөрийнхөө зохиосон уран бүтээлийг тоглох дуртай ч сүүлийн үед морин төвөргөөнийг илэрхийлсэн аялгуу тоглох дуртай болоод байгаа гэнэ.  Тэрээр домбор хөгжмийг оюутан байхаасаа сонирхжээ. Тиймээс цуглуулгад нь Баян-Өлгий аймгийн болон Казахстан улсын домбор байдаг аж. Гэхдээ түүнийг энэ хөгжмөөр тоглож сурахад Ховдод амьдарч байхад нь ирсэн монгол судлаач Кристин гэдэг эмэгтэй нөлөөлжээ. Учир нь Америкийн  судлаач эмэгтэй домбор тоглож сурах хүсэлтэй байгаагаа хэлж, Ховдын Ховд суманд очиж сурахаар явах гэж байгаагаа дуулгажээ. Харин энэ үед нь П.Болормаа “Тоглож сурахын тулд заавал хол  явах шаардлагагүй. Ховд аймгийн төв дээр энэ хөгжмөөр тоглодог хүн байгаа” гэснээр Багшийн дээд сургуульд сурдаг, домбор тоглодог  охинтой танилцуулсан байна. Харин судлаач бүсгүйг домбор тоглож сурсны дараа П.Болормаа Америк бүсгүйд шавь орж, домбор хөгжим тоглож сурсан гэсэн сонирхолтой түүхийг хүүрнэсэн юм.
 
 
Түүний хөгжмийн цуглуулгад чашга хөгжим 2-3 байдаг гэнэ. Ардын язгуур урлагийн нэн ховор хөгжмийн зэмсгүүдээр тоглодог П.Болормаад олон улсын соёл урлагийн тэмцээн уралдаад оролцож байх үеэр нь харсан,тоглоод сурчих юмсан гэсэн хөгжмийн зэмсгүүд байдаг гэнэ. Хятадын пийпаа, Америкийн индианчуудын тоглодог бишгүүртэй төстэй хөгжим, Болгарын үлээсэн гүзээ шиг тэр хөгжмийг сонирхож сурахсан гэж боддог аж.
 
 
Мөн гадаадын олон орноор аялаж байх үеэрээ харсан индианчуудын өд хатгасан хувцас ихэд таалагджээ. Харин түүний гэртээ хадгалдаг хөгжмийн зэмсгийн цуглуулгын  нэг нь Ховд аймгийн Манхан сумын  Гурван цэнхэрийн агуйгаас олдсон  алтан ятга хөгжмийг нөхөр нь тууль хайлахдаа тоглодог байна. Мөн тоглолтод өмсдөг дээл хувцсаа захиалгаар хийлгэдэг бөгөөд 20 гаруй дээлтэй ажээ.
Мөн чөлөө завтай, аялан тоглолтоор яваагүй үедээ хөдөө явж уул устай газар очих, нохой, шувуу ажиглаж харах дуртай. Ер нь амьтанд их хайртай, голын усны хоржигнохыг сонсох, урсгал ус харах нь таалагддаг гэж байв. Гэхдээ   тэрээр язгуур урлагаа сурталчилсан соёлын арга хэмжээнд оролцохын хажуугаар худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ОХУ-ын “Русский Сибирь” компанид менежерээр ажилладаг учраас цаг зав хомс. Тиймээс хоёр жилд нэг удаа нутаг руугаа явдаг гэнэ. Өөр нэг оролцох дуртай арга хэмжээ нь жил бүрийн долдугаар сард болдог “Дээлтэй монгол” наадамд оролцох дуртай. 2011-2015 он хүртэл таван жил дараалан энэ наадамд оролцсон. Гэхдээ сүүлийн үед ажил төрөл ихтэй байгаа учраас оролцож амжихаа больсон гэв. Одоо тэрээр хэд хэдэн шавьтай. Нэн ховор хөгжмийн зэмсгээр тоглож сурах хүсэлтэй хүүхдүүдэд заах хүсэл байгаа ч ажил ихтэй байгаа учраас зааж амжихгүй байгаа. Гэхдээ хүүхдүүд их сониуч учраас хичээл заахад их хөөрхөн байдаг гэсэн юм.
 
Түүний ардын язгуур урлагаа хөгжүүлэх, дотооддоо болон бусад оронд сурталчилан таниулах үйлсэд гаргасан хүчин зүтгэлийг нь үнэлж Төр, засгаас Монгол Улсын тэргүүний авьяастан, АНУ-д болсон дэлхийн ардын урлагийн язгуур урлагийн ХХХ дахь удаагийн наадамд амжилттай оролцоод ирснийх нь  дараа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Мөн 2017 онд Хүй долоон худагт болсон “Нүүдэлчин монгол” наадмаар соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч болжээ. Улсынхаа нэрийг олон улсын тайзан дээр дуудуулж, харь оронд тоглолтоор явахдаа эх нутгийнхаа цэнгэг салхийг санан үгүйлж явдаг нутаг амьтай энэ бүсгүйн алс холыг зорьсон аян дуусаагүй үргэлжилсээр явна.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин