sonin.mn

МОСКВА.  /ITAR-TASS/. ОХУ-ын цуваа Луганскт хүмүүнлэгийн тусламж хүргэж өгөөд Ростов мужид буцаж ирэхдээ “ачаатай” байсан гэж Киевийн эрх баригчдын мэдэгдсэнд гайхаж байгаагаа ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдлээ.

“Энэ мэдэгдэл нь багаар бодоход төөрөгдөлд оруулж байна. Учир нь эдгээр машиныг Украин, ОХУ-ын хилийн харуул, гаалийн ажилтнууд шалгасан шүү дээ” гэж Онцгой байдлын яамны төлөөлөгч Александр Дробышевский хэлжээ. Үүнээс гадна, тэрээр нэмж хэлэхдээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн болон гадаадынхан уг машинууд хоосон буцаж байгаа эсэхийг шалгаж болох байсан гэжээ.

Өмнө нь ОХУ-ын Онцгой байдлын яамны шуурхай бүлгийн ахлагч Эдуард Чижиков мэдэгдэхдээ, “өнөөдөр бүх машин Оросын нутагт буцаж ирлээ. Тэд бүгд Оросын болон Украины хил, гаалийн шалгалтаар орсон бөгөөд аль нэг талаас гомдол гараагүй гэсэн байна. Хоёр талын аль аль нь ачааны машинууд хоосон эргэж ирснийг баталсан” гэжээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны хүмүүнлэгийн тусламжийн цуваа наймдугаар сарын 12-ны өглөө Москва орчмын Наро-Фоминскаас хөдөлсөн байна.
Орос-Украины хил дээр нэг долоо хоног саатсан 262 “Камаз” машинаас бүрдсэн цуваа баасан гарагт Луганск руу явсан. Тэдгээр нь 2 мянган тонн хүнс, ус, хүүхдийн хоол хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүн байсан.

Украины зүүн өмнөд нутагт хүмүүнлэгийн цуваа хүргэх шийдвэр Москвад гарсан ба хүмүүнлэгийн гамшгийн бүсэд тусламж хүргэхэд саад болох ямар ч шалтаг байх ёсгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэж байсан юм.

Олон улсын улаан загалмай хороо ажилтнуудынхаа аюулгүй байдлын төлөө санаа тавин сөргөлдөгч талуудаас өөрийн ажилтнуудын аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхийг шаардан цувааг дагалдан явахаас татгалзаж байлаа.

П.Эрдэнэжаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг