sonin.mn
Монгол Улсад сүүлийн өдрүүдэд болж байгаа хурал, цуглааныг тоолох юм бол барагдамгүй янзтай. Монгол Улс саарал жагсаалтад орлоо гэснээс хойш хурал зөвлөгөөн улам олширов. Өдөртөө Улаанбаатарт олонд зарлагдсан хурал зөвлөгөөн хэлэлцүүлэг арав хориор тогтдоггүй юм. “Ажил муудахаар хурал олширдог, мах муудахаар хуушуур болдог” гэдэг үг ямар үнэн вэ гэсэн бодол ээрээд л байх. Гэтэл тэр хурал хуй дотроос бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал хэлэлцсэн нь бас олон болж. Энд тэнд болж байгаа хурлын сонинг сонсвол Монголчууд ер нь энэ талын хэрэг явдлаар дэлхийд “толгой цохьдог”. Тэр нь нууц байдалд байсаар өдий хүрсэн гэх маягийн юм л сонсогдох. Сая л сэрж дээ гэмээр охид, бүсгүйчүүдийн төлөө, хүний эрхийн байгууллагууд одоо л ажилтай болж байна уу гэлтэй. Нэг ёсондоо бэлгийн хүчирхийлэл гэдэг гэмт явдлын тухайд ёстой шуугиж байна. Монголын нийгэм энэ зүгт хөдөллөө гэж ч болно.
 
 
Тэрнийг хөдөлгөгч хүч нь юу байваа гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр гэдэг нөхөр олон улсын хурал зөвлөгөөнд явах үедээ согтуурсаны улмаас Солонгос бүсгүйн өгзөг илж буруутан болсон явдал Монголын нийгэмд “сэрэл” үүсгэжээ. Яахав Д.Одбаяр хэдийгээр төрийн өндөр албан тушаалтан ч ёс зүй муутай нөхөр байж. Мөн ч муу муухай үгээр их балбууллаа. Далимд нь гадны орныхон зөвхөн Д.Одбаярыг биш Монголыг бас аль муугаар нь “цоллов”.
 
 
Тэгэхээс ч аргагүй л юм болж дээ. Гэхдээ муухайг үйлдсэн тэр нөхрийн эс үйлдэл Монголын нийгэмд их ач холбогдолтой болов. Муу явдал модон улаатай гэдэг. Тэгвэл буруудал бусармаг явдал зарим нь сайн үр дагавартай байдаг шиг байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Хэрэв Д.Одбаяр Солонгос эмэгтэйн бөгсөнд хүрээгүй бол Монголд энэ тухай яриа нам жим, одоо яриад байгаагаар төрийн алба, соёл урлаг, спортын хүрээнд бэлгийн дарамт тийм их байдгийг мэдэхгүй л байх байлаа шүү дээ. Ямар сайндаа ажилтан эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлсэн дарга арга хэмжээнд орж байгаа нь тэр гээд өөр байгууллагын дарга болсныг бас хэн ч дуулаагүй л байсан. Д.Одбаяр хүүхний бөгс илсэн байж. Д.Гантулга гэдэг төрийн түшээ нь хүчин хийсэн гэхээр тэр нөхдийг хэчнээн муулаад ч яах юм билээ. Нэг хүнд чиглэсэн шүүмжлэл тийм үр ашигтай биш. Тиймээс тэднийг “өсгөж бойжуулж” өдий өндөр албан тушаалд хүргэсэн МАН-ынханы нэр хүнд л хэцүү юм даа. Харин энэ намынхан дундаас аль буруу юм хэрэг гарна хэн нэгнээр туг тахиад л ард нь огт цэвэр үлддэг нь хууч юм даа.
 
Буянгийн Жагаа Д.Одбаярыг өмгөөлж байна лээ. Тэр хэлэхдээ түүний үйлдэл байдаг л асуудал. Тэгэхэд солонгосчууд яасан эмзэг хүлээн авч Монголыг ямар их муу хэлэв. Тэднийг Монголд ирээд юу хийдгийг бид мэднэ. Гэтэл энэ тухай ярьдаггүй, бичдэггүй гээд л авч байна лээ.
 
 Ер нь тэгээд Д.Одбаяр гэдэг хүн албан тушаалаасаа зайлах л байх. Тэглээ гээд Монголд тэр төрлийн хэрэг явдал багасах болов уу. Бас харамсалтай юм ч их байна. Хэн ч эмэгтэй хүний өөдөөс нэг минут ч харж болохгүй нь. Шинэ хуулийн төсөлд таван секундээс илүү эгцэлж харвал бэлгийн дарамт гэж үзнэ гэж байна гэнэ. Хүн хүнээ удаахан харж болохгүй гэдэг бидний Монгол ёсонд ч харш юм шиг. Янзын завхай зайдан үгтэй дуунууд их бий. Түүнийг найр, хурим дээр дуулсан хүн бэлгийн дарамт үзүүлсэн болох юм байна л даа. Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна” гэж л лав дуулж болохгүй нь шүү дээ. Цаашлаад эмэгтэйчүүдийн өмнө чамд хайртай, чи минийх бол гээд л авч өгдөг дуучид амаа барьвал дээр байхаа.
 
 
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин