Дэлхийн хүн төрөлхтөнд амар амгалан байдлыг авчирсан 1945 оны 5 дугаар сарын 9-ний өдөр. Тэр цагаас өнөөдрийг хүртэлх ОХУ төдийгүй Монгол Улс 75 жилийн хугацаанд Аугаа их эх орны дайны ялалтыг жил бүр тэмдэглэн ирсэн. Үүний хүрээнд БХЯ Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан “Фронт Цэгмид” хэмээн ард түмэндээ алдаршсан эрхэм буурайд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр эрхэм буурайгийн үр хүүхдүүд нь БХЯ-ны төлөөлөлд ахмад дайчнаар бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэний дагуу өнгөрөгч 7 хоногт буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  тушаал гаргажээ. 
 
 
Хувьсгалт Монгол Танкийн цуваа болон Монголын Ард түмний чин сэтгэлийн бэлгийн цувааг хүргэж өгсөнг үнэлэн Ахмад дайчны үнэмлэх, Батлан хамгаалах салбарын “Эх орны төлөө-1” медаль, нэг удаагийн мөнгөн урамшуулал олгосон юм. БХЯ-ны газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон Ахмад дайчдын холбооны тэргүүн, Бэлтгэл хурандаа Г.Лүндэн нар Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд гэрт нь очиж гардуулан өглөө. Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улс түмний найрамдлын одон”-гоор шагнах болсныг дуулгасан юм. Мөн түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ түүхийн хатуу үнэн, дайны ялалтад онц чухал гавьяа байгуулсан эрхмүүдийг залуу хойч үедээ таниулах үүднээс томоохон хот суурингуудад ахмад дайчдын танилцуулгатай самбарыг дэлгэсний нэг нь Монгол улсын иргэн “Фронт Цэгмид” гуайн тухай юм.
 
 
Асар их уй гашуу, харуусал дагуулсан дэлхийн Хоёрдугаар дайн эхэлсэн эхний өдрөөс л Монгол Улс ЗХУ-д сэтгэл санаа болон хүн, ардын аж ахуйн нөөц боломжид тулгуурласан эд хөрөнгийн дэмжлэгийг удаа дараа үзүүлж байсан түүхтэй. Тус бэлгийн цуваануудын нэгийг эх орноо төлөөлөн хүргэж өгөх бүрэлдэхүүнд Сүрэнхорын Цэгмид хэмээх 19 настай малчин эмэгтэй багтаж, Монголын ард түмний чин сэтгэлийн илгээмжийг хүргэж өгсөн байдаг  юм. Өдгөө ард олондоо “Фронт Цэгмид” хэмээн алдаршсан буурай Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт энх тунх аж төрөн амьдран сууж байна.
 
 
 
Эх сурвалж: Батлан хамгаалах яам