sonin.mn


Намайг дээд сургууль төгсөөд телевизэд орсон тэр намар киноны орчуулгын хянагч редактор хий гэснээр би телевизийн хүн болсон билээ. Тэр үед киноны редакц гэж тусдаа байгаагүй, программ төлөвлөлтийн хэлтэст харьяалагддаг байв. Киног долоо хоног, сараар нь төлөвлөнө, гол төлөв социалист орнуудаас авна. Бас Кино үзвэрийн газраас ч очиж авдаг байлаа. Үзвэрийн кинонууд нь бүгд кино үйлдвэрт орчуулагдсан учраас бид агуулга, сэдэв нэг их шалгадаггүй, ердөө л бүлгүүд хайрцган дотроо солигдчихоогүй байгаа гэж үзнэ.

 

Гэхдээ л кино зааланд бүгдийг нь дэлгэцэнд гаргаж шалгана. Ялангуяа баярын өмнөх өдрүүдэд дараа долоо хоногт төлөвлөсөн бүх киног үзэх гэж олон цагаар суудагсан Үзэл суртлын маш хатуу хяналттай учир бид нэг кадр дүрс, орчуулгын үг өгүүлбэр, цэг таслал бүрийг хичээнгуй няхуур шалгаж байж бэлэн болгодог байсан. Аливаа кино нэвтрүүлгийн утга агуулга, сэдвийг олон талаас нь хянах чухал юм гэдгийг ойлгож, хатуу хариуцлагатай ажилд насан турш уягдлаадаа гэсэн айдастай бодол төрж байсан. Сонор сэрэмжтэй хашир байвал хал балгүй гэдгийг бусад хүмүүсээс ч байнга сонсоно. Цаг үе нь тийм байж.

 


Талийгаач Жалан-Аажав гуайг хэл аманд ороход, эсэргүү байсан гээд баахан киноноос дүрсийг нь хасуулж байлаа. Хятад, Румын хоёр сүжирсэн гээд Румынээс ирсэн баримтат киног бараг гаргахгүй. Албани улсын тухай бүр юу ч дуугарч, юм үзүүлж болохгүй. Герман, Чехээс ирсэн кинонд эр эм хоёр удаан үнсэлцэх, нүцгэлээд усанд орох зэргийн юмыг ажил болгож хасуулна. Нөгөө нэг хэцүү нь орчуулга. Тэр үед орос хэлний өндөр боловсролтой хүн олон байсан учраас шүүмжлэгчид ч бас олон. Хэлний мэдлэг, орчуулах чадвар, хэл найруулгадаа манайдаа сайн гэгддэг бузгай хашруудад киногоо өгч орчуулуулна.

 

Нэг бүлэг, арван минутын кино орчуулахад 60 төгрөгийн шагнал олгоно. Орчуулагчид нэг уран сайхны киног бичвэрээс нь харж орчуулахад дунджаар 480-550 орчим төгрөгийн шагнал авдаг байлаа. Залуухан бид нарт хааяа нэг хүүхэлдэйн болон ганц хоёр бүлэг баримтат кино олдоход учиргүй баярлана. Тэр үед М.Чойжил гуай телевизийн дарга байлаа. Их хашир. Нэг өдөр “Бүтээл эзэнтэй. Хийж байгаа юмыг чинь хэнийх вэ гэдгийг нь үзэгчид мэдэж байх ёстой. Нэвтрүүлгийнхээ араас нь нэр усаа гаргаж бай” гэснээр 1985 онд бүх нэвтрүүлгийн араас уран бүтээлчдийнх нь нэр урсдаг болсон юм.

 

Бид нэрээ гаргах гэж их чармайна. Бодвол олон үзэгч хараасай мэдээсэй л гэж хүсдэг байсан байх. Ер нь юм юманд хатуу чанга шаардлага дор ажилладаг байв. 1984 онд манайд Зөвлөлтийн телевизээс нэг их олон мэргэжилтэн ирж ажилласан юм. Ерөнхий зураачийн, зураглаачийн, гэрэлтүүлэг болон дуу бичлэгийн операторын, редакторуудын гээд телевизийн мэргэжил бүрт арав гаруй орос зөвлөх ирж, хоёр жил хамт бужигнасан. Маш олон юм зааж сургасан. Манай өрөөнд мэргэжилтэн И.С.Лучай гэж тавь эргэм насны зөвлөх байн байн орж ирнэ.

 

Тэр хүн зөвлөх редактор байсан. Найруулал, сурвалжлага хийхэд юунд анхаарч, материал яаж цуглуулах вэ гээд залхуугүй ярина. 1982 оны наадмын “Баярын мишээл” нэвтрүүлгийг Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн том дарга нар, А.И.Филатова авгай ирж бут ниргэснээс хойш Телевизийн нөхдүүд нэвтрүүлэг хийж чадахаа больж гээд Төв Хорооноос зориуд анхаарч, тэр олон мэргэжилтнийг урьж ирүүлсэн байх гэж боддог. Тэдний дотроос олны хайр хүлээсэн нь Латвиас ирсэн Виталис гэж алиа хошин үгтэй, европ соёлтой, хэнийг ч ялгалгүй найрсаг ханддаг жижиг шар өвгөн байлаа.

 

Тэр өвгөн найруулагчтай манай Бадар-Ууган нэг өрөөнд сууна. Тэр олон мэргэжилтнүүдтэй ажил төрөл, үзэл бодлоор нэгдэх нэг нь нэгдэж, дотно нөхөрлөх нь нөхөрлөж, нэвтрүүлгийн технологи ажлаас их юм сурч авсан билээ.Виталис гуай онигоо их ярина. Бадар-Ууган ч мөчөөгөө өгөхгүй. Тэднийх үргэлж хүмүүс хөлхсөн, хаалга нь онголзсон өрөө байсан. Нэг удаа Виталис гуай өөрт тохиолдсон явдлаа ярьж билээ. Латвийн радиод найруулагч байхдаа Октябрийн баярын шууд нэвтрүүлэг бэлттэж, алдартай нэг жүжигчнээр В.Маяковскийн “Красный Октябрь” найраглалыг уншуулжээ.

 

Студид жүжигчин найраглалаа уншиж дуусаад төгсгөлд нь муу уншлаа гэж бодсон уу, “Гавно” гээд хэлчихсэн нь хальсанд бичигдчихэж. Найруулагч тэрнийг мэдсэн боловч “За яахав арилгана даа” гэж бодоод дараачийн ажилдаа оржээ. Орой нь өнөөхөө мартчихаад “Маргаашийн шууд нэвтрүүлгийн үеэр жагсаалын оргил хэсэгт тавих юм шүү” гэж туслахдаа хэлээд өөрөө явуулын станцаа шалгаад харьсан байв, Ингээд баярын жагсаалын үер Зөвлөлтийн ардын жүжигчин Латви даяар “Гавно” (баас) гэж хэлсэн гээд бөөн инээдэм болж байсан.

 

Энэ мэт бие биедээ тохиолдсон элдэв явдал, онигоо ярьж, хөгжилддөг байлаа. Нэрт найруулагч С.Бадрах бас их шооч хүн. Нэгнээрээ хатуу тоглоно. Тэр үед Хөгжмийн редакц ахалж байсан хөгжмийн зохиолч С.Алтанхуягийг өрөөндөө нэлээн халамцуу сууж байхад нь мань эр М.Чойжил даргын хоолойг дуурайн утсаар
-Намын Төв Хорооноос хүн ирлээ. Одоо бушуу ороод ир чи гэчихсэнд мань хашир арай ядан хана түшиж явсаар даргын өрөөнд орчихсоныг биеэр үзүүлэн, биднийхээ нус нулимсыг бардагсан.

 

Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирсний дараа Москва-Улаанбаатарын хооронд шууд харилцсан том нэвтрүүлэг хийж билээ. Тэнд С.Бадрахын үүрэг роль их байсан. Харин би нэг зүйлд эргэлзэж гайхдаг. Жишээ нь одоогийн TV-5 телевиз Афины олимпийг анх удаа шууд дамжууллаа гээд л байдаг. Тэгвэл 1980 оны Москвагийн олимпийг Монгол телевизийн сэтгүүлч, найруулагчид шууд дамжуулан үзүүлсэн юм. Оросууд тусалсан л байх. Гэхдээ л Монгол телевиз анхдагч нь мөн. 1987 он гаргаад Зөвлөлтийн мэргэжилтнүүд бүгд буцсан.

 

Тэр жил кино сонгох ажлаар Москвагийн Останкиногийн телевизийн төв орохдоо манай Ерөнхий зөвлөх байсан В.Забаркин гуайтай орлогч даргын өрөөнд нь уулзсан. Таниад сүйд болж билээ. Зөвлөлтийн Төв телевизтэй харилцаа сайн байхад жил бүр Октябрын баяраар тэднийхээс заавал нэг нэвтрүүлэгч ирж долоо хонодог байсан. Их гоё улсууд ирдэгсэн.Одоо Ю.Эрдэнэтуяа дарга болсноос хойшхийг ярья. Телевизийн залуус бид шинэ сонирхолтой нэвтрүүлгийн тухай бодож, юм юмаа өөрчлөхсөн гэж ил далд ярьдаг болов.

 

Тэгж байтал Орос оронд Горбачевын “Перестройка” эхэлж, Орбитын нэвтрүүлгээр “Взгляд” гэдэг шинэ нэвтрүүлэг гарахад бид ч гэсэн өөрчлөлтийг туршлага муутайхан эхлүүлэв. “Үнэн” сонинд тэр үед нийтлэгдсэн ардын армид цэргүүд бие биенээ дэглэж зоддог тухай анхны шүүмжлэлтэй өгүүллийг уншаад гайхан цочиж, ийм юм бичиж болох юм байна гэдгийг мэдэж авч байж билээ. Сонин хэвлэл, ер нь мэдээллийн салбарынхан нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар зоригтой дуугарах цаг болсныг хэлж өгсөн хүн бол Л.Түдэв гуай гэж боддог.

 

Монголын хамгийн хүчтэй сонины ерөнхий эрхлэгч байлаа шүү дээ. “Далай ээж цаазын тавцанд” өгүүлэл нийтлэгдсэн нь нийгмийг доргиов. Сэтгүүлч Ц.Балдорж бас залуучуудыг байлдан дагуулж шуугиулсан “Хэрээ”, “Эмсүүд” зэрэг өөрчлөлт шинэчлэлийн амьсгалтай сенсаац болсон жүжгүүд бичиж, 80-аад оны сүүлчээр Залуучуудын театрын гадна билет нь олдохгүй, “алаан” болж байсан даа. Энэ мэтчилэн нийгмийн дотор хуучныг халах, шинэ нээлттэй ертөнц рүү тэмүүлсэн ардчиллын уур амисгал аажим боловч эргэлт буцалтгүй түрэн орж ирсэн нь телевизийнхнийг бас хамарсан.

 

Найруулагч С.Бадрахын ажиллаж байсан “Залуучууд спортын редакцид” ардчиллын уур амьсгалтай нэвтрүүлгийн анхны санаанууд гарч байлаа. Сэтгүүлч З.Алтай, С.Баяр нарын хөтөлж эхэлсэн “Цаг үе залуучууд” нэвтрүүлэг Монголын нийгмийн анхаарлыг ер бусаар татсан, телевизийн анхны нээлттэй, илэн далангүй нэвтрүүлгүүдийн нэг. Үүний араас нийгмийн асуудлыг зориг зүрхтэй дэвшүүлсэн шинэ шинэ нэвтрүүлгүүд төрсөн. Шинээр сургууль төгсөж ирсэн залуучууд алдаж онож байсан ч шинэ юм хийхсэн гэж, захиргаадалтын үеийн хүлээснээс мултрахсан гэж оролдож, өөрөөр харж эхэлсэн санагддаг.

 

Гэхдээ одоогийнх шиг ингэж эрээ цээргүй загнаж байгаагүй ээ. Ш.Гүрбазарын “Говийн ганц айл” нэвтрүүлгийг үзээд би хувьдаа ийм юм хийсэн түүнд тэрүүхэндээ атаархаж л явлаа. Монгол телевиз ерээд оны нийгмийн өөрчлөлтөд маш их үүрэг гүйцэтгэсэн гэж би ойлгодог. Кино орчуулгын редактораар зургаан жил ажиллаад байсан надад Ю.Эрдэнэтуяа дарга “Нэвтрүүлэг хийх цаг чинь боллоо” гэснээр би уран бүтээл рүү ирж билээ. Киноны редакцын Ш.Алтансүх дарга ч намайг дэмжсэн. Ш.Алтансүх дарга Гэрэл зургийн газраас ирсэн хүн.

 

Бодож санаснаа биелүүлэхийн төлөө хэнтэй ч хатуу тулдаг, санасандаа хүрэхийн төлөө зүтгэдэг, цагийг маш хатуу баримталдаг хүн байж билээ. Өглөө нэг минут ч хоцорч болохгүйг хоёр гурав ширүүн загнаад л ойлгуулсан. Харин манай редакцын хамгийн ахмад нь болох Дожоодорж гуай ер цаг барьдаггүй, даргын уур нервийг мөн олон барсан даа. Тэр хоёрыг хуц уль, нохой гахайдаа тултал хэрэлдэхээр би айсандаа өрөөнөөс түр гарна. Харин тамхи татчихаад эргээд ороод ирэхэд мань хоёр “Ах минь, дүү минь” болчихсон шатар нүүж сууна.

 

Өглөө болгон л ажлын өдрийг ингэж эхлүүлнэ. Алтансүх даргын анхилуун тансаг тамхины үнэр хонгилоор нэг таатай сэнгэнэхэд гадаад явж үзэх юмсан гэж бодогдоно. Мөн ч чамин тансаг хэрэглээтэй хүн байсан даа. Намайг нэг өдөр орчуулга хянаад сууж байтал орж ирээд герман үлгэрийн киноны бичмэл олон хуудас тайлбар өгч “За чи түргэн орчуул, ирэх долоо хоногт зарлана. Одоо суу” гээд сүрхий харахад нь толь бичиг тавьж байгаад дөрөв хоногт дуусгаж билээ. Би ингэж германаас юм орчуулж сурсан. Ш.Алтансүх шиг хянамгай хүний дор бол гайгүй хашир суумаар санагдаж билээ.

 

Кино хянадаг байсан тэр жилүүдэд Лениний төрсөн өдрөөр “Болдоггүй бор өвгөн” үлгэрийг, наадам болохоор морь бахардаж үхдэг “Морьтой ч болоосой" киног огт гаргаж болохгүйг маш сайн ойлгосон. Ю.Эрдэнэтуяа дарга бүтцийн зарим нэг өөрчлөлт хийж, “Спорт эруүл мэндийн” нэртэй шинэ редакц байгуулахад би тийшээ очсон. Бадар-Ууган бид хоёр үй зайгүй нөхөрлөдөг болохоор тэгсэн үү, хамт ажиллуулсан юм. Хүмүүс Туяа даргыг зэмлэж байв. Бадар-Ууган театр киноны найруулагч байдаг. Жүжиг кино хийхсэн гэж яаваа хүнийг хаа хамаагүй спортын редакцид өгсөн нь буруу л гээд байв.

 

Редактораар шинэ хун Д.Дамдиндорж томилогдож, Киевийн театрын сургууль төгссөн найруулагч Х.Энхтуяа, Москвагийн театрын алдартай сургууль ГИТИС төгссөн Б.Чулуунхүү, эстрад дуу дуулдаг Г.Энхтуяа нар редакц болж, цоо шинээр ажлаа эхлэв. Бидний дунд хамгийн туршлагатай нь спортын нэвтрүүлгээр олон жил дагнасан талийгаач Г.Хүрэлбаатар ах байсан. Туслах найруулагчаар одоо спортын нэвтрүүлгийн “Чандмань” студийн туршлагатай сайн найруулагч болсон, дөнгөж хорь гаран настай С.Сүхбаатар гялалзаж, Ууган найруулагчид сайн тусалж байв.

 

Нөгөө талд З.Алтайгаар ахлуулсан “Цаг үе залуучууд” нэвтрүулэг үзэгчдийг байлдан дагуулж, шар гозойлговч Бадар-Ууган юм бүхэнд тайван ханддаг байсан болохоор “Бид өөрөөр ажиллана шүү” гэж зүтгэсээр бас л хэд хэдэн сайн нэвтрүүлэгтэй болж, оны аваргыг нь авч билээ. Талийгаач Хүрлээ ах бид хоёр “Спортын ертөнцөд” нэвтрүүлгийг долоо хоног бүр бэлтгэнэ. Дамдиндорж, Ууган найруулагч хоёр “Монгол бөх” гэдэг шинэ нэвтрүүлэг санаачилж бэлтгэв. Анхны дугаарт дандаа аваргууд оролцож, Төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайгаар хөтлуүлсэн юм.

 

Ш.Сүрэнжав гуай бөх сайн мэддэг, уран сайхан ярьдаг байсан нь нэвтрүүлгийг сонирхолтой болгосон юм. Ууган найруулагч энэ нэвтрүүлэгтээ их дуртай. Бичлэг дуусахаар аваргууд болон цолтой бөхчүүд Ш.Сүрэнжав гуай, Бадар-Ууган хоёрыг хүндэлж навс дайлна. Бөхчүүдийн ууж идэх пянг бид яаж даах билээ. Ю.Эрдэнэтуяа дарга ”Монгол бөх” нэвтрүүлгийг их магтана. Тэгж байтал Хүрэлбаатар редакторын бие нь өвдлөө. Ер нь тэр үеэс бөөр нь муудаж эхэлсэн юм билээ. Найруулагч С.Бадрах, сэтгүүлч Хүрэлбаатар хоёр нэг тасагт зэргэлдээ орон дээр хэвтэж байгаад бараг эмчилгээ авахгүй байсаар нэг сарын зайтай өөд болцгоосон.

 

Энэ бол 1993  оны хавар юм. С.Бадрахыг Хөх хотод дараа нь Москвад аваачиж эмчлүүлэх гэсэн боловч тус болоогүй ээ. Цэлмэг тэнгэр шиг гэгээн сайхан тэр жилүүдэд залуу насны ариун хүсэл тэмүүллээр ямар их дүүрэн явсан юм бэ дээ. Олон сайн нөхдөө санах бүр хоолой зангирна. Яахав, сайнтай муутай өдрүүд ээлжлээ л биз, үргэлжлээ л биз. Гэвч телевизэд өнгөрүүлсэн бидний залуу нас амьдралын минь хамгийн үнэ цэнэтэй нь юм. 1990 он гарахад телевизийн амьдрал бүр сонирхолтой болсон. Аравдугаар сард би анх удаа Токиогоос нэвтрүүлэг бэлтгэхээр Япон явж билээ.

 

Найруулагч Ө.Цэвэлсүрэн, зураглаач Л.Энхбат бид гурав байсан юм. Хөрөнгөтөн оронд анх удаагаа хөл тавьж байгаа нь тэр. Юм бүгдэд гайхаж алмайрсаар тэр арав хоногийг дуусгаж билээ. Японы эзэн хаан таалал төгссөнөөс хойш нэг жил өнгөрч гашуудлын хугацаа дууссан тул өв залгамжлагч болох хүү хаан ширээнд заларсан ёслолын ажиллагаанд манай улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуай гэргийн хамт уригдахад бид сурвалжлага бэлтгэхээр явсан нь тэр.

 

Өдөр нь  албан ёсны арга хэмжээний зураг авчихаад гурвуулаа гудамжинд гарч, юу сонирхолтой санагдсан бүгдээ сурвалжилж байсан минь япон амьдралыг үзүүлсэн анхны нээлттэй, сонирхолтой нэвтрүүлэг болж, дараа нь бид гурав cap гаруй нэг их додигор улс явав. Хүн болгон Японы тухай асууна. Буцах замдаа Эрээн хотод түр саатахад нэг ч монгол хүнгүй, жаахан тосгон л байсан. Японоос ирээд бид найман цуврал нэвтрүүлэг хийсэн. Одоогийнхоор бол З.Алтай сэтгүүлчийн “Үүргэвчтэй аялал“ шиг болсон.

 

Биднийг Японоос ирэхэд Ю.Эрдэнэтуяа дарга ажлаа өгч, оронд нь сэтгүүлч Төрмандах дарга болж байв. Туяа даргын үед нэвтрүүлгийн урьдчилсан төлөвлөгөөнд их анхаардаг, бодлогын нэвтрүүлэг хийдэг, бас “Цаг үе залуучууд" шиг шинэ нэвтрүүлгүүд гарч эхэлсэн, телевизийнхний нийгмийн идэвх сэргэж сонирхолтой болсон үе байх. Бадар-Ууган бид хэдийг “Спорт, эрүүл мэндийн” шинэ редакцид хуваарилж, шинэ бүтээл рүү шахсан тэр нэг жилд бид зургаан цоо шинэ нэвтрүүлэг бэлтгэн үзэгч олны талархлыг хүлээж, байгууллагынхаа аварга болж билээ.

 

Ерэн он гармагц Ууган найруулагчийг Соёл урлагийн хорооны дарга болгоод аваад явчихлаа. Урьд өдөр нь хамт ажиллаж байсан нөхөр маань гэнэт сайд болчихов.
Ардчилсан хувьсгал өрнөж улс орон даяар бужигнаж эхллээ. Телевизийн нэвтрүүлгийн бодлогыг хуучнаар авч явж болохгүй болов арванхоёрдугаар сарын тэр өдрүүдийг ер мартдаггүй юм. Хэдийгээр дарга нар телевиз дотроо солигдож байсан ч программын ажлыг бүхий л хугацаанд Дугарын Жаргал гуай хариуцаж байсан. Хүнээ сайн таньдаг, ажлаа арван хуруу шигээ мэддэг тийм дарга ер нь телевизэд байгаагүй санагддаг.

 

Хариуцлагагүй хүнд хатуу үгтэй, айхтар ёжлоод хэлчихдэг, тэгсэн хэр нь телевизийнхэн их хүндэлнэ, үгэнд нь орно. Ер нь манай телевизэд олон сайхан уран бүтээлчид ажиллаж байсан бөгөөд энд би зөвхөн илүү ойр ажиллаж байсан хүмүүсийнхээ тухай л бичиж байна. Телевиз дотор ч бас бужигнаан эхлэв. Редакцуудыг бүгдийг нь татан буулгаж, уран бүтээлийн нэгдлүүд болгох гэнэ гэсэн яриа цахилгаан хурдаар тархаж, яах учраа олохгүй бид нэг хоёр өдөр сүрхий бужигнасан юм. Тэгээд хамт ажиллах хүсэлтэй уран бүтээлчид яг партизаны отряд байгуулж байгаа юм шиг энд тэнд бөөгнөрөв.

 

Бидний хэсэг нөхөд нэгдэн, найруулагч С.Бадрахаар удирдуулах болж, нэгдэлдээ “Гал” гэж нэр өглөө. Нөгөө талд “Цацал”, “Марал” гэсэн нэртэй нэгдлүүд бий болов Сэтгүүлч З.Алтай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар явчихлаа. “Цацал” нэгдэлд Д.Жаргал дарга очсон байдаг. Ш.Гүрбазар “Марал” нэгдэлд ажиллах болов. Төрмандах дарга “Уран бүтээлийн чөлөөт өрсөлдөөн эхэлсэн. Хэн, юу дуртайгаа хийх боломжтой. Гол нь шинэ, сонирхолтой нэвтрүүлэг хий” гэж уриаллаа.

 

Талийгаач найруулагч С.Содном гуайн бэлтгэж эхэлсэн “Чөлөөт индэр” гэдэг нэвтрүүлэг үзэл бодлын жинхэнэ чөлөөт индэр болохоор нэвтрүүлэг болсон. Эх санааг нь Ш.Гүрбазар гаргасан болов уу гэж боддог. Мань хашир тийм өвөрмөц санаа сэдэхдээ үнэхээр гаргуун. Бидэнд бүтэн өдрийн хөтөлбөр хариуцаж явуулахад сонирхолтой байсан ч “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийг бэлтгэх л амаргүй байсан. Манай нэгдлийн “Цагийн хүрд”-ийг мэдээнээс ирсэн С.Жаргалсайхан сэтгүүлч ахлан хариуцаж, бидэнд нэвтрүүлгийн зургийн хажуугаар мэдээ олж ирэх даалгавар өгч, нэхнэ.

 

Гурван нэгдэл уралдан ажиллаж эхэллээ. Нэг нь нөгөөгөөсөө яаж давж гарах вэ гэсэн ганцхан бодлоор л ажил эхэлсэн. Эхний долоо хоногийн “Цагийн хүрд” бэлтгэх оволзсон ажил ундрахад бүгд сандарцгааж, нэгдэл бүрт хуваарилсан хоёр камераа юу юунд явуулах вэ гэдэгтээ тулж нэг хэсэг юм болов. Тэр өглөө Тэрэлжийн амралтаас утасдаж, 3 саяын үнэтэй баригдсан зочид буудлын өргөтгөлийн хэсэг шатлаа гэхээр нь түргэн авч, Н.Зоригоо найруулагч бид хоёр санд мэнд гарч билээ. Давхисаар үдийн алдад хүрэхэд аль хэдийнэ шатаад дуусчихсан, хэдэн горзгор харласан мод ёрдойж байв.

 

Зургаа авчихаад бушуухан буцсан ч орой 17 цаг болж, ганцхан мэдээний төлөө бүтэн өдөр алдлаа гэж бангадуулав.Гурван нэгдэл бие дааж “Цагийн хүрд” явуулж чадахгүй байлаа. Нэгдэл бүрийн сурвалжлагчид үйл явдал дээр давхардаж очоод, жинхэнэ зохицуулалтгүй завхрал эхлэв. Сүүлдээ бүр захиалгатай мэдээ, зар сурталчилгаа ч явж эхэлсэн. Бидэнд хэдийд нь мэдээ бичиж, ямар үед нь нэвтрүүлгээ бэлтгэх нь ч тодорхойгүй болж сандаргана. Гэхдээ бусад талаар бол жинхэнэ өрсөлдөөн явагдаж, унтаж амрах унаж тусахаа мэдэхгүй ажиллаж байлаа.

 

1990 оны намар өвлийн заагт бэлтгэсэн хамгийн том дуулиантай нэвтрүүлэг нь бидний хэдэн залуучуудын ярилцаж бэлтгэсэн “Бухимдал” нэртэй дөрвөн цагийн шууд нэвтрүүлэг байсан юм. Ш.Гүрбазар, Г.Золжаргал миний бие, парик Жагаа, Бүдрагчаагийн Оюунчимэг бид дөрөв сэтгүүлчээр голлож ажилласан. Явуулын станцаа “Ленин клуб”-т ч бил үү, нэг газар байрлуулж, үүргийн сурвалжлагын ТЖКамер гурвыг гадуур гаргасан байлаа. Телевизийн доторх их, бага хоёр студийг бие биетэйгээ харилцахаар холбов.

 

Ингээд архидалт, ажилгүйдэл, хямрал, ядуурал, амиа егүүтгэгсэд гээд айхтар сэдвүүдийг хамж шимж аваад, ёстой хүмүүс бухимдтал ярилцсан. Хариуцлагатай албаны хүмүүс ч олон оролцсон. Үүний өмнө хийгдсэн нөгөө нэг том нэвтрүүлэг нь мэдээж Дожоодорж гуайн “Хариуцлага” нэвтрүүлэг. Харамсалтай нь би тэр нэвтрүүлгээс хол, зөвхөн үзэгчийн хэмжээнд хүлээж авсан болохоор доторх нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй юм. Адармаатай, хэл амтай цуврал байсан санагддаг. Улс төрийн Товчооны бүх гишүүдийг ялласан нэвтрүүлэг болох шахсан байх.

 

“Бухимдал” нэвтрүүлэг маань талдаа орчихсон, орон даяар бараг зөвхөн энийг үзэж байх тэр агшинд хот даяар тог тасарч, жинхэнэ бухимдал давхар үүсэж байсныг санаж байна. Найруулагчаар Ө.Цэвэлсүрэн, Ө.Нарангэрэл нар ажилласан юм. Ө.Нарангэрэл залуухан байжээ. Хурдтай, шаламгай, шинэ санаа өлгөж авахдаа түргэн, их овсгоотой найруулагч байлаа. ШУА- аас микрофон барьж үзээгүй залуу эрдэмтэн “парик” Жагааг ирэхэд жинхэнэ сурвалжлагч, сэтгүүлч болгосон багш нь. Тэр хоёрын “Тулах цэг” наяад оны сүүлч, ерээд он гарах хүртэл ёстой л мандаж байсан.

 


Монгол орон даяар ардчиллын салхи жавартай исгэрч С.Цогтсайханы “Хонхны дуу” орон даяар цуурайтан шинэ онтой золголоо. Нэгдлүүдийн өрсөлдөөн улам эрчээ авч, үзэгчид үзэх харах юм ихтэй болов. Тэгэхэд би хоёр найруулагчтай ажилладаг байв. Нэг нь Го.Бадарч, нөгөө нь Н.Зориг. Хоёр найруулагчийн дөрөв таван нэвтрүүлэгт редактораар ажиллахад ачаалал их, ажил дээрээ хонох нь их байв. Эвлүүлгийн аппарат, зурагтын дэлгэц ширтэж, дүрсээ секунд минутаар нь залгаж хэдэн арван цагаар суух, тэгээд амарсан ч юмгүй гадагшаа гарч зурганд явж явж ирэх... ёстой л залуу насны эрчээр хөдөлж байсан биз ээ.

 

Нэг мэдэхэд л гадаа цас хайлж, хаврын урь орчихсон байсан. Манай нэгдэл бас хөгжмийн нэвтрүүлэг хийнэ. Ленинградад сургууль төгсөж ирсэн Ж.Баяраа найруулагч С.Болдхүүг туслах ассистентаараа авч, гол ажлыг нугална. С.Бадрах радиогоос хааяа А.Авирмэд сэтгүүлчийг дуудаж нэвтрүүлэг хөтлүүлнэ. Тэгсээр нэг мэдэхэд А.Авирмэд Монгол телевизийн хүн болсон доо. А.Авирмэдийг үзэгчид “Дөрвөн бэрх” нэвтрүүлгээр нь таньдаг болсон. Мөн Ш.Ёолк байна. Радиогоос ирсэн энэ хоёр Монголын түүх, ёс уламжлал мэдэхээрээ биднийг дагуулахгүй сайн байлаа.

 

Сайхан ч ярьж, сайн ч хөтөлнө. Тэр үед А.Авирмэдийн “Сартагтайн гуу”, бас чонын авын тухай сонирхолтой, сайн нэвтрүүлэг нь дорхноо хүмүүсийн талархап хүлээсэн. Би бас нэгдэлдээ өөр нэг найруулагчтай давхар ажилладаг байсан. Киноны хашаанд хамт өссөн багын минь найз С.Эрдэнэбилэг манайд ассистент найруулагчаар ажиллаж байсан. Бид хоёр наяад онд Чех улсад цагаачлах гээд НАХЯ-ны хараа хяналтад орж, баригдаж хоригдож, зүтгэсээр байгаад баруунд гарсан Туул гэж хүүхний байцаалтын шахуу яриаг кино үйлдвэрийн нэг хүнээс дүрс бичлэгээр нь олж авч, нэвтрүүлэг болгосон чинь үзэгчид сенсаац болгон хүлээж авч, нэг хэсэг шуугисан юмдаг.

 


Н.Зоригтой хамтарч бэлтгэсэн “Хашаа”, “Морин тэрэгтэй сурвалжлага”, “Сүүдэр дайрсан зуслан”, Го.Бадарчтай хийсэн “Спорт ритм” зэрэг нэвтрүүлгүүд тухайн цагтаа шинэлэг болж байв. “Гал” нэгдэл өөр олон сайхан нэвтрүүлгүүд хийсэн. Бид төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгүүд хийж, өөрсдийн хүчээр цоо шинэ хоёр 69 машинтай болж байж билээ. Зун тийшээ уран бүтээлчид нэлээд сульдаж, ядрах тийшээ болов. Ажлын эмх цэгцтэй зохион байгуулалт дутаж, өрсөлдөх нэрээр бие биенээ туйлдуулж, юм юм руу хошуурсаар ярих, сурвалжлах зүйлээ бараг шавхсан санагддаг.

 

Зургаан сард нь  Японы соёлын өдрүүд анх удаа Улаанбаатарт зохиогдож цэнгэлдэхэд нижгэр юм болоход “Гал” нэгдэл дамжуулсан юм. "Флайнг скай” гэдэг хамтлаг эгээ л цэнгэлдэх нураачихаагүй. Го.Бадарч хөөцөлдлөгөө сайтай. Бид “Гал нэгдэл” гэсэн бичигтэй ноосон цамц, малгай, ханцуйгүй курткатай болж, хотын төвийн өндөр байшин дээр ГАЛ гэсэн гэрлэн чимэглэл хийлгэж тавьсан. 1990 онд болсон бас нэг хөлтэй явдал бол Япон, Монголын эрдэмтдийн багийн Чингис хааны онгоныг хайх нүсэр том ажил ундарч, манай телевиз NHK телевизийн хүмүүсийн хөлд дарагдаж, манай талаас С.Бадрах найруулагч, Т.Машбат зураглаачаар ахлуулсан хэсэг баримтат кино хийхээр явсан юм.

 

Японы телевизийн уран бүтээлчдийн техникийг шагшиж магтсан бид “Хэзээ нэг эдэн шиг юм хэрэглэдэг болно доо” гэж бодож байсан. Тэр ажил ямар үр дэнтэй шувтарсныг бид мэднэ.Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр. Телевизэд 90 оноос хойш даргө ер тогтохоо больсон. Жил гаруй болсны дараа нэгдлүүдийн эрч суларч, нийтлэлийн бодлого алдагдан, эмх замбараагүй байдал илт ажиглагдах болов. 1991 онд Гарам-Очир гуай хэсэг уран бүтээлчдийг нэгтгэн Монгол телевизийн хөтөлбөрөөс тав дахь өдрийг авч нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн.

 

“Тэнхлэг телевиз” гэж нэрлээд Монголын анхны чөлөөт телевиз гэж зарлан гарч ирсэн. Тэд нэвтрүүлгийнхээ бодлого сэдвийг өөрсдөө боловсруулж байсан болохоор бие даасан байдалтай байсан нь үнэн. Тэгээд ч техник тоног төхөөрөмжөө манайхаас авдаггүй, өөрсдөө өмчтэй байсан. Бие даасан анхны чөлөөт телевиз гэдэг нь үнэн. Монгол телевизээс редактор Ч.Болд, найруулагч Го.Бадарч, Ё.Цог, зураглаач Н.Пэрэнлэй, хөтлөгч Болормаа нар очиж байсан. Төрмандах даргад загнуулсан уу, эсвэл таарч тохирохгүй юм байсан уу, хөгжмийн найруулагч Л.Балхжав, Ж.Баяр, редактор Я.Энхээ гурав дөнгөж байгуулагдаж байсан “Улаанбаатар” телевиз рүү явчихав.

 

Программын хэлтсийн даргаар олон жил ажилласан Д.Жаргал гуай телевизийн дарга боллоо. Энэ хугацаанд НамынТөв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга байсан Ч.Түмэндэлгэр, ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ нар манай РТХЭГ-ын даргаар ээлжлэн алба хашсан. Энэнээс хойш дарга нар ёстой цувсан даа. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас З.Алтай бас манай хамгийн том даргаар ирсэн. Жил гаран ажилласан байх аа. Дарга солигдох бүр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болж, биднийг хэдэн өрөө сэлгүүлэн, мөн олон нүүлгэсэн дээ.

 

Ширээ сандлууд маань нүүдлийн ая даалгүй салж унасан. З.Алтай даргаар ирмэгцээ Ц.Төрмандахыг халж, нэгдлүүдийг татан буулгаж, эргээд редакцын бүтцэд орж билээ. Д.Жаргал дарга надад Программын хэлтсийн ажил хариуцуулав. Телевизэд арилжаа худалдааны зар сурталчилгаа орж ирэх нь нэмэгдэв. Сэтгүүлч С.Дашням “Телебирж” гэдэг зар мэдээ нэвтрүүлдэг алба санаачлан бий болгосон нь одоогийн бүх телевизүүдэд байгаа реклам сурталчилгааны албадын анхдагч биз ээ. Нэг өдөр программын хэлтэст зар мэдээний санал ирэхэд нь ассистент найруулагч Р.Тулга, Ононбат нарт дүрсжүүлж үзүүлэхийг санал болгосон.

 

Тэд студид гэрэл сүүдрийг нь тохируулан, шатар нүүж байгаа гар оруулан зохиомжилсон эвтэйхэн найруулгатай реклам хийсэн нь бас л анхны реклам байсан болов уу.
Энэ мэтээр Монгол телевизийн 45 жилийн түүхийг өөрийнхөөрөө хүүрнэх боломж надад бий. Энэ удаад хамгийн сонирхолтой цаг үеийн дурсамжаас хэсэгчлэн өгүүллээ. Хожим дахин ярих, бичих боломж олдох биз ээ. Монгол Улсын, дэлхий ертөнцийн 45 жилийн түүхийг баринтагласан миний, бидний Их Өргөөний гал голомт ашид мөнх бадран мандсаар байх нь дамжиггүй. Монгол телевизийн үе үеийн уран бүтээлчид, ажилтан ажилчид, анд нөхдөдөө ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.



МУСГЗ сэтгүүлч Гомбын Золжаргал