Хичээл сургууль эхлэх үед бид сурах бичиг, сургалтын төлбөр, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж гээд олон зүйлд санаа зовдог. Үүний нэг нь их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудал байдаг. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулна. Харин түүнд 148 мянган оюутан суралцана гэсэн тоон мэдээлэл байна. Тэгэхээр мөн л чамгүй олон айл өрхөд сургалтын төлбөр, санхүү мөнгөний асуудал гол сэдэв болж буй байх.  Ямартай ч, хүн амын тоотойгоо харьцуулахад хэтэрхий олон гэж шүүмжлүүлдэг эдгээр их, дээд сургуульд улсынх, хувийнх гэж алагчлалгүй адил тэгш хандана. Сургалтын төлбөрийн хувьд аль болох уян хатан хандахаас гадна төлбөрийг нэмэхгүй байх шийдвэрийг гаргаад буй гэдгээ шинээр томилогдсон салбарын сайд Л.Цэдэвсүрэн онцлон хэлж буй. Ямартай ч бид цар тахлаас үүдсэн хөл хорионы үед мөрдөх журмаа баримтлаад, боловсролын чанартаа анхаарахгүй бол цахим сургалт буюу зайны сургалт нь биднийг урагшлуулахаас илүү ухраасан  үзүүлэлттэй явааг хэлүүлэлтгүй мэднэ. Өнөөдөр манай улс дэлхийд өрсөлдөх чадвар, боловсролын тогтолцооны чанар, үр дүнгээр дэлхийд дандаа 100-гийн ард цоллуулж,  дунджаас доогуур үзүүлэлттэй явж байдаг. Иймд боловсролын чанарын асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэдгийг учир мэдэх нь хэлж байна. Нөгөөтэйгүүр, их, дээд сургуулийн боловсролын чанарын асуудал ярихаар араас нь уяатай мэт явдаг зүйл бол сургалтын төлбөр байдаг. 
 
Тиймээс их, дээд сургуулийн оюутантай айл бүрт цалингийн болон тэтгэврийн зээл, оюутны сургалтын төлбөрийн зээлийн асуудал ид өрнөж байгаа. Энэ үед их, дээд сургуулиуд сургалтын төлбөр нэхэж хатуурхахгүй гэсэн чиглэлийг баримталж байна. Энэ жилийн тухайд, "COVID-19" албан байгууллага, айл өрх бүрийн санхүүд нөлөөлж байгаа хүнд үед сургалтын төлбөрийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг албаны хүнээс асууж тодруулсан юм. Энэ талаар БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх "Энэ хичээлийн жилд 150 мянга орчим оюутан их, дээд сургуульд суралцах тооцоололтой байна. Үүнээс бакалаврын хөтөлбөрт 120 мянга орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг тухайн сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж шийддэг. Гэхдээ энэ хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдэхгүй. Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд есдүгээр сарын 1-нээс цахимаар явагдаж эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас лаборатори, семинарын хичээл танхимд хичээллэнэ" гэв.
 
Сургалтын төлбөрөө хэрхэн тооцох вэ?
 
Боловсрол шинжлэх ухааны яамнаас "Сургалтын төлбөр нэмэгдэхгүй" хэмээн мэдээлж байгаа учраас энэ хичээлийн жилд шинээр их, дээд сургуулийн босго алхаж буй оюутнуудад улсын томоохон сургуулиудын 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг хүргэж байна.
МУИС: Ерөнхий суурийн хичээлүүд нэг кредит нь 98.600 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит буюу багц цаг үзэх боломжтой учир улирлын төлбөр 2.070.600 /хамгийн дээд тал нь/ төгрөг болно.
ШУТИС: Элссэн салбар сургуулиасаа хамааран өөр байна. Тухайлбал, инженер технологийн сургуулиуд нэг кредит нь 90.800 төгрөг,    Нийгмийн ухааны сургуулиуд нэг кредит нь 88.800 төгрөг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиуд нэг кредит нь 79.300 төгрөг байна. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит үзэх боломжтой учир улирлын төлбөр дунджаар 1.812.300 төгрөг байна.
АШУҮИС: Элссэн салбараасаа хамааран харилцан адилгүй бөгөөд нэг багц цагийн төлбөр 117610, 82500
МУБИС: Бакалаврын түвшний нэг кредитийн төлбөр 78.000 төгрөг. Нэг улиралд хамгийн ихдээ 21 кредит /багц цаг/ үзэх боломжтой учир улирлын төлбөр 1.638.000 /хамгийн дээд тал нь/ төгрөг юм.
СУИС: Нэг кредитийн төлбөр 63.700 төгрөг. Жилд 31-ээс дээш кредит /багц цаг/ үзэж байж хоёрдугаар түвшний оюутанд тооцогддог бөгөөд жилийн төлбөр дунджаар 1.974.700 төгрөг байна.
 
 
Э.Бэрцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин