sonin.mn
ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 32 мянга давлаа гэж тус улсын Үндэсний статистикийн товчоо (ONS) мягмар гарагт мэдээлэв. Ингэснээр Их Британи нас барсан тохиолдлын тоон үзүүлэлтээрээ Европт нэгдүгээрт жагсаж эхэлжээ.
Үндэсний статистикийн товчооны мэдээлэлд “Covid-19”-өөр гэртээ, ахмад настны асрамжийн газруудад, эмнэлгүүдэд нас барсан бүх тохиолдлыг оруулдаг байна. Тус товчоо мэдээллээ долоо хоног тутамд гаргадаг тул зөвхөн эмнэлгүүдэд нас барсан тохиолдлыг бүртгэж буй Эрүүл мэндийн яамны өдөр тутмын мэдээллээс оройтдог аж.
 
 
 
Их Британийн Эрүүл мэндийн яамнаас даваа гарагт өгсөн мэдээллээр, тус улсад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 28700-д хүрсэн бол Жонс Хопкинсийн их сургуулиас мягмар гаргийн өглөө мэдээлснээр, 28800 гаруй хүн нас баржээ.
 
 
 
Улс орнуудын нас баралтыг тооцоолох аргачлал өөр өөр байгаа хэдий ч Их Британийн Үндэсний статистикийн товчооны шинэ мэдээ нь коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын бодит тоо бүр ч их байж болзошгүйг харуулж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг