sonin.mn

Манай улсад төрийн хяналт шалгалт цөөдөөгүй. Үүний зовлонг тэдэнтэй бараг өдөр бүр нүүр тулдаг бизнес эрхлэгчид сайн мэднэ. Давхардсан хяналт шалгалтын хүнд сурталтайг нь яана. Төрийн аудитын газар, харьяа салбарын гээд олон хяналт шалгалтын нэг нь МХЕГ.

 

Зах зээлийнхээ зүй ёсоор хянапт шалгалт тэртэй тэргүй мэргэжлийн холбоодод шилжих учир МЕХГ гэж төсвийн хөрөнгөөр ажилладаг бас нэг нүсэр бүтэц илүүдээд байгааг төр, засгийнхан сүүлийн үед өөрсдөө ч хөндөх болов. Засгийн газраас лиценз, элдэв зөвшөөрлийг нэгтгэж, энэ талын цэгцэлсэн хууль гаргахтай холбоотойгоор МХЕГ-ын бүтцийг шинэчилж, цомхотгох замаар энэ байгууллагыг татан буулгах тухай яригдаж байна.

 

Үнэндээ МХЕГ гэж мэргэжлийн хяналт хийхээсээ илүү сонгууль бүрээр өөрчлөгддөг төр, засгийнхны танил талын чихээс, мэргэжлийн бус хүмүүсийн цуглуулга байгууллага болон хувирч нэр хүндээ алдсныг хэн хүнгүй мэднэ. Үүнийг жил бүр гаргадаг Засгийн газрын харьяа газар, агентлагуудын дотор толгой цохидог хүнд суртлын индексээс харж болно.

 

Уг нь иргэд, бизнесийнхэнд хамгийн их хүрч үйлчлэн тэднийг хянаж шалгахаасаа илүү алдаа зөрчлийг арилгахад нь туслаж зөвлөн, засч залруулж ажиллах ёстой хэр нь эсрэгээр хамгийн их хүнд суртал гаргадаг ийм байгууллага хэрэгтэй эсэхийг бизнес эрхлэгчид, олон нийт, одоо төр, засгийн хэмжээнд шүүн тунгааж байна.

Эх сурвалж: “Бизнес таймс”