sonin.mn
Монгол Улс коронавирусийн халдвар дотооддоо алдсаны улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор ирэх жилүүдэд эдийн засагт бодит хүндрэл үүсэх нь тодорхой болсон. Нөгөөтэйгүүр энэ хүнд үед төгрөгийн ханш суларч, гадаад валютын ханш өсөхвий гэсэн болгоомжлол үүсээд байсан. Тэгвэл ойрын хугацаанд төгрөгийн ханш сулрахгүй гэдгийг Монголбанкнаас мэдэгдлээ. Энэ тухайд Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин тайлбар өглөө. Тэрбээр “Монгол Улсын хувьд ойрын хугацаанд төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй. Түүнчлэн гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа тул төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн сулрах дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Монголбанкны зүгээс төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шаардлагатай үед валют нийлүүлэхээс гадна төгрөгийн өгөөжийг хамгаалахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах болно.
 
 
 
Түүнчлэн 2020 оны аравдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад валютын хадгаламж 53 орчим хувиар нэмэгдсэн. Үүнд нөлөөлсөн хоёр гол шалтгаан бий. Нэгдүгээрт, өнгөрсөн оны аравдугаар сард валютын хадгаламж огцом нэмэгдсэн. Энэ нь Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д орсонтой холбоотойгоор иргэдийн дунд сандрал үүсэж ам.доллар руу хөрвөлт хийсэн бол энэ оны тав, зургаадугаар сард валютын хадгаламж мөн л багагүй хувиар нэмэгдсэн.
 
 
 
Энэ нь сонгуулийн өмнө иргэдийн дунд үүссэн хүлээлт, цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндрэх нь гэсэн иргэдийн эрсдэлээс сэргийлсэн үйлдэл байсан. Төгрөг болон ам.долларын хадгаламжийн өгөөжийн хувьд том гурван банкны 12 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 11.2 хувьтай байгаа бол ам.долларынх 3.6 хувь байна. Тэгэхээр төгрөг, ам.долларын хүүний зөрүү 7-8 хувь, ханшийн өөрчлөлт 4.2 хувь байгаа нь валютын хадгаламж эзэмшигч төгрөгийн хадгаламж эзэмшигчтэй харьцуулахад дунджаар 3-4 хувиар бага хүү авч байна гэсэн үг юм. Түүнчлэн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн хүрээнд валютын хадгаламж эзэмшсэн тохиолдолд хадгаламжийн даатгалд хамруулахгүй, тухайн хадгаламжийг барьцаалж банкнаас зээл авах боломжгүй болсон, банкны данснаас бэлнээр гадаад валют авахад ойролцоогоор 0.2 хувийн шимтгэл авдаг зэргээс үзвэл валютын хадгаламж эзэмшихийн давуу тал улам буурч байна” хэмээн онцоллоо.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин