sonin.mn
Монголын шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Эм зүйн ухааны доктор, профессор, “Монос” группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай уулзаж, эмийн ургамлын ач тус, нөөц, хадгалалт, хамгаалалт, иргэдийн экологийн боловсрол гэсэн олон сэдвээр ярилцлаа.
 
БИ  ЭМИЙН УРГАМЛЫГ ГАДАГШ НЬ ГАРГАХЫГ ЭСЭРГҮҮЦДЭГ ХҮН
 
Монголчууд уул уурхайг л газрын баялаг мэт ойлгоод, ургамал ногоо байгалийн түүхий эдийг  ор тас мартчихсан явах шиг. Гэтэл Монголд ургадаг олон ховор ургамал бизнесийн золиос болоод устаж,  мөхөх дээрээ тулаад байна.  Та энэ чиглэлээр олон жил судалгаа шинжилгээ хийсэн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
 
Би эм зүйн сургуульд суралцсан үеэсээ эхэлж тооцвол  энэ салбарт 18 настайгаасаа зүтгэжээ. Тийм болохоор эмийн ургамлыг зөв зохистой хэрэглэх тал дээр маш их зүйл бодож явдаг. Намайг 1990 онд компани байгуулснаас хойш Япон, Солонгос, Герман гээд гаднын маш олон байгууллага Монголоос эмийн ургамал авъя гээд санал өгсөн байдаг.  Би нэг кг ч эмийн ургамлыг  гадагш нь гаргахгүй гэсэн өөрийн бодолтой явдаг хүн. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Монголчууд маань 70 жил түүхий эдээ Орос руу гаргаад, дэлхийн хамгийн ядуу улс орон хэвээрээ үлдсэн. Одоо сүүлийн 30 жил Хятад руу түүхий эдээ гаргаж байна. Би ер нь эмийн ургамлын нэг ч  түүхий эдийг хил гаалиар гаргахыг эсэргүүцдэг юм. Тэр байтугай Японоос нэг хүн ирээд, манайхны толгойг эргүүлээд эмийн ургамал авах гээд хөөцөлдөж явахад нь би очиж уулзаад,  “Бид Япон руу нэг ч эмийн ургамал гаргахгүй. Монгол бол цөлжиж байгаа орон. Гадаад руу гаргадаг хэдэн эмийн ургамал нь дандаа говьд ургадаг. Тухайлбал, зээргэнэ, чихэр өвс, Монгол хунчир гээд ургамал байна. Эдгээр нь дандаа говьд элсний нүүдлийг хааж ургадаг, нөхөж ургахдаа их удаан ургамал. Тиймээс бид гадагш нь эмийн ургамал гаргах нь буруу гэсэн үзэл бодолтой байдаг.
Нөгөөтэйгүүр манайханд эмийн ургамлын талаарх ойлголт мэдлэг дутмаг байдаг. Эмийн ургамлыг их хэмжээгээр нь хурааж аваад эмийн үйлдвэрт боловсруулна гэвэл Монголд тийм их хэмжээтэй ургадаг эмийн ургамлын нөөц байхгүй. Одоо манай “Монос хүнс”-ийнхэн Монгол орныхоо эмийн ургамлыг биологийн идэвх хамгийн өндөр үед сорчлон бэлтгэж эм, эрүүл мэндийн бэлдмэл, цайндаа ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих зорилгоор үйлдвэрлэж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнд ордог зарим эмийн ургамлын түүхий эд маш бага нөөцтэй. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлтэй, нөөц тодорхойлох судалгааг хийж байна.
 
 
Бид Ботаникийн нөөц судлалын секторынхонтой хамтарч энэ судалгааг хийсэн. Тэгээд 2-3 ургамлын судалгаа хийхэд, гурван жил шаардагдсан. Бид говьд ургадаг эмийн ургамлын нөөцийг тодорхойлсон. Багагүй зардал ч гаргасан. 
 
 
Ховордож байгаа эмийн ургамал гэхээр ямар ургамал байх вэ. Нөөц багатай, нэн ховордож байгаа ургамлуудаа эндээ тарьж ургуулж болдоггүй юм уу?
 
Жишээлбэл, манай Салимон, Цэнэг дархлааны бэлдмэл, Энхжин дархлал дэмжих цай зэрэг бүтээгдэхүүнүүдийг хийдэг ургамал шинэсэрхүү бударгана гэхэд л ердөө 140 тоннын биологийн нөөцтэй.
Үйлдвэрлэлийн нөөц бол түүний 10/1-тэй тэнцэнэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, арван  жилд нөхөж ургана гэж үзээд, 14 тонныг авч болох юм гэж тооцоолоод,  бид түүндээ тохирсон судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг хийдэг. Үүний зэрэгцээ ихэнх ургамал нөөц багатай учраас бид тарималжуулах гэж оролдож байна. Жишээ нь бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмждэг “Энхжин” бөөр хамгаалах цайны түүхий эд нь нарийн навчит цахилдаг гээд говьд ургадаг, нөөц багатай ургамал. Өөрөөр хэлбэл, говийн ургамал бол онолын үүднээс авч үзэхэд, мөхөж яваа хамгийн эртний ургамал. Тарималжиж, нутагшихдаа дургүй. Эсийн өсгөврийн аргаар ургуулж үзье гээд Биологийн хүрээлэнгийн эсийн өсгөврийн лабораторийнхонтой хамтарч ажиллаад ч ургуулж чадаагүй. Тэгээд Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн “Кадила” гэж компани,  Хятадын ӨМӨЗО-ы пүүсүүд, гаднын том лабораторитой хамтарч ажиллаад ч бас ургуулж чадаагүй. Гэсэн ч мөн л шантраагүй, 21 дэх жилдээ хүлэмжид тарьж үзэж байна. Янз бүрийн аргаар л туршиж үзэж байна даа.
 
“МОНОС”-ЫН БОТАНИК ЦЭЦЭРЛЭГ ҮРИЙГ АМЬДААР НЬ ХАДГАЛДАГ
 
Тарих гэснээс танай “Монос”-ынхон өөрсдөө ботаник цэцэрлэгтэй байх аа. Энэ цэцэрлэгт одоо хэр олон эмийн ургамал тариалж байна вэ. Хоёрдугаарт, эмийн ургамлыг тарьж ургуулах, түүх хураах цаг хугацаа гээд бүх зүйлс их нарийн арга технологитой байдаг. Гэтэл манайхан хамаагүй түүгээд, хатааж нунтаглаад савлаад зарчихдаг. Үүнээс болоод эмийн ургамал ховордох, эрүүл мэндээрээ хохирох асуудал гардаг. Энэ талаар та юу бодож явдаг вэ?
 
Бид 2000 онд эмийн ургамлын ботаник цэцэрлэгийг байгуулсан. Энэ цэцэрлэгт бид одоо үйлдвэрлэж байгаа эмийн ургамлынхаа зарим түүхий эдийг тарималжуулж байна. Манай Монос Хүнс компанийн уушги цэвэрлэх цайнд ордог гүргэм гэж эмийн ургамал, Энхжин Цэвэрлэх цайнд ордог батраш байна. Эдгээр ургамлыг бид тарималжуулсан. Батраш гэдэг ургамлыг тарьж ургуулахад их нарийн технологитой. Талбай дээр нь өвөлжүүлж болдоггүй. Намар болохоор бүгдийг нь ухаж аваад зоориндоо хийдэг. Хавар буцаагаад суулгадаг гэх мэт зовлон бий. Мөн монгол хунчирыг тарималжуулах гэж хэдэн жил ноцолдож байж, саяхан тарималжуулах агротехникийн үндэслэл боловсруулж патентыг нь авлаа. Алтан гагнуурыг мөн адил. Нөгөөтэйгүүр, зэрлэг ургамлаар бүтээгдэхүүн хийх маш хэцүү. Тухайн газрынхаа ургаж буй хөрс, нарны тусгалын онцлог зэргээс болоод биологийн идэвхт бодис нь өөр өөр байдаг. Тиймээс ихээхэн хэмжээтэй үйлдвэрлэж байгаа эм бэлдмэлүүдийн түүхий эд болон эмийн ургамлуудыг заавал тарималжуулах ёстой. Бид хорь гаруй жил үйлдвэрлэл явуулахдаа маш олон эмийн ургамлыг тарималжуулж, багагүй хөрөнгө зарцуулж байна. Одоо Дарханд манай 35 га, Шувуун фабрикийн орчимд 43 га эмт ургамлын ботаникийн цэцэрлэг маань бий. Эдгээр талбайгаасаа бид долоогоно, чацаргана, алтан гагнуур, Монгол хунчир гээд нэлээд олон бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө тарималжуулж, үйлдвэртээ ашиглаж байна.
 
Ер нь өөрсдийн гэсэн цэцэрлэгтэй байхын ач холбогдлыг ярилтгүй байх.   Мэдээж, тэнд “Монос”-оор овоглосон эрдэмтэн, судлаачдын гайхамшигтай нээлтүүд, судалгаа шинжилгээний үр дүн, ховор эмийн ургамлууд бойжиж байдаг байх. Харин танай цэцэрлэг улсын харьяалалтай ботаник цэцэрлэгээс юугаараа ялгарч байна вэ? 
 
-Ботаникийн цэцэрлэг байгуулах бас нэгэн ач холбогдол нь бид Монголд ховордож буй эмийн ургамлыг хамгаалах зорилготой байгуулсан. Манай улсын харьяаны Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн бол ховордсон ургамлын үрийг хадгалдаг. Энэ бас их хэцүү, өндөр зардалтай ажил. Зарим тохиолдолд нөгөө үр нь хадгалалтын горимоосоо шалтгаалаад амьдрах, амьдрахгүй гээд баталгаагүй байх асуудал бий. Харин бид бол тухайн үрийг амьдаар нь хадгалдаг, үүгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, бид тухайн ургамлыг жил болгон тарималжуулаад, үрийг нь аваад явдаг. Одоо манай ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд нийт 100 гаруй эмийн ургамал бий. 
 
ЯРГУЙ ТҮҮЖ ИДЭЭД, ХОДООДНЫ ШАРХТАЙ БОЛСОН ОЛОН ХҮН БИЙ
 
Монгол орны ховор эмийн ургамлын жагсаалтад одоо нэн ховордсон, нөөцгүй болж байгаа хэдэн нэр төрлийн ургамал байдаг вэ. Ямар ургамлууд байдаг бол?
 
-Энэ их нарийн учиртай. Ер нь эрт дээр үеэс эмийн ургамлын нууц жорын талаар манай эртний маарамбууд, уламжлалт анагаах ухааныхан хүнд нэг их яриад байдаггүй байсан. Жишээ нь, Алтан хундага гэж эмийн ургамал байсан. Байсан гээд яриад сууж байх ч бас харамсалтай  санагддаг юм. Тэр ургамал зүрхэнд их сайн. Монгол уламжлалт анагаах ухааны тэргүүлэх эрдэмтэн академич, доктор Ц.Хайдав гуай судлаад, сонин хэвлэлээр “Зүрхэнд сайн“ гээд ярьчихсан чинь хүмүүс зулгаагаад эхэлсэн. Алтан хундага бол нэг өдөр цэцэглэдэг, үндэс муутай ургамал. Гэтэл өнөөх ховор ургамлыг чинь дөнгөж цэцэглэнгүүт нь хүн очоод зулгаагаад авчихдаг. Тэгээд нөөцгүй болчихсон юм. Энэ мэтчилэн хамаагүй ярьж болдоггүй, асуудал бас байдаг.
 
Сүүлийн үед хүмүүс байгалийн гаралтай бүтээгдэхүүн биед хоргүй юм шиг ярьж, бичдэг болж. Жишээ нь, хавар болоход манайхан дархлаанд сайн гээд  яргуй иднэ, далий ягаанд сууна гээд нийтээрээ эмийн ургамал руу хошуурдаг болсон байна. Энэ бүхнийг та аль өнцгөөс нь харж суудаг вэ?
 
-Эмийн ургамлыг замбараагүй хэрэглэх, эмийн ургамлын хоруу чанарыг мэдэхгүй хэрэглэх нь олон сөрөг талтай. Хамгийн энгийн жишээ хэлэхэд л, ардын уламжлалт эмчилгээний ном сударт хавар гурван ширхэг яргуй идвэл ханиад, хоолойн өвчинд тустай гэж тэмдэглэсэн байдаг.  Гэтэл манайхан “Яргуй идэх нь сайн гэнэ” гэж сонсоод л, жимсний чанамалны  шил дүүрэн түүж идээд, ходоодны шархтай болчихсон хүмүүс байна. Яргуй бол халуун чанартай, ходоодонд маш хурц үйлдэл үзүүлнэ. Үүнээс болоод ходоод, улаан хоолойн шархтай болчихсон хүн олон байна. Ингэж туйлшрах нь их утгагүй асуудал л даа.  
 
Нэг үеэ бодвол иргэд эрүүл мэнддээ анхаардаг болсон гэж харагдах юм. Нөгөө талаар хэдий эмгүй эмчилгээг эрхэмлэдэг болсон ч эмийн ургамлын хортой, хоргүйг ялгаж, салгах мэдлэг дутмаг байх шиг. Мэргэжлийн хүний нүдээр харахад, иргэдийн экологийн боловсрол хэр байна вэ. Ер нь энэ замбараагүй хэрэглээнд хяналт тавьдаг газар байдаг уу?
 
-Сүүлийн үед эмийн ургамлын цайнууд их гарч байна. Эмийн ургамлыг зөв хадгалахгүй бол нян үрждэг. Бидний стандартаар бол эм хийх эмийн ургамалд 10/5 зэрэгт буюу 1грамаар 10000 нян байж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүнсний зориулалтаар цайг буцалгахгүйгээр, хандлаад уух үед нян үхэхгүй гэсэн үг. Бидний шинжилж үзсэн, гадаадаас оруулж ирсэн зарим цай 10/6 зэрэг буюу стандартаас хэтэрсэн 1 грамаар 100,000 нянтай байсан. Ургамал чинь органик бодис учраас нян үржих маш таатай орчин бүрддэг. 
Манай салбар компани болох Монос Хүнс ХК нь Монгол орны эмийн ургамлыг ашиглан эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс бид “Энхжин” эрүүл мэндийн цайны эмийн ургамлын ариутгал дээр маш их анхаарч ажилладаг. Нөгөөтэйгүүр бид эмийн ургамлыг судлахдаа Монголд ШУ-ны доктор, профессор Д. Ганболд, Ц.Жамсран зэрэг ургамлын ангилалд мэргэшсэн хэдэн хүнээр эмийн ургамлынхаа зүйл ангийг тодорхойлуулдаг.  Энэ яг тэр зүйл анги нь мөн үү, биш үү. Биш бол үйлчлэхгүй байхаас гадна гаж нөлөө, өөр үйлдэл үзүүлж мэднэ гэж болгоомжилдог. Бид эмийн ургамлын мэргэжилтнүүд хэрнээ үйлдвэрлэж байгаа эмээ эмийн ургамлын ангиллаар нь мэргэшсэн цөөхөн хэдэн хүнээр зүйл ангийг нь тодорхойлуулсны дараа албан ёсоор баталгаажуулж, үйлдвэрлэдэг дүрэмтэй. Гэтэл энгийн хүмүүс бие биенээсээ сургаар сонсоод хэрэглэх нь тун осолтой юм. 
 
ГОВИЙН УРГАМАЛ, МӨХӨЖ БУЙ УРГАМАЛ, ТАРИМАЛЖУУЛАХ ИХ ХЭЦҮҮ
 
Иргэдийн түгээмэл хэрэглэдэг ургамал дээр та нэг жишээ дурдаач. Тухайлбал, иргэдийн мэддэг хэрнээ мэддэггүй,  хоруу чанар ихтэй ямар ургамал байна. Ер нь эмийн ургамлыг ингэж дур зоргоороо хэрэглэхийн сайн, муу тал нь юу байх вэ?
 
-Олон жишээ дурдаж болно. Тухайлбал, хүмүүсийн дунд өргөн хэрэглэгддэг таван салаа гэдэг ургамал байна. Манай улсад таван салааны 17 зүйл анги ургадаг. Эдгээрээс зөвхөн их таван салааг нь ходоодны хүчил багадсан шархны эмчилгээнд хэрэглэдэг жишээтэй. Буруу хэрэглэснээс болж зарим нь өвчин дээрээ өвчин нэмж олдог. Яагаад гэхээр таван салааг ходоодны хүчил багадсан хүн хэрэглэдэг гэж дээр дурдсан. Тэгэхээр ходоодны хүчил ихтэй хүн хэрэглэвэл ходоодны шархыг сэдрээдэг гэмтэй. Гэтэл “Ходоодны шарханд сайн гэнэ” гээд уугаад байдаг. Ходоодны шарх хүртэл дотроо хоёр янз. Ходоодны хүчил ихэссэн, багассанаас үүдэлтэй гээд хоёр янзын шарх бий. Монголчуудын бараг 80 хувь нь ходоодны хүчил ихтэй. Тиймээс эмийн ургамал бол хэн дуртай нь дураараа зулгааж идээд байдаг, гэмгүй зүйл биш юм аа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. 
 
 
Ер нь бол өргөн утгаар нь авч үзвэл бүх зүйл эм, бүх зүйл хор. Ус ч гэсэн  тун нь ихэдвэл бас л хор.  Хэмжээ тун нь ихэдвэл хаван гүйгээд, даралт ихсээд, бөөр өвдөөд мөн л хор болно. 
 
 
-Хөдөө, аймаг орон нутагт уул уурхайн олборлолт ёс юм шиг 1-2 байдаг болж. Дээрээс нь цөлжилт газар авч байна. Эм судлаач хүний хувьд энэ бүхнийг хараад сэтгэл зовинож л суудаг байх?
 
-Сэтгэл зоволгүй яахав. Одоо манай эрүүл мэндийн бүтээгдэхүүний түүхий эд яг тэр уул уурхай ухаж байгаа газар нутагт байж байна. Гэхдээ цаанаасаа төр засаг нь ийм үүрэг даалгавартай ажиллуулж байгаа бол одоо яалтай билээ гээд харамсаад л сууж байдаг. Нэгэнт албан ёсны зөвшөөрөлтэй, олон улсын хөрөнгө оруулалттай компани газар ухаж байхад бид яалтай билээ. Шинэсэрхүү бударгана, нарийн навчит цахилдаг нь говийн бүс нутгаар ургадаг. Гэтэл одоо тэр газар нутгийг юу ч үгүй л ухаж байна. Ямартай ч гар хумхиж суухын оронд өнөөх ургамлуудаа өөрсдөө тарималжуулах гээд, ургахгүй нэгнийг нь тухайн газар нутагт нь ойр газар тарималжуулах гээд оролдож явна.  Ер нь бол бүтэл муутай байна. Түрүүнд ч яриандаа дурдсан. Манай говийн ургамлууд чинь генийн хувьд хамгийн эртний мөхөж буй ургамал, тарималжуулахад их хэцүү.
 
 
Ер нь байгалийн баялаг дан ганц газрын дор байхгүй. Газрын дээрх байгалийн баялаг болох эмийн ургамлаа ашиглан бид олон төрлийн эм болон эрүүл мэндийг дэмжигч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэдгээрийн хамгийн тод жишээ бол эмийн ургамалтай “Энхжин” эрүүл мэндийн цай юм.
 
 
-“Монос” групп их сургуулиудтай хамтран ажилладаг гэж сонсож байсан. Их, дээд сургуулиуд судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцож байна. Мөн лаборатори тоног, төхөөрөмжүүд нь ч их сайжирч байна?
 
  Хөдөө аж ахуйн их сургууль, Биологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Бид эсийн өсгөвөрөөр ховордсон эмийн ургамлыг тарималжуулах гээд ажиллаж байгаа. Одоогоор үр дүн гараагүй ч гэсэн энэ ажлаа орхиогүй явж байна. Түүнээс гадна дэрвэгэр жиргэрүү болон бусад ургамлыг тарималжуулахаар Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллаж байна. Мөн бид МУИС-ийн Ш.Батхүү доктортой хамтраад “Зуу наслаарай” цайг хийсэн. Бас эмийн ургамлаар батга эмчлэх бэлдмэлийг хийлээ. 
Түүнчлэн БНСУ-ын Дангүгийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Бид ясны сийрэгжилтийн эсрэг бэлдмэл хамтарч судалж байгаа.. Бидний урьдчилсан судалгааны үр дүн маш сайн байгаа. Хамтрагчид маань энэ удаа анхан шатны туршилтын тайлангаа тавих гээд ирсэн юм. Нөгөөх нь Ханяны их сургуультай хамтраад паркинсоны, альцгеймерын өвчлөлд Монгол хунчрын тарилга хэрхэн нөлөөлж байна гэсэн туршилт юм. Бид өөрсдөө Монгол хунчраар тариа хийсэн. Үүнийгээ паркинсоны, альцгеймерийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хамтраад туршиж байгаа юм.
Япончуудтай хамтраад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар эмийн ургамлыг яаж хэрэглэх нь зохимжтой вэ гэсэн хамтарсан судалгаануудыг хийж байна. Мөн яргуйг бид мал аж ахуйд, хүний эмчилгээнд яаж хэрэглэх вэ гээд МУИС-ийн Биологийн хүрээлэн, Япончуудтай хамтраад төсөл боловсруулаад судалгаа хийгээд эхэлчихсэн байгаа. ОХУ-ын Сибирийн Биологийн хүрээлэнгийн Улаан-Үд дэх салбартай болон Германы Бионорика пүүстэй бас хамтран ажиллаж байна. Зарим хүмүүс гайхаад асуудаг. Танай “Монос”-ынхон яасан судалгаа хийдэг, яаж амжуулдаг юм бэ гээд. Бид гадаад дотоодын олон сургууль, хүрээлэн, эрдэмтэдтэй хамтарч ажилладаг. 
 
“МОНОС ХҮНС”-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УС, УНДААНЫ ҮЙЛДВЭР УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО
 
Танай “Монос Хүнс”-ийн дэргэд эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр удахгүй ашиглалтад орно гэж сонссон, энэ үнэн үү. Санхүүжилтийн асуудал нь дөнгөж тавдугаар сард шийдэгдсэн биз дээ. Ийм богино хугацаанд үйлдвэрээ ашиглалтад оруулж амжих уу?
 
Таны хэлдэг зөв л дөө. Ердөө 4-5 хан сарын хугацаанд үйлдвэр ашиглалтад оруулна гэдэг харьцангуй бага хугацаа. Бид өмнө нь барилгаа барьчихсан байсан. Өнгөрсөн хугацаанд тоног төхөөрөмж болоод хүн хүчний нөөц зэрэг асуудлаа шийдвэрлээд, шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Бүтээгдэхүүн хөгжлүүлэлтийн ажлыг бид 2 жилийн өмнөөс эхлүүлж байсан. Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэр нь мянга гаруй мк талбайд үйл  ажиллагаагаа явуулна. Энэхүү үйлдвэр нь олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартыг бүрэн хангаж ажиллах юм. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон энэхүү үйлдвэр ашиглалтад ормогц бид шинээр 32 төрлийн эрүүл мэндийн шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголдоо төдийгүй олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байна.
 
 
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
 
 
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин