sonin.mn
Энэ жил дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал гарч улс орны эдийн засаг амаргүй хүнд байсан хэдий ч УБТЗ-ын хамт олон цар тахалтай тэмцэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангахын төлөө чармайн ажилласны хүчинд энэ оны эхний хагас жилд чамгүй амжилт гаргаж чадлаа. 
  УБТЗ-ын хамт олон энэ жил багагүй хүнд сорилт шалгалттай нүүр тулж байгаа хэдий ч 2020 оны эхний хагас жилд 14,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 10 хувиар өссөн байна. Тэр дундаа өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын тээвэр 25,6 хувиар, импортын тээвэр 8,1 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 0,9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо энэ оны эхний хагас жилд 940 хүрээд байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 280 галт тэргээр илүү байна. 
 
       УБТЗ-ын хамт олны гаргасан эдгээр амжилт нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс улс орноо татан гаргахад чухал хувь нэмэр болж байна. Түүнчлэн улс орны томоохон бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг барих ажилд УБТЗ идэвхтэй оролцож, эхний 50 километр замын дээд бүтцийг богино хугацаанд барьж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.
 
  УБТЗ-ын хамт олны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндрөөр үнэлж, энэ жил Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгаруулсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь улс орнуудын эдийн засагт хүндээр тусч, олон зуун компани, аж ахуйн нэгжүүд дампуурч, ажлын байраа цомхотгож байгаа энэ хүнд үед Монгол Улсын хамгийн том ажил олгогч “Улаанбаатар төмөр зам” ХНН 16 мянга шахам ажилтнуудаа цомхотголд өртүүлэлгүй, цагт нь цалин урамшууллыг нь өгөхөд онцгой анхаарч ажилласны хүчинд төмөр замчдаа ажилгүйдэл, ядуурлын аюулаас хамгаалж чадаж байгаа нь үлгэр дууриал болж байна.
 УБТЗ-ын хамт олон өнгөрсөн онд 28,1 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил 29 сая орчим ачаа тээвэрлэх боломж байгааг энэ оны хагас жилийн ажлын үзүүлэлт харуулж байна.