sonin.mn
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн офицер, ахлагч нарын албаны хувцас, хүрмийн өнгийг хөх, албаны цамцыг цэнхэр өнгөтэй болгох шийдвэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварт өөрчлөлт оруулах тухай” 175 дугаар зарлиг, ЗХЖШ-ын даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар баталсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ээр батлагдсан боловч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжилт хүлээгдээд байсан юм.
 
Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг ЗХЖШ-ын Ар талын газар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын санаачилгаар зохион байгуулсан бөгөөд Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн эхний ээлжинд шинэ загварын хувцсанд бүрэн шилжлээ. Мөн Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангиудын офицер, ахлагч нарыг 2020 оны 5 дугаар сард багтаан шинэ загварын хувцсанд шилжүүлэх, хангах ажлыг төлөвлөн ажиллаж байна.
 
Ийнхүү Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бүрэлдэхүүн хөх өнгийн дүрэмт хувцсанд шилжиж байгаа нь Агаарын цэрэг бие даан үүрэг гүйцэтгэх, үйл ажиллагааны онцлог, бусад төрлийн цэргээс ялгарах зэргийг илэрхийлэхээс гадна олон улсын жишигт нийцэж байгаа юм.
 
Ахмад Э.ОЧБАДРАХ
Эх сурвалж: "Соёмбо" сонин