sonin.mn

КИЕВ. /RIA Novosti/. Энэ сарын 23-нд болох ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн айлчлалын үеэр Киев түүнийг Украины зүүн бүс нутгийн эрх баригчдын төлөөлөгчидтэй уулзуулах боломжийг судалж байна гэж Украины  Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Валерий Чалый хэлсэн байна. Өөрсдийгөө зарлан тунхагласан засаг захиргааныхантай уулзуулах талаар энд дурдсангүй.

Меркель Тусгаар тогтнолын өдрийн өмнө буюу энэ бямба гарагт Украины Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзахаар тус улсад айлчилна. Украины ГХЯ түүний айлчлалыг агуулга талаасаа сонирхолтой байх болно гэжээ. Өнөөгийн Донбассын дэд бүтцийг сэргээх, хүмүүнлэгийн тусламж хүргэх, эдийн засаг, нийгмийн асуудлыг шийддэг хүмүүс болох хотуудын захирагч нар, засаг дарга нартай Меркель уулзах бололтой.

Киевийн эрх баригчид 2 дугаар сард болсон төрийн эргэлтийг эсэргүүцэж Донбасст дургүйцлээ илэрхийлж байсан иргэдийн эсрэг 4 дүгээр сард цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

НҮБ-ын мэдээгээр, дөрөвдүгээр сарын дунд үеэс наймдугаар сарын 10-ны хооронд Украинд 2000 гаруй хүний амь үрэгдэж, 5000 орчим хүн шархадсан байна. Москва энэ ажиллагааг залхаан цээрлүүлэлт гэж нэрлэн, олон улсын хамтын нийгэмлэгт хандан  гал зогсоох боломжтой бүх арга хэмжээг авахыг уриалжээ.

П. Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг