sonin.mn

Ертөнц дээр янз бүрийн юмс, үзэгдэл байдаг. Тэдгээр нь өөр өөрийн шинж чанартай, дотоод мөн чанар нь илрэх өвөрмөц онцлогтой. Ухаант хүн тал бүрээс нь харж, хандаж, ажиглаж, шинжилж, сэрэл сэтгэхүйгээрээ хүртэж тусгаж, танин мэддэг, санал бодлоо илэрхийлдэг.

Юмсын агуулга, мөн чанарыг адил төстэй тусгах нь танин мэдэхүйн зүй тогтол, зам жам юм. Гэвч хэлбэр, илэрхийлэл нь дэндүү төстэй байх нь сэтгэлгээний адилсал гэхээсээ санааны хуулбар болов уу гэсэн хардлага төрөхөд хүргэдэг. Ном хэвлэлийн хуудаснаа нийтлэг тохиолддог тийм зарим дэндүү адил тусгал, илэрхийллийн талаар баримт жишээ татая.

Эртний Хятадын бичгийн их хүн Күнзийн гүн ухааны сэтгэлгээг Дорно дахины төдийгүй хүн төрөлхтний оюуны охь дээж хэмээн санал нэгтэй үнэлж, хүндэтгэн хүлээн зөвшөөрч, түүнийг дэлхийн суут 10 сэтгэгчдийн тоонд зүй ёсоор багтаадаг. Тэрбээр :

"Зарим хүн амьд атлаа үхсэн мэт

Зарим хүн үгүй атлаа амьд мэт"
хэмээсэн байдаг.

Үе үеийн сэтгэгчдийн оюун ухаан, зүрх сэтгэлд мөнхөрсөн энэ алдарт үг буурал түүхийн их урсгалд хуучралгүй, мартагдалгүй уламжлагдсаар 20 гаруй зууныг туулан бидний үед ирж, шидэт тарни лугаа хэлэгдсээр, шүтэгдсээр байна. Энэхүү цэцэн үгийн эзэн нь 2500 жилийн тэртээ амьдарч, бүтээж байсан эртний Хятадын их сэтгэгч, соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, аугаа суут Күнз мэргэн болой.

Гэтэл энэ жигүүрт үгийг манай алдарт зохиолч, нэртэй орчуулагч Мишигийн Цэдэндорж хэлсэн, бичсэн мэт буруу ойлголт, өрөөсгөл хандлага түгээмэл байдаг нь харамсалтай.

Бас Күнз мэргэний бичиж үлдээсэн:

"Хээрийн галуу нисэн үл хүрэх газар

Хүний хүү нэр алдрын төлөө эрсдмүй"
хэмээх сургаал үг бий.

Энэ үгийг уншингуут Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн 1927 онд бичсэн:

"Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдмийг \эрдэнэ\ өвөртлөн ирнэ" хэмээх хүүхэд ахуй цагаас хэн бүхний мэдэх үг санаанд буух болно. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт Д.Нацагдоржийн бүрх малгайтай зурагтай хамт тодоор бичсэн байдаг энэ шүлгийн танил хоёр мөр Күнзийн айлдвартай санаа агуулга, үг үсэг, хэлбэр илэрхийллийн хувьд үнэхээр төстэй байгаа биз. Бараг л ялгарахгүй мэт сэтгэгдэл төрдөг.

Тухайн үед Германы Лейпциг хотноо суралцаж байсан Д.Нацагдорж өөрийн үе тэнгийн залуусыг эх орондоо эрдэм өвөрлөн ирнэ гэж итгэн ийнхүү магтан дуулсан нь тэр байлаа.

Хятадын төрийн онол, суртахууны сургаалийн үндсийн тавигч Күнз мэргэн: "биеэ засахуй нь сэтгэлээ тэгшлэхүй дор оршмуй" хэмээсэн байдаг. Күнзийн сургаалд "гурван мөрдлөг, найман зорилго" гэсэн нэн чухал зарчмын шаардлага, суурь ойлголт байдаг. Эдгээр нь, "учир ёсыг ухаж тайлах, эрдэм дор хүрэх, бодол санаа бат үнэн болох, сэтгэлээ тэгшлэх, биеэ засах, гэрээ төвшитгэх, төрөө засах, тэнгэрийн дор амгалан тогтох" зэрэг болой.

Тэрбээр төр улс тайван амгалан, түвшин сайхан, тэгш журамт болохыг бие, гэр, төр хэмээсэн өөр хоорондоо салшгүй хамааралтай гурвалсан хэлхээ холбоонд уялдуулан зангидаж, "сэтгэл тэгширвээс бие засарч, бие засарваас гэр төвширч, гэр төвширвөөс төр засарч, төр засарваас тэнгэрийн дор амгалан тогтохуйн жам ёс"-ыг сурган номлосон байдаг.

Күнзийн энэ сургаал Хубилай цэцэн хааны хэлсэн: "Улс гэрээ өөд татъя гэвэл өрх гэрээ зас, Өрх гэрээ өөд татъя гэвэл өөрийн биеэ зас" гэсэн утгаар хэрэглэгдэж ирснийг түүхийн баримт, ой санамж гэрчилдэг.

Төр улс, гэр бүл, иргэний зохист харьцааны тухай Күнзээс уламжлагдсан энэ ухаалаг айлдвар нь монгол сургаал мэт бидний төсөөлдөг, ярьдаг, баримталдаг "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг зарчимтай агаар нэг, утга адил байгаа биз. Харин ч зарим аагтай санааг нь дутуу орхигдуулсан мэт ээ.

Мөнөөх Күнз мэргэн:"Сүмийн гадаа хуцсан нохойн дууг сүмийн дотор үл сонсмой" хэмээсэн нь монголчууд бидний ярьдаг "Жингийн цуваа явж л байг, Жингэр хуцах нь хамаагүй", "Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов" гэдэгтэй утга нэг болой.

Энэ бол их үйл хэрэг өрнөж байхад аар саар саад тотгор хамаагүй, жижиг асуудалд анхаарч, ач холбогдол өгөх хэрэггүй, санасан бодсоноо гүйцэлдүүлэхийн төлөө хүний үгэнд оролгүй, юунд ч торолгүй сэтгэл шулуудан урагшлан зорихыг чухалчилсан үнэт санаа юм. Түүнчлэн энэ илэрхийлэл иргэнээ сонсдоггүй дүлий төрд хандаж хэлсэн, сэрэмжлүүлж анхааруулсан санаа мэт ээ.

Бас "Эрдэмт сайдын үйлдэл салхи мэт, эгэл ардын зан өвс мэт, салхи хаашаа үлээнэ өвс тийшээ налах бөлгөө" хэмээн суут Күнз "Шүүмжлэлт өгүүлэл"-дээ өгүүлсэн байх юм. Энэ нь монголчууд бидний ярилцдаг "Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй", "Зүү хаашаа, утас тийшээ" гэдэг сургаал үгстэй агуулга адил санагдаад байдаг, бас "Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг", "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" зарчимтай их л төстэй мэт ээ.

Иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг "Амьд явбал алтан аяганаас ус ууна" хэмээх эртний Хятадын үг байдаг, түүний монгол хувилбар нь "Эрүүл байвал улсын наадам үзнэ" юмуу даа. Дорнын их сэтгэгч Лаоз "Ихийг мэддэг хүний үг нь цөөн, их ярьдаг хүний мэдрэхүй нь хомс" хэмээн сургасан нь "эрдэмт хүн даруу" гэдэг санаатай төстэй байна.

Мэргэн үгийн хоёр дахь хэсэгт "бодолгүй ярьдаг", "их ярьдаг атлаа юу ч хэлдэггүй" хүний ерөнхий төрх дүрслэгдэж байна. Эртний Хятадын түүхч Си Ля Чан хэдэн зууны тэртээ "Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил" хэмээсэн нь монголчуудын "Шар тууж" хөлгөн сударт мөнхлөгдөн манай нөхцөлд "Удмаа мэдэхгүй хүн усаа олохгүй малтай адил" илэрхийллээр солигдон уламжлагдаж иржээ.

Сэтгэлгээний адилсал утгын өнгөөр ч илэрдэг бололтой. Бидний монголчууд "муу амьдрахаар сайн үх", "нэр хугарахаар яс хугар" хэмээн амьдралын идэвхитэй, шударга зарчмыг чухалчилдаг бол хятадууд "сайн үхсэнээс муу амьдар", "яс байвал нэр байна" хэмээн аль болох амар тайван байх, удаан амьдрах, ихийг үзэхийг эрхэмлэн эсрэгээр бодож, үйлддэг аж,

Суут яруу найрагч А.С.Пушкин салаад явсан, өөрийг нь орхиод явсан хүүхэнд зориулан:

"Надаас сайнтай учирвал

Намайг чи мартана даа

Надаас муутай учирвал

Намайг чи санана даа"
гэсэн ухаарлын мөрийг үлдээжээ.

Тэгвэл Монгол ардын аман зохиолд ижил ханиа орхиод явсан тухай энэ санаа бас л өвөрмөцөөр хэлэгдсэн байдаг.

"Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан

Хөөрөө болбол яагаа бол

Хөөрхий намайгаа зовоосон юмсан

Жаргаа болов уу, яагаа бол"
гэж дуулдаг нь хүнлэг талаасаа адил утгыг илэрхийлж байна.

Эртний Грекийн эмгэнэлт жүжигт Эдип: "эцгээ алж эхтэйгээ суудаг" харамсалтай үйл явдал дүрслэгддэг. Тэгвэл, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн "Бүлээн нурам" жүжигт үүнтэй сэдэв, санаа их л ойролцоо, сургамжтай үйл явдал өрнөдөг, "эцэг нь охинтойгоо нөхцдөг" нь бас л агуулга адил санагдаад байдаг юм.

Бурхан багшийн сургаалаас үүдэлтэй "Хэнд эрх байна, түүнд хилэнц баймой" хэмээх сургаал эртний "Оюун түлхүүр" сударт давтагдан эдүгээ зарим хүний бүтээлд дурдагдсаар иржээ. Энэ бол албан тушаал өндөр болох хэрээр муу үйл хийх боломж, бололцоо нэмэгдэж, хүрээ хязгаараа тэлж байдаг гэсэн санааг илэрхийлдэг.

Тэр бололцоог хязгаарладаг гол хүчин зүйл нь хууль ёс аж, зөв бодол, цөлх ухаан, ёс суртахууны хориг түүнээс илүү үр нөлөөтэй гэдгийг номын мэргэд анхааруулсаар иржээ.

Зургаадугаар далай лам Цаянжамц яруу найрагч хүн байсан. Түүнээс үүдэлтэй санааг уламжлан Равжаа хутагт:

"Эрээн цэцгэн цамцтай

Эрднийн сайхан өмсгөлтэй

Элдэв зүйлийн жимстэй

Энгийн сайхан хангай байна"
гэдэг гайхалтай бадаг, мөр бичиж үлдээсэн өв бий.

Хожим Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн гуай энэ барилаар:

"Цагаан цасан малгайтай

Ногоон модон хүрэмтэй

Хөх усан хормойтой

Баян хангай уул минь"
гэж бичсэн нь их л адил мэт ээ.

Японы алдартай зохиолч Акутагава "Ажилчин хүний алхны дуу миний уран бүтээлээс сонсогдож байсан цагт би алзахгүй" гэж бичсэн байдаг. Тэгвэл манай нэртэй бичгийн хүн, Монгол Улсын Ардын уран зохиолч С.Дашдооров:

Ажилчны тухай шүлгээс минь

Алхны дуу сонсогдохгүй бол

Бичсэн тэр минь ч шүлэг биш

Би ч өөрөө найрагч биш"
гэсэн нь нэг л санааг, тун адил илэрхийлсэн нь тодорхой байгаа биз.

Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Б.Явуухулан төрөлх Завхан аймгийн тэгш ойд нь уриагүй тус аймгийн удирдлагад хандан "миний нутагт суугаа хүний нутгийн дарга нарт" хэмээн хатуухан үгтэй сүрхий захидал бичсэн тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа байдаг.

Үүнтэй их л төстэй тохиолдол ертөнцийн нөгөө талд бас болсон байдаг. Америк хүн индиан эрээс "Та манай хотод тавтай зочилж байна уу?" гэхэд тэрбээр өөдөөс нь "Харин Та манай оронд, миний нутагт тухтай амьдарч сууна уу?" гэсэн гэдэг. Баталгаа нотолгоо хэрэггүй баримтын үнэн гэж байдагтай адил энд ямарч тайлбар хэрэггүй санагдана.

"Өөрийн гэрээс илүү сайхан газар хорвоод үгүй" хэмээх Түвд гаралтай мэргэн үг байдаг, манай нэртэй найрагчийн хэлсэн " Сиймхий ч гэсэн гэр минь" мөр, түүнчлэн "Хайртай хосод өвсөн овоохой ч хааны ордон мэт" гэсэн санаа бас л утга адил сонсогдож байна.

Нобелийн шагналт, Оросын нэрт зохиолч М.Шолоховын "Дөлгөөн Дон" хэмээх Оросын тосгоны амьдралыг толь мэт тусгасан сайхан зохиолыг бидний үе уншиж хүмүүжиж ирсэн. Тэгвэл Монгол Улсын төрийн хошой шагналт, алдарт зохиолч Ч. Лодойдамбын "Тунгалаг Тамир" гэдэг ХХ зууны шилдэг роман бий. Энэ хоёр зохиолын үйл явдал өөр өөр орчинд өрнөдөг болохоос их л ойролцоо, төстэй санагддаг. Зохиолын нэр нь хүртэл мөн адил төстэй шүү.

Монголчууд бидний их эзэн Чингис хааны "Эрдэнэт хүлгийн минь эмээл миний хаан ширээ буюу" гэсэн алдарт үг байдаг. Гэтэл Вильям Шекспир "ном надад хаан ширээнээс илүү үнэтэй" хэмээн цэцэлсэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв Ерөнхийлөгч асан Н.Багабандийн "Титэм үг-II" номын оршилд "ТИТЭМ ҮГ хааны титмээс ч үнэтэй буюу" хэмээн үнэлсэн нь их эзэн хааны айлдвартай утга санаа ойролцоо мэт ээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Т.Очирхүү агсан авъяаслаг нэгэн байсан. Тэрээр 1979 онд "Урам хайрла"алдарт шүлгээ бичиж олон нийтийг шуугиулж явсан билээ.Энэ шүлгийг одоо аль ч насны хүн сайн мэддэг, цээжээр уншдаг юм, гэхдээ Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын "Хүмүүс ээ амьддаа бие биеэ хайрла" шүлгийн \ энэ шүлэг цаг хугацааны хувьд жилийн дараа бичигдсэн\ хувилбараар илүү мэддэг юм.

О.Дашбалбар 1980 онд Москва хотноо бичиж "Оддын аялгуу" гэдэг анхны номондоо оруулж хэвлүүлсэн

"Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ" шүлэг:

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ,

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх...


Бас Болгарын алдарт үзмэрч Ванга: "Хүмүүс ээ, бие биенээ хайрлаж яваарай, бие биесээ бүү үзэн ядагтун" хэмээн гэрээсэлсэн нь бас л утга нэг болой.

О.Дашбалбарын энэ шүлгэнд байдаг:

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл
гэсэн сайхан мөрүүд байдаг нь алдарт "Гоолингоо" дууны санаа мэт бодогддог.

Япон зүйр үгэнд: "Хэрэглэгч бол бурхан" хэмээсэн байдаг, тэгвэл эдүгээ "Хэрэглэгч бол хаан" хэмээх афоризм, менежментийн зарчим хаа сайгүй тааралдах, ноёрхох болжээ.

Алдарт Омар Хайям: "дуулим энэ орчлонг дурлал, дарс хоёргүйгээр насыг элээх хэцүү" хэмээн цэцэлсэн байхад Гарсиа Лорка "Орчлон хорвоо дээр бүсгүй хүн, дарс хоёроос өөр утга учиртай юм юу байгаа юм" гэж халагласан байдаг. Энэ нь эд хөрөнгө сонин биш, идэж уух, өмсч зүүх ч гол бус, сэтгэл гэдэг хязгааргүй шунал тачаал дунд сэлж байдаг, үл баригдах зүйл гэдгийг уран дүрсэлжээ..

Эртний Грекийн суут сэтгэгч Зенон "Ихийг сонсч бага ярь хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяажээ" хэмээн айлдса байдаг. Гэтэл бидний монголчууд энэ үгийг ардын зүйр үг мэт л амнаас ам дамжуулан ярьцгаадаг.

Цагтаа аугаа Гамлетын тавьсан "Орших уу, эс орших уу" хэмээх сонгодог асуулт Шекспирээр дамжин үе үед "Үхэх үү, мөхөх үү", "амьдрах уу, арилах уу" мэтээр өөр өөр өнгө аясаар дэвшигдэн тавигдсаар иржээ.

Олон талын авъяас билэгт, Говийн ноён хутагт Данзанравжаагийн жирмийн сүлжээ мэт гайхалтай гурвалсан сургаалд:

...ачлахын дээдээр ачлууштай нь: ээж, аав, эх орон гурав,

...тэтгэх горимын эх нь: наран, саран, хайр гурав
мэтээр бичсэн тогтсон уламжлал, өвөрмөц арга бий.

Гэтэл хэдэн жилийн өмнө БНХАУ-ын Өвөрмонголын Хөлөнбуйр хошууны Нурмаа хэмээх авъяаслаг охин энэ сургаалийн санаа, хэлбэрээр бичигдсэн "нар, cap, одон гурав юу вэ?", "аав нь, ээж нь, бидэн гурав юу вэ?" мэтийн адил үгтэй "Чандмань эрдэнэ" хэмээх дууг дуулан од болж байсныг сайн санаж байна. Энэ дууны зөвхөн хөгжмийн зохиолч нь тэрбумтан болсон тухай мэдээлэл байдаг. Миний бодоход энд оюуны өмчийн асуудал ч байж болмоор санагддаг.

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн "Нутгаа мөрөөднө" \1985\ шүлгийн

Ууланд суувал талаа мөрөөднө,

Усанд шумбавч говио мөрөөднө
гэсэн мөрүүд өвөл болохоор зунаа үгүйлнэ, зун болохоор өвлөө санана хэмээсэн яруу найрагчийн бодол, илэрхийлэлтэй агуулга адил байна...

Санаатай, санамсаргүй, тохиолдлын, тохиолдлын бус, харьцуулсан, зүйрлэсэн, үнэлсэн, цэцэлсэн иймэрхүү адил төстэй тусгал, илэрхийлэл амьдрал, үйл ажиллагаанд, сэтгэлгээнд, уран бүтээлд, хүмүүсийн бичсэн зохиол, хэлсэн үгэнд цөөнгүй байх юм. Уг сурвалж, учир холбогдол, уялдаа хамаарлыг ухаантай дүү нар сонирхон судална биз ээ.

Д.Одхүү

Эх сурвалж: "Хөх толбо" сонин