sonin.mn
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, НҮБ-ын мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайтай Халх голын байлдааны талаар ярилцлаа.
 
-Монгол Улсын тусгаар тогтнолд улсын хил хязгаар шийдвэрлэх байр эзэлдэг тухай таны бүтээлийг сонирхож байлаа. Хил хязгаар гэдэг нь агуулгын хувьд өөр өөр онцлогтой юмаа даа?
 
-Энэ дэлхийн тусгаар тогтносон улсуудад улсын хилгүй улс гэж үгүй. Улсын хил бол үнэ цэнийн хувьд алт л гэсэн үг. Хөршлөх улсууд тохиролцож, тогтоосон дундын өмч болох улсын хилтэй болсноор бүрэн эрх бүхий эзэмшилтэй, баталгаажсан нутаг дэвсгэртэй болдог номтой. Бас үндэстэн, ард түмэн амар амгалан амьдрах бололцоотой болдог. Мэдээж Үндсэн хуулиар бодлого үйл ажиллагаагаа улсын хилийн хүрээнд эдлэн явуулах төрийн статус бүрдэж байгаа хэрэг. Ингэхээр улсын хил гэдэг нь халдаж болохгүй алтан шугам, алтан хэлхээ юм. Хязгаар гэдэг нь өөр агуулгатай. Аль ч улсын нутаг дэвсгэрийн алслагдсан зах буюу улсын хилийн шугамаас дотогш ойролцоогоор 20 метрээс дунджаар 30-60 км өргөн зурвас хэсгийн газар нутаг, түүнд багтдаг юм. Агаар, газрын хэвлийн хэсэг ч үүнд хамаарна. Энэ зурвасыг үнэ цэнийн хувьд би цалин цагаан мөнгөтэй зүйрлэе.
Энэ мөнгөн зурвасын орон зай ч ялгаагүй тухайн улс, ард түмний бүрэн эрхэд хамаарна. Тэгэхдээ бүсийн онцлогоос шалтгаалан тэнд онцгой дэглэм тогтоож, итгэлтэй, хүч чадалтай, эр зоригтой, эх орон, ард түмний эрх ашгийг оройлон дээдлэгч хүмүүсийн эзэмшилд байхыг шаарддаг. Энд хилчид тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ тухай цаашид дэлгэрэнгүй ярих бололцоо олдох байхаа. Учир нь Халх голын байлдааны талбар ч энд хамаарна.
 
Монголын ард түмэн олон зууны тэртээгээс хил орчмын нутаг дэвсгэр буюу хязгаарыг “Үүрд зах болгосон нутаг” гэж эрхэмлэн дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай.
 
-Өнгөрсөн оны долдугаар сарын 4-ний Засгийн газрын 195 дугаар тогтоолоор Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ гэж байсан?
 
-1939 оны энэ хэрэг явдлыг би Монгол, Оросын ард түмний түүхэнд төдийгүй, даян дэлхий, бүс нутгийн хэмжээнд сургамжтай түүхийн нэгэн хэсэг гэж бодож явдаг. Тогтоолд ахмад дайчдын гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх, ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхийг нэн тэргүүний зорилго болгон дэвшүүлсэн байна лээ. Улсын хилийн баталгаажилт, хамгаалалт өөрөөр хэлбэл, улсын хил шинжлэлийн ухааны хөгжпийн хүрээнд Халх голын байлдааны ажиллагааны бий болгосон сургамж нь онцгой ач холбогдолтой. Улсын хил хязгаарын аюулгүй байдалд анхаарах ёстой улс бүрт хэрэг болох сургамжтай үйлс.
 
-80 жилийн тэртээд Монголын Дорнод хязгаарт болсон энэ түүхэн үйл явдлыг тухайн үеийн олон улс, бүс нутгийн нөхцөл байдалтай уялдуулан та юу хэлэх вэ?
 
-Халх голын байлдааны ажиллагаа дэлхийн I, II дайн өрнөсөн, хүн төрөлхтний хөгжлийн хоёр дахь мянганы төгсгөлийн XX зуун бол дэлхийг хуваах, хувааснаа дахин хэсэгчлэн колончлох тэмцэл өрнөсөн үе байлаа. Үүнийг аж үйлдвэржилтийн үе гэж эрдэмтэд үздэг. Зэвсэгт тэмцлийн хэрэгсэлд нисэх онгоц, усан онгоц, танк, хуягт, их буу, буудлагын галт зэвсэг давуутай ноёлон гарч ирсэн цаг үе. Энэ талаар Европ тив, АНУ, Азиас Орос, Япон улс давамгайлж байлаа. Гэтэл олон зуун жил Хятад, Түвд, Монголыг ердийн зэр зэвсэг, тээврийн хэрэгслийн хүлээсэнд дарангуйлан хорьж, хөгжпийг нь саатуулж байсан Манж чин гүрэн гадны халдлагад өртөх бай болж хувирсан байна. Оросын хаант улс, Японы хооронд болсон дайнд амжилт олсон Японы цэрэг Манжийг унаган, нутгийг нь эзлэн, Монголын Дорнод хэсэгт тулж ирэв. 1932 оны есдүгээр сарын 2-ны өдөр Япон, Манжийн хооронд хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээрт “Хэлэлцээр байгуулсан улсын аль нэгний нь нутаг дэвсгэр ба амар амгаланд аюул учрах үед хэлэлцэн тохиролцсон хоёр улс нь хамтаар хүлээсэн үүргийн дагуу улс гэрээ хамгаалах хариуцлага хүлээнэ. Иймээс Японы цэрэг нь Манжийн нутагт суух эрхтэй” гэсэн заалт орсон байв. Өөрөөр хэлбэл, Манжийн эрх ашгийг хамгаалах халхавчаар бүс нутаг болон Монголын дорнод хязгаарт нүүрэлсэн аюулын эх үүсвэр ингэж тавигдсан түүхтэй.
 
-Япончууд Азийг эзлэх хэрэгтэй. Үүний тулд Хятадыг, Хятадыг эзлэхийн тулд Монголыг эзлэх хэрэгтэй. Хэрэв Хятадыг эзэлбэл Азийн бусад улс бууж өгнө гэсэн утгатай яриа байсан гэдэг?
 
-Түүхийн баримт бичигт ийм санаа бичигдсэн байдаг. Гэхдээ амьдралд батлагдаагүй учраас үнэн гэж үзэх аргагүй. Монголд аюул занал учруулж байсан уу гэвэл нотлох баримт хангалттай байдаг. Японы цэргийн эрхтэнүүд 1930-аад оны эхнээс цэргийн бүлэглэл байгуулан бэхжүүлж, зөвхөн Манжийн төдийгүй Өвөрмонголд тараан байрлуулж, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааг Монголын эсрэг явуулсан үе бий.
 
Энэ нь 1932-1945 он хүртэл үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, манай улсын Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хил хязгаарыг хамарсан 2200 км гаруй урт хэсэг энд хамардаг. Харин заналхийлэл нь өөр ойлголт. Тэр нь тусгай бодлого үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгөөр урьдчилан бэлтгэж явуулсан цэргийн түрэмгийлэл, халдлагын шинж, агуулгыг багтаадаг. Үүнийг бодит байдлаас авч үзвэл Монгол Улсын Буйр нуур, Халх голын чиглэлээр гадаадаас үйлдэгдсэн түрэмгийлэл юм. Цөмөрсөн дайсныг монголчууд няцааж устган улсынхаа хязгаар, хилийг хуучин байсан хэмжээнд нь сэргээсэн түүхэн үйл явдал бол обьектив шинжтэй, шударга, маргаангүй бодит үнэн түүх.
 
-Халх голын түүхэн үйл явдлыг дайн, тулалдаан, байлдаан гэж хэлж, бичдэг. Энд ялгаа байна уу. Японы зарим судлаач Номонханы хэрэг явдал ч гэдэг юм билээ?
 
-Даян дэлхийд дайныг зэвсэгт тэмцэл гэж үздэг. Улс төрийн шийдэл мухардалд орж, тулгамдсан асуудлыг зэр зэвсгийн хүчээр шийдвэрлэх санаархал, үйлдэл, агуулгад нь илэрдэг. Гэхдээ эрдэмтэд дотор нь системчлэн ялгааг нь тогтоосон байдаг. Тухайлбал, байлдаан гэдэг нь цэргийн салбар, анги нэгтгэл (дивиз, бригад)-ийн хэмжээнд явагддаг байлдааныг бэлтгэж явуулах онол, практик юм. Халх голын байлдааны хэрэг явдал байлдааны цар хэмжээнээс давчихсан. Учир нь тэнд хоёр талын хүчин, олон нэгдлийг хамарсан армийн хэмжээний тулалдаан болж өрнөсөн. Тулалдааны онцлог нь цэргийн операц (байлдааны тусгай ажиллагаа)-ийг бэлтгэж явуулах онол практикийг илэрхийлдэг юм. Цар хүрээ, агуулга нь өргөн хэмжээтэй ойлголт болоод явчих нь тэр. Харин дайн гэдэг ойлголтод фронт, хэд хэдэн армийн цар хүрээг хамарсан зэвсэгт тэмцлийн дээд хэлбэр, шинж агуулгыг илэрхийлдэг. Тэгэхээр Халх голын байлдаан тулалдааныг бүхэлд нь байлдааны ажиллагаа гэдэг ай савд багтаан авч үзэх боломжтой гэж би үздэг. Энэ ажиллагаанд Монгол Улс оюуны болон материаллаг бүх боломжийг дайчлан ашигласан онцлог бий. Энэ утгаар дайн гэж ярих нь цөөнгүй.
 
-Таны “Дархлагдсан хил хязгаар” номонд Халх голын байлдааны ажиллагаа, улсын хил, түүний орчимд явагдсан онцлогийг бичсэн байсан. Тэгэхээр улсын хил, хязгаарын аюулгүй байдал гэдгийг системчилсэн ойлголтоор хэрхэн авч үзэх нь зохилтой вэ?
 
-Улсын хилийн аюулгүй байдал найдвартай хангагдахад дараах дөрвөн шаардлага нэн тэргүүнд хангагдах нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг. Тухайлбал, дорнын чиглэлд энэ систем гайхамшигтай бүрдсэн байв.
Нэгдүгээрт, улсын хил ёс төртэй баталгаажсан байлаа. БНМАУ үүсч хөгжөөд удаагүй байв. Гэвч манай өвөг дээдэс ХVIII, XIX зуунд хөршүүдтэйгээ улсын хилийг тогтоож овоо, тэмдгээр ёслон тэмдэглэж байгуулсан байв. Үүнийг би жаахан тодруулъя. 1764-1890 оны хооронд сууриараа хоёр алд, босоогоороо нэг алд чулуун овоог өөр хооронд нь дунджаар таван км зайтайгаар, хоёр тал зөвшилцөн хамтаар байгуулж, газрын зураг дээр зурж, овоо бүрийн байршил, нэрийг жагсааж, хөршлөх хошуудын төлөөлөгчид гэрээ бичигт гарын үсэг зурж, баталгаажуулж байжээ.
Сэцэн хан аймаг, Түшээт хан аймаг, мөн хөршлөх этгээдийн чуулганаар давхар баталгаажиж, эцэст нь Манж чин хаан соёрхон зөвшөөрөгдсөн эрх зүйгээр зохицуулагдаж байжээ. Тэр чиг шугамыг үндэс болгон 1915 онд Хиагтын гурван этгээдийн хэлэлцээрээр Монголын тухайн үеийн хилийг Дорнод чиглэлд Хөлөнбуйраар, өмнөд чиглэлд дотоод Монголтой зах нийлсэн хэсгээр Монгол Улсын хил байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монголч эрдэмтэн, газар зүйч, угсаатны зүй судлаач, архилогич, ардчиллын салхийг 1990 онд хагалсан С.Зоригийн өвөг эцэг Андрей Дмитриевич Симуковын 1930-аад оны эхээр зохиосон газрын зурагт ч Монгол Улсын хил, хязгаар маш тодорхой туссан байлаа.
Хоёрдугаарт, улсын хилийг манах ажиллагаа юм. Нууц байдлаар болон илээр хэвлэгдсэн дээр дурдсан зургууд дээр хилийн овоог хаана байгааг нэр, байршлаар нь мэдэх боломжтой байв. Түүнээс гадна хилийн овоо бүрийн хоёр талд хил манах зориулалттай харуулын цэргүүдийг газар орон, нэр хаягтай нь хамтатган бичиж жагсаасан байдаг. Ардын хувьсгал мандсан цагаас 1939 он хүртэл Монголын тал хил хязгаараа манаж хамгаалах тогтолцоог цагдаа харуул, түүнийг залгаад застав, комендатур, отрядын системээр винтов, пулемёт, гар гранат ашиглан ихэвчлэн морин уналгатайгаар хамгаалж, хангаж ирсэн түүхэн уламжпалттай.
Гуравдугаарт, хэрэв улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдах аюул занал тохиолдвол дайсныг цаг алдалгүй хилийн районд няцаан устгах зорилгоор Монголын Ардын хувьсгалт цэрэг (Арми)-ийг улсын хил халхлалтын зориулалтаар улсын хилээс эхлэн гүнд, дорнод чиглэлд байрлуулсан байлаа.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын батлан хамгаалах чадавхиас давсан давуу хүчээр дайсан довтолбол түүнийг хамтын хүчээр бут цохиж, улсын хилийг урьдын байдалд нь сэргээх зорилготойгоор БНМАУ-ын төр, засгаас ЗХУ-ын дээд удирдлагатай тохиролцон, Зөвлөлтийн тодорхой хэмжээний зэвсэгт хүчний анги, нэгтгэл, нэгдлийг ирүүлэн Монгол Улсын нутгийн анхаарал татсан, онцгой чиглэлд байрлуулан, байлдааны бүх талын бэлтгэлийг хангаж байлаа. Үүнийг би 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр БНМАУ-аас умард хөрштэй байгуулсан “Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах гэрээ”-тэй холбогдуулан хэлж байна.
 
Японы цэргийн түрэмгийлэгчид Монголын эсрэг түрэмгийлэх бодлого, үйл ажиллагааг идвэхжүүлж байсан тэр хэцүү цагт ЗХУ-ын тэргүүн И.В.Сталин “… Япон БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас…бид БНМАУ-д 1921 онд тусалсан шигээ туслах болно” гэсэн анхааруулгыг дэлхий дахинд сонордуулсан байдаг. Энэ нь хоосон үг байгаагүй. Корпус командлагч Г.К.Жуков 1936 оны  зурагдугаар сарын 5-нд Тамсагбулгийн цэргийн командлагчаар томилогдон ирж шаардлагатай нэмэлт хүчээр Монголд байсан цэргээ бэхжүүлэв.
 
Гадаадын түрэмгийлэл заналхийллийн шатанд шилжсэн 1939 оны хавар ЗХУ-ын дээд чуулган чуулж, тэнд тавигдсан илтгэлд “шаардлага гарвал БНМАУ-ын хил хязгаарыг өөрийн улсын хил хязгаар шиг манаж хамгаалах болно” гэдгээ мэдэгдэж байв. Улсын хилийн аюулгуй байдлыг хангах зорилготой байгуулагдсан энэ тогтолцоо нь БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлын баталгаа болж байв. Энэ бол төрөөс улсын хилийн талаар баримтлах бодлогын мөн чанарын илэрхийлэл. Монголын энэ үлгэр дууриалал зөвхөн бидэнд биш улс бүхэнд байх ёстой шинжлэх ухааны үндэстэй, зөвхөн тухайн цаг үе төдийгүй, XXI зуунд ч ач холбогдлоо алдаагүй байгаа юм.
 
-Та номондоо Монголын зүүн, өмнөд хил хязгаарыг стратегийн чиглэл гэж бичсэн байсан?
 
-Монгол нь геостратегийн хувьд дэлхийд, бүс нутагт онцгой ач холбогдолтой. Түүнд Монголын нутаг дэвсгэрийн байршил төдийгүй Монголын ард түмний оюуны зүйрлэшгүй их чадавхи, хэрэв ашиглаж чадвал эдийн засгийн хувьд шавхагдашгүй хүрэлцээтэй нөөц байгаа явдал. Стратегийн хувьд авч үзвэл Монгол Улсын зүүн ба өмнөд чиглэл нь бусдын анхаарал, сонирхлыг өнө эртнээс татаж ирсэн. Учруулж байсан аюул заналын мөн чанарыг эндээс л хайх хэрэгтэй болдог. Түүнд Зүрчдээс эх үндэстэй Манж, Алтан улсын холбоотой этгээдүүдээс Монголын эсрэг өдөөсөн гэмт хэрэг хангалттай гэрч болно. Чингис хааны алтан ургийн Хамаг Монголын хаан тухайлбал, Амбагай, Хабул, Есүхэй баатрыг тэд л хууран мэхэлж, харгис хэрцгийгээр хөнөөж, татаруудыг Монголын эсрэг турхиран сүйрүүлж байсан түүх бий.
 
Чингис хаан Их Монгол Улс байгуулаад зүүн стратегийн чиглэлийг Мухулай жанжинд хариуцуулан “Ирэх дайсны ирийг мохоож, буцах дайсныг бултаар хядаж байх” зарлигийг буулгаж түүнийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг.
 
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг бэхжүүлэхийн тулд энэ чиглэлд хилийн аюулгүй байдлыг хангах тулалдаанд Д.Сүхбаатар оролцон эзэн хааны зарлигаар баатар цол хүртэж байв. Ардын хувьсгал ялсны эхэн үед жанжин Д.Сүхбаатар Монголын зүүн ба өмнөд хязгаарын байдалтай танилцан, улсын хилийн аюулгүй байдлыг цэрэг, иргэн, тагнуулын аргаар хослон хэрэгжүүлэх бодлогоо танилцуулж холбогдох арга хэмжээг авч байлаа. Дорнод Монголын чиглэлд хангай, говь, тал хээр хосолсон, агаар, газар, газрын хэвлийн гайхамшигтай шим мандал бүхий нутаг дэвсгэр байдаг. Хянганы салбар уулсаас эх авсан Халх гол 200 гаруй километр үргэлжлэн урсаж, Нөмрөгийн ай савын гол горхиудтай хослон Буйр нуурийн эх үндсийг бүрдүүлдэг. Түүнээс цааш Хөлөнбуйр нуур руу Оршуун голоор дамжин цутгах бөгөөд Монголын Хэрлэн гол энэ Далайнуурт очдог. Эдгээр нуур, гол, горхи, булаг бүгд ундны усанд тохиромжтойгоос гадна газар тариалан, мал аж ахуй, үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтцийг хөгжүүлэх баялаг нөөц, сан хөмрөг, боломжоор арвин. Монголын дорнод бүс нутгийн төв хэсгийг Тамсагбулаг гэж үзвэл тухайн үеийн цэрэг дайны эрх ашгаас харахад зүүн талаас Хайлаараас 320 км, Мүгдэнгээс Солон, Халуун рашаанаар дамжин ирэхэд 450 км, өмнө талаас Долооннуураас 600 км зайд орших бөгөөд гадны түрэмгийлэлд 1-2 хоногийн хугацаанд багтан өртөх аюулын үндсэн обьект, цөм болж байлаа.
 
Монголчууд өөрийнхөө нутаг дэвсгэрийн хилийн овоо, шугамыг айл, өрх, аравт, зуутаар манан хамгаалж, Монголын хил, газар нутаг мөн гэдгийг хэнд ч, хаанаас ч харж болохуйц нөхцөл бүрдүүлэхийн тулд XIX зуунд Халх, Оршуун голын дунд хэсэгт хилийн шугамд ойртуулан “Халхын сүм” байгуулж, хоёр талаас сүсэгтэн олон хурал, ном хурж, тахилга, мөргөл үйлдэх бололцоог олгов. Халх голын хөвөөнд байдаг Хамар даваа, Баянцагааны нурууны гадаад тал руу харсан өндөр мөргөцгийг ашиглан дэлхийд хосгүй Жанрайсаг болон бусад бурхадыг оршоон бүтээв. Тэр нь Монголын дорнод хилийн Хайлааст голын эх, Номонхан, Бүрд овоо, Дархан уул, Хулд уул гэсэн өндөрлөг газраас харахад энэ бол Монголын нутаг гэдгийг ямар ч тайлбаргүйгээр баталж байлаа. Монголчууд улсын хил дээр гарч болзошгүй элдэв маргаан, будлиан гаргахгүй байх үүднээс ХVIII, XIX зуунд орон нутгийн хүн амын нягтралыг нэмэгдүүлэх үүднээс баруун хязгаараас Сэвдэнсамбуу даргатай хоёр сумын 100 гаруй өрх, мөн 1930-аад онд Буриадын 300 айлыг Буйр нуур, Халх, Нөмрөгийн голын ай сав газарт шилжүүлэн суурьшуулж байсан түүхтэй. Цэрэг стратегийн байр сууринаас авч үзвэл цэрэг техникийг ус, байгалийн нөөцөөр хангах, өнгөлөн далдлалт, байлдааны ажиллагааг явуулахад Буйр нуур, Халх гол түүний орчмын сав газар онцгой ач холбогдолтой эрэлт хэрэгцээ болж байв. Харамсалтай нь Манж Гогийн тоглоомын Засгийн газар мэдэн будилж Монголын газар нутагт өнгөлзсөн гадаадын хүчний үйлдлийг өөгшүүлэн дэмжиж хүний гараар могой бариулах гэгчээр Квантуны армийг Халх голын аюулт явдал руу түлхэж хилийн будлианыг дэвэргэсээр байлаа.
 
-Улсын хил эмзэг, их нарийн, өчүүхэн санамсаргүй үйлдэл будлиан, мөргөлдөөн дайнд хүргэх шалтаг болдог талаар ярилаа. Улсын хил дээр дайн байлдаан үүсэх аюулт байдлаас сэргийлэх арга байгаагүй юм байх даа?
 
-Зэвсэгт тэмцэл Манжийн нутагт бус, бүх үйлдэл Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрт болсон. Тэгэхээр Монгол, Оросыг буруутгах ямар ч шалтгаан байгаагүй. Харин урьдчилан сэргийлэх, болгоомжлохоор хоёр улсын зүгээс явуулсан улс төр, дипломатын ямар ч арга хэмжээг сөрөг талаас анхааралдаа аваагүй учраас үр дүнд хүрээгүй. Сая давсан цэргийн хүчинтэй Квантуны цэрэг, түүний VI хээрийн армийн олон дивиз Манжийн Хянганы хойд бүлэглэлд багтсан хүчин Монголын эсрэг талд хил орчимд суурьшиж байв. Манжийн Хянганы хойд цэргийн тойргоос Монголын эсрэг тасралтгүй өдөөн хатгасаар байлаа. Тэр нь Японы цэргийн түлхээс, халхавчин дор явагдаж байсныг үгүйсгэх аргагүй.
 
Үргэлжлэл бий…
 
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин