sonin.mn

Зурвасхан бодлууд-11

...Өөрийгөө "ядуу" гэж бодож байвч, эх оронтой болохоороо бид "баян" байдаг. Өөрөө сонгож болдоггүй болохоор, төрөхдөө унасан газар шорооны ширхэг бүхэн нь хамгаас зөөлхөн, угаасан усны дусал бүхэн нь хамгаас ариун байсан. Уйлж бархирахдаа амьсгалсан агаар хамгаас тунгалаг, нүдээ нээхэд минь ялбуулсан нарны сацраг хамгаас дулаахан байсан.

Өмөлзөж хөххөд  ам руу минь  урссан сүү хамгаас амттай, үнэгчлэн унтахад минь аялж байсан бүүвэйн дуу хамгаас уянгалаг байсан.  Өсөх насанд хөл рүү минь хатгаж өвтгөсөн өргөс намайг уйлахгүй байж сургасан, өдөржингөө шарах бүгчим халуун нар намайг тэсч тэвчихийг сургасан, өвөл цагийн тэсгим жавар намайг өлчир болгож сургасан, өндөр уулсын цавчим халил намайг уужуу байхад сургасан.

Өтөл насны минь буурал хяруу сүрлэг уулсын минь сүүдэр. Үрчлээ суусан хөх нүүр минь хаврын хавсраганы ором. Сормуусан дор хааяа чийгтэх манан урсгал усны минь шингэц. Төрөхөөс үхэх хүртлээ эх нутгаа өөрийн эс бүхэндээ шингээсэн монгол бүргэд.

Уудам тал нутагт адуун сүрэг янцгаахад, уртын дуу газрын таталцлаас хальж наранд хүрэхэд, хуурын аялгуу тэртээх уулсын сүүдрийг сарниахад, хувинтай сүү барьсан сайхан монголжингоо өмнөөс минь инээмсэглэн алхахад би өөрийгөө монгол эр хэмээн ханхалздаг.

Хаяа шуусан монгол гэрийн хойморт айраг залгилж суухад, хурдан морьдын туурайн тоос гийнгоон дуунд замхархах агшинд, хүчит бөхчүүд эр бяраа үзэн барилдаж алдар цолоо дуудуулан дэвэхэд, хөдөө талд багшрах мал сүргээ дурандан суухдаа  би өөрийгөө монгол эр хэмээн бахархдаг.

"Амар байна уу?" гэж гар зөрүүлэн мэндлэхдээ, ахмад настангаа хойморт залж хүндлэн сургаалийг нь сонсож байхдаа, аав ээжийгээ "эрдэнийн дээд" гэж сүслэн залбирахдаа, алсын газар одохдоо аяны дөрөөгөө сүүгээр мялаалгаж, азын дөрвөн бэрхээ шившин байж дэвсэг дээр хаяхдаа би өөрийгөө монгол эр хэмээн мэдэрдэг.

Төрж өссөн монгол газар шорооны минь ширхэг бүхэн нь биднийг санан хүлээж байдаг юм. Урсаж байгаа голын дусал бүхэн нь бороо болон биднийг хүлээж байдаг юм. Уулс уулсын сүрлэг орой, хад чулуу болгон нь биднийг санан бэтгэрч, эмтэрч байдаг юм. Ээлжлэх дөрвөн улирал нь хатуу ширүүн ч гэлээ эхийн хэвлийгээс унахад тосч авсан зөөлөн өлгий.

Ширхэг чулуу болгон нь тэсэлгээнд бутрахдаа биднийг дуудан ёолж байдаг юм. Ширгэж сайр болсон гол горхи уйлах нулимсгүйдээ бидний өмнө гасалж байдаг юм. Тасдуулж хяргуулсан мод болгон ёзоор дундаа аврал эрэн сарвайж байдаг юм. Хядуулж цөөрсөн амьтад амь гуйж бидний өмнө нүдээ бүлтэлзүүлж байдаг юм.

Мөнгөнөөс хямдхан болсон "монгол хүн чанар" өөр хоорондоо арсалдаж байна. Мунхагийн туйл болсон шуналчид эх орныг минь харьд арилжиж байна. "Мөнгө цагаан нүд улаан" болсон харийнхан эх орны минь ариун хэвлийг гараараа тэмтчиж байна. Мөнгөний өмнө биднийг сөгдүүлж, түүхийн хуудаснаас "МОНГОЛ" хэмээх нэрийг хусч арилгахыг хүсч байна.

Алтан соёмботой улаан гэрэгээ аль ч улсын хилийн дээсэн дээр омог бардам үзүүлдэг байсан монголчууд бид "ЭХ ОРОНГҮЙ" болчихвол хаачих юм бэ? Надаас үнэтэй гэсэн болгоныг минь авч болноо, харин эх орныг минь авч чадахгүй. Намайг зовоож шаналгаж болноо, харин эх орноо гэсэн сэтгэлийг минь хугалж чадахгүй.

Дээдсийн алтан шарил амар амгалан шингэсэн, дэлхийд данстай МОНГОЛ газар шороог минь худалдаж авна гэвээс ЗАЯА ЧИНЬ ДУТНА. Өнгө мөнгөөр өндөр дээдэс эх орныг минь худалдаж арилжина гэвээс ХОНШООР ЧИНЬ ДУТНА. "НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНА" гэдэг үг бий. ЭХ ОРОНТОЙГОО БАЙХДАА БИ ХЭНЭЭС Ч ИЛҮҮ БАЯН БАЙДАГ.
 
Өнгөрч одсон цаг хугацаа

...Урсаж буй гол мөрөн эргэж урсдаггүй шиг өнгөрсөн цаг хугацаа эргэж ирдэггүй. Эргэлдэж байгаа цагийн зүү сөрж эргэдэггүй шиг өнгөрсөн цаг хугацаа буцаж эргэдэггүй. Уйлж хичнээн бархиравч нэгэнт үйлдсэн алдааг улируулж засч чаддаггүй. Хичнээн харамсан шаналавч тэрхэн мөчид гаргасан алдааг цайруулж ердөө ч өнгөлдөггүй.

Өнгөрсөн зүйл гэдэг яг л тэр чигээрээ. Өөрчилж хувиргахыг хичнээн хичээвч бидэн огт амждаггүй. Хэн хүний сэтгэлийн чанадад туссан бараан сүүдрийг хичнээн хичээвч угааж арилгаж цэвэршүүлэхгүй. Тэр л цаг мөчид үзэн ядаж, хараан зүхэж, өшөө авах хүсэлд шатаж байсан зүрхийг, яг л голын ус хатуу чулууг мөлийлгэдэг шиг урсаж байгаа цаг хугацаа уучлалд хөтлөн аваачдаг. Зөөлөн нь хатуугаа элээдэг хорвоогийн тавилан гэж.

Зөндөө олон хүмүүс өнгөрсөн цаг үеэрээ амьдардаг. Өш хонзон тэдний сэтгэлийг хиртээж, өөдөөс нь ирж буй гэгээн амьдралын өнгийг бараантуулдаг. "Тэгэхэд тэр тэгсэн шүү дээ " гэх хонзон сэтгэлд нь эргэлдэхүйеэ, тэд өөрсдийн алдаагаа ч олж харахгүйгээр үзэн яддаг, насан туршдаа.

Тэглээ гээд тайвшрах нь үгүй сэтгэлийн тарчлаанд өөрөө л арсалдаж, мартаж ядсан сэтгэлийг нь сэмрүүлж нэгэн тарчлаах. Түүндээ сэтгэл нь огт ханахгүйгээр, тэр хүний сэтгэлд тарчлаан үүсгэж бахаа хангахыг хүсдэг. Өнөөдрөөр бус өнгөрснөөр хонзон санах өчүүхэн атгаг санаа нь өрөөл бусдыг шаналгаж гэмээ нь түүний бах нэгэнтээ ханах.

Өмхий ханхалах хорон сэтгэлдээ өөрөө ч мэдэлгүй баясан самуурах нь "баас хатавч өмхийгээ тавихгүй" гэдэг мэргэн үгийн гэрч болох нь олонтаа. Үзэн ядах, үс санах өчүүхэн зайд тарчилж амьдардаг хүмүүс бишгүй бий, өрөвдмөөр.

Өглөөд өндөр уулсынтэртээд ханхайн мандаж, үдэш тэртээх уулсын чанадад дүнхийн жаргах наран шиг хүмүүний сэтгэлд өнгөрсөн цаг хугацаа улиран жаргаж, өөдөөс ирэх наран шиг итгэл найдвар мандан бадардаг. Өнгөрсөн цаг хугацааны алдаа гэдэг дүнхийн жаргах наран мэт, өөртөө итгэх итгэл, амьдралын сайханд тэмүүлэх сэтгэл гэдэг өглөөд мандан бадрах нарны гэрэл мэт.

Энэ ертөнцөд төгс төгөлдөр хүмүүн гэж огт үгүй. Алдаа онооны дэнсэн дээр амьдарч, жаргаж, зовох хүмүүн болгон өөрийн тавилангаа өөрөө л үүрч байдаг. Тэд хорвоогийн өөртөө ноогдсон тавиланг сөрж урсах нь үгүй. Өнгөрсөн алдаандаа шаналж, өөдөөс ургах наранг хав харанхуй мэт харах цаг үе зөндөө бий.

Голын ус урсахдаа сайн муу бүхнийг хаман урсдаг шиг, гольдрол дундаа өөрөө нэгэнт цэвэршдэг шиг, цаг хугацаа биднийг хаман урсдаг. Сайн болоод муу явсныг өөр хэн ч биш цаг хугацааны урсгал шүүж, бас нотолдог.  ХҮН БОЛГОН ӨӨРИЙН ТАВИЛАНГАА ӨӨРӨӨ Л ҮҮРНЭ. ТҮҮНИЙГ ӨӨР ХЭН Ч БИШ ГАГЦ ЦАГ ХУГАЦАА Л ШҮҮН, БУСДАД НОТОЛДОГ. БИД ЯГ Л ГОЛЫН УРСГАЛ МЭТ АМЬДАРНА.
 
Чи яагаад намайг огт анзаарахгүй явчих ваа

...Би чамайг хараад л хараад л байсан, чи яагаад анзаарсангүй вэ? Би чамайг хүсээд л хүсээд л байсан, чи яагаад огтоос тоосонгүй вэ?  Би чамтай уулзах гээд л уулзах гээд л хичээгээд л байсан, чи яагаад мэдэрсэнгүй вэ? Чиний нүдний харц хаашаа эргэлдэж байсныг би анзаарсан л даа, гэхдээ итгээгүй.

Чи юуг ч юм бэ хүсч байсныг би анхаарсан л даа, гэхдээ би тэгж бодоогүй.  Чиний сэтгэл хаана догдолж байсныг би мэдэрсэн л дээ, гэхдээ би итгэхийг огт хүсээгүй. Миний сэтгэлд анх дүрслэгдэж байсан ариун дагшнаар нь сэтгэлдээ хадгалахыг хүссэн юм аа, чамайг. Намайг огт тоохгүй, бас анзаарахгүйг чинь  би мэдэрч байсан л даа, гэхдээ сэтгэл дэх гэгээн мөрөөдлөө арилгахыг хүсээгүй юм аа.

Хайрлаж харамлахын нэгхэн орчилд сэтгэлээ тэтгэхийг л би мөрөөдсөн юм. Миний сэтгэл гэгээн ариухан мөрөөдөлд хөвж байх нь надад сайхан байсаан, нуулгүй хэлэхэд. Сэтгэлээс сэтгэл рүү урссан тийм л гэгээн хайрыг чи огтоос анзаардаггүй юм билээ. Тэгэхдээ би чамд гомдоогүй ээ, сонголт зөндөө байхад. Чамайг их хайрыг биш, их мөнгийг сонгоход тань би харамссан, нуулгүй үнэнээ хэлэхэд.

Цав цагаахан сарны дор хээнцэр залуутай үнсэлдэж байхад чинь би харж л байсан, бухимдаагүй. Цэцэгсийн бал шиг миний дурлалыг гишгэчиж өнгөрөхөд чинь би харамсаагүй, чиний л ухааны цараа гэж өөртөө гомдож шивнэсэн. Гэхдээ би чамайг хайрлаж дурласан сэтгэлдээ тарчлаагүй.

Магад надад хэзээ ч оногдохгүй хайрын балыг чинь би нүцгэн хөлөөрөө гишгэчээд л алхаж одсон. Чи түүнийг хэзээ ч анзаарч шаналахгүйг чинь би мэдэж л байсан л даа. Гологдсон тавиландаа "гоморхож байна" гэж намайг бүү өрөвдөөрэй. Би өөрийн сэтгэлээ мэднэ, захирч бас чадна.

Хэрвээ анзаарч мэдэрсэн бол миний хайр их л ариухан байсаан. Хэзээ ч тоож анзаарахгүйг чинь мэдсэн хэрнээ би чиний л өмнө дэлгэж харуулсан. Тэгэхэд чи хээнцэрхэн хэрнээ ихэмсэгхэн инээж өнгөрсөн. Миний зүрхний их хайр дундуур туучиж өнгөрсөн. Хэзээ ч дахиж дэлбээлэхгүй сарнайг гутлын өсгийгөөр гишгэчиж өнгөрсөн.

Зөндөө их сарнайн дэлбээг гишгэчиж байхад чинь би ёолоогүй. Зөн совингоороо чамайг хайрласан хайраа орхиж огт чадаагүй. Чи намайг огт тоолгүй орхиж, гэнэн бардамхан хэрнээ мунхагхан зүрхэндээ бардамнаж одохыг чинь би анзаарч л байсан.

Гэхдээ хамгаас ариухан хайр, чамайг сэтгэлээсээ жаргаах зүрхэн надад л байсан юм шүү. Харин чи яагаад үүнийг огт анзааралгүй, бас огт тоолгүй хажуугаар нь алхаж одсоныг л би ойлгоогүй. Гэхдээ л чи үүнийхээ төлөө харамсах, эс харамсахыг би хэлж мэдэхгүй. Тэр үед миний зүрх хэвээрээ байж чадах болов уу?

 Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:  gala_mn@yahoo.com