sonin.mn
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээр эрүүл мэндийн салбарт тулгарч буй цахим шилжилтийн асуудлыг хөндөн ярилцав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулж, ард иргэддээ чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийн тулд цахим системийг нэвтрүүлэх ажлыг өрнүүлж байна. Өнгөрсөн хугацаанд эмнэлгүүдийн цаг авах системийг цэгцэлж, нэгтгэх ажлыг эхлүүлсэн.
 
 
 
Ирэх жилээс эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих тул бүх эмнэлэг e-health программ дээр эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг бүх мэдээллээ оруулж, нэгдсэн байдлаар бүртгэлжүүлж эхэлнэ. Ингэснээр бид датад үндэслэн урьдчилан арга хэмжээ авах, санхүүгээ зөв зарцуулах тогтолцоо бий болно. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбартай холбоотой бүх талын мэдээллийг эмнэлгийн удирдлагууд цаг алдалгүй цахимаар авдаг болно” хэмээсэн юм.
 
 
 
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд цахим шилжилт зайлшгүй хэрэгцээтэй. Тухайлбал, иргэд үзлэг, шинжилгээ өгөхдөө заавал биечлэн очилгүйгээр цахимаар цаг авах, мөн шинжилгээний хариугаа цахимаар авч, эмчтэйгээ цахимаар ярилцах, тухайн иргэн аль ч шатлалын эмнэлэгт очсон өмнөх бүх хугацааны эмнэлгийн үйлчилгээ, эмийн жорын мэдээллийг нэгдсэн байдлаар харах боломжтой болгох зэрэг асуудлыг шийдэх гарц шийдлийг энэхүү хэлэлцүүлгээр хөндсөн. УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал “Эрүүл мэндийн цахим шилжилтийг цаг алдалгүй хийж эхлүүлснээр 2023 он гэхэд иргэд бүх шатны эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дугаарлаж зогсохгүйгээр хуваарийн дагуу очоод шууд үзлэг оношилгоонд хамрагддаг болно. Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх санхүүжилт, төсөл хөтөлбөрүүд нь ямар ч үр дүнгүй, мөнгө угаалт болоод дууссан. Эдгээр асуудлыг тал талаас нь нухацтай ярьж, шийдвэрлэх ёёстой. Иймд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн ахалж байгаа” гэв.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин