sonin.mn
Сономбалжирын Буяннэмэхийн бүтээл туурвилыг 1921 онд мандсан ардын хувьсгал, түүний үр дүнд бүтээн байгуулсан шинэ Монгол Улсын түүхээс ангид салангид авч үзэх аргагүй юм. Шинэ Монголын шинэ хувьсгалт уран зохиолыг үүсгэн буй болгоход хамгийн идэвхтэйгээр гар бие оролцож сэтгэл зүрх, авьяас билгээ бүрэн зориулсан С.Буяннэмэх хувьсгалт уран зохиолын тулгын галыг асаан бадрааж анхных нь шүлгийг бичжээ. Тэр үед бичсэн түүний шүлэг найргаас нь одоогоор мэдэгдэж байгаа, үлдэж хоцорсон нь “Чигч шударгыг шүүмжилсэн шүлэглэлийн оршил” товхимолд хэвлэгдсэн “Ардын намын тухай анхны шүлэглэл” болно. Эл шүлгийг зохиогч 1920 онд бичжээ. Академич Ц.Дамдинсүрэн гуайн дурссанаар “Шоргоолжийн тивд зугаацсан нь” хэмээх гоё шүлэг бичсэн. Үрэгдэж алга болсон гэжээ. Ийм байдлаар гээгдсэн нь хэд болохыг хэн ч хэлж мэдэхгүй.
 
С.Буяннэмэх нийтдээ 187 шүлэг бичсэн байна. Эдгээрийг агуулга сэдвээр ерөнхийд нь үндсэн 4 хэсэгт хувааж үзэж, тавд нь нэмж нэг зүйлийг онцолж тодотгож хэлж болохоор байна. Нэгд, түүний шүлэг найраг тухайн нийгмийн үйл явдлын тусгал, цаг үеийн түүхэн толь болж байжээ. Тэрбээр шинэ нийгмийн бүтээн байгуулалт, түүний зорилго чиглэл, нам засгаас хэрэгжүүлж байгаа бодлого  шийдвэр, үйл ажиллагаа Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралыг сайжруулахад чиглэж байгааг тууштай сурталчилж байв.
 
Хувьсгалт уран зохиол, түүний тэргүүн эгнээнд тодрон гэрэлтэгч шүлэг найраг хүн арддаа зориулагдаж, нийгмийнхээ үүргийг биелүүлэх ёстой гэж С.Буяннэмэх үзэж байсан байна. Тэр 1921 оны ардын хувьсгалын дууч нь байжээ. Тэрбээр шүлэг найрагтаа, тухайлбал “Ердийн хувьсгалч” шүлэгтээ
 
Хувьсгалч гэдэг бол
Ховорхон хүн байдаг юм
Ховоо ертөнцийн дээр бол
Хэдхэн цөөхөн гарчухуй
Хувьсгалч хэмээх алдар бол
Хүнд их алдар мөн
Хүн төрөлхтний түүхэн дээр
Тун шинэхэн гавьяа мөн гэх буюу эсвэл
Ариун журмыг амь мэт сахиж
Ардын хувьсгалыг бие мэт хамгаалж
Аливаа дайсныг бай мэт харваж
Алдарт төрөө төмөр мэт бататгамуй  /“Хувьсгалт намын идэр хүчин”/ гэх зэргээр итгэл сэтгэлээрээ чин зүрхнээсээ дуулж байсан байна.
 
Хоёрт, С.Буяннэмэх хувьсгалт үйлс, шинэ нийгмийн бүтээн байгуулалтыг сурталчлан таниулж ойлгуулахдаа өнгөрсөн түүхийнхээ үнэт зүйлс, өвөг дээдсийнхээ захиас гэрээслэлтэй нягт холбож үзүүлдэг найрагч байв. Хорь гучаад оны уран зохиолчдоос өнгөрсөн түүх рүүгээ хамгийн ихээр өнгийн харж омогшилт бадрангуй түүхэн замналаа үе үе хүчтэйгээр эргэн сануулж бичиж байсан нь С.Буяннэмэх юм. Өнгөрсөн түүхийн үнэт сургамж бол монголчуудын үндэсний ухамсрыг сэргээж, тусгаар тогтнолыг бэхжүүлж, улс орноо сэргээн мандуулахад нөлөөлөх чухал хүчин зүйл гэдгийг тэрбээр маш сайн ойлгож мэдэрч байсан учраас олон арван түүхэн сэдэвт шүлэг, өгүүлэл, өгүүллэг, түүхэн сэдэвт жүжгүүдийг бичиж туурвисан байна. Эзэн Чингис хааны тухай хэд хэдэн шүлэг, жүжиг бичсэн нь үүнийг гэрчилнэ. Тэр Чингисийн дүрийг шинэ монголын утга зохиолд цоо шинээр дүрслэн үзүүлж өргөн мандуулж магтан дуулж чадсан найрагч байжээ.
 
 
Монгол Улс хэзээ ямагт өрх тусгаар улс явж ирсэн, хөх туг нь дэлхий дээр газар бүр хийсэж байсан, хүн ард нь уудам тэнүүн эх нутагтаа эрх дураар аз жаргалтай цэнгэн жаргаж байсан. Бусдын гарт орж боолын боол, босгоны шороо болж явах ард түмэн биш, 1921 оны ардын хувьсгал нь өвөг дээдсийн их үйл хэргийн үргэлжлэл, алдсан аз жаргал, бусдад булаалгасан тусгаар тогтнол, эрх чөлөөг эргүүлж авчирсан гавьяат үйлс юм гэж тэр шүлэг зохиолоороо өгүүлж монголчуудын үндэсний ухамсрыг өдөөн сэргээж байсан байна.
 
 
“Хүчин чадал баатар зоригоор” шүлэгтээ эрэлхэг зоригт их алдарт Есүхэйн хөвгүүн Чингис хаан эргэн тойрны хамаг улсыг эрхэндээ хурааж баатар их чадлаар ертөнцийн хүрдийг эргүүлэв гэж С.Буяннэмэх бичиж байлаа.
 
Дэлхийд тэргүүлэх тавиад улс гүрнүүдийн удирдагчид, нэрд гарсан шашны том зүтгэлтнүүд, улстөрчид ба эрдэмтэд Их Монгол Улсын 800 жилийн түүхт ойг тохиолдуулан XII-XIII зууны Их Монгол Улс, эзэн Чингис хаанаас дэлхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн гарамгай үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн өөрсдийн илтгэлүүддээ тод томруунаар товойлгон үнэлж тодотгосон билээ. Тэдгээрийг агуулгаар нь багцлан нэгтгэж үзэхэд тухайн цаг үедээ Их Монгол Улс хамгийн шударга хууль цаазтай улс байсан, хүн төрөлхтний түүхэнд анх удаа хуулийн засаглалыг хэрэгжүүлснийг онцгойлон тэмдэглэсэн байна.
 
Тэрчлэн энэхүү төрт ёсны үзлээс гадна өрнө дорныг холбосон чөлөөт худалдааг дэлхий дахинд анх нэвтрүүлснийг, дэлхийн соёлын солилцоог эхлүүлэн хөгжил хөдөлгөөнд оруулж харилцан нөлөөлөл буй болгосныг, үндэстэн ястнуудыг шүтэх бишрэх адил тэгш эрх чөлөөгөөр хангасныг, цэргийн шинжлэх ухааны стратеги тактикт гарамгай хувьсал шинэчлэл хийснийг, орчин үеийн дипломат ёсыг үндэслэн хөгжүүлснийг, түүгээр ч зогсохгүй өнөөгийн даяарчлалын эхлэлийг анхлан тавьсныг цохон дурьджээ.  Өөрөөр хэлбэл Төрт ёсны хуулийн засаглал, чөлөөт худалдаа, соёлын харилцан нөлөөлөл, үндэстэн ястнуудын янз бүрийн шашин шүтлэгт эрх тэгш хандсан, цэргийн шинжлэх ухаанд хувьсал шинэчлэл гаргасан, орчин үеийн дипломат ёсыг үүсгэж хөгжүүлсэн, хүн төрөлхтөн, улс орнуудын даяарчлалын эхлэлийг анхлан тавьж чадсан-ийм үндсэн 7 гавьяат үйлсийг Их Монгол Улс, Эзэн Чингис хаан хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд гүйцэтгэсэн аж. Үүнийг бүтэн найман зуун өнгөрсний дараагаар буюу 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор л дэлхий нийт сая хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл манай С.Буяннэмэх үүнийг бүр 1923 онд өөрийнхөө “Хүч чадал баатар зоригоор” хэмээх  дуун шүлэгт:
 
Бадрангуй их алдрыг баруун тив хүртэл алдаршуулаад
Баатар их чадлаар ертөнцийн хүрдийг эргүүлэв
Гал мэт баатар сүрээр гадаадын улсыг байлдан дайлаад
 
Гайхамшигт их алдар нэрийг галав болтол дэлгэрүүлэв хэмээн товч тодорхой агаад уран яруугаар хэлчихсэн байгаа юм. Ингэж өөр нэг ч найрагч урьд нь хэлж байсангүй. Ертөнцийн хүрдийг эргүүлэв, галав болтол дэлгэрүүлэв гэж гайхалтай тансгаар аугаа том утга агуулгыг илэрхийлэн гаргажээ.
С.Буяннэмэх найрагчийн гурав дахь онцлох сэдэв нь шинэ дэвшилт тэргүүний зүйлсийг түгээн дэлгэрүүлэх замаар түмэн олноо танин мэдүүлж, соён гэгээрүүлэх явдал байжээ.  Соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны ололт амжилтыг С.Буяннэмэх шүлэг найргаараа сурталчилж түгээн дэлгэрүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж байв. Холбоо харилцаа, хоршоо дэлгүүр, хэвлэх үйлдвэр, сонин хэвлэл,  эвлэл пионерийн сэдэвт ихээхэн анхаарч байсан нь анзаарагдана. Эх орон, хүн ардын холбогдолтой иргэнлэг сэдэв түүний шүлгүүдийн зонхилох хувийг бүрдүүлж байна. Феодалын нийгмийн хоцрогдлыг хурцаар шүүмжилж арилгаж цэвэрлэхийн төлөө шүлэг зохиолоороо С.Буяннэмэх тэмцэж өөрийн нийгэм, цаг үедээ үйлчилж  байжээ.
 
Бие байдалд хүрмэгц
Бичгийн утгыг эрлэмүй
Билгийн ухааныг төгсмөгц
Биндирьяагийн  гэрлийг  сацруулмуй  хэмээн  тэрээр  бичиж  байлаа.
 
Үүнийгээ ч өөрийн амьдрал практикт ягштал биелүүлж монголын нийгмийг соён гэгээрүүлэхэд богинохон насныхаа ухамсарт бүх амьдралыг бүрэн зориулж чадсан байна.
 
С.Буяннэмэхийн шүлэг зохиолоос хасч болохгүй дөрөв дэх том сэдэв нь утгыг далдалж бичсэн, тайлбарлуулахыг эгээрсэн шүлгүүд болно. Далд утгат шүлэгт агуулгыг шууд хэлэхгүй, гагцхүү түүгээр уншигчдад юм бодуулж далд утгыг ил болгож олуулахад чиглэх ба авьяастан чадвартангууд бие биесийн оюун ухаан, хүч чадлыг сорьж сонжиход хэрэглэж ирсэн энэ бичлэг нийгэм хийгээд хүмүүний аж амьдралд амь бөхтэй оршиж буй бузар булай зүйлс, ойртон айсуй аюул занал, хүчирхийлэл түрэмгийллийг урьдчилан хэлж сэрэмжлүүлэх онцгой ач холбогдолтой гэж тэр үзэж байсан байна. Мөн шүлэгч найрагчдын ур чадварыг өсгөх, ухаан бодлыг задалж гүнзгийрүүлэх нэг түлхүүр хэмээн С.Буяннэмэх харж байжээ.
 
Эцэст нь буюу тавд түүний утга уянгын шүлгүүдийг багцлан дээжилж тусгайлан ялгаж товч боловч томьёолон хэдэн үг нэмж өгүүлэх нь шударга ёсонд нийцнэ. С.Буяннэмэх “Алтан дэлхийн магтаал”, “Хадны дээрх ганц хоньчин” хийгээд “Хаврын баясал”, “Зуны цэнгэл”, “Намрын навч”, “Өвлийн өвгөн” хэмээх дөрвөн хэсгээс бүрдсэн жилийн дөрвөн улирлын тухай шүлэг, “Утга уянга”, “Хөөрхөн тотийн үг”, “Өвлийн дундах үзэсгэлэн”, “Тэсгим хүйтэн”, “Далайн давалгаа”, “Хэнтийн уул”, “Өвлийн доторх ядуу гэр” зэрэг гайхамшигтай уянгалаг, гайхалтай дүр дүрслэл бүхий цөөнгүй шүлгийг бичиж туурвижээ.
Эдгээр шүлгийн ур чадвар, гоо сайхныг хорь гучаад оны үеийн бусад зохиолчдын бүтээлүүдтэй эгнүүлж зэрэгцүүлэх аргагүй бөгөөд зөвхөн Д.Нацагдоржийн зарим алдарт найрагтай л дүйцүүлж ярьж болно. Монголын уншигчдаас олон хүн  эдүгээг хүртэл тэдгээрийн амт шимтийг төдийлэн мэддэггүй нь түүний зохиол бүтээлийг 1962 он хүртэл хорьж цагдаж нийтэд түгээлгүй хав дарсантай холбоотой юм.
 
Тэр өөрийн бичсэн “Алтан дэлхийн магтаал” хэмээх шүлэгтээ:
 
Хөх морь юугаан хө хө
Унаж явахдаа хө
Хөндий их орчлонг хө хө
Шинжлэнхэн явна даа хө… гэх зэргээр алтан сайхан дэлхийнхээ өнгө үзэсгэлэнг уран яруугаар зурж дүрслээд утга агуулгыг улам чангалан чамбайруулж
 
Унаж яваа морь минь хө хө
Уулын сайхныг үзээд хө
Унаганыхаа дуугаар хө хө
Уйланхан янцгаана хө хэмээн зангидаж төгсгөсөн байгаа юм.
 
Хүн битгий хэл малын бие сэтгэл нялхарч байна. Та бид ийм л сайхан эх орон, газар нутагтай билээ гэдгийг үүнээс илүүтэйгээр хэрхэн яаж илэрхийлэн хэлэх билээ. Ийм шүлэг түүнд цөөнгүй бий.
 
Өргөн говьд нь турхан шувуу жигүүр цуцсан
Өндөр ууланд нь тураг ангийн хөл эцсэн
Монгол хэмээх гагцхан газар дэлхийн нэр биш
Монгол хэмээх ган зоригт баатар ард түмэн гэж  тэрбээр  “Монгол” шүлэгтээ эх орон, хүн ардаа магтан дуулсан бол “Намрын навч” хэмээх өөр нэг шүлэгтээ:
 
Намрын улирал хэзээ боловч аргагүй хүрч ирнэ
 
Навч цэцэг намайг орхиод салхийг даган одно
 
Идэр эр модыг түшиж бугын дууг сонсоод
 
Өнгөрсөн үеийн түүхийг санаж сэтгэлийн дотор эмтэрнэ…
 
Насан залуу хүчин чийрэг хүний сайхан цагтаа
 
Малыг маллаж, тариаг тарьж ажлыг хийгээгүй бол
 
Навч шарлаж намар болж нас тогтохын үед
 
Тайван гэртээ санаа амар яахан шатар тавина гэжээ.
 
“Хөөрхөн тотийн үг” хэмээх хүүхдийн шүлэгтээ болохоор
 
Бяцхан тоть би
Бие минь балчирхан
Үс минь нялзархан
Үг минь цулцархан гэх зэргээр шүлэглэж байсан байна.
 
 
“Үлгэрийн шүлгийг хайлан хэлдэг, орчин үеийн шүлгийг уншиж өгүүлдэг” гэж Буриадын судлаач эрдэмтэн Г.Түденов хэлжээ. Энэ үнэн бололтой, манайд хайлан дуулан эгшиглүүлдэг нь С.Буяннэмэх, хайрцаглан шүлэглэж өгүүлдэг нь Д.Нацагдорж байж. С.Буяннэмэхийн шүлгүүд Владимир Маяковскийг, Д.Нацагдоржийн найраг Сергей Есенинийг санагдуулдаг. Орчлон хорвоон хэрэг явдал, өнгө төрх, ааш араншинг тэд өөр өөрийнхөөрөө л зурж дүрсэлж үлдээжээ.
 
Хэрэв Дашдоржийн Нацагдоржийг орчин цагийн монголын утга зохиолын хэлийг шүлэг найргаараа үүсгэлцэж бүтээлцсэн уянгын аугаа их яруу найрагч мөн гэж үзэх юм бол, Сономбалжирын Буяннэмэхийг хорь гучаад оны шинэ монголын шинэ нийгмийн амьдралыг бүтээл туурвилдаа нэвтэрхий толь мэт тусган буулгаж чадсан аугаа авьяаслаг сод их улстөрийн сонгодог яруу найрагч хэмээн бүрэн үндэстэй нэрлэж болохоор байна.
Хоёрдугаарт, Сономбалжирын Буяннэмэх 31 өгүүллэг бичжээ. Энэ бол бидэнд хүрч ирсэн, түүний зохиолын түүврийн хоёр дахь ботид орсон өгүүллэгийн тоо. Хэд нь үрэгдэж алга болсныг тааварлах аргагүй. Тэрбээр төрөл бүрийн сэдвээр, тухайлбал тайж, ван, гүн ба харц ардын харилцаа холбоо, феодал ангийн дарлал мөлжлөг, харийн түрэмгийлэгчдийн харгис дээрэнгүй байдал, тэдний зүгээс Монголд учруулсан нөхөж баршгүй хор хохирол, монголын нийгмийн тэргүүний хэсэг харийн түрэмгийлэгчдийн эсрэг хэрхэн тэмцэж боссон, ялангуяа ардын хувьсгалын ач тус, улс орноо хөгжүүлэх хийгээд түмэн олныхоо аж амьдрал, ядуу зүдүү байдлыг арилгахын төлөө хийж буй тэмцэл, шударга ёс болоод шинжлэх ухааны ололт амжилтын талаар, Ардын журамт цэрэг, түүний сүр хүчин болоод их жанжин Д.Сүхбаатарын тухай бичиж байв. Мөн Октябрийн хувьсгалын үзэл санаа, түүний үр дүнд бүрэлдэн тогтсон ажилчин, тариачны төр засаг жирийн хүн ардад юу авчирч буйг, хүн төрөлхтний өмнөх эрхэм тулгамдсан чухал асуудлыг ч хөндөж байжээ.
 
Аль ч өгүүллэгийг нь авч үзсэн феодалын нийгмийн хоцрогдол, шашны мухар сүсэг, соёл гэгээрлээс гээгдэж хоцорсон хүн ардын үнэн бодит байдал, шинэ нийгмийн бүтээн байгуулалтын үр дүн-соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны ололт амжилт, түүний давуу талыг уран яруу найруулгаар үнэмшилтэй бөгөөд өгөөжтэйгээр нээн харуулж байсан байна.
 
 
Түүний бичиж туурвисан “Уран гоо охины үлгэр” /төгсөөгүй/ ба “Аюулт байлдаан” /зарим номд Их дайн, Их дайны чимээ нэрээр орсон байдаг бололтой/ хэмээх хоёр өгүүллэг нь уран яруу дүр дүрслэл, утга агуулгын гүн гүнзгийгээрээ, тэрчлэн өвөрмөц бичлэгийн аргаараа бусад өгүүллэгээс онцгойрон ялгарч буйг эрхбиш цохон тэмдэглэх нь зүйтэй буй заа.
 
 
“Уран гоо охины үлгэр” бол Цагаан дарь эх бурханы үгээр зурагласан хөрөглөл мөн. Монгол бүсгүйн гадаад гоо үзэсгэлэн, дотоод сэтгэлийн цэвэр тунгалаг байдал, оюун ухааны оргилсон их хүч, ундаргын нэгдэж нийлсэн яруу найрслыг С.Буяннэмэх эх хэлнийхээ барагдашгүй баялаг сангаас үгсийн хүдрийг шижиртүүлэн цуглуулж зодож гайхуулж бичиж дээ гэсэн сэтгэгдэл уншсан хүн бүрт өөрийн эрхгүй төрнө.
 
Монголын уран зохиолд эмэгтэй хүн-Эх цагаан дарь эхийг янз янзаар дүрсэлж, зүйл зүйлээр бахдаж гаргасан нь бишгүй олон боловч С.Буяннэмэхийн “Уран гоо охины үлгэр” шиг үнэнхүү гоёмсог үлгэрийн дагинасан хөрөглөл нь өнөөг хүртэл хараахан гараагүй байна.
“Аюулт байлдаан” хэмээх өгүүллэг нь бичлэгийнхээ арга барил, утга агуулгаараа “Уран гоо охины үлгэр”-ээс эрс тэс өөр юм. Эл өгүүллэгээрээ С.Буяннэмэх нь монголын утга зохиолд цоо шинэ чиг хандлагыг  оруулж ирсэн гэж үзэж болно. Мөн л монгол хэлний баялаг, тэгэхдээ үг өгүүлбэрийн туслах дагаварууд-дуу чимээ, авиан зүйн бичлэгийн тэмдэгтээр дайн байлдааны хор хөнөөл, үр дагаварыг нээн үзүүлсэн нь үнэхээр сонирхолтой. Энэ нь тухайн цаг үедээ урьд өмнө нь монголын утга зохиолд хэн ч гаргаж ирээгүй шинэчлэл болжээ. 2,5-хан хуудас  уг жижигхэн өгүүллэгт дуу чимээг тэмдэглэх монгол хэлний авиан тэмдэгтээр дэлхийн хэмжээний том дайныг дүрслэн үзүүлж, түүний хор хөнөөлийг илчлэн гаргаж чадсан байна. Энэ бол С.Буяннэмэх цаг ямагт бичлэгийн шинэлэг арга хэлбэрийг эрж хайж, туршиж үзэж байсны тод илэрхийлэл юм.
 
“Тэнгэрийн өнгө будангуй болж, орчлонгийн байдал харанхуй болоод , улаан тоос зүг зүгээс босож уйлах, хашхирах дуу ертөнц дахиныг бүрхээвэй. Жагсан ирсэн цэрэг нь дөрвөн зүгийг бүслээд, жагсааж тавьсан зэвсэг нь уул хадыг бүрхээжүхүй. Туг хиарын хийссэн нь түмэн газар үргэлжлээд тоо томшгүй цэргүүд газар  дэлхийг бүтээвэй” хэмээн эхэлж буй уг өгүүллэгт зохиолч будангуй ба харанхуй, бүрхээжүхүй ба бүтээвэй гэх зэргээр утга илэрхийлэх үгсийг ончтойгоор олж байрлуулж дэлхийн том дайн эхэлж буйг дүрслээд улмаар “Өмнөд уулын өврөөс үхэр буугийн дуун гүдэн хэмээн сонсдож оргилсон хар утаа пур хэмээн харван гарахуйд умард уулын энгэрт харвасан сум нь пүд хэмээн тусаад, түс хэмээн тэсэрхүйд түүний цуурай нь нир нир ниррр хэмээн тасралтгүй нижигнэмүй” гэх зэргээр дайн байлдааныг дуу авиагаар дүрслэн харуулжээ.
Энэ бүхнээс үзэхэд С.Буяннэмэх нь шинэ Монгол Улсын шинэ уран зохиолын түүхэнд шилдэг өгүүллэгүүдээрээ мөнхөрч үлдэх хувь тавилантай уран үгийн гарамгай мастер, богино өгүүллэгийн гайхамшигт урлаач дархан байжээ гэж хэлж болно.
 
Гуравдугаарт, Сономбалжирын Буяннэмэхийн түүвэр зохиолын хоёр дахь ботид түүний бичсэн, бичихээр завдаж дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргасан 18 жүжгийн зохиол байна. Тэр “Сандо амбаний шийний бичиг”, “Ойрхи цагийн товч түүх”, “Монголыг хүрээлсэн эзэрхэг улсуудын хоорондын байдлыг товчлон үзүүлсэн түүх”, “Баатар хөвгүүн Тэмүүжиний жүжиг”, “Марал шар”, “Ардыг мэхлэгч шар хуялч”, “Шөнийн буг”, “Харанхуй засаг”, “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”, “Гурван хорын хүлээс”, “Үнэн”, “Хуучин цагийн хуваргууд”, “Ардын долоон баатар” зэрэг олон сайхан жүжгийн зохиол бичжээ. Цөөнгүй нь төвийн ба орон нутгийн театр, соёлын ордон, клубүүдэд тоглогдсон байна. Түүний зохиосон “Сандо амбан” жүжиг бол Монголд тайзнаа амилсан хамгийн анхны ший жүжиг юм. Хувьсгалт тэмцэл, шинэ бүтээн байгуулалтын ажил үйлсэд бүхнээс илүүтэйгээр тус нэмэр болох урлаг нь жүжгийн зохиол мөн гэдгийг С.Буяннэмэх хамгаас түрүүнд олж мэдэж ойлгож мэдрээд нэн чадамгаар ашиглаж байсан нь ойлгогддог. “Харанхуй засаг” жүжиг нь Москва хотноо болсон олон улсын жүжгийн тэмцээнээс тэргүүн шагнал хүртэж байжээ.
Тэр бол шинэ Монголын шинэ цагийн жүжгийн зохиолыг үндэслэгч төдийгүй энэхүү амин чухал урлагийг Монголд эхлүүлж хөгжүүлэн дэлгэрүүлэгч нь байжээ. Тэрчлэн жүжгийн зохиолын ололт амжилт, дутагдал доголдлыг олж харж шинжлэн шүүмжилж, залж чиглүүлэгч нь байсан байна. Театрийн урлагийг Монголд хөгжүүлэх, шинэ цагийн жүжигчдийг төрүүлж өсгөж бойжуулан мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэхэд С.Буяннэмэх шиг санаа тавьж тууштай хичээнгүйлэн хөөцөлдөгч нь өөр байсангүй. Өөрийн бичсэн бүтээлүүдээрээ монголын жүжгийн урлагийн цаашдын хөгжилд нь хүчтэй нөлөө үзүүлсэн байна.
 
Жүжгийн зохиол түүний гарт орсон бичлэгийн төрөл байж. Бичсэн жүжгээрээ уралдаанд заавал түрүүлдэг байж. Анхны жүжиг “Сандо амбан”-г нь Богдын ордонд үзүүлэхэд Дондогдулам хатан 50 лан мөнгөөр шагнаж байсан бол  “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар” жүжиг нь Ардын хувьсгалын 15 жилийн ойн улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан байна. “Идэр жинчин” буюу “Хоршоо жингийн дуу” жүжиг туурвисан нь улсын уралдааны 1-р байранд орж байжээ.
С.Буяннэмэх “Сандо амбан” жүжгээ сүүлд засч нэмж баяжуулаад “Ойрхи цагийн товч түүх” нэртэйгээр тавьсан бөгөөд өөрөө зарим дүрд нь тоглосныг Судар бичгийн хүрээлэнгээс өндрөөр үнэлж 150 лан мөнгөөр шагнаж байсан байдаг. Монгол хэл дээр анхны ший жүжгийг найруулан тавьсан найруулагч нь С.Буяннэмэх байсан аж. 1931 оны 11-р сарын 12-нд Улсын төв театрыг байгуулах 150-р тогтоолыг Засгийн газраас гаргаж, мөн ондоо С.Буяннэмэхийн “Үнэн” дуулалт жүжгээр  уг театрыг ёслол төгөлдөр нээж, улмаар залгуулаад А.Ефремовын найруулгаар түүний “Арван жил” жүжгийг тоглож байсан баримт байна.
 
Дөрөвдүгээрт, С.Буяннэмэх “Малчин Товуудай” хэмээх баримтат, “Алсыг зорьсон алтан загас” далд утгат хоёр тууж туурвижээ.
“Малчин Товуудай” туужид алс баруун хязгаар-Ховд нутгийн эгэл жирийн малчин ард Товуудайн амьдрал, ажил үйлсийг феодалын ба түүний дараах нийгэмд ямар байгаад яаж өөрчлөгдөж буйгаар дүрслэн харуулсан байна. Бодит үнэн амьдралыг бараг тэр чигээр нь хүүрнэн өгүүлсэн бүтээл. Олон зүйлийг, түүний дотор сайн малчдын зөвлөлгөөн дээр нам засгийн удирдагчдын хэлсэн үг өгүүлбэрийг ямар ч өөрчлөлт засвар оруулалгүйгээр бага зэрэг товчилсхийж оруулсан гэдгээ зохиогч ч өөрөө “Өчүүхэн оршилдоо” тэмдэглэжээ.
“Алсыг зорьсон алтан загас” тууж бол дээрхээс тэс ондоо зохиол. Уг зохиол анхалж 1927 онд Буриад монголын эрдмийн хүрээлэнгийн хэвлэл “Уран үгсийн чимэг” цоморлогийн нэгдүгээр дэвтэрт хэвлэгдэж уншигчдын гарт хүрчээ. Эх орныхоо иргэд уншигчдад хүртэл даанч урт удаан замыг туулсан нь тун харамсалтай.
 
 
“Алсыг зорьсон алтан загас” туужид С.Буяннэмэх өөрийн далд утгын онолыг дээд цэгт нь тултал ашиглаж чадсан нь тод харагддаг. Утгыг далдалж урнаар дүрслэн үзүүлэхийн үлгэр дууриаллыг үзүүлж чадсан энэ тууж нь монголын уран зохиолын туужийн төрөлд нэгэн гэрэлт оргил нь болж сүмбэрлэн зүмбэрлэх хувьтай шилдгийн шилдэг зохиол гэдэгт би хувьдаа гүн итгэлтэй байгаа юм. 
 
 
Зохиогч Ази тивийн Монгол орны Туул голын төрөлх алтан загас Цөл ба Гил хоёрын алсыг зорьж түмэн зовлон мянган бэрхшээлийг даван туулж буйг сонирхолтой агаад урнаар дүрслэн үзүүлжээ. Ингэхдээ энэ хоёрын гол зорилго нь зах хязгааргүй их далайн түмэн зүйлийн амьтадтай, тэдний хүрээлэнгийн соёл боловсрол, үсрэнгүй хөгжилтэй танилцаж суралцах, нөгөө талаас өөрсдийн өмөг түшиг гол тулгуур болох энэрэнгүй сэтгэлтэн их гүрнийг олж нөхөрлөх явдал аж. Алтан загас Цөл, түүний анд нөхөр Гил хоёр зорьсондоо хүрч газар үзэж нүд тайлсан ч өнөөх өмөг түшиг болох аз жаргалын үлгэр жишээч их гүрэн-хүсэл тэмүүллийн диваажингаа олсонгүй.  Харин алхам тутамд амаа ангайж, шүдээ ярзайлгасан харийнхан буюу Цөл, Гил хоёрыг бүхлээр нь зажлалгүй  залгиж чадах харгис хэрцгий, туйлын эзэрхэг түрэмгийчүүдтэй тааралдаж байна.
С.Буяннэмэх 1923 онд “Монголыг хүрээлсэн эзэрхэг улсуудын хоорондын байдлыг товчлон үзүүлсэн түүх” нэртэй жүжгийг бичиж эргэн тойрны Орос, Хятад, Япон зэрэг эзэрхийчүүдээс Монголын талаар явуулж ирсэн бодлогыг ил тодоор /тэгэхдээ өнгөрсөн түүхээр/ нээн үзүүлж байсан бол  “Алсыг зорьсон алтан загас” тууждаа эзэрхэн түрэмгийлэгчдийн хүсэл мөрөөдөл, алс хэтийн бодлого зорилго, тэдний зүгээс гаргаж болзошгүй ааш араншинг урьдчилан харж хэлж сануулж сэрэмжлүүлжээ. Үүнд уг туужийн далд утга оршино гэж би үзэж байна.
С.Буяннэмэхийн “Алсыг зорьсон алтан загас”, Д.Нацагдоржийн “Харанхуй хад” зохиол нь ухаантан мэргэдийг удтал маргалдуулсан сэдэв байсаар байх буй заа. “Алсыг зорьсон алтан загас” туужийг хэн ямраар яаж ч тайлбарлалаа гэсэн энэ тууж утгыг далдалж нууж бичсэн зохиолын үлгэр жишээч шинэ загвар хэвээрээ байх болно. Бичлэгийн шинэлэг арга хэлбэр, утга агуулгын гүн гүнзгий нуугдмал байдал, уран дүрслэлийн хэм хэмжээ, сонирхолтой зохиомж, яруу сайхан хэл хэллэг, ашид мөнхөд алтан гадас од адил оршин гялтганах адилтгал зүйрлэлээрээ “Алсыг зорьсон алтан загас” туужийн өмнө гишгэх бүтээл бараг л үгүй болов уу.
 
Тавдугаарт, С.Буяннэмэхийн судлал шүүмжлэл, утга зохиолын онолын бүтээлийн талаар би өөрийнхөө номын 5 дахь хэсэгт туйлын дэлгэрэнгүйгээр өгүүлсэн тул үнэлэлт дүгнэлтийн товчхон хураангуйг энд мэдээлье. С.Буяннэмэх нь Монголын утга зохиолын төлөө төрсөн хүн. Бурханаас илгээсэн соён гэгээрүүлэгч элч гэж хэлж болно. Тэр бол МЗЭ-ийг үүсгэн санаачлагч төдийгүй, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулагч, мөрийн хөтөлбөрийг нь боловсруулан хэрэгжүүлэгч, биеэр үлгэр дууриал үзүүлж залж чиглүүлэгч нь буюу жинхэнэ удирдагч нь байжээ. Энэ нь түүний судлал шүүмжлэл, утга зохиолын онолын бүтээлээс маш тод мэдрэгддэг.
Уран зохиолын төрлүүд, түүнийг хэрхэн яаж ойлгох, улмаар бүтээлчээр ашиглан бичиж туурвих арга зүйг С.Буяннэмэх иж бүрэн, цогцолбороор нь авч үзэж, онолын болоод практикийн олон чухал асуудлыг зөв өнцгөөс ул суурьтайгаар хөндөн зөв зүйтэй гаргалгаа гаргасан утга зохиолын сурах бичгийг туурвин бүтээжээ. Энэ нь шинэ монголын түүхэн дэх утга зохиолын судлал шүүмжлэлийн хамгийн анхны ихээхэн үнэ цэнэтэй томоохон бүтээл болсон байна.
 
Уран зохиолын бүх төрөл амжилттай урагшлан хөгжихийн үндсийн үндэс нь утга зохиолын шүүмж судлал  мөн гэдгийг хамгаас түрүүлж ухаарагч нь С.Буяннэмэх байсан төдийгүй Монголын утга зохиолын  түүхэнд хамгийн анхны уран сайхны шүүмж шүүмжлэлүүд болоод уран зохиолын онолын зохиолыг эхлэн туурвигч нь мөн тэр өөрөө байсан байна. “Утга зохиолын үүд”  болоод түүний бусад судлал шүүмжлэлийн өгүүллүүд үүнийг гэрчилнэ.
 
 
“Утга зохиолын үүд” онолын томоохон бүтээлийг 1935 онд бичиж туурвиж үлдээснээрээ  орчин цагийн монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн анхдагч болсон нь маргашгүйгээр тогтоогдож байна. С.Буяннэмэх бол яах ч аргагүй монголын утга зохиолын онолыг үндэслэгч мөн.
 
 
Зургаадугаарт, С.Буяннэмэхийн сэтгүүлчийн үйл ажиллагаа 1920 оноос буюу “Монголын үнэн” сониныг хилийн чанадад Эрхүү хотноо гаргаснаар эхэлсэн байдаг. Энд тэрбээр Орос Зөвлөлтийн сэтгүүлзүйн онол практиктай, Зөвлөлт засгийн эхний он жилүүдийн сонин хэвлэлийн үйл ажиллагааны туршлагатай илүү ойртон танилцаж, түүнээс чадамгай суралцсан нь “Монголын үнэн” сонины зургаан дугаараас маш тодорхой харагддаг юм.
“Монголын үнэн” сонин бол манай хэвлэлийн түүхэн дэх хилийн чанадад хэвлэгдэж гарсан  цорын ганц нууц  хэвлэл. Хилийн цаана хэвлэгдээд Монголд нууцаар тарааж байсан сонин. Эрхлэн гаргагч нь С.Буяннэмэх. Өөрөөр хэлбэл уг сонины анхны эрхлэгч нь гэж хэлж болно.
 
“Монголын үнэн” сонин нь нийтлэлийн үр нөлөө, үр ашиг гэж юу болохыг, хэвлэл гэгч хэрэгсэл ямар хүчтэй хурц зэвсэг мөнийг практик дээр нотолж чадсан хэвлэл. Зэвсэгт тэмцэл өрнүүлж Гамин, Бароны дээрэмчдийг монгол нутгаас хөөн зайлуулна. Хувьсгалт тэмцлийн замаар, өөрөөр хэлбэл хувьсгал хийж Монголын нийгмийн байгууллыг сольж өөрчлөн Ардын төр засгийг байгуулж Монгол орныг хөгжил дэвшлийн замд хөтөлж шударга ёсыг дээдэлсэн жинхэнэ ард түмний өөрийн эрхт засаглалыг тогтооно гэж “Монголын үнэн” мөрийн хөтөлбөр, нийтлэлийн бодлогоо тодорхойлж дэвшүүлээд түүнийгээ практикт гялалзтал хэрэгжүүлж чадсан байдаг юм. Үүгээрээ Оросод В.И.Лениний үүсгэн байгуулсан “Искра” сонинтой ихэд төстэй.
Сүүлд тэрбээр Коминтерний заавраар Өвөрмонголд хувьсгалын үйл явцад идэвхийлэн  оролцож явахдаа “Дорнод монголын ардын сэтгүүл”-ийн есөн дугаарыг гаргаж урьд өмнө нь Оросод олж авсан сонин хэвлэл гаргах туршлагаа онц чадмаг ашиглаж Өрнөдийн хэвлэлээс ангид алс холын Хятад оронд Орос Зөвлөлтийн хэвлэлийн туршлагаас нэвтрүүлж шинэ уур амьсгал оруулсан гавьяатай. Өөрийн олон зохиол бүтээлээ дээрх сэтгүүлд нийтлүүлжээ. Эх орондоо эргэж ирээд тун удалгүй Буриад Монголд уригдан монгол хэлний багшаар ажиллаж Буриадын эрдмийн хүрээлэнгийн гишүүнээр сонгог­дож, тэнд гарч байсан “Уран үгсийн чимэг” цомор­лигт өөрийн зохиол бүтээлийг нийт­лүүлж байсан билээ. Энэ дашрамд тэмдэг­лэхэд С.Буяннэмэх бол Монгол Улсаас гадаадад уригдаж ажилласан анхны мэргэжлийн сэтгүүлч, уран зохиолч, утга зохиолын багш мөн болно. Монголын хэвлэлийн түүхэнд ухуу­лах хуудасны гүйцэтгэсэн үүрэг их. Д.Сүхбаатарын санал санаачилгаар 1921 оны Ардын хувьсгалын ухуулах хуудсуудыг анх­лан гаргаж Нийслэл хүрээний гудамж талбайд наалдуулсан байдаг. Энэ ажилд С.Буяннэмэх идэвхийлэн оролцож байсан баримт байна. “МАН-ын Эрхүү хотноо суугаа төлөөний хүн “Буянхүү /Буяннэмэх/ нарын бичиг” нэртэй ухуулах хуудас барлагдан гарч байсан нь эдүгээ Монгол Улсын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй ажээ. Энэ бүхэн бол С.Буяннэмэх 1921 оны ардын хувьсгалд идэвхтэй гар бие оролцсоныг шууд илтгэнэ.
 
С.Буяннэмэх нийт эхлэн бичигчид, ялангуяа залуу сэтгүүлчдэд хэрэгтэй чухал чухал зөвлөмжүүдийг өгч байжээ. Тухайлбал зохиолч, сэтгүүлч болох хүсэлтэй хүмүүст өврийн дэвтэр маш чухал байдгийг сануулж “Уран зохиолыг бичих санаачилгатай авьяастан хүн болбоос заавал нэгэн энгэрийн дэвтэртэй явах хэрэгтэй. Бичиг зохиолын сэдвийг хүний өгүүлэл ба улс орны хэрэг болон олон нийт хурал цуглаан зах зээл хөдөө гадна хот балгад ямар ч газар явахдаа сонирхолтой юмны сэдвийг сурвалжилж явах хэрэгтэй. Нэг сонин үг боловч нэг сонин хэрэг боловч цөм тэмдэглэн авч явмуй. Тэмдэглэхдээ түүний шалтгаан үүсэл хаанаас хэнээс хэрхэн үүдсэн өнгө байдал, түүний дотор сонирхолтой зүйл нь юу болохыг нарийвчлан шалгаж тэмдэглэх хэрэгтэй. Тэдгээр нь “материал” нөхцөл болж хэзээ юу зохиоход үлгэр жишээ болох зүйлүүдийг авах ба мөн түүний дотроос зохистой зүйлийг тусгай зохиол болгож болмуй” гэсэн байна.
Монголын сэтгүүлзүйн онолын нэртэй том судлаач доктор, профессор М.Зулькафиль, залуу судлаач, докторант  Б.Уянга нар өөрсдийн бичсэн “Монголын сэт­гүүлзүйн шүүмж судлал: түүний өчигдөр ба өнөөдөр” номондоо “С.Буяннэмэх нь зөвхөн Монголын шинэ үеийн утга зохиол, түүний шүүмж судлалыг үүсгэн хөг­жүүлэхэд төдийгүй сэтгүүлзүйн шүүмж, судлалын эхлэлийг тавьж цаа­шид төлөвшүүлэхэд хүчтэй нөлөө үзүүл­сэн гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Ч.Дашням, С.Буяннэмэх нар бол Монголын сэтгүүлзүйн шүүмж судлалыг үндэслэгчид мөн” гэсэн дүгнэлт хийжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.
 
Долоодугаарт, Дээр дурдсан бүгдээс С.Буяннэмэхийн бичлэгийн сэдвийн цар хүрээ асар өргөн, сэтгэлгээний онцлог, тор­гон мэдрэмж нь онцгой гойд содон агаад сонин болох нь аяндаа мэдрэгдэж байгаа юм.
“Ер шүлэг бадаг зохиолыг заавал нэгэн янз маягаар тогтмол болгох хэмээх шалтгаангүй бөгөөд гагцхүү уран авьяастан нарын тус тусын чадварт дулдуйдаж зүйл зүйлийн янз маягтай хувилсаар явах болмуй” хэмээсэн энэхүү тодорхойлолт бол С.Буяннэмэхийн чөлөөт сэтгэлгээний тунхаглал мөн.
 
Бичлэгийн арга хэлбэр, загвар тогтмол нэг янз маягтай байх шалтгаангүй. Уран авьяастан нэг бүрийн тус тусын авьяас чадварт дулдуйдаж зүйл зүйлийн янз маягтай болж хувьсаж хөгжиж явах учиртай гэж үзсэн нь С.Буяннэмэхийн оюун ухааны агууламж багтаамж, бичлэгийн агуулга сэдэв болоод сэтгэлгээний аугаа том цар хүрээ, уран сайхны торгон мэдрэмж, уран зохиолд хандах чиг хандлагыг тодорхойлж байгаа юм.
 
Тэр янз янзаар эрэл хайгуул хийж, аввьяастнууд өөрсдийн тус тусын чадварт дулдуйдаж билиг авьяасаа хөгжүүлэх ёстой гэж үзэж өөрөө үлгэрлэн манлайлж байжээ.
Монголын нийгмийн нэн эгзэгтэй он жилүүд буюу хорьдугаар зууны хорь гучаад онд аж төрж, туурвиж бүтээж байсан Сономбалжирын Буяннэмэх гэдэг энэ хүн өөрийн амьдарч байсан XX зуунаасаа халин гарч өнөөдрийн буюу XXI зууны түвшинд дэлхийн энгээр сэтгэж байжээ. Үр хойч үедээ өвлүүлж үлдээсэн 4 боть шүлэг найраг, өгүүллэг туужууд, жүжгийн зохиолууд, шүүмж судлалын бүтээлүүд, хэлсэн үг, хийж байсан илтгэл айлтгал, бичиж үлдээсэн захидал сэлтээс энэ нь батлагдаж байгаа юм.
 
Дүгнэлт
 
Аль нэгэн салбарт аливаа шинэ зүйлийг эхлүүлэх үүсгэл санаачилга гарган үрийг тарьж үндэслүүлэн соёолуулж ургуулаад хөгжүүлэн дэлгэрүүлэгчийг тухайн үйл хэрэг, үзэгдэл юмыг үндэслэгч мөн гэж хэлж болно. Энэ утгаар авч үзэх юм бол Сономбалжирын Буяннэмэх гэдэг хүн мон­голын уран зохиол  болоод сэтгүүлзүйд яах ч аргагүй нэг биш хэд хэдэн шинэ үрийг тарьж соёолуулан ургуулж үржүүлэн дэл­гэ­рүүлж чадсан байна. Энэ бол маш том гавьяа мөн гэж онцгойлон тэмдэглэбэл зохилтой.
 
 
Тугалхүүгийн БААСАНСҮРЭН
Судлаач