sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Jaepee эмнэлэг, Medzul Health Энэтхэг улс руу эмчилгээний тусламж үйлчилгээ, ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээллээ.
 
Санамж бичгийн хүрээнд талууд эмнэлгийн болон яаралтай тусламжийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болон элэг шилжүүлэн суулгасны дараах өвчтнүүдийг удаан хугацаанд өвчингүй амьдрах боломжийг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
 
Шинэ Делид байрладаг Jaypee эмнэлэг нь 2008 онд 1200 ортой гуравдугаар шатлалын, олон төрлийн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр байгуулагджээ. Дэлхийн шилдэг их дээд сургууль төгссөн 400 гаруй өндөр зэрэглэлийн мэргэшсэн эмч ажилладаг тус эмнэлэгт дэлхийн олон орноос өвчтнүүд хандан эмчлүүлдэг байна.
 
Medzul Health-ийн Pradeep Rishi:Бид ХСҮТ-тэй хамтран ажиллах гэрээний дагуу Монголын эмч болон яаралтай тусламжийн эмч нарыг сургах, тэдэнтэй мэдлэг, туршлагаа хуваалцах үүд хаалгыг нээх болно. Өмнө нь бид ХСҮТ-тэй голчлон элэг шилжүүлэн суулгахад хамтран ажилладаг байсан бол одоо бүх төрлийн хавдрын өвчлөлийн эмчилгээнд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Хүүхдийн зүрх судлалын хувьд ЭХЭМҮТ, УГТЭ-тэй хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Jaypee эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийг ашигладаг. Одоо Монголын эмч, яаралтай тусламжийн эмч нар Jaypee эмнэлэгт зочилж, олон төрлийн нарийн мэргэжлээр мэргэшсэн эмч нарын доор сургалтад хамарч ажиглагчаар оролцох боломжтой боллоо. Энэ нь Монголын эмчилгээний чанарыг дээшлүүлж, өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулахад тус болно.
 
Jaypee эмнэлгийн Элэг шилжүүлэх багийн ахлагч, мэс заслын эмч Abhideep Chaudhary: Элэгний өвчлөлийн тохиолдол дэлхий даяар нэмэгдэж байна. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээр элэгний өвчлөлийн тохиолдол дэлхийн дундажтай харьцуулахад Монголд өндөр байна. Элэгний хавдар нь Монголд өндөр тохиолдолтой хавдар бөгөөд жилд 1900 орчим хавдар оношлогдож байна. Монголын хавдартай өвчтнүүдийн нас баралтын гол шалтгаан болох нийт хавдартай өвчтнүүдийн зөвхөн 15 хувь нь мэс засал, эсвэл элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх, эмчлэгдэх боломжтой үе шатанд оношлогдож байна. Jaypee эмнэлэгт хүүхдийн болон насанд хүрэгчдийн бүх төрлийн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийдэг. Мөн хүнд хэлбэрийн тохиолдлууд болон элэгний хоёр дэлбэн шилжүүлэн суулгалт, дахин элэг шилжүүлэн суулгах, ABO бүлэг таараагүй үеийн элэг шилжүүлэн суулгалт гэх мэт тохиолдлыг хийдгээрээ туршлагатай. Бидний амжилт өвчтнүүдэд 96 хувь, доноруудад 100 хувьтай байдаг.
 
Jaypee эмнэлгийн Хүүхдийн зүрхний тасгийн эрхлэгч Ashutosh Marwah: Монголд дунджаар 1000-1500 нярай зүрхний гажигтай төрдөг. Ихэнх зүрхний гажиг нь зөв цаг үедээ оношлогдвол эмчлэгдэх боломжтой. Эмчилгээ, мэс заслын дараа ихэнх өвчтөн сургуульд явах, ажилд орох, гэрлэх, хүүхэдтэй болох гэхчлэн эрүүл хүн шиг амьдрах боломжтой болдог. Эмчилгээг эхлэхгүй оройтох нь эдгээр хүүхдийн нас баралтыг нэмэгдүүлэх муу үр дагавартай. Jaypee эмнэлгийн эмч бид нар Монголын эмч нарт туслахдаа баяртай байх болно. 
 
Энэ үеэр Medzul Health Энэтхэг улс руу эмчилгээний тусламж үйлчилгээний баг Энэтхэгт элэг шилжүүлэн суулгах мэс засал 40 мянган ам.долларын өртөгтэй байдаг бол Jaypee эмнэлэгт 36 мянган ам. долларын өртгөөр хийлгэх боломжтой гэдгийг дуулгалаа. Мөн Энэтхэг улс руу элэг шилжүүлэн суулгах хагалгаанд үнэ төлбөргүй зуучлахаас гадна эмнэлгийн зөвлөгөө, виз болон урилга, нисэх онгоцны буудлаас угтах болон хүргэх, зочид буудал, эмчтэй урьдчилан уулзах, орчуулга, эмчилгээний явц дахь болон дараах тусламж, сувилахуй, эмийн тусламж багтаж байгаа аж.
 
Элэг, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар “Элэг, эрүүл амьдралын хэв маяг, хавдар, хүүхдийн зүрхний өвчлөл” сэдвээр олон нийтэд лекц уншин, ХСҮТ-ийн эмч нартай хамтран хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгчээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг