sonin.mn
 
Хаврын улиралд бид өдрийн турш нойрмоглоод, ажил хийх сонирхолгүй болдог. Зарим нь үүнийгээ  “Хаврын ядаргаа” гэж  оношлодог. Харин зарим нь “Мэдрэлийн ядаргаа” гэдэг. Энэ талаар Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн Мэдрэлийн тасгийн  их эмч Л.Амарсанаатай ярилцлаа. 
 
 
- Өвлийн улирлаас дулааны улиралд шилжихэд хүмүүс цаг агаарын байдалтайгаа  дасан зохицох гэж багагүй зүдэрдэг. Олонх нь ядарч, нойрмоглодог. Үүнийг  зарим нь мэдрэлийн ядаргаа гэх юм. Ер нь мэдрэлийн  ядаргаа юунаас үүсдэг  юм бэ?
 
-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь тухайн хүн ямар нэг зүйлд дасан зохицохгүй,  ачаалал даах чадвараа алдаж мэдрэлийн эрхтэн тогтолцоо  түр зуур хямрах үзэгдэл юм. Хотжилт, хүн амын хэт бөөгнөрөлтэй холбоотойгоор  энэ өвчин сүүлийн жилүүдэд ихэсч байна. Өвчин үүсэх гол шалтгаан нь тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй, дотоод бухимдлаа гаргахгүйгээс болоод мэдрэлийн ядаргаанд өртөж байна. 
 
-Энэ үед тархи толгой өвдөхөөс өөр ямар зовиур илрэх вэ.  Уурлаж уцаарлах, бухимдах, ядарч нойрмоглох нь энэ өвчний шинж тэмдэг мөн үү?
 
-Ерөнхийдөө ачаалал даах чадвараа алдана. Өмнө нь  30 минут хийдэг байсан ажлаа нэг цаг хийх гэх мэт. Юу ч хийсэн амархан ядарч сульдана. Мөн зүрх дэлсэх, артерийн даралт ихэсч, багасах, арьс хуурайших зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Цаашилбал бэлгийн үйл ажиллагааны алдагдалд орох, хоолны шингэц муудсанаас турж эцэх, хоолны дуршил буурах зэрэг  олон шинж илэрдэг.
 
-Хаврын ядаргааг хүмүүс мэдрэлийн ядаргаатай андуурах тохиолдол байдаг.  Мөн элдэв эм тариа, витаминыг  дураараа хэрэглэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
 
-Ер нь аливаа эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь тохиромжгүй. Эмийг бичиж өгөх эрхтэй ганц хүн бол эмч. Тиймээс эмийг тухайн өвчинд тохирсон тунгаар зөв хэрэглэвэл үр дүн өгдөг. Харин эсрэгээрээ шаардлагагүй эмийг дур мэдэн уух нь хор болох аюултай. Тэгээд ч мэдрэлийн ядаргаанд эм тариа хэрэглэх нь зөв эмчилгээ биш. Дусал залгуулж, витамин уугаад асуудал шийдэгдэхгүй. Нэг л удаагийн сэргээх төдий алхам болно. Тиймээс иж бүрэн шинжлүүлж, төгс эмчилгээ хийж байж л ядаргаанаас гарна. Ядаргаанаас салах хамгийн гол эмчилгээний нэг бол тархины цусан хангамж сайжруулах. Энэ тохиолдолд биеийг тайвшруулж, эд эрхтэнг тэжээх эмчилгээ хийдэг. Учир нь тархи бүх эрхтнээ удирддаг. Таны эрүүл мэндийн картан дээр эмч хоол, хөдөлмөр, амралтын дэглэм барих гэж зүгээр ч нэг бичдэггүй. Ажил амралтаа зохицуулаагүйгээс бүх асуудал үүсдэг учраас дэглэм барих нь чухал. Хамгийн гол нь сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Бухимдахаас аль болох зайлсхийх нь чухал.  Учир нь стрессийн гол шалтгаан уур бухимдал байдаг. Эхлээд өрхийн эмчдээ, дараа нь дүүргийнхээ мэдрэл, зүрх судасны эмчид хандах хэрэгтэй.
 
- Тэгвэл стресс, ядаргаанаас гарахын тулд яах ёстой вэ?
 
-Бухимдлаас сэргийлэх олон арга бий. Тухайлбал, дуртай зүйлсээ хийх, өөртөө цаг зав гаргах гэх мэт. Хэрэв та суудлын ажил хийдэг бол спортоор хичээллэх хэрэгтэй. Харин  байнгын хөдөлгөөнтэй ажил хийдэг бол гэртээ суугаад зурагт үзэх гэх мэт. Мөн цэвэр агаарт гарах, дасгал хөдөлгөөн хийвэл сайн амарч чадна. 
 
-Мэдрэлийн өвчин мэргэжлийн онцлогоос шалтгаалдаг уу?
 
-Мэдрэлийн эрхтэн тогтолцоо оюуны ажил хийж байгаа үед хамгийн их ачааллыг авдаг. Аажимдаа мэдрэл туйлдаж, энэ өвчний урьтал үүсдэг. Биеийн хүчний ажил хэдий хэцүү ч хүн толгойгоо ашиглах шаардлага бага гардаг. Иймээс хүнд хүчир ажил гэхээс илүү оюуны хөдөлмөр хийдэг хүмүүс ихэвчлэн өвддөг. Насны хувьд гэвэл хүүхдүүд компьютер тоглоом их тоглож байгаа  энэ үед  мэдрэлийн эрхтэнүүд зэрэг ажилладаг. Иймээс энэ өвчинд насны ялгаа байхгүй. Эцэг эхчүүдэд,  зөвлөхөд хүүхдүүдээ гадаа агаарт уламжлалт тоглоомоор тоглуулах нь эрүүл мэндэд тустай  гэдгийг зөвлөх байна.
 
-Хүмүүс энэ өвчнийг  хүнд өвчин биш гээд  тө­дий­лөн тоодоггүй. Хүн­дэрвэл ямар аюултай вэ?
 
-Сэтгэцийн өвчлөлийн суурь болдог. Хоолны шингэц муудсанаас ходоодны шархлаа зэрэг өвчин амархан тусдаг. Мөн сэтгэцийн өвчин, зан төрхийн өөрчлөлтүүд үүсч, сэтгэл гутралд орсноор амиа хорлох тохиолдол ч гардаг. 
 
-Хаврын улиралд энэ өвчлөл яагаад түгээмэл тохиолдоод байна вэ?
 
-Хаврын улиралд хүмүүс их ядаргаанд орж, ужиг хууч өвчин сэдрэх нь ихэсдэг. Манай тасгийг аваад үзэхэд  харвалт ихэвчлэн хавар тохиолддог. Учир нь өвлийн хүнд ширүүнийг дөнгөж  давсан үед  их ядардаг. Мөн хүмүүс ээлжийн амралтаа ихэвчлэн зун авдаг. Үүнээс харахад  7-8 сар завсар чөлөөгүй ажилласан хүмүүс ихэвчлэн ядаргаанд  орж байна гэсэн үг. Мөн цаг агаарын тогтворгүй байдал хүнийг туйлдуулдагтай холбоотой.
 
Э. Бэрцэцэг
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин