sonin.mn
Зэвсэгт хүчний эрх зүйн шинэчлэлийн талаар ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргалтай ярилцлаа.
 
Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг шинэчлэх хэрэгцээ, шаардлагын талаар Та тодруулахгүй юу?
 
-Бидний амьдарч буй 21 дүгээр зуунд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин ихээхэн өөрчлөгдөж, их гүрнүүдийн хооронд геостратегийн ноёрхол, ашиг сонирхлын төлөөх тэмцэл, өрсөлдөөн өргөн хүрээг хамарч, хөгжиж буй орнууд аюулгүй байдлаа хангах, тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхэд төвөгтэй байдал үүсэж байна.
 
 
 
Дэлхийн улс орнууд олон улсын болоод бүс нутгийн аюулгүй байдлын шинэ нөхцөл байдал, геостратеги, геополитикийн бодлогод гарч буй өөрчлөлтүүд, дайн, зэвсэгт тэмцэл явуулах үзэл баримтлал, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Зэвсэгт хүчний байгуулалт, түүний хөгжлийг хангах төлөвлөлтийг боловсруулахдаа нэн тэргүүнд шинжлэх ухаанч байдлаар ханддаг болжээ.
 
 
 
Монгол Улсын хувьд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны шинэ нөхцөл байдал, орчин үеийн цэргийн урлагийн онолд гарч буй зарчмын өөрчлөлт, дэлхийн улсуудад хийгдэж буй цэргийн шинэчлэлийн нийтлэг чиг хандлага, Монгол Улсын эдийн засгийн боломж, нөхцөл, “Зэвсэгт хүчин нь мэргэжлийн цэрэгт суурилсан байх” гэсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэхээр ажиллаж байна. Үүнийг бид Зэвсэгт хүчний эрх зүйн хүрээнд хийж буй цогц шинэчлэл гэж харж байна. Баримт бичгүүдээ шинэчлэхээр одоо мөрдөгдөж байгаа хуулиуд, түүнтэй уялдаж гарсан дүрэм, журам, зааврыг нийцүүлэх шаардлага гарч таарна. Ямар ч байсан эхний ээлжид баримт бичгүүдийнхээ төслийг үндэслэл, судалгаа сайтай боловсруулах нь бидний нэн тэргүүний зорилго. Үүний дараа салбарын хууль тогтоомж, түүнийг дагалдаж гарсан дүрэм, журам, зааврыг нийцүүлэх тухай асуудал яригдах байх.
 
Тэгэхээр стратегийн төлөвлөлтийн шинэчлэлийн нэг үндэс нь мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлэхэд чиглэж байна гэж ойлгох нь зөв үү?
 
-Тэр мэдээж ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт болон команд штабын сургуулиудыг “Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийг шинэчлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж явуулсан. Эдгээр сургууль, дадлагаар Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгийг орчин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болсон нь тодорхой болсон. Нөгөө талаас Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан байхын тулд стратегийн төлөвлөлтийг шинэчлэх шаардлагатай гэдэг нь мөн тодорхой харагдсан.
 
Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. ЗХЖШ-аас энэ хуулийн төсөлд ямар санал хүргүүлсэн бэ?
 
-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр гол асуудал байгаа юм. Нэгдүгээрт, өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр зам, авто зам, барилга байгууламж зэрэг улс орны томоохон бүтээн байгуулалтын ажлыг бие даан гүйцэтгэх болсон. Энэ нь улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг Зэвсэгт хүчин нуруун дээрээ үүрч яваа гэсэн үг. Үүнийг зарим хүн “Хувийн хэвшлийн ажлыг Зэвсэгт хүчин хийж байна” гэж шүүмжилдэг ч энэ нь цаад утгаараа стратегийн түвшинд ямар чухал ач холбогдолтой гэдгийг нь харах ёстой.
Тайван цагт Зэвсэгт хүчний үндсэн үүргүүдийн нэг нь стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэх бөгөөд барилга-инженерийн цэргийг төрлийн цэргийн түвшинд хөгжүүлэх гэсэн том бодлого юм. Дараагийн эрх зүйн зохицуулалт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нэгжийг бий болгох тухай. 21 дүгээр зуун бол мэдээллийн технологийн эрин зуун бөгөөд энэ зуунд мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, сүлжээ үүсгэн, дэлхийг бүхэлд нь бүрхсэн кибер орон зайг бүрдүүлж байна. Өнөөдөр энэхүү кибер орон зай дахь халдлагын тоо, төрөл, хор хохирлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэх болсон. Үүний эсрэг дэлхийн улсууд кибер цэргийг байгуулж, энэ орон зайд аюулгүй байдлаа хангахыг хичээж байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй энэхүү шинэ төрлийн заналхийллээс урьдчилан сэргийлэх, эсэргүүцэн тэмцэхэд бэлэн байх үүднээс энэ төрлийн цэргийг байгуулж, бэхжүүлэх шаардлага бий болсон.
 
Үүнийг дагаад эрх зүйн шинэчлэлийн олон ажил үргэлжлээд гарч ирэх нь ...
 
-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дараа яригдах асуудал. Ер нь шинэчлэн батлагдсантай уялдуулан нийцүүлэх эрх зүйн баримт бичгүүд олон бий. Дээрх эрх зүйн шинэчлэлүүдээс гадна “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийн нэгдүгээр шат болох “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” энэ онд хэрэгжээд дуусаж байгаатай холбогдуулан түүний дараагийн шат болох “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг ЗХЖШ-аас боловсруулаад дуусаж байгаа. Хөтөлбөр Засгийн газраар батлагдана.
 
Хөтөлбөрт юу тусгаж байна вэ?
 
-Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, төрлийн цэргийг хөгжүүлэх гээд олон асуудлыг тусгаж байгаа. Үүнээс онцлох хоёр сэдэв байна. Нэгдүгээрт, Батлан хамгаалах аж үйлдвэрийн бааз суурийг бий болгох, хоёрдугаарт, цэргийн гэрээт албыг хөгжүүлэх тухай асуудал юм. Бид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэхээр зөвхөн офицер, ахлагч гэж ойлгодог. Тэгвэл мэргэшсэн цэргийн нэг нь яахын аргагүй цэргийн гэрээт алба хаагч. Бид хугацаат цэргийн алба хаагчдаа нарийн мэргэжлээр сургаж, дадлагажуулдаг ч төд удалгүй халагдаад явж байна. Сургаж, сургачхаад Зэвсэгт хүчин эргээд ашиглаж амждаггүй.
 
 
 
Мэдээж тухайн хугацаат цэргийн алба хаагч хүнийхээ хувьд олон давуу боломжийг өөртөө бий болгосон дайчилгааны бэлтгэл нөөц болж байгаа нь хамгийн чухал. Гэхдээ цаашдаа сургаж мэргэшүүлсэн бүрэлдэхүүнээ илүү үр дүнтэй ашиглах нь бидний зорилго байх бөгөөд үүнийг шийдвэрлэх гол арга зам нь цэргийн гэрээт алба хаагч. Цаашдаа цэргийн гэрээт алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан, эрх зүйн зохицуулалтуудыг ч хийхээр ажиллаж байна.
 
 
 
Тухайлбал ...
 
-Олон боломжийг нээж өгнө. Үүний нэг нь цэргийн хуаранд ажлын таван өдрөөр байлгахгүй. Яг л офицер, ахлагч нар шиг өглөө ажилдаа ирж, орой гэртээ харьдаг, цалингаа гар дээрээ бүтэн авдаг болно. Цалингийн ангиллыг нь ч гэсэн ЗХЖШ-аас нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Харин статусын хувьд хэвээрээ. Цэргийн гэрээт алба хаагчдыг нэгдүгээрт, барилга-инженерийн ангиудад, хоёрдугаарт, мэргэжлийн тусгай ангиуддаа авна. Цэргийн гэрээт албыг хөгжүүлэх бодлого нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил, орлоготой залуусын тоог нэмэгдүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцуулах тухай шийдвэртэй нийцэж байгаа юм.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин