sonin.mn

Говийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр зохион байгуулж байна. Нээлтэд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн 400 гаруй малчны төлөөлөл оролцож байгаа юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үйл ажиллагааг нээж үг хэлж, илтгэл тавив. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар УИХ-аар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө батлуулсан юм.


2023-2024 онд шилжих өвөл нүүрлэсэн зудын улмаас өнөөдөр 7,4 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаад байна.


Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан төр, засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авч, мал аж ахуйн салбартаа шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Бэлчээрийн доройтлоос болж мал сүрэг тарга, тэвээргээ авч чадахгүй байна. Энэ салбараас зун, намартаа л ашиг хүртэж байна. Өнөөдөр мал аж ахуйн салбар хамгийн эрсдэлтэй бизнес болоод байна. Зуд болоход малаа алдаж байна. Малчид арилжааны банкнаас хамгийн өндөр хүүтэй зээл авч байна. 


Өнөөдөр дундаж малчин өрхийн сарын орлого 1.5 сая төгрөг, зарлага нь 2.1 сая төгрөг байна. Сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Олон малтай ч малаа тэжээж дийлэхгүй учир байгальд даатгаж байна. Хонио ноосолж дийлэхгүй байна. Малчдыг энэ түгжрэлийн тойргоос гаргах бодлого хэрэгтэй. 

Өнөөдөр говийн бүсийн 810 өрхийг хамруулж судалгаа хийхэд “ченжид малаа өгдөг” гэсэн байна. Цаашид эрчимжсэн, хагас эрчимжсэн аж ахуй хэрэгтэй байна гэж малчид хэлж байна. Төр, засгийн зүгээс малын түүхий эд боловсруулах үйлдвэр, малын тэжээл тарих боломжоор хангах, малын түүхий эд борлуулах цэгтэй болгож өгөх саналыг малчид хэлж байна. 

“Малын мах, бүтээгдэхүүн хадгалах зоорь хэрэгтэй. Арьс, шир боловсруулах үйлдвэртэй болговол малынхаа ноос, ноолуур, ширийг тушаагаад сайхан амьдарна” гэж байна. Гэтэл үйлдвэрт тушаах үхрийн шир гологдож байгаа. Учир нь үхрийн шир гар аргаар төхөөрснөөс дотор хэсгийн арьс нь гэмтэж, гадна талдаа малын хачиг зэрэг өвчний улмаас цоохортож, сэвтсэн байна. Тиймээс чанартай түүхий эд нийлүүлдэг анхан шатны тогтолцоо шаардлагатай байна. Тиймээс Засгийн газар дээрх асуудлыг шийдвэрлэх гурван бодлого хэрэгжүүлэхээр боллоо. 



1. Малаа их хэмжээгээр алдсан иргэдийг малжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Малгүй болсон иргэдэд таван жилийн хугацаатай, хүүгүй найман сая төгрөгийг өгч байна.

2. Малчдын зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшуулж, хуримтлагдсан хүүгийн 75 хувийг төр даана. Өнөөдөр малчдын зээлийг тэглэх улстөржилт их хөндөгдсөн. Өнөөдөр малчдын зээлийг тэглээд маргааш эмч нарын, багш нарын, оюутны зээлийг яах вэ. Сонгууль болохоор өнөөдөр зээл тэглээд, маргааш талх 10 мянган төгрөгийг хүргэж болохгүй. 

3. Өнөөдрийн өөхний төлөө биш маргаашийн уушгины төлөө “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдын амьдралын шинэ хэв маягийг бий болгож, шинэ санхүүжилт хийнэ. Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалтын зээл гаргаж байгаагаараа “Шинэ хоршоо” хөдөлгөөн онцлогтой. 

Ингээд Засгийн газар “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна” хэмээв. 


 

Зүүн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт өчигдөр Дорнод болсон бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.