“Засаглал” нь улс орныг болон нийгмийн бүлэг, институцийг удирдах тогтолцоо билээ. Бид төрийн засаглал, компанийн засаглал гэх мэтээр мэддэг. Төрийн засаглал нь төрийн эрх мэдлийн тусламжтайгаар улс орныг удирдах төрийн тогтолцоо.
Өмнө нь хэмжээгүй эрхт хаан дангаараа хэрэгжүүлж байсан төрийн эрх мэдлийг хуваарилан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудыг бий болгожээ. Хүн төрөлхтөний түүх нэг хүний засаглалаас хамтын засаглал руу явж иржээ.
 
Хамтын засаглал уу, хувь хүний засаглал уу?
 
Парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал. Төрийн засаглал нь хэлбэрийн хувьд хаант засаглал, бүгд найрамдах засаглал гэж, харин хаант засаглал нь хэмжээгүй эрхт хаант засаглал, хэмжээт эрхт хаант засаглал гэж, бүгд найрамдах засаглал нь парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал гэж байна. Монгол бүгд найрамдах засаглалтай тул доор парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын ялгааг үзүүлэв.
 
 
Парламентын засаглалыг улс төрийн нам хэрэгжүүлдэг тул хамтын засаглал, ерөнхийлөгчийн засаглалыг хувь хүн хэрэгжүүлдэг тул хувь хүний засаглал байх нь.
Хэмжээгүй эрхт хаант засаглалтай Бруней, Катар, Оман зэрэг 7 улс, ерөнхийлөгчийн засаглалтай АНУ, Иран, Казахстан, Мексик, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг 65 улс, нийт 72 улс хувь хүний засаглалтай байна. Хэмжээт эрхт хаант засаглалтай Австраль, Их Британи, Дани, Канад, Швед, Япон зэрэг 39 улс, парламентын засаглалтай Австри, Герман, Финланд, Сингапур, Энэтхэг зэрэг 41 улс, нийт 80 улс хамтын засаглалтай байна. Монгол, Гүрж, Египет, Польш, Румын, Украин, Франц зэрэг 31 улсад хамтын болон хувь хүний засаглал хосолсон байна.
Хамтын засаглал. Парламентын засаглалд хувь хүний удирдлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд дараах зүйлийг зарчим болгодог: (1) ерөнхийлөгч нь төрийн тэргүүн ч үүрэг роль багатай, үндэсний бэлгэдлийн шинжтэй, мөрийн хөтөлбөр байхгүй, засгийн газар үйл ажиллагааг нь чиглүүлж өмнөөс нь хариуцлага хүлээдэг, иймээс парламент нь улс төрч бус хүнийг ерөнхийлөгчөөр сонгодог; (2) парламент нь хамтаараа шийдвэр гаргадаг тул парламентын спикер, гишүүд дангаараа шийдвэр гаргах бүрэн эрхгүй; (3) засгийн газар нь танхимын зарчмаар ажилладаг; (4) сонгуулийг пропорциональ тогтолцоогоор намуудын жагсаалтаар явуулдаг; (5) сонгуульд ялсан нам хамтын шийдвэр гаргаж, хамтын хариуцлага хүлээдэг, иймээс хувь хүний “ганцаарчилсан тоглолт”-ыг ихээхэн хязгаарладаг; (6) засгийн газар нь парламентын өмнө, намынхаа өмнө, нам нь ард түмний өмнө хариуцлага хүлээдэг.
 
Хамтын засаглалыг үзэл баримтлалтай, цогц бодлоготой, парламентын засаглалд нийцсэн бүтэц, зохион байгуулалттай, дотоод ардчилалтай, өндөр хариуцлагатай нам л хэрэгжүүлж чадна. 
 
Намууд ингэж төлөвшөөгүйгээс, мөн улс төрчдийн хэт улс төржилтөөс болж хамтын засаглалын чадвар муудах, төрийн эрх мэдэл парламентад төвлөрч хяналт-тэнцэл нь алдагдах, төрийн албыг улс төржүүлэх эрсдэл гардаг.
Хувь хүний засаглал. Ерөнхийлөгчийн засаглалыг хувь хүн хэрэгжүүлдэг тул намын үүрэг оролцоо сул. Сонгуулийг мажоритар тогтолцоогоор хувь хүмүүсийн жагсаалтаар явуулдаг. Ерөнхийлөгч болсон хувь хүнээс төрийн засаглалын чадавх хамаарна, засаглал хүчтэй, шуурхай, тогтвортой байж болно, эсвэл эсрэгээрээ ч байж болзошгүй. Ерөнхийлөгч нь ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Намуудын үүрэг оролцоо сул тул улс төрийн дарамт, улс төржилтөөс хөндий. Парламент болон ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог тул хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл илүүтэй хангагддаг.
Эрх мэдэлд дуртай нэгэн ерөнхийлөгч болвол дарангуйлал тогтоох эрсдэлтэй. АНУ-аас бусад ерөнхийлөгчийн засаглалтай оронд нэг удаа ч болов дарангуйлал тогтож байсан байна. Хүн төрөлхтөний түүх дарангуйллаас ардчилалд шилжсэн түүх бөгөөд дарангуйлал тогтох нөхцөл боломжийг хаах нь чухал.
 
Монголд хэн засаглаж байна вэ?
 
Монгол нь манай улс төрч, судлаач, хуульчдын нэг заримынх нь үзэж буйгаар парламентын засаглалтай, нөгөө заримынх нь үзэж буйгаар нөлөө бүхий ерөнхийлөгчтэй парламентын хосолсон засаглалтай. Манайх үнэндээ хамтын болон хувь хүмүүсийн хосолсон засаглалтай болжээ, үүнийг доор сонгодог парламентын засаглалтай харьцуулж харуулав.
 
 
 
Парламентын засаглалын тухай буруу ойлголт тогтсон байна. Парламентын засаглалтай бол парламент нь засаглах ёстой, илүү хүчтэй, илүү эрх мэдэлтэй байх ёстой гэх нь буруу ойлголт. Парламент засаглана гэж үнэндээ байхгүй. Засгийн газар засагладаг, илүү хүчтэй, илүү эрх мэдэлтэй байдаг. Тэгээд яагаад “парламентын засаглал” гэдэг юм бэ гэвэл засгийн газрыг парламентаас бүрдүүлдэг тул.
Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг компанийн засаглалд компанийн захирлуудын зөвлөл нь, намын засаглалд намын удирдах зөвлөл нь удирддаг биздээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, намын их, бага хурал нь тухайн байгууллагын эрх барих байгууллага мөн ч өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдан засагладаггүй.
 
“Зүй бус бүтэцтэй” авторитар тогтолцоо бий болсон байна. Парламентын засаглалын тухай буруу ойлголтонд үндэслэсэн “зүй бус бүтэцтэй” авторитар тогтолцоотой болсон байна.
 
УИХ нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сулруулж, гүйцэтгэх эрх мэдлийг хүчгүйдүүлж байна, шүүх эрх мэдэл рүү халдаж байна. УИХ хууль тогтоох, шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, хяналт тавих, баялгийг хуваарилах, зарцуулах эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн авторитар дэглэмийн цөм болжээ. Манай улс тоталитар дэглэмээс авторитар дэглэмд шилжсэн байна, үүнийг гажуудсан ардчилал гэжээ.
Сонгодог парламентын засаглалд засгийн газар гэсэн нэг толгойтой байдаг бол манай хосолсон засаглал олон толгойтой болж, хэн нь засаглах вэ хэмээн зөрчилдөж байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн хоорондоо зөрчилтэй 3 толгойтой болсон байна. Сүүлийн үеийн үйл явцаас харахад ҮАБЗ гэсэн бас нэг толгойг нэмж байгаа бололтой. Улс орныг засаглах үүрэгтэй Засгийн газрыг УИХ-ын дээр тавихгүй бол засаглал улам сулрах болно, “зүй бус бүтэцтэй” төрийн тогтолцоо зөрчилдсөөр байх болно.
 
Хувь хүмүүсийн засаглал зонхилж байна. Манайд хамтын засаглалын зарчмууд алдагдаж, олон хувь хүмүүсийн засаглал зонхилж байна. Ерөнхийлөгчийн засаглал нь нэг хувь хүний засаглал бол манайд олон хувь хүний засаглал тогтож байна.
 
Ялангуяа УИХ-ын гишүүд өөрсдийгөө “ард түмний төлөөлөгч” хэмээн хэмжээлшгүй эрх мэдэлтэй мэтээр төсөөлөн засаглалд дур зоргоороо оролцож байгаа нь хамтын засаглалын зарчмыг алдагдуулж байна. Засгийн газар ч танхимын зарчмаар тэр бүр ажиллаж чадахгүй байгаа.
Авторитар дэглэмийн цөм болсон УИХ-д улс төр-бизнес-хууль-мэдээллийн бүлэглэлүүд ноёрхож байна. Эдгээр бүлэглэлд улс орноо, ард түмнээ гэсэн ашиг сонирхол байхгүй, өөрсдийн эрх мэдэл, баялгийг нэмэгдүүлэх гэсэн тэмцэл өрнүүлж байгаагийн улмаас шударга бус, хариуцлагагүй байдал, авлига газар авч, төрийн засаглалын чадавх суларч байна. Эдгээр бүлэглэл нь Үндсэн хуульд заасан ард түмний оролцох, хүртэх эрхийг хязгаарлаж байгаагийн улмаас оролцооны ардчилал, хүртээмжтэй хөгжил тогтохгүй байна, нийгэм-улс төрийн шийдвэр гаргах, баялгийг хуваарилах үйл явцад иргэдийн оролцоо хумигдаж байна. Сүүлийн үед хүний эрхийн талаар бага ярих болов, хүний эрх зөрчигдөж байгаад бага анхаарах болов, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс бүдгэрэх хандлагатай болж байна. Энэ бүхэнд бүлэглэлүүд, тэдний гар хөл болсон улс төрчид буруутай.
Улс төрийн намууд хамтын засаглалын хэрэгжүүлэгч байх үүргээ гүйцэтгэхгүй байна. Монголд 32 нам байгаа ч хамтын засаглалыг хэрэгжүүлэх чадвартай нам нэг ч байхгүй. Намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт нь хамтын засаглалд ер нийцэхгүй байна. 
 
Намууд нь улс төр-бизнес-хууль-мэдээллийн бүлэглэлүүдийн засаглал, эрх мэдэл, баялагт хүрэх хэрэгсэл бөгөөд тэдгээрийн хоорондын тэмцлийн талбар, хэт улс төржилтийн тавцан болж байна. Цаашид ч томоохон зөрчил, тэмцлийг дагуулж болзошгүй.
 
“Сантмарал” сангийн 2017 оны 3 дугаар сарын судалгаагаар судалгаанд оролцогчдын 60.6 хувь нь намуудад итгэдэггүй гэж, 81.3 хувь нь намууд олон түмний санал бодлыг илэрхийлдэггүй гэж хариулсан. Энэ нь намууд сонгогчдын төлөөлөл болон хамтын удирдлагыг хэрэгжүүлэх, гишүүдийнхээ үзэл бодлыг нэгтгэх, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах, засаглалыг зохион байгуулах, ардчилсан хариуцлагыг төлөвшүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой. 
Парламентын засаглалд нийцсэн сонгуулийн тогтолцоог бүрдүүлсэнгүй. Сонгуулийн тогтолцоог нам, бүлэглэл, улс төрчдийн сонирхолд нийцүүлэн байн байн өөрчилж байгаа бөгөөд парламентын засаглал болон хамтын удирдлагыг хэрэгжүүлэхэд нийцсэн сонгуулийн тогтолцоог бүрдүүлж чадахгүй байна.
Сонгуулийн тогтолцооны боловсронгуй бус байдлаас үүдэлтэйгээр төрийн тогтолцоо нь эдийн засгийн мөчлөг, үр ашгийг харгалзсан бус, харин сонгуулийн мөчлөг, намын болон нэр дэвшигчдийн явцуу эрх ашигт үйлчилсэн, популист шинжтэй болж байна.
Сонгууль нь улс орноо хөгжүүлэх үзэл бодлын мэтгэлцээн биш, бүлэглэлүүдийн тэмцэл, хувь хүмүүсийн хоорондын хэрүүл болов, ийм хэрүүлийг сонгууль гэж хэлэхэд хэцүү. Хэн илүү амалж хуурсан, хэн илүү мөнгө тараасан, хэн илүү будлиантуулсан нь ялдаг сонгуулийн гаж тогтолцоотой болсон бөгөөд үүнийг төрийн эрхийг хууль бусаар авах гэж ч хэлж болохоор.
 
Монголд хэн засаглах вэ?
 
“Зүй бус бүтэцтэй” авторитар төрийн тогтолцооны болон олон толгойтой хосолсон засаглалын сул талууд илэрч, төрийн бүхий л эрх мэдэл зөвхөн парламентад төвлөрөн эрх мэдлийн хяналт-тэнцэл алдагдаж, үндэсний эв нэгдэл, эдийн засаг суларч, намууд парламентын засаглалын чухал институц байх үүргээ гүйцэтгэхгүй болж, төрийн албаны нэр хүнд унаж байгаа нь засаглалын хямралд хүргэх эрсдэлтэй.
Ийм засаглалыг өөрчлөх ёстой. Тэхдээ Монголд хэн засаглах вэ? Парламентын засаглалтай байх уу, ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл холимог засаглалтайгаа үлдэх үү? Хамтын засаглал дээр үү, хувь хүний засаглал дээр үү? Эдгээр асуултанд хариулахын тулд Монголд хамтын оюун ухаан давамгайлах уу, хувь хүний оюун ухаан давамгайлах уу гэдгийг авч үзье.
Монголд хувь хүний оюун ухаан давамгайлж байна. Хувь хүмүүсийн засаглал зонхилж байгаа талаар дээр дурдсан билээ. Засаглаж буй хувь хүмүүсийн дийлэнх нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд шунадаг, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгддөг, ёс зүйгүй, дураараа аашилдаг, өс хонзон санадаг, ямар ч хариуцлагагүй, популистууд. “Би мэдэж байна”, “Хууль юу юм”, “Та нар яасан их хууль сахидаг юм”, “ард түмэн бол хар масс” гэж ярьдаг улс төрчид ч бий. Авлига, офшоор, 60 тэрбум, ЖДҮ, Эрдэнэт, Стандарт банк, Капитал банк, Дубайн гэрээ, нүүрсний хулгай, бонд, концессын гэх мэт хамаг хэрэг улс төрчидтэй холбоотой. Манай улс төрчид нэг муу “феодал” зантай юм шигээ, амиа хичээсэн, өөрөө л болж байвал улс орон яах нь падлий алга, бас тэгээд нэг салбар, нэг тойрог өмчлөөд засаглах санаатай, өр төлбөрөө төрөөр, ард түмнээр төлүүлчих эрмэлзэлтэй. Хүн эрх мэдэлд хүрэн хүртлээ нийгмийн сайн сайхны төлөө ярьдаг, эрх мэдэлд хүрсэн хойноо өөрийнхөө сайн сайхны төлөө зүтгэдэг гэж үнэн үг юм даа.
 
Улс төр-бизнес-хууль-мэдээллийн бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл нь хамтын оюун ухааныг сарниулж байна, намуудыг тэмцлийнхээ хэрэгсэл болгон хувааж, хамтын оюун ухааныг хөгжүүлэх чадваргүй болгон мөхөөж байна, цаашилбал ард түмний оюун ухааныг хуваан хагаралдуулж байна.
 
Ерөнхийлөгч зэрэг хувь хүнийг гадныхан эрхшээл, нөлөөлөлдөө оруулах амархан гэж ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэгчид хэлдэг. Энэ нь үнэний хувьтай. Сүүлийн 400 жилийн түүхийг авч үзвэл бие биенээ Манжийн хаанд матаж зэрэг нэмдэг, Москвад матаж хэлмэгдүүлдэг байсан бол одоо мөнгөний төлөө улс орноо ч худалдахад, нутаг байгалиа ч сүйрүүлэхэд бэлэн болж.
Манай улс төрчид улс орноо удирдан засаглах түвшинд хүртэл өөрсдийгөө боловсруулахгүй байна, ард түмнээ боловсруулж хамтын оюун ухааныг хөгжүүлэхэд анхаарахгүй байна. Намууд сонгогчдын боловсрол гэдгийг хаясан байна.
Монголд хамтын оюун ухаан давамгайлах ёстой. Одоо үед хувь хүн орчлон ертөнцийг, түүний дотор улс орны бүхэл амьдралыг ойлгоход хэцүү. Мэдээллийн урсгал асар их өргөжсөн, нийгмийн харилцаа асар олон чиглэлээр гүнзгийрсэн, хүн болон байгалийн харилцаа асар төвөгтэй болсон өнөө үед хувь хүн бүгдийг мэдэж шийдвэр гаргахад хэцүү. Хувь хүний оюун ухаан орчлон ертөнцийн цар хүрээ, түүний өөрчлөлтийг ойлгож мэдэхийг хүсдэг, зарим тодорхой чиглэлээр амжилтад хүрдэг ч бүхэлд нь хэзээ ч мэдэж чаддаггүй, бүгдийг мэдэгч суут ухаантан төрдөггүй. Хүн бүгдийг мэдэхийг хүсдэг ч их мэдэх тусам мэдэхгүй нь бас ихэсдэг.
Ийм нөхцөлд хамтын оюун ухаан гэж байдаг, хамтын оюун ухаан нь хувь хүний оюун ухаанаас давуутай гэж үздэг. Хамтын ашиг сонирхол гэдэг шиг хамтын оюун ухаан гэж байдаг юм байна. Хамт олон нь хувь хүнээс илүүг мэдэж чаддаг. Жишээ нь улс орны амьдралын бүхий л асуудлаар улс төрийн нам нь хувь хүнээс илүү цогц хөтөлбөр боловсруулж чадна.
Хамтын оюун ухаан нь хувь хүнд бус нийтэд үйлчлэх нэгдсэн зорилготой, нэгдсэн үйл ажиллагаатай, хамтын хариуцлагатай, хамтын удирдлагатай, системчлэгдсэн байдгаараа онцлог бөгөөд бүгдийг мэдэгчийн дүр эсгэгчийг болон хувийн ашиг сонирхолтой этгээдийг хүмүүжүүлэх чадвартай байдаг. Хамтын оюун ухаан нь ашиг сонирхлын эрэмбэ дарааллыг зөв илэрхийлж, үндэсний ашиг сонирхлыг төлөөлдөг.
Хүн төрөлхтөний түүх нэг хүний засаглалаас хамтын засаглал руу, дарангуйллаас ардчилал руу, хувь хүний оюун ухаанаас хамтын оюун ухаан руу явж иржээ. Хүн төрөлхтөний түүхийг аваад үзсэн ч, өнөөдөр манайд давамгайлж байгаа хувь хүний оюун ухааныг аваад үзсэн ч Монголд хамтын оюун ухаан давамгайлах ёстой болжээ.
Монголд хэн засаглах вэ? Монголд хамтын оюун ухаан давамгайлах ёстой гэж үзвэл хамтын засаглал буюу сонгодог парламентын засаглал тогтох, өөрөөр хэлбэл улс төрийн нам засаглах болно.
Улс төр, эдийн засгийн хүндрэлүүдийг одоогийн засаглалын хэлбэртэй холбон үзэж ерөнхийлөгчийн засаглалыг сонгох санал гарч байна. Мөн парламентын хоёр танхимтай болох, “шударга бие даагчид”-ыг дэмжиж гаргах санал ч гарч байна. Эдгээр санал нь хувь хүний засаглалыг бэхжүүлэх, бас нэг холимог засаглалын хувилбар бий болгох, цаашилбал хувь хүмүүсийн эрх мэдэл, хөрөнгө мөнгөний тэмцэл, хэрүүлийг даамжруулах болно.
Гэхдээ хамтын засаглалыг тогтоосноор хувь хүний үүрэг роль, оюун ухааныг үгүйсгэж байгаа хэрэг биш. Эх орон, ард түмнээ гэсэн шударга, ёс зүйтэй, сайн улс төрчдийг төрүүлэх нөхцөл нь хамтын засаглал, механизм нь засаглах чадвартай улс төрийн нам билээ.
Парламентын засаглалын нэрийн доор, улс төрийн намын далбаан доор хувь хүмүүс засаглаж байгааг зогсоон сонгодог парламентын засаглалыг тогтоох цаг болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т зааснаар парламентын засаглалд суурилсан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах нэгэн баталгаа мөн юм.
Сонгодог парламентын засаглалд парламент ямар дүр төрхтэй байхав. Компанийн засаглалд ч, намын засаглалд ч төлөөллийн байгууллага нь эрх барьдаг жишгээр УИХ төрийн эрх барих дээд байгууллага хэвээр байна, тэхдээ засаглахгүй шүү. Олон оронд парламентыг иргэдийн төлөөллийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагын зиндаанд тавьдаг. Парламентын гишүүд ганцаараа бол жирийн л нэг иргэн байдаг, бүгдээрээ бол шийдвэр гаргах нэг институц болдог. Бусад оронд ёслолын дарааллаар парламентын спикер, гишүүд нь засгийн газрын гишүүдийн дараа ордгийг манайхан анзаарсан байх. Парламентын гишүүдэд бүрэн эрх, дархан эрх, эрх ямба гэж байхгүй, гадаадад зорчихдоо дипломат паспорт эдлэхгүй. Парламентын спикер ч ганцаараа шийдвэр гаргах эрх мэдэлгүй, иймд УИХ-ын даргыг төрийн нэг өндөрлөг гэхээ болих нь зүйтэй дээ.
 
Улс төрийн нам хэрхэн засаглах вэ?
 
Улс төрийн нам нь сонгуульд ялж засгийн эрхийг авч засаглах зорилготой. Тэгвэл нам хэрхэн засаглах билээ, сонгодог парламентын засаглалыг хэрхэн хэрэгжүүлэх билээ, хамтын оюун ухааныг хэрхэн дайчлах билээ.
Сонгуулийн пропорциональ тогтолцоо. Ардчиллын гол утга нь аливаа асуудлаар нийт хүмүүсийн санаа сэтгэлд нийцсэн, саналыг нь харгалзсан шийдвэр гаргахад оршино. Энэ үүднээс авч үзвэл одоогийн “төлөө”, “эсрэг” гэсэн зарчмын дагуу бол асуудлыг нэг хэсэг нь дэмжинэ, нөгөө хэсэг нь эсэргүүнэ, нэг нь ялж “завшиж” байхад нөгөө нь ялагдаж “хохирч” байдаг. Ийм эсрэг тэсрэг хуваагдмал байдал үүсгэдэггүй ардчилсан зарчмыг эрж олох нь зүйтэй бөгөөд энэ нь сонгуулийн пропорциональ тогтолцоо юм.
 
2016 онд мажоритар тогтолцоогоор явуулсан парламентын сонгуульд 1,411,119 сонгогч санал өгсөн бөгөөд МАН 636,316 сонгогчийн буюу 45.69 хувийн санал авсан ч 65 суудал, АН 467,341 сонгогчийн буюу 33.55 хувийн санал авсан ч 9 суудал, МАХН 113,103 сонгогчийн буюу 8.12 хувийн санал авсан ч 1 суудал авсан билээ. 
 
Үүнийг пропорциональ тогтолцооны дагуу сонгогчдын 5-аас дээш хувийн санал авсан намуудад суудал хуваарилна гэж үзвэл МАН 35, АН 25, МАХН 6 суудал авах байсан. Энд 5-аас доош хувьтай намуудын авсан 194,359 санал нь 10 суудлын хамт гээгдэх байсан тул эдгээр 10 суудлыг намуудын авсан хувьд тэнцүүлэн дахин хуваарилбал МАН 5, АН 4, МАХН 1 суудал нэмж авна. Эцсийн дүнд МАН 40, АН 29, МАХН 7 суудал авах байжээ.
Сонгуулийн хоёр тогтолцоонд зөрүү их байгаа биз. Мажоритар тогтолцоо нь савлагаа ихтэй, олон санал гээгддэг, жишээ нь МАН 45.69 хувийн санал авсан атлаа 65 суудалтай болж “завшсан” бол бусад намд өгсөн олон санал тооцогдоогүй гээгдэж “хохирсон” байна. Ийм сав­лагаагүй, сонгогчдын саналыг гээдэггүй тогтолцоо бол пропорциональ тогтолцоо.
Сонгуулийг пропорциональ тогтолцоогоор намуудын жагсаалтаар явуулдаг тул хувь хүмүүсийн элдэв амлалт, “ганцаарчилсан тоглолт” байхгүй, популистууд улс төрөөс арчигдана, түүнчлэн бие даагч гэсэн ойлголт байхгүй.
Пропорциональ тогтолцоонд нийт сонгогчийн тодорхой босгыг давсан нам парламентад суудал авна. Ихэнх улс 5 хувийн босготой бөгөөд манайд 5 хувийн саналыг авсан нам УИХ-д 4 суудал авна.
Пропорциональ тогтолцоонд улсаа 76 тойрог болгож хуваахгүй, Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болно. Тиймээс тойргийн, “жалга дов”-ны ашиг сонирхол байхгүй, үндэсний том ашиг сонирхол байна.
Пропорциональ тогтолцоо нь УИХ-ын гишүүнийг шууд бус, намаар дамжуулан сонгож байгаа тул Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан УИХ-ын гишүүнийг шууд сонгох эрхэд харшилна гэж зарим хүн үздэг. УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар шууд сонгоно, сонгуулийн үр дүнд УИХ-ын 76 гишүүн сонгогдсон байна, тэхээр шууд сонгууль мөн болно. Шууд бус сонгуулийн жишээ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бөгөөд сонгогчид ерөнхийлөгчийг шууд сонгодоггүй, сонгогчдын коллегийг сонгодог, тэр сонгогчдын коллеги нь ерөнхийлөгчийг сонгодог.
Улс төрийн намын үзэл баримтлал ба хамтын оюун ухаан. 1990-ээд оны үед шинэ намууд либерал, социал-демократ гэх мэт үзэл баримтлалтай байв, МАХН коммунизмаас татгалзан нагуржунайн үзэл, төв үзэл гэх мэтээр үзэл баримтлалаа өөрчлөх эрэл хайгуул хийж байв. 2000 онд өөр өөр үзэл баримтлалтай 6 нам нэгдэж Ардчилсан нам болсноор тодорхой үзэл баримтлалгүй болсон, МАХН үүнийг дагаад үзэл баримтлалд ач холбогдол өгөхөө больсон. Үр дүнд нь юу болов гэхээр алс хэтийн үзэл баримтлалгүй, тогтсон бодлогогүй болсон намууд сонгуулиас сонгуулийн хооронд популист амлалтаар, мөнгө тараалтаар өрсөлдөж эхэлсэн дээ, эрх мэдэлд тэмүүлсэн популист улс төрчид энэ байдлыг “овжин” ашиглах болсон.
Харин саяхан АН баруун төвийн үзэл баримтлалтай нам байхаа зарласан нь сайн хэрэг, олон жил практик болгосон популист амлалт, зарим хэт зүүний алхмуудаасаа хэр зэрэг хурдан салж чадахыг нь, үзэл баримтлалаа хамтын оюун ухаан болгож чадах эсэхийг нь, бусад нам үүнийг дагах эсэхийг нь, намуудын төлөвшилт хэрхэн өрнөхийг харъя.
Намын үзэл баримтлал бол хамтын оюун ухаан юм. Маш энгийнээр хэлэхэд татварыг багасган эдийн засгийн хөгжлийг дэмждэг хүмүүс барууны намд, татварыг нэмэн нийгмийн хөгжлийг дэмждэг хүмүүс зүүний намд эвлэлдэн нэгддэг. Энэ мэтчилэн намуудын үзэл баримтлал иргэд, сонгогчдод маш энгийнээр тодорхой ойлгогдож байх ёстой юм билээ. Ийм нөхцөлд сонгуулийн сурталчилгааг олон хоногоор сунжруулах шаардлагагүй.
 
Үзэл баримтлалтай нам алс хэтийн зорилготой, бодлоготой байдаг бөгөөд зорилго, бодлого нь улс орны урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байдаг, тиймээс ч намын 4 жилийн мөрийн хөтөлбөр нь намын үзэл баримтлалын зэрэгцээ улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдаг. 4 жил тутамд намын мөрийн хөтөлбөрийг шинэчлэх нь намын хамтын оюун ухааныг дайчилсан ажил байдаг.
Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалт ба парламентын засаглал. Нам сонгуульд ялвал хамтын засаглалыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, бүтэцтэй байна. Намууд сонгуулийн өмнө их хурлаа хийж мөрийн хөтөлбөрөө баталдаг, мөн бага хурлын гишүүдээ, бага хурал нь удирдах зөвлөлийн гишүүдээ, удирдах зөвлөл нь намын даргаа сонгодог байх нь чухал. Ийм зарчим нь парламентын засаглалд нийцнэ. АН 2016 онд намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгосон нь ерөнхийлөгчийн засаглалд тохирох зарчим юм.
 
Намын бага хурал нь сонгуульд нэр дэвших 76 хүний жагсаалтыг гарган батална. Жагсаалтыг намын дарга тэргүүлээд намын удирдах зөвлөлийн гишүүд дараалаад намын бага хурлын гишүүд орно, өөрөөр хэлбэл 1 намын дарга + 15 удирдах зөвлөлийн гишүүн + 60 бага хурлын гишүүн гэсэн томъёоллоор гаргана. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог Засгийн газрын гишүүдийн тоотой тэнцүүлэн бүх намд ижил байхаар хуульчлах шаардлагатай.
 
Мөрийн хөтөлбөр болон нэр дэвшигчдийн жагсаалтыг Сонгуулийн ерөнхий хороонд өгч бүртгүүлснээр дараагийн сонгууль хүртэл хүчинтэй төрийн албан ёсны баримт бичиг болно. Ингэснээр сонгуульд ялвал засаглалыг шууд хэрэгжүүлж эхлэх мөрийн хөтөлбөр, бүтэц нь бэлэн байх болно, өөрөөр хэлбэл сонгуулийн маргаашнаас л засаглалыг хэрэгжүүлэх чадавхитай байх болно. Сонгуульд ялсан намын дарга өөрөө ерөнхий сайд болж, намын удирдах зөвлөлийн гишүүдээр танхимаа бүрдүүлж буйгаа зарлаад, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ амласнаар шууд ажилдаа орно.
УИХ-аар сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн өөрчилдөг, баталдагийг болих, мөн ерөнхий сайд, сайд нарыг хэлэлцэн томилдогийг болих, түүнчлэн намын дарга нь сайд нараа бүрдүүлэх гэж ганцаарчлан тоглолт хийдгийг ч болих хэрэгтэй байна.
Сонгодог парламентын засаглалд ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх гэх мэт хэт их эрх мэдэл төвлөрдөг гэдэг нь үнэнд нийцэхгүй. Хэн сайд болохыг намын дарга буюу ерөнхий сайд ганцаараа шийдэхгүй, нам нь шийднэ, намын бага хурал нь сонгуулийн өмнө шийдсэн байна. Хүний асуудлыг хувь хүн шийдэхгүй, хамт олон шийднэ. Аль нам төрийн эрхийг барихыг ард түмэн сонгуулиар шийднэ, чухам хэн намаа төлөөлж төрийн эрхийг барихыг нам дотроо сонгуулийн өмнө шийдэж зарласан байна.
2016 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулсан бол МАН 40 суудал авахад намын дарга, намын удирдах зөвлөлийн 15 гишүүн, намын бага хурлын 24 гишүүн нь УИХ-ын гишүүн болох байв. Ингэснээр намын дарга нь ерөнхий сайд, удирдах зөвлөлийн гишүүд нь сайд болох байв. Засгийн газрын хуралдаан бол сонгуульд ялсан намын удирдах зөвлөлийн хуралдаан гэж ойлгож болно.
Хэрэв УИХ-ын 1 гишүүн “бандааш-ны хэрэгт ороогдсон бол нам нь түүнийг чөлөөлж, нэр дэвшигчдийн жагсаалтын 41-д бичигдсэн хүнийг шууд УИХ-ын гишүүн болгох байв, нөхөн сонгууль гэж байхгүй. Нам нь УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцдог болно.
Өөр нэг асуудал бол “давхар дээл” юм. Сонгодог парламентын засаглалд сайд нар давхар дээлтэй байна, тэгэж байж Засгийн газар нь илүү хүчтэй, илүү эрх мэдэлтэй, засаглах чадвартай байна. Намын удирдах зөвлөлийн гишүүд нь намын бага хурлын гишүүний давхар дээлтэй байдаг биздээ. 
 
 
Намын бүтэц, зохион байгуулалтыг парламентын засаглалд ийнхүү нийцүүлэх шаардлагатай. Намуудыг хамтын засаглалыг хэрэгжүүлэх чадвартай болгохын тулд намын бүтэц, зохион байгуулалт, дотоод ардчилал, санхүүжилтийн асуудлуудыг нэгбүрчлэн нарийн зохицуулж, зөрчсөн намд хариуцлага хүлээлгэдэг болмоор. Намын нэрнээс бусад бүх зүйл, жишээ нь бага хурал, удирдах зөвлөлийн гишүүдийн тоо, тэдгээрийг болон намын даргыг сонгох зарчим, шийдвэр гаргах журам, намын дотоод журам зэрэг нь бүх намд адил байхаар хуулиар журамлаж болно.
 
Хурлаа олон жил хийдэггүй, лидер дагасан, дотоод ардчилалгүй, гишүүд нь сайд, дарга болонгуутаа намын бодлогоо бус хувийнхаа үзэл бодлыг яриад явдаг намууд бий шүү дээ.
 
Эцэст нь дүгнэлт болгон хэлэхэд, сонгодог парламентын засаглалыг, хамтын засаглалыг тогтоож чадахгүй бол, хамтын оюун ухаанаар амьдарч сурахгүй бол, намууд өөрчлөгдөж чадахгүй бол хосолсон засаглал улс орныг сүйрүүлж, ард түмнийг туйлдуулж гүйцэх нь. Үүнийг ойлгон улс орноо, хойч ирээдүйгээ аврахын тулд Үндсэн хуулийн шинэтгэлийг хийхдээ парламентын засаглалыг сонгодог утгаар нь, цогцоор нь бэхжүүлэхийг, улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхийг, сонгуулийн пропорциональ тогтолцоонд орохыг, намуудыг парламентын засаглалд нийцсэн бүтэц, зохион байгуулалттай, дотоод ардчилалтай, өндөр хариуцлагатай, хамтын засаглал болон хамтын оюун ухааны голомт болгон шинэчлэн төлөвшүүлэхийг намуудад болон улс төрчдөд уриалмаар санагдчихлаа.
 
 
Элчин сайд О.Очиржав