sonin.mn
ВАШИНГТОН. /The Washington Post/. Шинэ төрлийн коронавирусний вакцин гарган авах, үйлдвэрлэх, түгээх олон улсын COVAX санаачилгад АНУ оролцохгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадд Дир мэдэгджээ.
“АНУ коронавирусийг ялан дийлэхийн тулд олон улсын түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллана. Гэхдээ бид авлигад автсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ нөлөөн дор буй олон улсын байгууллагуудад хавчигдаж шахагдахгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
 
 
 
COVAX төслийг Дэлхийн вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоо /GAVI/, тахлын бэлэн байдлын шинэчлэлийн эвсэл /CEPI/, ДЭМБ, түүнчлэн уг хэрэгслийн хувьд засгийн газрын санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр гэж үзэж байгаа вакцин үйлдвэрлэгч үндэстэн дамнасан корпорацууд удирдаж буй юм.
 
 
 
Энэхүү механизм нь ойролцоогоор 12 төрлийн вакцинд хөрөнгө оруулах, зах зээлд гарсных нь дараа тэгш хүртээмжтэй хуваарилах зорилготой юм. 2021 оны эцэс гэхэд COVAX-ийн тусламжтайгаар 2 тэрбум орчим тун вакцин тараахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар уг төсөлд 172 орон нэгдсэнийг ДЭМБ-ын ерөнхий захирал өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг