sonin.mn

 Монгол Улсын гавьяат жужигчин Чүлтэмийн Алтан-Өлзийг хүмүүс “Өнөр бүл”-ийн Гармаа гэдгээр нъ илүүтэй сайн таньдаг. Уг нь тэрбээр 60-аад кино, 120-иод жүжгийн гол болон туслах дүрд тоглосон хүн. Гэвч түүнийг Монголын ард түмэн Ч.Алтан-Өлзий гэж дуудахаасаа илүүтэйгээр Гармаа гэх. Зарим нь бүр “гажиг” гэдгээр нъ тодотгоно гээч. Энэ нь түүний дүрээ хүмүүст хүргэсний илрэл. Нэг үгээр хэлбэл Алтан-Өлзийгийн нэрийн хуудас болсон дүр нь Гармаа. Жүжигчин Ч.Алтан-Өлзий “Өнөр бүл”-ээс гадна
“Говь Хянганд тулалдсан нь”, “Гэрлэж амжаагүй явна”, “Сахиул уу, сахиус уу” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлсөн. Тэрбээр урлагийн ямар нэгэн сургууль төгсөөгүй ч өөрийн авьяас чадвар урлагийн алтан үеийнхний үлгэр дуурайл уйгагүй хөдөлмөрч чанарын нөлөөнд драмын театрт дөчөөд жил ажиллаж тайз засагчаас гавъяат жүжигчин хүртэлх уран бүтээлийн өгсүүр боловч баяр жаргалтай замыг туулсан юм. Гавъяат үнэгүйдсэн энэ цагт жинхэнэ гавъяатын талаар тэрлэснээ уншигч танд хүргэе.

НАРТ ХОРВООД ДУУГАА ХАДААВ

1949 онд Завхан аймгийн Сантмаргац суманд нэгэн эх амаржиж энэ хорвоод хүү төрүүлсэн нь Алтан-Өлзий байлаа. Тэрбээр долоон хүүхэдтэй айлын том хүү. Дээрээ хоёр эгчтэй, доороо дөрвөн эрэгтэй дүүтэй. Эгч нар нь хоорондоо нэлээд зайтай төрсөн тэгээд ч бага эгчээсээ долоон насаар дүү бас анхны эрэгтэй хүүхэд гэдэг утгаараа Алтан-Өлзий нэлээд эрх өссөн гэдэг.

НИЙСЛЭЛД ЗОЧИЛСОН ХОЁР ӨӨР ХАЦАРТ

Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул тэрбээр Улаанбаатарын хүн болсон түүх нь их сонин. Тэрбээр тун багадаа нийслэлд саатсан бөгөөд тэмээн хөсөгтэй улсынхаа нийслэлд иржээ. Бага жаахан хүүгээ аянсаж ядрах вий гэсэндээ аав ээж нь тэмээний хажуу бөөрөнд байрлуулсан арагт хийж аян замын уртыг туулсан гэх. “Нэг тийшээ харж хэвтсээр байгаад өрөөсөн шанаа нь наранд түлэгдэж борлочихсон хоёр өөр хацартай “амьтан” ирж байсан юм гэнэ билээ гэж манай хөгшчүүд дурсдаг юм” хэмээн тэр ярих. Түүнчлэн “нэг тийшээ харж унтаж явсны гайгаар гилжгий болчихгүй юу” хэмээн хошигнож суусан. Арагт тухлан хотод ирж байсан энэ жаахан хүү багаасаа спортод сонирхолтой байсан гэх. Ямар сайндаа л үе тэнгийн найзууд нь “спортын банзал”
хэмээн хочилчихсон байхав. Гар бөмбөг, хөл бөмбөг, өндрийн харайлт, гүйлт гээд хаана л юу болно тэр бүгдэд Ч.Алтан-Өлзий гүйж явдаг болохоор тэр шүү дээ.

ХО БАГШИЙН “ГОЁ НЭРТ”

Тэрбээр мөн л багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байж. Хэдийгээр ямар нэгэн мэргэжлийн сургууль төгсөөгүй ч УДЭТ-т насаараа ажилласан мэргэжлийн жүжигчин гэж тодотгогддог нэгэн. Ер нь түүний дотоод сэтгэлийнх нь мөн чанар жүжиглэх чадвар гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Харин түүнийг анх урлагтай холбосон хүмүүс бол авга ах Л.Ванган, Л.Нацаг хоёр нь. Авга ах Л.Ванган нь бидний сайн мэдэх зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган шүү дээ. Харин Л.Нацаг ах нь Ардын жүжигчин хүн төдийгүй Монголд циркийн урлагийг үндэслэгчдийн нэг. Ч.Алтан-Өлзий анх 1967 онд Драмын театрт тайз засагчаар ажилд орсноор урлагт хүчин зүтгэх болсон гэх. Ерөөс энэ л үеэс хойш Ч.Алтан-Өлзий эргэлт буцалтгүйгээр урлагийн халуун тогоонд чанагдаж эхэлжээ. Нэг үгээр хэлбэл тэрбээр 10 дугаар анги төгсдөг жилээ “ДБЭТ-т жүжигчин шалгаруулж авна" гэсэн зар явж байхыг олж мэдээд хүсэл сонирхолдоо хөтлөгдөн нэг л мэдэхэд шалгалт өгчихсөн бас болоогүй тэнцчихсэн зогсож байсан гэх. Харин түүнийг жүжигчин болгосон хүн бол Хо.Нацагдорж
хэмээх урлаг судлаач хүн. Тайз засагчаар ажиллаж байсан тэрбээр цэргийн албанд мордож гурван жилийг өнгөрөөгөөд буцан театртаа ирэхдээ “Багшаа би жүжигчин болмоор байна” гэж их л том зориг гарган хэлсэн гэх. Ийнхүү тэрбээр жүжигчин болж авьяаслаг жүжигчний тоог нэгээр нэмсэн юм. Ч.Алтан-Өлзийгийн театрт бүтээсэн анхны дүр нь илгээлтийн эзний дүр. Гэхдээ 1979 онд Ж.Бунтар найруулагчийн "Үүрийн цолмон" жүжгийн Цээж баяны дүр түүнийг олонд таниулж өгсөн юм. Тухайн үед багшийнх нь “театр гэдэг бол сүм, тайз гэдэг бол шүтээн” хэмээн хэлж байсан дуу хоолой өнөө ч чихэнд нь сонсогддог хэмээн тэрбээр хуучилдаг.
Багшийнхаа хэлсэн энэ үгийг мартаагүйгээ тэрбээр тайзны хажуугаар явах болгондоо баталдаг. Өөрөөр хэлбэл Ч.Алтан-Өлзий одоо ч тайзныхаа хажуугаар явахдаа малгайгаа авдаг заншилтай. Энэ нь шүтээн болсон тайзаа бас ариун сүмээ хүндэлж буйн илэрхийлэл. Сонирхуулж хэлэхэд түүнийг Хо багш нь “Гоё нэрт” хэмээн нэрийддэг байсан гэх. Харин тэрбээр “багш надад урлагийн А үсгийг зааж өгөх гэж мөн ч их загнасан даа” хэмээн багшийгаа дурсан ярьдаг бөгөөд “Магадгүй тэрний хүчинд би өнөөдөр монголчуудад их бага хэмжээгээр танигдсан биз" хэмээн даруухан өгүүлэх.

Ч.АЛТАН-ӨЛЗИЙ ГАРМАА БОЛСОН НЬ

Гэхдээ түүний олонд хамгийн их танигдсан дүр нь “Өнөр бүл” киноны Гармаагийн дүр гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Уг киноны найруулагчаар Жигжид найруулагч ажилласан бөгөөд тэрбээр Гармаагийнхаа дүрд Ч.Алтан-Өлзийг сонгосон нь маш оновчтой шийдвэр байсан гэдэгтэй маргах хүн олон гарахгүй байх. Монголын ард түмэн Ч.Алтан-Өлзий “Өнөр бүл”-ийн Гармаад тоглосных нь төлөө түүнд онц үнэлгээ тавьсан. Харин кино судлаачдын зарим нь магтсан бол хацар амыг нь улайтал хэлсэн хүн ч бас байдаг гэнэ. “Гармаа уг нь ажилчин ангийн том төлөөлөл. Алиалагч биш. Жигжид Гармааг арай буруу тийш нь татчихсан юм шиг санагддаг. Ажилчин ангийн том төлөөлөл гэдэг үүднээсээ тоглохгүй яагаад өсгийтэй гуталтай хүүхний араас хөөцөлдөөд явдаг залуу болгочихов. Ч.Алтан-Өлзий ч гэсэн түүнд нь хөтлөгдөөд тоглочихлоо” гэж ирээд шүүмжилсэн нэгэн бий. Гэхдээ тэрбээр шүүмжлэлд нэг их эмзэглээд байгаагүй юм билээ. Харин ч шүүмжлэл хүнд ус агаар шиг хэрэгтэй гэдгийг ухаардаг гэсэн. Гэхдээ тэрбээр ганцхан Гармаадаа хайртай биш. Өөрийнхөө оюун ухаан хийгээд хүч хөдөлмөрөө шавхан байж бүтээсэн тайз дэлгэцийн бүх дүрдээ хүүхдүүд шигээ л хайртай. Харин өнөө хэр нь Гармаа гэж дуудагдаж байгаа нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Жигжидийн ур чадвар, киног бүтээлцсэн хамт олны ач буян гэж боддог гэсэн. Монголын анхны өнгөт инээдмийн кино гэгддэг “Өнөр бүл” киногоо тэрбээр тухайн үеийн залуусын амьдралыг уран сайхны аргаар инээдмийн хэлбэрээр үзүүлсэн шилдэг бүтээл болж залуусын итгэлийг хүлээж үзэгчдийн сэтгэлд хүрсэн кино болсон гэж боддогоо нуугаагүй.

МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ

“Эрийг нас, уулыг цас дарна” гэж үнэн юм даа. Гажиг Гармаагийн дүрээрээ хүүхнүүдийн сэтгэлийг соронзон адил татаж байсан энэ эр өдгөө 65 насыг зооглож гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа. Гэхдээ авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг үг байдаг болохоор яг энэ насандаа нэгэн сайхан өвгөний дүр бүтээчих юмсан гэсэн битүүхэн мөрөөдөж суудаг гэнэ билээ. “Улаанбаатар бүү хэл сумынхаа төв рүү цөөхөн ордог нэг тийм сайхан өвгөн байдаг даа. Мал л байвал өдөр шөнө, бороо шороог үл хайхран малынхаа араас зүтгэж байдаг. Тийм л өвгөнд тоглоод үхэх юмсан” гэж тэр боддог гэсэн. Яг л “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн өвгөн, “Үер” киноны Болд өвгөн шиг. Өөрөөр хэлбэл энэ насны мөрөөдөл нь үзэх тоолонд нулимс гармаар сайхан сэтгэлтэй өвгөний дүр бүтээх гэсэн. Мөрөөдөл биелдэг юм. Тэгэхээр Алтан-Өлзийгийн энэ мөрөөдөл тун удахгүй биелж Монголын кино урлагт Дэнзэн өвгөн шиг нэгэн сайхан өвгөний дүр бий болох биз ээ.

ХОЁРЫГ УЧРУУЛСАН “САХИУЛ УУ, САХИУС УУ”

Монголын уран сайхны "Сахиул уу, сахиус уу" нэртэй кино 1980-аад оны үзэгчдийг шуугиулж байлаа. 1982 онд энэ киноны зураг авалтын үеэр Ч.Алтан-Өлзий гэргий Г.Нансалтайгаа танилцжээ. Кинонд хамтран тоглосон нь тэдний урт амьдралын эхлэл байсан гэдэг. Тэр үед Г.Нансал Монголын радиод редактор-найруулагчаар ажиллаж байжээ. Энэ үеэс хойш нэг их удалгүй заяа нийлсэн хосууд III, IV хорооллын 33 дугаар байрны 12 давхарт айлын хажуу өрөөнд гал голомтоо бадраасан гэдэг. Харин нэлээд хожуу театраас нь байр өгч өөрийн гэсэн гэр оронтой болсон юм. Ч.Алтан-Өлзий хээгүй, юм голж, шилэх гэж ер үгүй. “Өнөр бүл” дээр “гэм нь жаахан гажиг” хэмээн Цэрмаагийн хэлдэгчлэн гэм нь жаахан шударга зантай. Болохгүй, бүтэхгүйн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүйгээсээ болж зарим нэг хүнд ад болох нь бий. Ч.Алтан-Өлзийгийнх хэмээх энэ айл хоёр хүүтэй. Хөвгүүдээ мэндлэхэд Ч.Алтан-Өлзий ажил ихтэй завгүй таарч. Бага хүүгээ мэндлэхэд ажил дээрээсээ найруулагч Г.Доржсамбуу агсныг дагуулчихсан гүйж ирээд, Нэгдүгээр төрөхийн цонхон доор шүгэлдэж, доороо дэвхцэж зогссон гэх. Тэднийг харсан эмнэлгийн хүүхнүүд " Арслан, Гармаа хоёр ирчихэж" хэмээн шуугилдан кино үзэж байгаа юм шиг цонхон дээр шавчихсан байсан гэдэг.
Ч.Алтан-Өлзий хэмээх энэ хүмүүнд ижий аав нь Хо багшийнх нь хэлдгээр гоё нэр хайрласан ч тэр өнөө хэр нь гажиг гэсэн тодотголтойгоор Гармаа хэмээн дуудагдсаар байна. Дуудах нэрийг эцэг эх өгдөг дуурсагдах алдрыг өөрөө олдог гэдэг энэ буюу.

Х.Сэдэд

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"